Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

   2022         02        15                                    2022/ШЦТ/147

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Ц.Шагдар нар оролцсон эрүүгийн ............ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1986 оны 7 дугаар  сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ..................тоотод оршин суух, Нийслэлийн ..... дүгээр сургуульд багш ажилтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-8 тоотод эхнэр М.Атай тухайн үед үүссэн маргааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн ................ дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Дгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ цохьсон юм. Түүнээс болж эхнэр маань гомдол гаргаад ийм асуудал үүссэн. Гэр бүлийн шинжтэй маргаан болж байсан. Түүнээс өөрөөр цохиж зодоод байдаггүй. 2015 онд нэг удаа гар хүрч байсан. Тухайн өдөр намайг нэг хүнтэй хардаад түүнээс болж маргалдсан юм. Зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохьсон өөрөөр цохиогүй. Нүдэнд үүссэн гэмтэл нь би цохисноос болж үүссэн байх... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...Эхнэрийн бие хэвийн байгаа, ямар нэгэн өвчин зовиур байхгүй бид хоёр эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

Хохирогч А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Д намайг зодсон юм. Тухайн өдөр гэр бүлийн чанартай асуудал гараад маргаан болсон болохоор би ерөөсөө цагдаад өгч шийдүүлнэ гэж санаад цагдаад хандсан юм. Тухайн өдөр би ажил дээрээ  шинэ жилийн ажил хийж байгаад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ архи ууж байсан юм тиймээс би “яагаад гэрт архи уугаад байгаа юм” гээд маргаан эхэлсэн, гэтэл гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиж авсан. Гэтэл хөмсөг маань язраад цус гарсан, намайг дээш харуулж дарж байгаад цээжин дээр өвдөглөөд миний цус арчсан тэгэхэд цээж хөндүүрлэж өвдсөн тэр үедээ миний араас зууралдаад байсан болохоор бас хөхөрчихсөн юм. Тэр гэмтлүүд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд гарсан байна....Эдгээр бүх гэмтлийг манай нөхөр Т.Д учруулсан юм...Надад одоо гомдол санал байхгүй, бид хоёр хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1476 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. А-н биед зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр 5-7 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч А-н хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-8 тоотод эхнэр М.Атай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Т.Дгийн мэдүүлэг, хохирогч А-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1476 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Т.Д нь хохирогч М.Алтанхуягийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогчоос мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

                                

Тодруулбал Т.Д нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас А-н биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч М.Агаас “..миний бие М.А нь нөхөр Т.Дтай эвлэрсэн тул өөр гомдол санал байхгүй...” гэж хүсэлтээ /хх-ийн 39 дүгээр хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН