| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.Баасанжав Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг Шүүгдэгч Д.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баянмөнхөд холбогдох 2123000420079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Балган овогт Дамдинсүрэнгийн Баянмөнх, регистрийн дугаар: ИЭ84032816.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Д.Баянмөнхийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Баянмөнх нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутаг Жалын худаг гэх газарт О.Чагдарсүрэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд “баруун дух ясны хугарал, тархины эдийн няцрал, зүүн хацарт шарх, духны зүүн дээд хэсэгт шарх, эрүүний хэсэгт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Д.Баянмөнхийн мэдүүлсэн: “...Хохирогчид сая өмгөөлөгчөөр нь дамжуулж 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Намайг манай нутгийнхан Намбар гэдэг нэрээр нь танина. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэж өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/ 2 Мөрдөн шалгах ажиллагаанд: - Хохирогч О.Чагдарсүрэнгийн мэдүүлсэн: “...2021 оны 03 сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Завхан Алдархаан сумын Аргалант багийн нутаг Жалын худаг гэх газарт Чагнаа гэх хүнтэй хамт архи ууж байгаад Чагнаа урагшаа адуундаа явахад хойноос Намбар 2 хүнтэй хамт нийт гурвуулаа ирсэн юм. Тэгээд тэр худаг дээр хамт архи ууж байгаад Намбар намайг шилтэй архиар нүүр толгой хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан. Намбар гэгч архины шилээр миний толгойны зүүн урд хэсэг рүү нэг удаа цохиход нөгөө архины шил хагарсан юм. Тэгсэн чинь шилний хагархайг авч зүүн хацрыг зүсэж гэмтээсэн. Үүнээс болж би маш их цус алдаж ухаан алдсан байхад хонь эргүүлж явсан Даваасамбуу намайг хараад сумын төв рүү түргэн дуудсан байна лээ. Тэгээд түргэний эмч ирээд миний цусыг тогтоосоны дараа би ухаан орсон. Одоо миний толгойны зүүн урд хэсэгт шарх тогтсон, дух нэлэнхийдээ овойсон, зүүн хацар зүсэгдэж 5 оёдол тавиулсан, мөн доод эрүү, хамар, нүүр хэсэгт зүсэгдсэн, шалбарсан шархтай болж эрүүл мэндээрээ хохирсон. ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Мөн эрүүл мэнддээ эмчилгээ сувилгаа хийлгэж гарсан зардал болон энэ асуудлаас үүдэн гарсан зардалаа нэхэмжилнэ. Би учирсан хохирлоо барагдуулж аваагүй надад 2.500.000 төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, - Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: “...2021 оны 03 сарын 23-ны өдөр 11 цагийн үед Алдархаан сумын Аргалант багийн нутагт байдаг Жалын худаг гэх газарт малаа услах гэж очоод байж байтал урдаас Шаагаа буюу Чагдарсүрэн хойноос Намбар ирсэн юм. Тэгээд худгийн хажууд архи уусан юм. Архи ууж байхдаа хоорондоо маргалдаад байсан. ...Намайг мал хуй нааш цааш нь болгож байгаад нэг харахад дээр доороо орчихсон Намбар дээр нь суучихсан Шаагаа доор нь орчихсон байж байсан. Тэгэхээр нь би очиж салгах гээд явж байтал Намбар газарт байсан архины шилээр Чагдарсүрэнг цохьчихсон чинь Чагдарсүрэнгийн хацар, духнаас нь маш их хэмжээтэй цус гарсан юм. Тэгэхээр нь би цусыг нь тогтоох гээд даавуугаар дараад тогтохгүй болохоор нь айл руу явж сода, хөвөн, марал 3 авч ирж боож өгөөд үхэр лүүгээ яваад буцаж ирэхэд эмч, цагдаа ирчихсэн байсан. ...Намбар 0.75 литрийн “Ерөөл” гэсэн архины шилээр Чагдарсүрэнгийн толгойных нь зүүн дух хавьд нь 1 удаа цохисон. Цохихдоо “Чи муу өөрөө эхэлсэн шүү” гэж хэлээд ямаа цохиж байгаа юм шиг далайж байгаад цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, - Гэрч М.Буянжаргалын мэдүүлсэн: “...Би тэр өдрийн өглөө аймаг явсан юм. тэгээд аймагт байхад манай нөхрийн утаснаас Даваасамбуу гэдэг залуу залгаад “танай нөхөр хүнд зодуулчихсан цус алдаад байна хурдан ир” гэж хэлэхээр нь би аймгаас шууд гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд 14 цаг 20 минут болж байсан. Манайд сумын эмч Тэрбиш ирчихсэн Чагдарсүрэнгийн цусыг тогтоох гэж байсан. Манай нөхрийн шархыг оёно гээд сум руу авч явсан юм. Тэгээд сум дээр оёж болохгүй юм байна гээд аймаг руу авч явж эмнэлэг дээр хүргэж эмчилгээ хийлгэж хоноод маргааш нь оёсон гэсэн. ...Манай нөхөр надад ярихдаа Намбар гэгч миний толгой нүүр лүү 0.75 литрийн шилтэй архиар цохисон гэж ярьсан. Түүнийг харсан хүн байгаа гэсэн. ...Тэгсэн чинь Намбар манай нөхрийг шилтэй архиар цохиод 3 цустай нь хольчихсон байсан гэж Даваасамбуу хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39- р хуудас/ - Гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн: “...2021 оны 03 сарын 23-ны өдөр мал хуйгаа тавьчхаад аймаг явсан юм. Тэгээд аймагт байж байхад Чагдарсүрэнгийн эхнэр Буянжаргал руу Даваасамбуу ярьж нөхөр чинь хүнд зодуулаад цус нь тогтохгүй байна гэж яриад сумын түргэн дуудсан гэж байсан. Тэгэхээр нь бид аймгаас гэр рүүгээ явсан юм. Биднийг ирэхэд Шаагаа буюу Чагдарсүрэн гэртээ ирчихсэн сумын эмч Тэрбиш ирчихсэн цусыг нь тогтоох гээд байж байсан. Тэгээд нүүрний шарханд оёо тавина гээд сум руу авч явсан. Суманд ирээд энд оёо тавьж болохгүй юм байна аймаг орох хэрэгтэй гээд аймаг руу авч явсан. Тэгээд аймагт эмнэлэгт үзүүлээд тэндээ хоносон. Тэгээд өглөө нь толгойны рентген зураг авхуулж оёдол тавиулсан. Зүүн талын хацар зүсэгдэж 5 оёдол тавиулсан, толгойн зүүн дээд орой дээр цоорсон. Тэгээд нүүр ам хэсэг нь жаахан жаахан шалбарсан байсан. ...Тэгээд худаг буюу Жалын худаг дээр ирсэн юм гэсэн. Тэнд нь Намбар байж таараад Чагдарсүрэнг цохисон гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, - Гэрч Ц.Батсүхийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 03 сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багаас явж Дөрвөлжин сум орчхоод буцаад Аргалант багийн нутаг Сээр гэдэг газарт байсан Булганыхаар орчхоод тэднийхээс гарч Жалын худаг гэдэг газар ирсэн юм. Тэгээд байж байтал урдаас Шаагаа мотоцикльтойгоо ганцаараа ирсэн юм. Тэр худаг дээр намайг дугуй хийлж байх хооронд Шаагаа, Намбар хоёр заамдалцаад авчихсан байсан юм. Тэгэхээр нь салгах гээд явж байтал Намбар Шаагааг газарт унагаачихсан юм. Намайг очиход Шаагаагийн хацарнаас цус гарчихсан байхаар нь би Намбарыг салгаж аваад машиндаа суулгаад Өгөөмөр баг руу авч явсан. ...Баянмөнх гэдэг манай сумынхан Намбар гэдгээр нь мэднэ. Намайг очиход Намбар Шаагааг газарт унагаачихсан дээр нь гараад суучихсан байсан. Тухайн асуудалд хөндлөнгөөс өөр хэн нэгэн оролцоогүй. Шаагаа Намбар хоёрын хооронд л болсон асуудал. Шаагаа худаг дээр ирэхдээ нүүр толгой цус болсон зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, - Гэрч Л.Тэрбишийн мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай эрүүл мэндийн төвд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутаг болох Жалын худаг гэх газарт “Хүнд зодуулсан хүн толгойноос нь цус гараад байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу очиход мотоциклынхоо хажууд нүүр, өмссөн хувцас, 2 гар хэсэг нь нэлэнхийдээ цус болоод хатчихсан 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Тухайн хүний биед үүссэн шарх нь гүн, цус алдалт ихтэй байсан. Ингээд хэсэг газрын үзлэгээр духны баруун дээд хэсэгт хурц үзүүртэй зүйлээр цохигдсон шархтай хацрын зүүн хэсэгт иртэй зүйлээр зүсэгдсэн 3-4 см орчим гүн шархтай, цэвэрлэх үед цус их хэмжээгээр гарч тогтохгүй байсан. Чагдарсүрэн бол согтуу байсан. Үзлэг хийж байх явцад хэн нэгний нэр хэлээгүй “Намайг ядуу болохоор дандаа ингэж дээрэлхдэг” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, - Гэрч Б.Даваасамбуугийн мэдүүлсэн: “...2021 оны 03 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутагт байх Жалын худаг дээр малаа услах гээд байж байтал хойноос Намбар, Улаанай, Цагаанай гурав ирсэн 4 юм. Урдаас Шаагаа буюу Чагдарсүрэн ирсэн юм. Тэгээд эдгээр хүмүүс худаг тойроод архи дарс уугаад адуу мал хараад л явж байсан юм. Би морио услачихаад эргээд хартал Шаагаа хүнд цохиулсан бололтой цус нөж болчихсон байхаар нь би очиж “хэн цохисон юм бэ наад хүн чинь үхлээ шүү дээ” гэсэн чинь хэн нэгэн нь “танай авгай эмч биз дээ дуудаач” гэхээр нь би манай авгай хүн аваад сум явчихсан сумаас түргэн дуудахаас гэхэд Намбар “Би цохичихсон юм. Түргэнээ ч дууд, цагдаагаа ч дууд” гэж хэлсэн. Тэгээд би сумын эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. Яг цохиж байхыг хараагүй. Гэхдээ тухайн асуудал болох үед байсан учраас Намбар Чагдарсүрэнг архины шилээр цохисон л гэж мэдэж байна. Учир нь Шаагаагийн толгой дээр архины шилний хагархай байсан. Анх худаг дээр ирэхдээ зүгээр байсан. Намбарт цохиулсны дараа толгой нүүрнээс нь цус гоожоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, - Д.Баянмөнхийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Батсүх бид хоёр хөдөө байдаг гэрээсээ гараад Алдархаан сумын төв дээр ирсэн. Тэгээд сумын төв дээр байсан машин дотроосоо 3 шил архи аваад Батсайхан гэх залуутай хамт адуу мал харах ажилтай явсан. Сээрийн өндөр гэх газарт Булган гэх айлд очоод тэр айлд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд Жалын худаг гэх газарт очсон. Тэр үед Шаагаа мотоциклтой жаахан архи уучихсан бололтой ирсэн. Надаа архи байна уу гэхээр нь өвөрт байсан тал шилтэй архи гаргаж ирээд уусан. Тэр архийг уугаад дуусах гэж байхад Шаагаа намайг барьж аваад хамар хэсэг рүү мөргөсөн. Тэгээд бид хоёр эвлэрээд машин дотроос 1 шил архи гаргаж ирээд нөгөө архийг хувааж ууж байгаад дахин маргалдаж зодолдсон. Би тал шил архиа аваад гэртээ харьсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/, - Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 000000123 дугаартай “...Иргэн О.Чагдарсүрэнгийн биед баруун дух ясны хугарал, тархины эдийн няцрал, зүүн хацарт шарх, духны зүүн дээд хэсэгт шарх, эрүүний хэсэгт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун дух ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн, бусад гэмтлүүд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь архины шилээр цохих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. 5 Шүүгдэгч Д.Баянмөнхийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Д.Баянмөнх нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг зориуд учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Д.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч О.Чагдарсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Д.Баянмөнхөөс нэхэмжлэх эрхтэй. Хохирогч О.Чагдарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Баянмөнхөөс 2,500,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Д.Баянмөнх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хохирогчид сая өмгөөлөгчөөр нь дамжуулж 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн” гэх бөгөөд энэ нь хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, мөнгө хүлээн авсан баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нь шүүх хуралдаанд “хохирогч О.Чагдарсүрэн шүүгдэгч Д.Баянмөнхөөс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 2,500,000 төгрөг нэхэмжилснээс 500,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж 2,000,000 төгрөгийг өмгөөлөгч надаар дамжуулан авсан. Одоо Д.Баянмөнхөөс нэхэмжлэх зүйлгүй гэдгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилсныг шүүх хуралдаанд мэдүүлж байна” гэв. 6 Иймд шүүхээс шүүгдэгч Д.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Баянмөнхийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Д.Баянмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Д.Баянмөнх нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх бөгөөд /хх-ийн 89-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Баянмөнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 100-101-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Н.Баасанжав “шүүгдэгч Д.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг “шүүгдэгч Д.Баянмөнх нь гэм буруугийн талаар маргаагүй өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргав. Мөн шүүгдэгч Д.Баянмөнх нь “хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэж өгнө үү” гэв. 7 Шүүхээс шүүгдэгч Д.Баянмөнхийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянмөнхөд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Д.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 3- ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, шүүгдэгч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж байх тул уг хуульд хамруулах боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж зааснаар шүүгдэгч Д.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биеэр эдлэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Баянмөнхөд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан хүрэн өнгөтэй дээл 1 ширхэг, зүүн энгэрт REACH гэсэн бичигтэй, урд энгэр хэсэгт нь цахилгаантай, хөх, цагаан, саарал өнгө хосолсон хөндлөн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн хээ бүхий судалтай , хөх саарал өнгөтэй, урд хэсэг нь нэлэнхийдээ халаастай ноосон цамц 1 ширхэг, хөх өнгөтэй ханцуйгүй цээживч 1 ширхэг, хоёр талын үзүүр хэсэгт цацагтай шар өнгийн даавуун бүс 1 ширхэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгөтэй ноосон малгай 1 ширхэг, түлхүүрийн оосор 1 ширхэг зэргийг хохирогч О.Чагдарсүрэнд буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар 8 зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балган овогт Дамдинсүрэнгийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянмөнхөд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж биеэр эдлэх ялыг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Баянмөнх нь хохирогч О.Чагдарсүрэнд 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч О.Чагдарсүрэн нь 500,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан хүрэн өнгөтэй дээл 1 ширхэг, зүүн энгэрт REACH гэсэн бичигтэй, урд энгэр хэсэгт нь цахилгаантай, хөх, цагаан, саарал өнгө хосолсон хөндлөн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн хээ бүхий судалтай , хөх саарал өнгөтэй, урд хэсэг нь нэлэнхийдээ халаастай ноосон цамц 1 ширхэг, хөх өнгөтэй ханцуйгүй цээживч 1 ширхэг, хоёр талын үзүүр хэсэгт цацагтай шар өнгийн даавуун бүс 1 ширхэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгөтэй ноосон малгай 1 ширхэг, түлхүүрийн оосор 1 ширхэг зэргийг хохирогч О.Чагдарсүрэнд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд 9 зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Баянмөнхөд энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ