Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

   2022         02        15                                    2022/ШЦТ/148

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Г.Баярмаа нар оролцсон эрүүгийн 2109004301437 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ерөнхий инженер мэргэжилтэй, “Их хот” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ...........тоотод оршин суух хаягтай боловч ........... тоотод түр оршин суух хаягтай боловч одоо ............. амьдардаг гэх, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, урьд:

 

Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 148.2 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 тоот шүүгчийн захирамжаар 11 сар 18 хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч О.Болорцэцэгийг ажлын байран дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургууль дээр байхад “Татварын ерөнхий газарт ажилладаг гэж өөрийгөө танилцуулан, танай байгууллага 182.500 төгрөгийн өртэй байна” хэмээн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө Төрийн банкны 100900463285 тоот данс руу 182.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Буянхишиг байна гэж өөрийгөө танилцуулан, танай байгууллага 218.980 төгрөгийн татварын өртэй байна” хэмээн хохирогч Ө.Ундармааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө Төрийн банкны 100900463285 тоот данс руу 218.980 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Солонго” салбараас шилжүүлэн авч залилан бусдад нийт 401.480 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн .................. дугаартай хэргээс:

 

Гомдол гаргагч О.Болорцэцэгээс гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11, 37 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Болорцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн сургалтын албаны менежер Б.Эрдэнэбат надад хандан Татварын ерөнхий газарт ажилладаг, манай сургуулийн 2000 оны төгсөгч Буянхишиг гэх хүн ярьлаа. Чи Буянхишиг гэх хүний 96001937 дугаар руу ярь гэж хэлсэн. Утсаар ярьхад манай татварын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалт очих гэж байгаа танайх татварын өртэй 182.500 төгрөгийг төл, татварын шалгалт очихоос өмнө өрөө төлсөн байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд надад манайд 1 дүгээр хүний эрх гэж байдаг юм би тэр эрхээр ороод танайхыг төлсөнөөр харуулна гэж хэлсэн. Ингээд би Буянхишиг гэх хүний 100900463285 дугаарын данс руу 182.500 төгрөгийг шилжүүлсэн..182.500 төгрөгийн хохирол учраад байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Татварын албанаас ярьж байна, татварын шалгалт очих гэж байгаа тул татварын өрөө төлчих гэж хэлсэн учир би итгээд энэ мөнгийг шилжүүлэх болсон юм..Гомдол санал байхгүй.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Ундармаагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ө.Ундармаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 98811947 дугаарын утаснаас над руу Татварын ерөнхий газрын хяналтын шалгалтын хэлтсийн дарга Буянхишиг байна гэж өөрийгөө танилцуулан Сангийн яам, мэргэжлийн хяналт, татварын ерөнхий газраас хяналт шалгалт хийх гэж байна, танайх бага зэргийн татварын өртэй байна гэж надад итгэл төрүүлэн ярьсан. Ингээд асуухад 218.980 төгрөг гэсэн бөгөөд энэ мөнгийг Буянхишиг гэсэн данс руу шилжүүлчих гэж хэлсэн, чи төрийн данс руу шилжүүлэх юм бол хоцорсон чинь мэдэгдэнэ, тийм учир миний данс руу шилжүүл, чи сүлжээнээс татуулна гэсэн. Ингээд би Гэндэнжавын Буянхишиг гэх хүний данс руу шилжүүлсэн... Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...мөнгөний хэрэг байсан учир Нийслэлийн 1 дүгээр сургуулийн нягтлантай яриад тэгээд уг мөнгийг шилжүүл гэж хэлээд шилжүүлэн авсан. Би татварын албанд ажиллаж байсан удаа байхгүй. Тухайн үедээ татварын албанаас ярьж байна гээд тэгээд худлаа хэлсэн юм. О.Болорцэцэг, Ө.Ундармааг танихгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 51 дүгээр хуудас/,

 

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Үзлэгийг Гэндэнжавын Буянхишигийн эзэмшлийн ...дансанд явуулав... 2021 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн мэдээллийг шүүн үзэхэд 218.980 төгрөг Монгол-Оросын хамтарсан сургууль гэсэн утгаар орлого гүйлгээ орж ирсэн байна....2021 03 дугаар сарын 17-ны өдрийн хугацааны гүйлгээний мэдээллийг шүүн үзэхэд 182.500 төгрөг 1 дүгээр сургууль Оргих Болорцэцэг гэсэн утгаар шилжин орж ирсэн байна....” гэжээ /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71, 108 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 60-62, 74-77 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-114 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хохирогч О.Болорцэцэгийг ажлын байран дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр  сургууль дээр байхад “Татварын ерөнхий газарт ажилладаг” гэж өөрийгөө танилцуулан, “танай байгууллага 182.500 төгрөгийн өртэй байна” хэмээн худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө Төрийн банкны 100900463285 тоот данс руу 182.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Буянхишиг байна” гэж өөрийгөө танилцуулан, “танай байгууллага 218.980 төгрөгийн татварын өртэй байна” хэмээн хохирогч Ө.Ундармааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө Төрийн банкны 100900463285 тоот данс руу 218.980 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Солонго” салбараас шилжүүлэн авч залилан авч бусдад нийт 401.480 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гомдол гаргагч О.Болорцэцэг, Ө.Ундармаа нараас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч О.Болорцэцэгийн “... “манай татварын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалт очих гэж байгаа танайх татварын өртэй 182.500 төгрөгийг төл, татварын шалгалт очихоос өмнө өрөө төлсөн байх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд надад “манайд 1 дүгээр хүний эрх гэж байдаг юм би тэр эрхээр ороод танайхыг төлсөнөөр харуулна” гэж хэлсэн. Ингээд би Буянхишиг гэх хүний 100900463285 дугаарын данс руу 182.500 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ө.Ундармаагийн “....2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 98811947 дугаарын утаснаас над руу “Татварын ерөнхий газрын хяналтын шалгалтын хэлтсийн дарга Буянхишиг байна” гэж өөрийгөө танилцуулан “Сангийн яам, мэргэжлийн хяналт, татварын ерөнхий газраас хяналт шалгалт хийх гэж байна, танайх бага зэргийн татварын өртэй байна” гэж надад итгэл төрүүлэн ярьсан. Ингээд асуухад 218.980 төгрөг гэсэн бөгөөд энэ мөнгийг би Гэндэнжавын Буянхишиг гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Бийн “...Нийслэлийн 1 дүгээр сургуулийн нягтлантай яриад тэгээд уг мөнгийг шилжүүл гэж хэлээд шилжүүлэн авсан. Би татварын албанд ажиллаж байсан удаа байхгүй. Тухайн үедээ татварын албанаас ярьж байна гээд тэгээд худлаа хэлсэн юм. О.Болорцэцэг, Ө.Ундармааг танихгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн хуулга /Г.Бийн эзэмшлийн данс/,

 

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Г.Бийн эзэмшлийн данс/ зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар Г.Б нь хохирогч нарт “Татварын ерөнхий газарт ажилладаг мөн Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Буянхишиг байна” гэж өөрийгөө танилцуулан тэдгээрээс нийт 401.480 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч О.Болорцэцэг, Ө.Ундармаа нарын мэдүүлэг, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь Татварын ерөнхий газар ажилладаг эрх бүхий этгээд биш бөгөөд дээрх байдлаар худал хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нарыг хуурч төөрөгдүүлэн “татварын мөнгөө төлөх” гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авсан байна.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Бийг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал /урьд шүүхээр ял шийтгэгдсэн, бага насны хүүхэдтэй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б нь .................. тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ..................... тоотоос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба тэрээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлээгүй талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 1/47 дугаар албан тоотонд тусгажээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу Г.Бт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирол төлөхтэй  холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Б хохирогч нарт хохирол төлбөрийг төлөөгүй тул түүнээс 401.480 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:

 

- Хохирогч О.Болорцэцэгт 182.500 төгрөгийг

- Хохирогч Ө.Ундармаад 218.980 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч .Г.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Бийг Дархан-Уул, Дархан, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 11 дүгээр байр, 35 тоотоос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бээс 401.480 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Болорцэцэгт 182.500 төгрөг, хохирогч Ө.Ундармаад 218.980 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДУЛАМСҮРЭН