Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/517

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811016090591 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Гөрөөчин овогт Г.Г, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-110в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/........................................../,

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-110в тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Гантуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын газрын хүний төрсөн өдөр болоод нэг газар орно гэхээр нь нөхөртөө энэ талаар хэлэхэд уурлаад байхаар нь би ажлынхантайгаа хамт суугаад 30-40 минутын дараа гараад 21 цаг дөхүүлээд гэртээ орсон. Гэртээ ортол Ганбаатар чи гадуур явлаа хамт олонтойгоо байнга хамт явдаг гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд маргалдаж байгаад намайг хэвлий орчимд өшиглөхөөр нь чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ би архи дарс уугаагүй дөнгөж орчихоод гарч ирж байна гэтэл чи яахаараа ордог юм чи ажлынхантайгаа явах ёсгүй гээд намайг нүүрэнд, хамар, нүд орчим 2 удаа цохиход хамраас бага зэрэг цус гарсангэсэн мэдүүлэг. /хх-13-14х/,

             Яллагдагч Г.Г мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 22-ны өглөө ажлаасаа бууж ирээд унтаж байгаад орой эхнэр Э.Гантуяа ажлаа тараад ирэхгүй байхаар нь 20 цагийн орчим залгахад бид нар ажлаараа гадагшаа гарч нэг газар орох гэж байна гэхээр нь би дандаа гардаг биз дээ, чи хүрээд ирж болохгүй юм уу гэж хэлтэл уурлаад надтай маргалдсан. Тэгээд удалгүй гэртээ хүрээд ирсэн. Ирэнгүүтээ чи намайг гаргасангүй би ажлынхаа хамт олонтой гарч болдоггүй юм уу гээд уурласан ба би чи дандаа явдаг биз дээ гэд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгээд би уурандаа нэг удаа хөл орчимд өшиглөөд хамар орчимд нь гараа атгаж байгаад цохичихсон юм. Тэгэхэд Гантуяа уйлаад гэрийхэнрүүгээ яриад байсан ба удалгүй эгч дүү хоёр нь ирээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирээд намайг авч явсан” гэсэн мэдүүлэг. /хх-49-50х/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №6625 тоот дүгнэлтэд: 

         “1. Э.Гантуяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи ба дотор булан, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүүний цус хуралт, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

         3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-24х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 3-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН