Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2093

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01476 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 910 879 785 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б, Б.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, .......................тоот өмчлөх эрх бүхий газраа худалдахаар олон хүнд санал тараасан бөгөөд Б.О нь 1 900 000 ам.доллараар худалдан авах санал гаргасныг хүлээн авч бусад худалдан авах санал гаргаж буй этгээдүүдээс татгалзсан. Ингээд иргэн Д.О-д худалдахаар тохирч 2013 оны 10 дугаар сарын 10-нд худалдах, худалдан авах гэрээ хийн нотариатаар гэрчлүүлсэн. Д.О нь урьдчилгаа төлбөрт 470 000 000 төгрөг буюу 1 ам.долларыг 1670 төгрөгөөр тооцож 281 737 ам.долларыг газрын үнийн урьдчилгаанд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 15 хоногийн дотор буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д.О нь үлдэгдэл төлбөр болох 1 618 263 ам.долларыг төлөөгүйгээс Найрамдал зусланд баригдах амины орон сууцны хотхон байгуулах төсөл хөрөнгө мөнгөгүй учраас хэрэгжих боломжгүй болж, захиалагчдаас авсан мөнгөө торгууль алдангийн хамт буцаан төлөх, банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү, хугацаа хэтэрсэний хүү, банкны нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг санхүүгийн алдагдалд орон, бизнесийн хувьд хүнд байдалд орсон. Худалдах, худалдан авах гэрээг хийх явцад Д.О-ийн найз солонгос хөрөнгө оруулагч орж ирж хамтрах тул энэхүү хувийн өмчлөлийн газруудыг заавал компанийн нэр дээр нэгтгэн эзэмших эрх бүхий газар болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавин өөрийн найз Д.Э, С.М нарыг энэ ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг С.А-тай байгуулан газар өмчлөлийн гэрчилгээнүүдийг авч яван “Энх ертөнц” ХХК-ийн нэр рүү шилжүүлэн эзэмшил газар болгосон. Б.О-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2 дахь хэсэгт худалдан авагч тал гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг хийж чадахгүй тохиолдолд цаг хугацаа, бизнесийн үйл ажиллагаа саатуулсаны өр төлбөрт нийт гэрээний үнийн дүнгийн 25 хувиар торгууль төлөх ба худалдагч талд үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0.1 хувиар бодож алдангийг төлнө гэж заасан. Худалдан авагч тал нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу торгуулийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний нийт дүн 1 900 000 ам.доллар боловч уг төлбөрөөс урьдчилгаа төлсөн 281 737 ам.долларыг хасаж, үлдэх 1 618 263 ам.долларын 25 хувь буюу 404 565 ам.доллароор торгуулийг тооцож                   1 ам.долларыг 1989 төгрөгөөр тооцож нийт 804 679 785 төгрөгийн торгууль нэхэмжилж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд барьж байсан 33 хаус бүхий амины орон сууцны хорооллын төслийн ажлын санхүүжилтийг иргэн Д.О-өөс 2013 оны 10 дугаар сарын 25-нд шилжүүлэх байсан мөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан боловч Д.О-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс амины орон сууцны хорооллын төслийн ажил бүхэлдээ зогсож Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02825 дугаар шийдвэрийн дагуу захиалагч Д.О-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 15 хувийн алдангид 45 000 000 төгрөг төлсөн ба "Амияа" ББСБ-аас ЗГ13/10/03 тоот зээлийн гэрээний дагуу зээлсэн 120 000 000 төгрөгийн хүүнд 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 61 200 000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, энэхүү гэрээнд үүргийн бүрэн гүйцэтгэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасан байна. Уг заалтын дагуу хэлбэрийн хувьд хуульд нийцүүлсэн байдлаар хийсэн. Агуулгын хувьд талуудын хооронд хууль зөрчсөн зүйл байхгүй. С.А өмчлөлийн газраа эзэмшлийн болгож, зориулалтыг нь өөрчилж, энэ хүмүүстэй худалдахын тулд шилжүүлсэн байдаг. Газрыг солонгос хүмүүсийн нэр дээр дурдагддаг, гадаадын иргэдэд худалдаагүй. Б.О-тэй энэхүү гэрээг нотариатаар баталгаажуулан хийсэн байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэхь заалтыг үндэслэж торгууль 944 775 000 төгрөг нэхэмжилж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Уг үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2 нөхцөлийг оруулсан байдаг. Түүний 1 дэх үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч гэрээнд заасны дагуу төлбөрийг хийж чадахгүй байгаа тохиолдол цаг хугацаа, бизнесийн ажиллагааг саатуулсны үр төлбөрт нийт гэрээний үнийн дүнгийн 25 хувиар торгууль төлнө гэж заасан. 2 дахь нь худалдагч тал үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа үнийн дүн өндөр үнэтэй дүн байж болно. Гэвч гэрээний үнийн дүн өндөр шүү гэдгийг анхаар үзэхийг хүсэж байна. Энэ гэрээний нийт дүн 1 900 000 ам.долларын хэлцэл байгаа. Тиймээс үүнээс үүсэж байгаа үүргийн гүйцэтгэлийн хангах арга нь их өндөр харагдана. Тухайлбал, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 0,1 хувийн алдангиар бодож нэхэмжлэл гаргасан бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 470 000 000 төгрөгийг ам.долларт шилжүүлээд 1 618 563 ам.доллар болж байгаа. Үүнийг үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд бодоход 1670 ам.доллар буюу гэрээ байгуулснаас хойш нийт 670 хоног үүрэг гүйцэтгэх ёстой байсан. 1 811 010 000  төгрөг болж байгаа. Гэтэл уг үнийн дүн нэхэмжлээгүй. 944 775 000 төгрөгөө 1 900 000 ам.доллараас бодсон байсан. Үүнийг өмгөөллийн үйлчилгээ авахаас өмнө нэхэмжлэгч бодсон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хуульд нийцүүлэн 1 618 563 ам.доллараас бодож 804 679 785 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа шаардлага нь алданги биш торгууль юм. Хууль зүйн үндэслэлийн тухайд С.А худалдагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тал. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ашиг зөрчсөн. Нэхэмжлэгч С.А нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хариуцагч талдаа байгуулсан гэрээний мөнгөн дүн, олсон ашгаар Найрамдал зуслангийн газарт хувийн орон сууцны хотхон барьж, захиалгаа авч, ажил нь маш эрчимтэй эхэлж байсныг Б.О гэдэг хүн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж тасалдуулсан. Ийм учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д хууль болон гэрээгээр анз төлөх гэсэн үндэслэлийг баримталж, мөн худалдах, худалдан авах гэрээний 6.16 заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслээд эхний шаардлага гаргаж байгаа. Бид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар анзыг хэрэглэж байгаа. Мөн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт анзын нэг төрөл торгууль байдаг. Үүнийг үндэслэж 25 хувийн торгуулийг нэхэмжилж байгаа. Хоёр дахь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Б.О гэдэг хүн нь 2015 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/02825 дугаар шийдвэрийн дагуу 45 000 000 төгрөгийн алдангийг төлсөн. Энэ хүн Найрамдал зусланд байр захиалсан, захиалагч хүн. Тухайн үед энэ хүнд байраа барьж чадаагүйгээс болж алдангийг төлсөн. Уг 45 000 000 төгрөгийн алдангийг энэ нэхэмжлэл гаргаснаас өмнө гарсан учраас хохиролд тооцож, зөвхөн энэ шийдвэрийг оруулж ирж Б.Оюунтөгс гэдэг хүнээс нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хохирол нэхэмжилж байгаа. Хоёр дахь шаардлагын дагуу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардаж байгаа. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасны дагуу тус тус нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, багасгасан бүх шаардлагыг нэхэмжилж байгаа. Гурав дахь шаардлагын хувьд “Амиа” ББСБ ХХК-иас 2014 онд 5 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 120 000 000 төгрөгт 61 200 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. С.А энэ талаар байгуулсан гэрээг нотлох баримтаар өгсөн байгаа. Уг байгууллагыг яагаад сонгосон бэ гэхээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс алдагдалд орсон хугацаанд “Амиа” ББСБ ХХК-иас авсан. Тийм учраас уг авсан зээлийнхээ хохирлыг төлүүлэхээр 61 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд нийт 910 879 785 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр Б.О төлөх үүрэгтэй. Алдагдлын тухайд бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар тооцож байгаа гэжээ.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О анх миний өмчлөлийн газрын бичиг баримтууд барьцаанд байгаа. Иймээс уг бичиг баримтыг чөлөөлөхөд 470 000 000 төгрөг хэрэгтэй байгаа тул бололцоо байвал надад зээлж өгнө үү гэсэн. Би танд ийм хэмжээний мөнгө зээлж болно. Уг мөнгийг яаж баталгаажуулах вэ гэхээр нь маргааш нотариат ороод гэрээгээр баталгаажуулья гэж хэлсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Гранд плаза” дээр байрлах нотариатын газарт гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч С.А, түүний нөхөр Б.Б, Д.Э, Б.О, бидний таньдаг Б.М бид гэрээ хийсэн. Тухайн үед ганцхан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хамтын ажиллагааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ нийт 3 гэрээ байгуулсан. Түүний худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед С.А худалдах, худалдан авах гэрээний загварыг өөрөө бэлдээд ирсэн. Уг гэрээг хариуцагч Б.О-т үзүүлсэн. Б.О худалдан авагч биш учраас яагаад худалдах, худалдан авах гэрээг хийх ёстой вэ, би энэ гэрээг хийхгүй гэж хэлсэн. Үүнийг сонсоод нотариатч энэ хүн худалдан авагч биш учраас болохгүй, хоёрдугаарт таны худалдах байрны бичиг баримт нь барьцаанд байгаа юм байна, уг баримтын эх хувь нь байхгүй байгаа тул худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй. Харин та нар гэрээ хийх гэж байгаа бол хамтын ажиллагааны гэрээг хийж болно. Энэхүү гэрээг хийхдээ уг газрыг эзэмшил болгоод компанийн нэр дээр шилжүүлээд, нэгэнт шаардагдах мөнгийг өгөх ёстой юм байна гэж зөвлөгөө өгсөн. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсны дараа худалдах, худалдан авах гэрээг хийе, хэд хоногийн дараа газраа өгөхөд энэ гэрээ хүчингүй болно гэж тулган шаардсанаар уг гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т тодорхой зааж өгсөн. Хамтын ажиллагааны гэрээний дагуу цаашид явахаар тохиролцсон. Уг хамтын ажиллагааны гэрээний дагуу нэгдүгээрт, барьцаанд байгаа өмчлөлийн гэрчилгээг суллаж авах байсан. Түүнийхээ дараа С.А өмчлөлөөс татгалзаж, компани нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ болгуулахаар хүсэлтдээ Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар, Нийслэлийн өмчийн газарт гаргасан тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. С.А газрын эзэмшлийн талаар ажиллагааг та хийж өгнө үү гэж гуйсан. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу бичиг баримттай холбоотой бүх процессын ажиллагааг гэрээнд заасан хугацаанд хийж өгсөн. Тухайн үед нотариатч хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, уг гэрээний дагуу 2 гишүүнтэй компани байгуулах хэрэгтэй. Дараа нь Солонгос иргэнд өгөхдөө гишүүдээсээ татгалзаад шилжүүлэх боломжтой гэсэн зөвлөгөөг өгсөн. Бичиг баримтууд компаний нэр дээр орон сууц барих зөвшөөрөлтэй, кадастрын зураг, газрын албатай гэсэн гэрээ зэрэг бүх материалуудыг гарсан өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Дараа нь солонгосчуудтай та нарын шаардлага биелэгдсэн одоо гэрээ байгуулъя гэхэд солонгосчууд татгалзсан. Гандангийн ойр орчим газарт 6 давхраас дээш барилга барьж болохгүй гэсэн давхрын хязгаарлалт өгсөн байна. Уг мэдээллийг нууцалсан. Түүнийг 2 жил Ерөнхий төлөвлөгөөний газарт урьд хөөцөлдөж, зарах гэж үзсэн ч зарагдаагүй юм байна. Тиймээс түүнийг нууцалсан учраас солонгосчууд түүнд 15 давхрын барилга барихыг төлөвлөсөн боловч уг шаардлагаа хангахгүй болсон учраас хэлцэлээс татгалзсан. Ингээд нэхэмжлэгч талд тодорхой хэмжээний дагуу ажил үүргийг хийж, санхүүгийн шаардлагатай үед нь туслаад гэрээний дагуу явсан боловч өнөөдөр үндэслэлгүй худлаа тайлбар гарган буруутгаад байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүний дараагаар бид уг газрыг яаж борлуулах, яаж мөнгө төгрөг авах талаар ярилцааны үндсэн дээр би 4 дүгээр сард зүүн дөрвөн замд байрлах “Соман трейд” ХХК-д очиж гуйхад, 6 давхар объектын зураг төслөөр барина, иймээс 1 500 000 ам.доллар өгье. Хэрвээ үүнийг зөвшөөрч байвал уг байрыг авъя гэсэн санал тавьсан. Уг саналыг нэхэмжлэгч С.А, Б.Б нарт хэлэхэд зөвшөөрч байгаагаа хэлсэн. Ингээд бид 3 “Соман трейд” ХХК-д очиход нөгөө талаас төлбөрийн нөхцөлийг график гаргаад төлье. Эхний ээлжинд 250 000 ам.доллар, түүнээс хойш сар сард нь 250 000 ам.доллараар хуваагаад төлье гэсэн санал тавьсан. Түүнийг нэхэмжлэгч тал бид дор хаяж 1 000 000 ам.доллар, чадахгүй бол 500 000 ам.доллар авна гэж хэлээд зөвшөөрөөгүй. Гэтэл Солонгос компани бид өөрсдийн санхүүгийн боломжоор тооцож үзээд саналаа хэлсэн, 250 000 ам.доллараас их өгч чадахгүй гэсэн. Ингээд энэ асуудал бүтээгүй. Нэхэмжлэгчийн хэлсэн 2 албан бичиг ирсэн. Нэг нь 52 000 000 төгрөгийн дүрмийн сантай компани хувьцааг бид 2 тэрбумаар авна гэсэн санал өгсөн. Уг саналыг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч талаас тавьж байсан саналууд нь хүнд санал байсан. Яагаад гэвэл нэг ч удаа мөнгө нэхээгүй, хэл ам гараагүй. Санхүүгийн хүнд нөхцөл байдлыг ойлгоод энэ асуудлыг шийдье гэж бодсон. Нэхэмжлэгч талаас 2 удаа шүүхэд өгсөн. Нэг удаад нь эвлэрлийн гэрээ байгуулъя гэж бид энэ газраас санхүүгийн байгууллагад зарах гэж байна. Тэгэхээр “Энх ертөнц” ХХК нэг гишүүнтэй болох тухай санал тавьсан. Иймээс “Энх ертөнц” ХХК-ийн гишүүнчлэлээсээ татгалзаж өгнө үү гэсэн саналыг тавьсан. Уг саналыг зөвшөөрөөд 7 хоногийн дараа мөнгө өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл 7 хоногийн дараа мөнгөө өгч чадаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээ, өмчлөлийн гэрчилгээнүүд нь хүчингүй гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэж хамтран ажиллах гэрээг хийсэн. Түүний дагуу гэрчилгээг компани нэр дээр шилжүүлэхийн тулд ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Уг гэрээг компанийг төлөөлж С.А байгуулсан. Гэхдээ нэхэмжлэгч энэхүү гэрээг байгуулах үндэслэл байхгүй байсан. Уг гэрээнд ажлын хөлс 90 000 000 төгрөгийг өгөхөөр гэж заасан боловч одоо хүртэл өгөөгүй. Гэрээний 6.2-т зааснаар худалдан авагч нар худалдагчид 3 сарын дотор төлбөрийн урьдчилгааг шилжүүлнэ гэж заасан. Түүнийг урьд нь хүлээн зөвшөөрөөд урьдчилгаа 600 000 000 төгрөг өгөхөөр тохирсон. Энэ асуудал нь Д.О ямар ч хамаарахгүй. Мандах бүртгэл дээд сургуульд газраа худалдсан гэж хэлсэн. Иймээс хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-өөс 402 339 892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 542 435 108 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 881 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-өөс улсын тэмдэгтийн хураамжид 2 169 649 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүдийг үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн харилцаанууд, хүсэл зоригийн илэрхийлэл гэрээ хэлцлийн агуулга, утга учир үүссэн нөхцөл байдалд хууль ёсны дагуу бодит үнэлт дүгнэлтийг өгч чадаагүйд гомдолтой байгаа юм. Тодруулбал нэхэмжлэгч С.А нь өөрийн танил нотариатч У.М гэх хүн дээр дагуулан очиж өөрсдийн бэлдсэн гэрээний загвар, өөрсдийн хүсэл зоригийг тулгаж зөвлөх хэлбэрээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэхүү худалдах, худалдан авах гэрээнээс гадна нотариатчийн зөвлөснөөр болон С.А-гийн өөрөө бэлдэж ирсэн хамтран ажиллах, ажил гүйцэтгэх, компанийн эрх шилжүүлэх, бэлэглэлийн, иргэд хоорондын болзолт гэрээ зэрэг олон гэрээнүүд байгуулагдсан бөгөөд талуудын хооронд ямар харилцаа явагдаад байсныг тус бүрээр нь ялган салгаж ойлгож дүгнэх зайлшгүй шаардлага байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зохицуулжээ. Энэ зохицуулалтын дагуу бол нотариатч У.М нь хуулийн мэдлэгээ ашиглан С.А-гийн буюу нэг талын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцлийг удаа дараа баталгаажуулж гэрээний нэг талыг илт хохироох нөхцөл байдлыг үүсгэж болохгүй юм. Үүний үр дүнд барьцаанд байсан эд хөрөнгийг чөлөөлж 470 000 000 төгрөгөөр хохирч анхан шатны шүүхийн шийдвэрээр бол 402 339 892 төгрөгийн өрөнд орох, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж нөхцөлийг нь нотариатч У.М, өмгөөлөгч Ц.Б, Б.У нар зохиомлоор бүрдүүлж шүүх түүнийг нь баталгаажуулсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээнүүд нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой бөгөөд нотариатаар баталгаажихдаа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2008 гэсэн нэг дугаарт бүртгэгджээ. Тэгэхдээ гэрээнд зайлшгүй байх ёстой тухайн газрын гэрчилгээний дугаар, газар өмчлөх эрхийн “Г” үсгээр эхэлсэн 10 орон бүхий улсын бүртгэлийн дугаар, хувийн сууцны “Ү” үсгээр эхэлсэн 10 орон бүхий улсын бүртгэлийн дугаар тусгагдаагүй, тухайн үедээ эрхийн доголдолтой буюу барьцаанд байсан, бичиг баримтууд эх хувиараа байхгүй байхад гэрчилсэн үйлдэл нь хууль болон хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна. Мөн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээгээр эрхээ шилжүүлж байгаа бол энэ нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтай бөгөөд энэ тал дээр шүүх огт дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй. Хэрэв анхан шатны шүүх нь худалдах, худалдан авах гэрээний болон хамтран ажиллах гэрээний агуулга нийтлэг үндэслэл зэргийг анхаарч үзсэн бол өөр хоорондоо зөрүүтэй утга санаа нь ойлгомжгүй, үнэн санаанаасаа хийгдсэн хэлцэл үү, эсвэл дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл үү гэдгийг анхаарч үзэх шаардлагатай байсан бөгөөд үүнийг талуудаас сайтар тодруулсан бол хэргийг бодитойгоор үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн С.А нь хууль, эдийн засгийн мэдлэгээ ашиглан хуульч танилуудаа ашиглан залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсаныг хожимдож ойлгосон бөгөөд энэ талаар цагдаа болон шүүхийн байгууллагад гомдлоо гаргасан, бодит үнэн, шударга ёс ялна гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.                                             

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Д.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 910 879 785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу торгууль, хохирол гаргуулна гэж шаардсан байна.

 

            Зохигчид 2013 оны 10 сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч С.А нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ................... тоот хаягт байрлах өөрийн өмчлөх эрх бүхий газрууд, 63 м.кв талбай бүхий хувийн сууц болон 6 автомашины гараашийг 1 900 000 ам.доллароор худалдах, худалдан авагч Д.О нь  урьдчилгаа төлбөрт 281 437 ам.доллар буюу 470 000 000 төгрөгийг төлж, үлдэх 1 618 563 ам.долларыг 2013 оны 10 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон, Д.О нь 470 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй. /1-р хх-ийн 4-5 дугаар тал/

 

            Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байв.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар анз шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан тохиолдолд  талуудын хооронд үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн, энэ хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх шаардлагатай.

 

            Хэдийгээр талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч  гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар  зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус заасан журмыг зөрчиж хийсэн 2013 оны 10 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж  үзэх үндэслэлгүй байхад  анхан шатны шүүх энэ талаар  хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.

 

            Бичгээр хийх хэлцлийг хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан тул улсын  бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй болно.

 

            Худалдан авагч Д.О нь 470 000 000 төгрөг төлсөн байх боловч тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй, хариуцагч Д.О нь жич нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

 

            Иймд талуудын хооронд хийгдээгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл нь эрх зүйн үр дагавар тухайлбал гэрээний үүргийн биелэлт шаардах эрх үүсгэхгүй тул нэхэмжлэгч нэмэлт үүрэг болох анз шаардах эрхгүй болно.

 

Иймд хэрэгт цугларсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд хариуцагчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй үндэслэлээр хариуцагчаас мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар торгууль, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол нэхэмжлэх эрхгүй болно.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О-өөс торгууль, хохиролд 910 879 785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 881 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 508 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                                                 

                                                                                                  Г.ДАВААДОРЖ