Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0421

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Ш.Ж-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй, Ш.Ж-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ш.Ж нь тус аймгийн Тээвэр, авто замын газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус аймгийн Тээвэр, авто замын газарт авто замын мэргэжилтний ажилд томилогдсон юм. Би төрийн захиргааны жинхэнэ албан хаагч ба тухайн байгууллагад ажиллаж байх үед ТЗ-6  зэрэглэлээр цалинжиж байсан юм. Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төвд”-д нэгтгэн зохион байгуулсан юм. Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын Гуравдугаар хэсгийн 9-д “Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, автозамын газрыг Автотээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг давсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай гэсэн заалттай юм.

Үүний дараа тус аймгийн засаг даргаас 2015 оны 04 дүгээр сар 07-ны өдөр А\184 дүгээр захирамж гарч уг захирамжийн 2-т “Байгууллагын ажилтнууд болон эд хөрөнгө, архивыг “Авто тээврийн үндэсний төвд” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхийг Тээвэр, авто замын газрын даргад даалгасугай” гэжээ. Үүний дараахан аймгийн тээврийн автозамын  газрын даргын 2015 оны 04 дүгээр сар 07-ны өдрийн 05 дугаар тушаалаар намайг болон уг байгууллагад ажиллаж байсан ажилчдыг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж. Автотээврийн үндэсний төвд шилжүүлсэн юм.

Гэтэл намайг Авто тээвэр үндэсний төвийн дарга Х.Х нь танай байгууллагад ажиллаж байсан К.С, А.С, та гурав ТЗ-6 зэрэглэлээр цалинжиж байсан, төрийн захиргааны албан хаагчид учраас тус байгууллагад ажилд томилох боломжгүй юм. Тус байгууллага төрийн өмчит үйлдвэрийн газар учраас зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагч ажиллах журамтай. Харин аймгийн ЗДТГ-ын дарга мэднэ” гэж амаар хариу өгсөн.

Ш.Ж би төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албанд 4 жил тасралтгүй ажилласан ба ажиллаж байх хугацаандаа  эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй юм. Гэтэл өнөөдөр би дээд газраас бүтцийн өөрчлөлт нэрийдлээр хийсэн асуудлаас болж ажилгүй хоцорч эдийн засгаар хохирч байна. Энэхүү асуудлаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор гомдол гаргасан юм. Миний гомдолд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр № 3-02/1192 тугаар албан бичгээр уг ажилд авах боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. Уг хариуг авахаас хэдхэн хоногийн өмнө  тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 04 дүгээр сар 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар  миний хууль ёсоор ажиллах ёстой орон тоог аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст шинээр бий болгож аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинээр баталсан байна.

Аймгийн ЗДТГ-ын 2015 оны  52 дугаар тушаал ёсоор уг орон тоонд ажилд авч ажиллуулах ёстой гэдгийг давхар нотолж байна. Гэтэл хөрш зэргэлдээ Увс аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А\ 124 дүгээр захирамжаар тус аймгийн , авто замын газрын надтай адилхан алба хашиж байсан Б.Ц гэдэг мэргэжилтнийг Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор шинээр бий болгосон орон тоонд ажиллуулахаар болсон.  Харин аймгийн Тээвэр, авто замын  газрын даргаар ажиллаж байсан Ж.Д-г ажлаас шууд чөлөөлж. 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор болж, төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд шилжүүлжээ.

Хариуцагч тайлбартаа “Тухайн тушаалыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь Зам тээврийн асуудал хариуцсан мэргэжилтний  орон тоог  нэмснээс үүдэн өөр хэд хэдэн  орон тоо хасагдаж тус хасагдсан, орон тооны албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн дагуу тодруулж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажлаас чөлөөлөх, зохицуулалт хийх зэрэг ажилд тодорхой хугацаа шаардагдах юм” гэжээ. Аймгийн ЗДТГ-ын даргын 2015  оны 04 дүгээр сарын -27-ны өдрийн 52 дугаар тушаал нь 2015 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр болсон учраас шууд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй, батлагдсан өдрөөс дагаж мөрдөх ёстой.

Мөн  “Авто зам, тээврийн бодлого боловсруулах мэргэжилтэн дулаан, эрчим хүч, холбоо, ус суваг, зам, тээвэр салбаруудыг хариуцан ажиллаж байна хэмээн дурджээ. Аймгийн ЗДТГ-ын  Хөгжлийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн /дулаан, эрчим хүч, холбоо, ус суваг/-ийг хариуцан ажилладаг нь үнэн юм. Харин аймгийн Засаг даргын  дэргэдэх Тээвэр, авто замын газар гэж байсан бөгөөд уг байгууллага Зам тээврийн бодлого боловсруулан, зам, тээврийн асуудлыг хариуцаж ирсэн. Уг байгууллагад зам болон тээврийг хариуцсан мэргэжилтэн ажилладаг байсан бөгөөд Хөгжлийн бодлогын хэлтэст тайлан мэдээг хүргүүлэн ажиллаж ирсэн болно. Үнэн хэрэгтээ байдал ийм байхад аймгийн ЗДТГ-ын дарга тайлбартаа ташаа ойлголт өгсөн нь хуульд нийцэхгүй болохыг давхар нотолж байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга нь Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол болон Зам тээврийн сайд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг орон нутагт шууд биелүүлэн ажиллах үүрэгтэй төрийн захиргааны удирдах албан хаагч болохоос Засгийн газрын тогтоолыг биелүүлэхээс зайлсхийх субъект биш юм. Намайг уг ажилд авахгүй байгаагийн гол шалтгаан нь үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, уг орон тоонд найз нөхөд, төрөл садан, намынхаа хүнийг ажилд авах далд санаархал агуулагдаж байна гэж үзэж байна.

Ш.Ж би аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст “авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх  асуудал хариуцсан орон тооны ажилд” хууль ёсоор ажиллах ёстой гэдгийг Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, Зам тээврийн сайдын тушаал, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын даргад албан бичгээр өгсөн үүрэг, даалгавар зэрэг нөхцөл байдлаар бүрэн нотлогдож байна.

            Тээвэр автозамын газрыг авто тээврийн үндэсний төвд нэгтгэн зохион байгуулснаас болж миний орон тоо хасагдаагүй бөгөөд уг орон тоо аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэст хадгалагдаж байгаа.

Хавтаст хэрэгтэй танилцаж байхад аймгийн Засаг даргын тамгын газар өгсөн тайлбартаа, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн авто замын асуудлыг давхар хариуцдаг  гэж бичсэн байна. Дэд бүтэц хариуцсан мэргэжилтний орон тоо хөгжлийн бодлогын хэлтэст өмнө нь ч байсан одоо ч байгаа. Гэхдээ уг албан тушаалтан нь ганцаараа цахилгаан, шугам сүлжээ, худаг, зам тээвэр, зэрэг бүх асуудлыг хариуцан ажиллаж чадахгүй.

 Тийм учраас Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн бодлогын хэлтэст тухайн орон тоонд заавал нэг мэргэжилтэн ажиллах ёстой учраас тогтоолоор үүнийг зохицуулсан гэж би үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс Х.Нурханат нөөцөд бүртгэлтэй байх ёстой. Нөөцөөс нэр дэвшүүлэн томилно гэсэн агуулгатай албан бичиг явуулсан байна. Би Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт өгч тэнцсэн. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталж 2 сарын хугацаанд төрийн албаны сонгон шалгаруулалт явагдаад нэр дэвшүүлээд, уг орон тоонд хэнийг томилох эсэх нь тухайн үеийн асуудал байсан л байх. Тэгэхдээ уг орон тоонд заавал сонгон шалгаруулалт зохион байгуулж эсхүл нөөцөөс нэр дэвшүүлэн өөр хүнийг томилохгүйгээр шууд намайг томилох ёстой байсан гэж үзэж байна.

            Би тухайн байгууллагад ажиллаж байхад байгууллагын даргын ажлыг хүртэл түр хийж байсан. Өнөөдөр намайг бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэсэн нэрийдлээр албан тушаалд томилохгүй байгаад гомдолтой байна. Иймээс намайг Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст “Авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтний” орон тоонд томилон ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн ЗДТГ-ын даргад даалгаж өгөх, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэжээ.

Хариуцагч аймгийн ЗДТГ-ын дарга Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш.Ж-н нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна.

            Засгийн газрын 2015 оны 55  дугаар тогтоолоор аймгийн Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төвтэй нэгтгэн зохион байгуулсан шийдвэр гаргасан тогтоолын 9-д “ аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг Авто, тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны нэг ажилтныг аймгийн ЗДТГ-т батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай” гэсэн тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын заалт нь аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газарт авто, тээврийн мэргэжилтнийг шилжүүлэн ажиллуулах тухай асуудал биш бөгөөд зөвхөн ЗДТГ-ын батлагдсан төсөвт багтаан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тоо бий болгохыг даалгасан асуудал юм.

            Мөн Засгийн Газрын тогтоолоор Тээвэр , авто замын газрыг Авто, тээврийн үндэсний төв ТӨК-тай  нэгтгэсэн тул аймгийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар аймгийн Тээвэр, авто замын газарт ажиллаж байсан байгууллагын ажилтнуудыг аймгийн Авто, тээврийн үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд тухайн байгууллага бүтцээ хэрхэн батлан ажиллуулах эсэхээс шалтгаалан зохицуулах асуудал юм.

            Зам, тээврийн сайдын 2014  оны 181 дүгээр тушаалаар батлагдсан аймгийн Тээвэр, авто замын газарт ажиллах орон тоонд авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажиллах орон тоо байгаагүй.

            Авто зам, тээврийн бодлого боловсруулах мэргэжилтэн аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн / дулаан, эрчим хүч, холбоо, ус, суваг, зам тээвэр зэрэг салбаруудыг хариуцан/ ажиллаж байна.

            ЗДТГ-н шинэ бүтэц 2015 оны 4 дүгээр сарын 27-ны 52 тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтэст зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан бөгөөд одоогоор тухайн тушаалыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь Зам, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог нэмснээс үүдэн өөр хэд хэдэн орон тоо хасагдаж, тус хасагдсан орон тооны албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн дагуу тодруулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажлаас чөлөөлөх, зохицуулалт хийх зэрэг ажилд тодорхой хугацаа шаардагдах юм.

            Нэгдсэн зохицуулалт хийгдэж дууссаны дараа ЗДТГ-н даргын тушаалын хэрэгжилтийг хангах үед Хөгжлийн бодлогын хэлтэст бий болох сул орон тоог нөхөх болно. Иймд одоогоор Ш.Ж-н уг орон тоонд авах талаар шийдвэр гаргах боломжгүй байна” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн “Авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд томилохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

             Нэхэмжлэгч Ш.Ж, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С давж заалдах гомдолдоо: “Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Я.С, нэхэмжлэгч Ш.Ж бид Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авч танилцаад  дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Анхан шатны шүүх Ш.Ж-н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн хууль бус алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1.Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “ ... Засгийн газраас 55 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн бүтэц орон тоог баталсан бөгөөд энэхүү шинэ бүтэц орон тоонд анх аймгийн тээвэр авто замын газрын бүтэц орон тоонд багтаж байсан төрийн захиргааны албан тушаал болох авто замын болон тээврийн мэргэжилтний орон тоо батлагдаагүй байна. Харин дээрх  Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3-дахь хэсгийн 9-д “Аймгийн Засаг  даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв”  аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн  нутаг дэвсгэрт  авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны нэг ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 үгээр сарын 27-ний өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 52 дугаар тушаалаар аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчилж байсан бөгөөд  уг тушаалын хавсралтад  зааснаар Хөгжлийн бодлогын хэлтэст “ Зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ий  нэг орон тоог бий болгосон байна. Харин авто замын болон тээврийн  мэргэжилтний орон тоо нь орон нутагт хэрэгцээтэй, зайлшгүй шаардлагатай байх тул авто замын мэргэжилтний болон тээврийн мэргэжилтний орон тоог нэгтгэн 1 орон тоо  болгож, аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоонд шинээр бий болгох шаардлага гарсан болох нь Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын  холбогдох заалтаар тогтоогдож байна” гэжээ.

Дээр дурдсан асуудлаас дүгнэлт хийж үзэхэд Тээвэр, автозамын газрыг “Авто тээврийн үндэсний төвтэй нэгтгэсэнтэй холбогдуулан шинээр 1 орон тоог бий болсныг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрчээ. Иймээс шинээр бий болсон орон тоонд хуучин Тээвэр, автозамын газарт автозамын мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ж нь хууль ёсоор ажиллах ёстой гэж үзэж байна.           

2. ... Нэхэмжлэгч Ш.Ж нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Тээвэр, авто замын газарт авто замын мэргэжилтнээр ажиллаж байсан ба түүний өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн гэрээ зэрэг нь орон нутагт зам, тээврийн бодлогыг хариуцаж ажиллаж ирсэн байдал нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн олон хуудас бүхий нотлох баримтуудаар нотлогдож байгааг анхаарч үзээгүй болно.

3. ... Нэхэмжлэгч Ш.Ж нь 2011 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн, төрийн захиргааны албанд 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа, аймгийн Тээвэр, авто замын газар өөр байгууллагатай нэгтгэн зохион байгуулагдсан учраас Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол ёсоор шинээр бий болсон орон тоонд ажиллах талаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 26 хуудас хавсралттай гомдол, хүсэлт гаргаж байсан юм.

Мөн тэрээр Төрийн албаны зөвлөлд нийт 2 удаа хандаж байсан юм. Гэтэл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс иргэн Ш.Ж-н өргөдөл өгсөн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3-/02/1192 тоот албан бичгээр “... одоогоор Зам тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн авах боломжгүй байна“ гэжээ. Ингэхээр Ш.Ж нь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд уг орон тоонд ажиллуулж өгөх талаар албан ёсоор хандаж байсан ба Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь түүний нэрийг уг маргаан бүхий албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлээгүй, уг албан тушаалд томилохоос татгалзсан тул өөрийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа бодит байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй юм.

Ер нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ба аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг Т.М гэдэг нэг хүн давхар хашдаг ба тэрээр Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол гараад 5 сар болж байхад түүнийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авахгүй, “хэд хэдэн орон тоо хасагдсан учраас уг орон тоонд Ш.Ж-г авч ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд нэг хүний орон тоо хасагдаагүй, цомхотгогдоогүй Ш.Ж нь нөөцөд байгаа нь нотлогдсоор байхад түүнийг маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлэхгүй, элдэв шалтгаан зааж хөшүүн хойрго хандаж байгаа нь эцсийн эцэст уг орон тоонд Ардчилсан намыг дэмждэг өөрийгөө тойрон хүрээлэгчдийг авахыг эрмэлзэх зэрэг болчимгүй явдал гарган төрийн хуулийг гууль болгож байгаа түүний бусармаг үйл ажиллагааг анхан шатны шүүх зөвтгөн хамгаалж байгаад гомдолтой байна. Энэ бол шүүх уг асуудлын мөн чанар, агуулгад бодитой дүгнэлт хийж чадаагүйг харуулж байна.

4. Шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь иргэн К.С, А.С нар нь маргаан бүхий албан тушаалд ажиллах талаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргад албан ёсоор өргөдөл гаргаж байгаагүй, түүнчлэн шүүхэд ч нэхэмжлэл, хүсэлт гаргаж байгаагүй, уг 2 хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаагүй байхад шүүгч хариуцагчид ашигтай шийдвэр гаргуулахын үүднээс гудамжинд зүгээр алхаж явсан 2 хүнийг зориуд шүүхэд дуудан авчирч, утга агуулга нь тодорхой бус хоёрдмол агуулгатай тайлбарыг бичгээр гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн төдийгүй шүүгч ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгаа гэж үзэж байна. Шүүх ингэж эргэлзээтэй, таамаг, төдий, ирээдүй рүү чиглэсэн зүйлүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаад харамсаж байна.

... Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн сайд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захиргаа зэрэг эрх бүхий дээд шатны байгууллагаас Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д-д болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей нарт 12 удаа бичгээр үүрэг даалгавар өгсөөр байхад Ш.Ж-г уг орон тооны ажилд томилохгүй байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол Монгол Улсын иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл болно. Төрийн албаны үндсэн зарчим болсон захирах, захирагдах, хууль дээдлэх зарчмыг Баян-Өлгий аймгийн удирдлагууд ийм байдлаар хэрэгжүүлж байгаагаас эцсийн эцэст жирийн төрийн захиргааны албан хаагч Ш.Ж-н эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хянан үзээд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй нь илт тодорхой байгаа тул 20 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Ш.Ж-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.“ гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ш.Ж-н “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн “Авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд томилохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3-ын 2-т “Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулах”-аар, мөн тогтоолын 9-д Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.   

            Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэхээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/184 дүгээр захирамж гаргаж, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болох Тээвэр, авто замын газрын үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, байгууллагын ажилтнууд болон эд хөрөнгийг шинээр байгуулагдаж буй “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамж гарсантай холбогдуулан нэхэмжлэгч Ш.Ж-г “Авто тээврийн үндэсний төв”-ийн харьяанд шилжүүлсэн байна.

            Улмаар нэхэмжлэгч Ш.Ж нь “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/281 дүгээр тушаалаар 1 сарын тэтгэмж авч чөлөөлөгджээ.

            Нэхэмжлэгчээс 55 дугаар тогтоолд заасны дагуу миний ажлын байр Засаг даргын Тамгын газарт шилжсэн тул тухайн орон тоонд ажиллах ёстой гэж үзэж, чөлөөлөгдсөн тушаалд маргаагүй байна. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар тогтоолд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчилж, Хөгжлийн бодлогын хэлтэст Зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан байх бөгөөд уг орон тоог шинээр батлагдсан орон тоо гэж үзэж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарчмаар уг орон тоог нөхнө гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Учир нь, уг батлагдсан орон тоо нь нэхэмжлэгчийн маргаж байгаачлан түүний өмнө нь ажиллаж байсан албан тушаал гэж үзэж, нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй. Засгийн газрын 55 дугаар тогтоолд тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан 1 орон тоог батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийхийг даалгасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан “Авто замын мэргэжилтэн” гэсэн албан тушаалыг шилжүүлж баталсан асуудал биш юм.

            Нөгөөтээгүүр татан буугдсан Тээвэр, авто замын газарт нэхэмжлэгчээс гадна авто тээвэр, авто тээврийн хяналт хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байсан бөгөөд тэдгээр нь мөн уг шинээр батлагдсан албан тушаалд ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн байна.

Иймд Засаг даргын Тамгын газарт шинээр батлагдсан орон тоонд нэхэмжлэгч Ш.Ж-г ажиллуулахыг даалгаж, цалин гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй талаар зөв дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

                                  

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ