Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.Баасанжав /цахим/, Хохирогч В.Гүрланз Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа /цахим/, Шүүгдэгч Ц.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Батзоригт холбогдох 2123000520100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын Баян улаан баг гэх газарт оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Удган овогт Цэвэгжавын Батзориг, регистрийн дугаар ИК89112836.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Батзориг нь 2021 оны 04 дүгээр сарын орчим Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-улаан багийн нутаг “Галтын луу” гэх газарт хохирогч В.Гүрланзын 51 тооны бог малыг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа, 40 тооны ямааг бусдад зарж түүнд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Батзориг нь 2021 оны 04 дүгээр сарын орчим Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-улаан багийн нутаг “Галтын луу” гэх газарт хохирогч В.Гүрланзын 51 тооны бог малыг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа, 40 тооны ямааг бусдад зарж түүнд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Ц.Батзоригийн өгсөн: “...В.Гүрланз ахынхтай малаа нийлүүлээд орой харанхуй болоод хэдэн мал үлдээсэн. Арвай гэх залуугаар 1,600,000 төгрөг авсан байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр В.Гүрланз ахын малыг өгөөд явуулсан. Ямааг нь буцаагаад авч ирээд өгсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Хохирогч В.Гүрланзын өгсөн: “...Тухайн үед сумын төв рүү явсан байсан. Манай хүүхэд малаа Зоригоогийн малтай нийлүүлсэн талаар хэлээгүй. Сүүлд 3 хоногийн дараа манай хүүхэд Зоригоогийн хоньтой нийлсэн гэж хэлсэн. Малаа бүрэн хүлээн авсан. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: - Хохирогч В.Гүрланзын өгсөн: “...Манайх алдсан хонь ямаагаа олоод авсан юм. Манай хүүхэд Батчулуун нь багийн иргэн Батзоригийн хоньтой өөрийнхөө хонийг нийлүүлснээ надад хэлээгүй нууснаас болж буруу хайж явсан байна лээ. Учир нь 2021 оны 04 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө манай хонь ямааны тал нь байхгүй болохоор олж ирээд тоолоход дутуу байсан. Тэгтэл хоёр гурав хоногийн өмнө манай том хүү Батчулуун нь хонио хариулж байгаад манай урд байдаг саахалт айл Ц.Батзоригийн хонь, ямаатай өөрийнхөө хонь, ямааг нийлүүлсэн юм байна лээ. Тэгээд манай хүүхэд тэр үедээ ганцаараа хонь, ямаагаа ялгаж авахдаа намайг загнана гэж айгаад хонь ямаагаа дутуу ялгаж аваад үлдээсэн миний алдсан гэж бодож байсан хонь ямааг Батзоригийн малд үлдээгээд Батзориг хоньтойгоо харж байгаарай гээд үлдээсэн юм байна лээ. Тэгж хонь, ямаагаа нийлүүлээд надаас нуугаад миний алдсан гээд хайгаад байсан хонь ямааг Батзоригийн хонинд захиж үлдээсэн байснаа манай хүүхэд надад хэлсэн. Үлдээсэн байсан хонь ямааг нь Батзориг зарсан байсныг манай бүрэн буцааж олж авсан. Тухайн үед манай хүүхэд Батзориг нар хонио хараагүйгээс болж манай 2- ын мал хоорондоо нийлээд надаас нууж ялгаж байгаад дутуу ялгаж аваад үлдсэн хонь ямааг Батзоригийг харж байгаарай гээд үлдээсэн байсан. Тэр хонь ямааг нь Батзориг хүнд зарчихсан байсан. Ийм л зүйл болсон юм билээ... Ц.Батзориг манайд учирсан хохирол болох хонь, ямаануудаа зүсээр нь бүгдийг нь олоод авсан. Мөн хайж явахад гарсан бензин шатахууны зардал болох 100.000 төгрөгийг надад өгч одоогийн байдлаар миний хувьд надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч Г.Батчулууны өгсөн: “...Би өөрийнхөө хонь ямааг хариулж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 17, 18-ны үед байх яг өдрийг нь тодорхой сайн санахгүй байна манай урд байдаг саахалт айл Батзориг ахын хоньтой нийлүүлсэн юм. Би тухайн үед хариулж байсан хонио орхичхоод сумын төв орчхоод ирсэн чинь манай хонь ямаа Баян-Улаан өвөрт бэлчиж байгаад Батзориг ахын хонь ямаатай нийлчихсэн байхаар нь би аав ээж 2 хонио харсангүй нийлүүллээ гэж загнана гэж бодоод өөрийнхөө хонь, ямааг ээж, аав хоёрыг ирэхээс өмнө гээд ялгаж байсан чинь аав, ээж 2 ирж байхаар нь Батзориг ахад ялгаж амжаагүй үлдсэн хонь ямааг нь харж байгаарай дараа аав, ээж 2-ыг байхгүй хойгуур ялгаж авна шүү гээд үлдээсэн юм. Миний үлдээсэн байсан хонь ямааг Батзориг ах нууцаар хүнд зарчихсан байсан. Тэгээд удаагүй аав хонь ямаа дутууг мэдээд хайсан байсан. Батзориг ахынхтай малаа нийлүүлээд бүрэн ялгаж авч чадаагүй хонь, ямаа нийлсэн 50 гаруй бог мал Батзоригийг харж байгаарай гээд үлдээсэн. Гэтэл тэр малыг Батзориг ах надад хэлэлгүй хүнд зарчихсан байсан. Намайг хонь харалгүй нийлүүллээ гэж уурлана гэж бодоод аав, ээжид Батзориг ахын малд мал үлдээснээ хэлээгүй юм. Дараа нь аав, ээж хоёрыг байхгүй хойгуур ялгаж авна гэж бодоод Батзориг ахыг харж байгаарай гээд үлдээсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, - Гэрч В.Жамбаагийн өгсөн: “...Гүрланз ахынх чинь малаа алга болгосон байна чи хурдхан босоод хөдөө гэрт нь очоодох гэхээр нь би В.Гүрланз ахынд очиход Гүрланз ах манай ямаанаас 47 тооны ямаа, 4 тооны хонь алга болсон байна гэсэн. Тухайн үед би яах учраа олохгүй сумын цагдаагийн алба хаагч нарт утсаар малаа хулгайд алдчихлаа гэж хэлээд бүртгүүлсэн нь дээр байх гэж зөвлөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, - Гэрч Г.Арвайгийн өгсөн: “...Би Батзориг гэгчийг нэг сайн таньдаггүй юм. Өнгөрсөн жилээс хойш ойр дотно болж байна. Харин өр авлагын асуудал байгаа. Тэр болохоор 2021 оны 1 дүгээр сарын 10-ны үед манайх борлонгийн мөнгө тарааж байхад нэг өдөр Батзориг өөрөө над руу утсаар яриад танайх борлонгийн мөнгө тарааж байгаа юм уу манайд мөнгөний хэрэг болоод байна. Чи надад 50 борлонгийн мөнгө өгөөч гэхээр нь тийм их борлонгийн мөнгө байхгүй гэсэн чинь тэгүүл чи аргалж байгаад надад 40 борлонгийн мөнгө хийгээч гэхээр нь за тэгье гээд мөнгөө шавхаж байгаад 40 борлонгийн мөнгө буюу 1.600.000 төгрөг өгсөн. Би Батзоригт өгсөн мөнгөнийхөө оронд 40 борлон авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 27- р хуудас/, - Гэрч Б.Гочоожалбын өгсөн: “...Би хэдэн ямаатай болох гээд цөөхөн хэдхэн төгрөг цуглуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үед эхнэрийнхээ Нагац дүү Арвай гээд залууд ахдаа 50 борлон олоод өгөөч гээд 2.000.000 төгрөг л өгсөн. Түүнээс өөр хүнд бол мөнгө төгрөг өгөөгүй. Харин нэг өдөр миний утас луу нэг залуу залгаад Батзориг байна та борлонгийн мөнгө тарааж байгаа юм уу гэсэн. Би борлонгийн мөнгө авах гэсэн юм гэхлээр нь надад мөнгө байхгүй би Арвайд борлон цуглуулаад өгөөч гээд бүх мөнгөө өгчихсөн байгаа Арвайтай ярь гэж хэлсэн тэгээд утсаа тасалсан. Тэгээд саяхан 05 сарын 13-ны үед байх нэг өдөр Арвай надад нөгөө борлонгийн мөнгө өгсөн хүн чинь борлонгоо ав гэж байна та хонио харж байгаарай би борлонгоо аваад ирье гээд өөрийнхөө машинаа өгсөн. Тэгээд орой 23 цагийн үед ирэхдээ Арвай машин дээрээ борлонгуудыг чинь ачиж ирээд бид хоёр буулгаж хашаанд хашаад би тоолоход 40 борлон байсан. Хар улаан зүсний голдуу буруу чих урдаасаа ганзага зөв чих нь бас л урдаасаа ганзага имтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, - Гэрч Ц.Идэрмаагийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх би өдөр хоногийг яг тодорхой сайн санахгүй байна. Нэг өдөр манай нөхөр хониндоо явж ирчхээд өнөөдөр манай хоньтой Гүрланз ахын хонь нийлээд ялгаж байгаад хүүхэд хэдэн тооны хонь ямаа харж байгаарай дараа авъя гээд үлдээгээд явлаа гэж ярьж байсан. Манайх Сантмаргаз сумын Баяндавс багийн иргэн Арвай гэх залуугаас 2021 оны 01 дүгээр сард борлон өгнө гэж хэлээд 1.600.000 төгрөг авсан. Тэгтэл манай нөхөр Батзориг нь айлын нийлээд дараа авъя гэж үлдээсэн хонь, ямааг Арвайд мөнгөнийхөө оронд өгснийг сая л мэдлээ. Надад бол энэ талаараа юу ч яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, - Гэрч Б.Эрдэнэцогтын өгсөн: “...Ер нь бол манайхан ойр, айл саахалт байдаг болохоор би Батзоригийн бог мал буюу хонь ямааных нь им, тэмдгийг сайн мэднэ. Батзоригийнх “Галтын үзүүр” гэх газар, харин манайх яг урд талд нь саахалтын айлын орчимд байх “Хөх толгой” гэх газар хаваржсан юм. Одоо ч гэсэн цуг хаваржиж зус ч байна. Хавар буюу 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Батзоригийн хонь, ямаанд танихгүй им тэмдэгтэй өөр айлын хонь ямаа нийлээд хэсэг хугацаанд байсан. Тэгээд тэр ямаа, хонь, ямаанууд байж байгаад дараа нь 05 сарын дундуур нөгөө хонь ямаанууд байхгүй болчихсон. Би тэр үед өөр хүмүүс ирээд Батзоригийн хонь ямаанд тавьж байгаад буцаагаад явсан байх гэж бодож байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, - Гэрч Ц.Очирбатын өгсөн: “...Энэ хавар Батзоригийнх “Галтын үзүүр” гэх газарт хаваржиж байхад би мал хайж яваад тэдний хонь ямаагаар хоёр гурав удаа орж мал шүүсэн юм. Тэгж явахад 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Батзоригийн хонь, ямаанд танихгүй им тэмдэгтэй өөр айлын хонь ямаа нийлсэн байсан. Тэгээд тухайн үед нь Батзоригоос өөрөөс нь хэний ямаа, хонинууд юм гэж асуухад Батзориг надад хэлэхдээ айлын хонь ямаа байгаа эзэн нь түр харж байгаарай гээд үлдээсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, - Ц.Батзоригийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 20-диор өдрийг нь одоо санахгүй байна. Манайх Гүрланзынхантай ойрхон хаваржиж байсан юм. Нэг өдөр Гүрланз эхнэртэйгээ сумын төв явсан хойгуур хүүхэд Батчулуун нь хонио харж байгаад манай хоньтой хонио нийлүүлчихсэн юм. Тэгээд аав ээж 2-ыг ирэхээс нь өмнө ялгачихъя гээд бид 2 ялгаж байсан чинь бүрэн ялгаж амжаагүй аав, ээж 2 нь сумын төвөөс ирэх болчихсон юм. Гэтэл Батчулуун 50 гаруй ямаа голдуу бог мал үлдчихсэн чинь ах та наад малуудаа харж байгаарай би аав ээжийг байхгүй үеэр удахгүй ялгаж авна гээд надад захиж үлдээсэн юм. Тэгээд нилээн хэд хоногийн дараа 05 сар гарсан байсан байх өдрийг сайн санахгүй байна би Батчулууны үлдээсэн малнаас борлонгийн мөнгө авсан байсан Арвай гэдэг залууд 40 тооны борлонг өрөндөө өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Батзоригт хохирогч В.Гүрланзын хүү Г.Батчулуун нь 51 тооны бог малыг итгэмжлэн хариуцуулсан байна. Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Батзориг нь хохирогч В.Гүрланзын 51 тооны бог малыг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа, 40 тооны ямааг бусдад зарсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Ц.Батзориг нь 2021 оны 04 дүгээр сарын орчим Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-улаан багийн нутаг “Галтын луу” гэх газарт хохирогч В.Гүрланзын 51 тооны бог малыг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа, 40 тооны ямааг бусдад зарж түүнд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Гүрланзад 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Батзориг нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч В.Гүрланз болон шүүгдэгч Ц.Батзориг нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Батзоригийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Батзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Батзориг урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан байна. Энэ нь түүний эрүүгийн хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 60-66-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Ц.Батзоригт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ц.Батзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Батзориг нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Удган овогт Цэвэгжавын Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батзоригийг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батзоригт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ц.Батзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ