Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 67

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Ж.Энжаргал,

Шүүгдэгч Ц.Нямдорж, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл /ҮД:0252/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг,

Иргэний хариуцагч А.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нямдоржид холбогдох, эрүүгийн 201624000398 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Нямдорж: Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 31 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, иргэний үнэмлэхэд Улаанбаатар Баянгол 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 49-56 гэсэн хаяг тэмдэглэгдсэн боловч тодорхой хаяг дээр оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:МА85052315/

 

Шүүгдэгч Ц.Нямдорж /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 13 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлаастын усан сангийн урд замд А.Энхжаргалын эзэмшлийн Kia Lotze маркийн 97-33 УБА улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорлигогүйгээр авч зугтааж явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Батсуурийг мөргөж амь насыг нь хохироосон,

Мөн дээрх ослыг гаргаад ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Нямдоржоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2016 оны 05 сарын 09-ний өдөр 11 цагийн үед 100 айлд хувиараа хөдөлмөр эрхэлдэг танил Энхжаргал дээр очсон. Энхжаргал 97-33 УБД улсын дугаартай Киа Лотз маркийн автомашинтай юм. Ингээд Энхжаргал машинаа жолоодоод би хажууд нь суугаад хамтдаа 32-ын тойргийн хажуу талд байдаг дугуй засвар орж дугуйг нь нөхүүлсэн. Дугуй нөхүүлсний дараа Дамбадаржаагийн наад талын сургуулиас хүүхдээ очиж авах хэрэгтэй байна гэсэн, тэгэхээр нь би “хамт явъя гэхдээ замаараа хүнтэй уулзаадхая гэсэн. Тэгээд бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хайлаастын усан сангийн хажууд Цэцэрлэгийн хажууд очсон. Тэнд би танил Хорлоотой уулзсан. Хорлоотой уулзсан шалтгаан нь “машиных нь асалт удаан байна үзээд өгөөч гэж өмнө нь хэлж байсан юм. Би Энхжаргалаас машинаас “машиныг чинь жаахан бариадхая гэж гуйсан. Тэгсэн чинь Энхжаргал зөвшөөрсөн. Ингээд би машиныг жолоодоод Энхжаргал миний хажууд суусан. Ойролцоогоор 1 км газар хүрэхгүй явж байтал хурд сааруулагч таарсан. Уг хурд сааруулагчийг гарах гэж байгаад баруун гар талын явган хүний зам руу гарчихсан. Тэгэхээр нь сандарсандаа буцаагаад зүүн гар талруугаа жолоогоо дарсан тэр чигтээ эсрэг урсгал руу ороод, явган хүний зам давчихсан, яг тэр үед явган хүний замаар нэг таягтай ах явж байж таарсан, ингээд тэр явган зорчигчийг мөргөөд замын хажуу талын хашаа мөргөж зогссон. Осол болсоны дараа Энхжаргал бид 2 машинаас буусан, би буунгуутаа машинаас гараад зугтаасан. Харин Энхжаргал машины хажууд зогсоод үлдсэн. Би ослын газраас зугтаагаад гудамж руу ороод 200 метр яваад танихгүй эрэгтэй хүнд баригдсан. Тэгээд буцаад ослын газар ирсэн. Тэр хавиар дүүрэн хүмүүс шавчихсан байсан. Энхжаргал ч гэсэн зогсож байсан. Нэг мэдсэн чинь Энхжаргал алга болчихсон байсан ба хэсэг хугацааны дараа буцаж ирсэн, ирэхдээ эхнэрээ дагуулаад ирсэн. Эхнэр нь намайг харааж загнаад байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд мөргүүлсэн явган зорчигчийг аваад явсан. Араас нь замын цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн /хх 168-169/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Энхжаргал надтай машинд байсан. намайг машинаас гараад зугтааахад машины урд сууж байгаад арын суудалруу суусан. Хийсэн хэргтээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Талийгаач Ч.Батсуурь бол миний аав байгаа юм. Аав минь ээж Алтанцэцэгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 20-5 тоотод амьдарч байсан. Аав нийслэлийн цагдаагийн газрын аж ахуй, сантехникийн ажилтан хийж байгаад 60 настайдаа тэтгэвэрт гарсан. Одоо 67 настай. Ер нь аав маань өдөр бүр салхилах гээд өдийд осол болсон газраар байнга явдаг, тэгэхээр гэрээсээ гараад салхилах гээд алхаж явсан гэж бодож байна. Цусны даралт ихтэй хүн байсан, өөр өвчин зовиур бол байхгүй. Маш их гомдолтой байна.. ..Талийгаачийн оршуулгын зардалд баримтаар бол 4.891.226 төгрөг зарцуулсан үүнийг нэхэмжилж байгаа, үүн дээр талийгаач амьд сэрүүн байсан бол тэтгэвэр тэтгэмж авах байсан гэх мэтчилэн зардал нэхэмжлэвэл нэхэмжилнэ, үүнийг ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийдье. гэсэн мэдүүлэг. /ХХ 16-18-рт/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: оршуулгын зардалд 4.891.226 төгрөг, аавынхаа сар бүр авдаг тэтгэвэрийг 5 жилээр үржүүлж 24 сая төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж нэхэж байна. гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч А.Энхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим Ц.Нямдорж ажил дээрээ
ирсэн, Хайлааст орж хүнтэй уулзах хэрэгтэй байна, хүний машин үзэж өгнө, тийшээ хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Ц.Нямдорж согтуу байсан. Ингээд миний 97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашинтай явсан. Уг машинаа Даян кредит ББСБ-д 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Би машинаа жолоодоод Нямдорж хажуу талын суудал дээр суусан. Хайлаастад байх нэг цэцэрлэгийн гадаа ирээд, тэнд Ц.Нямдорж буугаад нэг эмэгтэйгийн машиныг асааж үзэж шалгасан. Тэндээс хөдлөөд 10-20 метр яваад замын хажуу талын дэлгүүрийн гадаа машиндаа түлхүүрээ зоолттой орхиод тамхи авахаар дэлгүүр лүү орсон. Тэгтэл гадаа машин ассан, харсан чинь Ц.Нямдорж машинийг асаагаад өгссөн. Би араас нь машин зогсоогоод хөдөлсөн. Тэгээд явж байгаад харсан нь миний машин замын зүүн талын айлын хашаа мөргөөд зогсчихсон байсан. Би яваад очсон Ц.Нямдорж байгаагүй, хашаан дотор нэг эрэгтэй хүн мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Тэгтэл Ц.Нямдорж нэг хар машин дотроос гарч ирсэн. Миний бодсоноор Ц.Нямдорж зугтаагаад тэр хар машинтай хүн араас нь хөөж барьсан шиг байна лээ. Удалгүй эмнэлэг, цагдаа хоёр ирсэн. Нямдоржийн машин авч зугтаасан үйлдэлд нь гомдол санал алга. Бид хоёрын хооронд ямар нэг өс хонзон байхгүй гэсэн мэдүүлэг /хх 44-52/

           

Иргэний хариуцагч А.Энхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Энэ машиныг 2015 оны 10 сард 1.500.000 төгрөгөөр Ц.Нямдорж буюу энэ хэрэгт холбогдсон залуугаас худалдаж авсан. Би Цогтсайхан гээд хүний төлбөрт 300.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан. Цаашид боломжоороо төлнө. /хх 54-55/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би машинд байгаагүй. Энэ яагаад ингэж ярьж байгаад мэдэхгүй байна. Би тамхи авах гээд бууцсан байхад машин асаагаад хөдлөөд давхисан. Би араас нь машин зогсоогоод очиход осол болсон байсан. Сууж очсон машиныхаа дугаарыг мэдэхгүй, ийм юм болно гэж бодоогүй болохоор цээжлээгүй, тамхи авахаар орсон дэлгүүртээ ороод гэрчлээд өг гэсэн үгүй гээд байгаа юм. Би хохиролыг бүрэн харицаж чадахгүй. Бага зэрэг бол зөвшөөрнө. гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цогтсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим би гэрээсээ гараад 7-н буудап орчихоод буцаад гэртээ ирсэн чинь манай гэрийн нүүрэн талын зам руу харсан хашааг машин дайрчихсан, мөн хашаан дотор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би бүүр сүүлд мөргөсөн гэх залууг цагдаа нар авч явж байхад нь харсан. Манай нүүрэн талын хашаа гэмтсэн. Би надад учирсан хохирлын төлбөр болох 300.000 төгрөгийг нь хүлээж авсан, надад өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 69-71/

Иргэний нэхэмжлэгч О.Хадбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлаастын усан сангийн урд замд байрлуулсан “явган хүний гарцын тэмдэг” 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн ослын улмаас шон нь тахийж эвдэрсэн. Иймд уг тэмдэгийн хохирлыг барагдуулахаар би байгууллагаасаа томилогдон ирсэн. Явган хүний гарцын тэмдэг нь 171.141 төгрөгийн үнэтэй байдаг. Уг хохирлыг барагдуулбал манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 84-85/

 

Гэрч Н.Мөнгөн-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим би Хюндай Соната маркийн 50-89 УНӨ улсын дугаартай автомашинтай баруунаас зүүн чиглэлд Хайлаастын замаар Чингэлтэй рүү уруудаж явсан. Тэгтэл хажуугаар шар өнгийн 97-33 УБА улсын дугаартай автомашин маш их хурдтай өнгөрсөн. Би араас нь харж байтал нөгөө машин хурд сааруулагч дээгүүр давах гэж байгаад баруун гар талын явган хүний замруу гарчихсан, тэгснээ буцаагаад жолоогоо зүүн гар талруугаа дараад эсрэг урсгалруу ороод, явган хүний замаар баруунаас зүүн чиглэлд явж байсан эрэгтэй хүнийг мөргөөд, цаашаагаа даваад өргөсөн. Тэгэхээр нь би яваад очтол мөргөсөн машин дотроос нэг залуу хар хурдаараа гарч гүйгээд гудамж руу ороод зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөж барьж авсан. Согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд тэр залууг ослын газар буцаагаад авчирсан, гээд 102, 103 дугаар луу дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд зугтаасан хүнийг хүлээлгэн өгсөн. Машины эзэн гэх хүн сүүлд нь эхнэртэйгээ ирчихсэн байсан. Яг осол болох үед байгаагүй. Мөн тэр хашааны эзэн нь нилээн сүүлд ирсэн. Би цагдаа нарт мөргөсөн цэг байсан цэгийг ерөнхийд нь зааж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 84-85/

 

Гэрч Ж. Гантулгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагаас 13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлааст усан сангийн урд замд зүлэг тарилт хийж байсан юм. Тэгтэл баруунаас зүүн зүгт шар өнгийн машин маш хурдтай явж өнгөрсөн. Тэгтэл хажуугаар өнгөрч байгаа хүмүүс хүн дайрчихлаа, Хашаа мөргөчихлөө гэж ярьсан. Би зүлэг тарьж байсан болохоор дээшээ өнгийгөөд хартал нөгөө шар машин айлын хашаа мөргөчихсөн байсан. Тэгэхлээр нь би өөрийн 96021520 дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд байж байтал хар өнгийн машин ирсэн, тэр дотроос нэг эрэгтэйг барьчихсан буулгаж ирсэн. Уг машины жолооч нь, энэ барьж ирсэн жолооч нь, сая буугаад зугтахаар нь бариад авчихлаа гэж хэлсэн. Удалгүй 103 машин ирээд хэвтэж байсан хүнийг аваад явсан, араас нь замын цагдаа нар ирсэн. Баригдаж ирсэн залуу 30 орчим насны нилээн согтуу залуу байсан. Сүүлд цагдаа нар ирсэн хойно машины эзэн гэх эрэгтэй, эмэгтэй хамтаар ирсэн байсан. /хх 94-95/

 

Гэрч Н.Отгонбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дутаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байсан. Тэгтэл гадаа чимээ гарсан. Гэрээсээ гараад хартал манай гэрээс хэдэн хашааны цаана нэг шар өнгийн машин айлын хашаа мөргөчихсөн байсан. Би яваад очтол мөргүүлсэн хашаан доор нэг өвгөн газар хэвтэж байсан. Тэгсэн нэг эрэгтэй нэг согтуу залууг барьчихсан, энэ наад шар машины чинь жолооч, зугтахаар нь барьж авчирлаа гэсэн. Тэгээд би тэр хавиар байж байтал шар машины эзэн гэх эрэгтэй чамд нэгж байна уу гэхээр нь би өөрийн 88135944 угаараас цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тэгээд би яваад өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ 97-99/

 

Гэрч Д.Батмөнхөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Замын цагдаагийн газар дээр жижүүрийн шинжээчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлааст усан сангийн урд замд явган зорчигч мөргүүлсэн гэх дуудлага авч жижүүрийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Энхбаярын удирдсан бүрэлдэхүүнд криминалистик шинжээчээр ажилласан. Хэргийн газар очиход 97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашин айлын хашаа мөргөсөн, машин жолоодож явсан гэх эрэгтэйг тэнд цугларсан хүмүүс хоёр талаас нь барьчихсан "Энэ жолооч зугтаасан, барьж авчирсан" гэж хэлж байсан, машин жолоодон явсан жолоочийг бүрэлдэхүүн хүлээн авч, түүний драгер багажаар шалгахад 1.56%-ийн согтолттой болох нь тогтоогдсон, харин мөргүүлсэн гэх настай хүнийг түргэн тусламж Гэмтэл согог судлалын үндэсний төврүү аваад явсан байсан. Бүрэлдэхүүн очиход машины эзэмшигч гэх А.Энхжаргал нь тэнд байсан. А.Энхжаргал өөрөө хэлэхдээ: Миний машиныг Нямдорж авч зугтаад осол хийчихлээ, би араас нь хөөж байгаад ирсэн юм гэж хэлсэн. А.Энхжаргалыг би драгер багажаар шалгахад ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон гэсэн мэдүүлэг /хх 116-117/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №897 тоот дүгнэлтийн хэсэг: 1.2.7. Талийгаач нь баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарал, мөчдөд зулгаралт, баруун зүүн олон хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шилбэний үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарал нь мохоо зүйлийн тухайлбал автомашины мөргөгдөх үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн их хэмжээний няцрал нь амь насанд аюултай, бусад зулгаралт гэмтэл нь амь насанд аюулгүй, баруун зүүн хавирганы хугарлууд нь нас барсны дараа үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах цус харвалт өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарлаас уушгины артерийн өөхөн бөглөөдөсөөр хүндэрч нас баржээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна /шинжээч эмч Ө.Сарангэрэл/ гэсэн дүгнэлт /хх 125/

 

Техникийн шинжээчийн № 275 дүгнэлт: Кia Lotze маркийн 97-33 УБА улсын дугаартай автомашины жолооч Д.Нямдорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Л.Батсуурь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзхэд 97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашины дугуйнаас зам дээр тоормосны мөр үүсээгүй, харин зурагдсан мөр үүссэн байх ба зурагдсан мөрнөөс хурдыг тогтоох боломжгүй.

97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашины эзэмшигч А.Энхжаргал нь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Түүнчлэн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь мөн дүрмийн 2.3 а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно гэгэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг осолд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 149/

 

Автомашин техникийн үнэлгээний тайлан: № СБД-479 "Ашид Билгүүн" ХХК нь 97-33 УБА улсын дугаартай Kia Lotze маркийн автомашинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтооход шууд зардлын дүн 536.000 төгрөг, шууд бус зардлын дүн 300.000 төгрөг, нийт 836.000 төгрөгийн хохирол учирсан байна. /хх 137-139/

 

Шүүгдэгч Ц.Нямдоржийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 175/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 193/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 120-123, 130-132/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 74-75/, хохирлын баримт /хх 29-52/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжээчийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн ¹897 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 125-127/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн ¹4292 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 128/, “Ашид билгүүн” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 138-139/, Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /хх 149/, хэрэг учралын газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-12/ хохиролыг баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Нямдорж нь согтуугаар 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 13 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлаастын усан сангийн урд замд А.Энхжаргалын эзэмшлийн Kia Lotze маркийн 97-33 УБА улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорлигогүйгээр авч зугтааж явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Батсуурийг дайрч амь насыг нь хохироосон,

Мөн дээрх ослыг гаргаад ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Нямдорж нь иргэний хариуцагч А.Энхжаргалыг тухайн осол болох үед хамт явж байсан гэж мэдүүлж байх боловч энэ нь иргэний хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Ц.Нямдоржийг хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, жолооч осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын явцад Кia Lotze маркийн 97-33 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Энхжаргалын эзэмшлийнх болохыг тогтоосон бөгөөд түүнийг иргэний харуцагчаар тогтоож байцаахад “уг авто машиныг Ц.Нямдоржоос худалдаж авсан” гэж мэдүүлсэн бөгөөд уг машины эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол саналгүй гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримт гаргаж хавтаст хэрэгт өгсөн боловч уг хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохиролыг шийдвэрлэлгүй орхив. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нийт хохирлынхоо баримтыг бүрдүүлж хохирогч болон иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цогтсайханд учирсан хохирол 300.000 төгрөгийг иргэний хариуцагч А.Энхжаргал төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарт 171.141 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нар төлж барагдуулагүй байх тул тэднээс дээрхи мөнгийг гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Нямдоржийн цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Нямдоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон,

Зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Нямдоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржид оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржийн цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Энхжаргал, шүүгдэгч Ц.Нямдорж нараас 58.571 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямдоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдний өмгөөлөгч иргэний хариуцагч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР