| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00437/И |
| Дугаар | 130/ШШ2017/00514 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2017/00514
| 2017 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 130/ШШ2017/00514 | Баян-Өлгий аймаг |
Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Ботахара сарик овогт С.Н гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, СУАТ ХХК /захирал Ж.А/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2242495 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н миний бие "Суат" ХХК-нд ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан байсан. Миний бие ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 286 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан "Суат" ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн ус савлагчийн ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор "Суат" ХХК-ийн захирал 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тушаал гаргаж намайг урьд эрхэлж байсан ажилд томилсон юм. Гэвч ажил олгогч одоо болтол миний цалин хөлсийг олгохгүй байна. Тийм учраас шүүхийн журмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлмээр байна, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дугаар зүйлийн "а" дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын буюу 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сарын дундаж цалинг тооцоолоход (192000+384140+123252)/3=233131 төгрөг болж байна. Үүнийг нийт ажилгүй байсан хугацаагаар тооцоолоход 233131 х 9 сар 13 өдөр=2242495 төгрөг болж байна. Иймд Баян-Өлгий аймгийн "Суат" ХХК /захирал Ж.А/ -аас ажилгүй байсан хугацааны цалин болох 2242495 /хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Н, хариуцагч СУАТ ХХК-ийн захирал Ж.А нар харилцан тохиролцож шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 1.1 Энэхүү гэрээг нэхэмжлэгч С.Н хариуцагч байгууллага СУАТ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ажилтай Ж.А нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгөөр байгуулав.
1.2 Энэхүү гэрээ нь С.Нгийн нэхэмжлэлтэй СУАТ ХХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх харилцаанд үйлчилнэ.
Гол нөхцөл
2.1 Нэхэмжлэгч С.Нгийн нэхэмжилсэн 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 6-р сарын 14-ний хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2242495 төгрөгөөс 1568322 /нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлж авч, үлдсэн 674173 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2242495 төгрөгөөс 1568322 төгрөгийг төлж өгөхөөр талууд шүүхийн өмнө харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч СУАТ ХХК-д холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 2242495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Н, хариуцагч СУАТ ХХК-ийн захирал Ж.А нар хоорондоо харилцан тохиролцон шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч С.Н нь 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 6-р сарын 14-ний хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2242495 төгрөгөөс 1568322 /нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлж авч, үлдсэн 674173 төгрөгийг нэхэмжлэхгүй. хариуцагчтай тохиролцсон мөнгөн хэмжээнээс өөр цалин хөлс шаардах эрхгүй байх-аар болж, хариуцагч СУАТ ХХК-ийн захирал Ж.А нь Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2242495 төгрөгөөс 1568322 төгрөгийг төлж өгөх-өөр зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 20021 төгрөг, хариуцагч СУАТ ХХК-ийн санхүүгээс 20021 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н нь 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 6-р сарын 14-ний хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2242495 төгрөгөөс 1568322 /нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлж авч, үлдсэн 674173 төгрөгийг нэхэмжлэхгүй. хариуцагчтай тохиролцсон мөнгөн хэмжээнээс өөр цалин хөлс шаардах эрхгүй байх-аар болж, хариуцагч СУАТ ХХК-ийн захирал Ж.А нь Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2242495 төгрөгөөс 1568322 төгрөгийг төлж өгөх-өөр зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 20021 төгрөг, хариуцагч СУАТ ХХК-ийн санхүүгээс 20021 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК