| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00371/И |
| Дугаар | 130/ШШ2017/00515 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00515
| 2017 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 130/ШШ2017/00515 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК /захирал Ж.А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг /дарга Т.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийн үлдэгдэл 28043700 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн захирал Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хот суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлдэг СУАТ ХХК нь 2014 оны 01-р сарын 01-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хэрэглэсэн цэвэр ус бохир усны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээсэн. Улмаар 2015 оны 01-р сарын 01-ний өдөр гэрээний хугацааг дахин сунгаж хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрт аймгийн Нэгдсэн эмнэлэг сар бур тогтмол 21524781 төгрөг төлөхөөр тохирч хэрэглэгч байгууллагыг төлөөлөн байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Азинегүл гарын үсэг зурсан. 2015 оны 01-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэл хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр ус татан зайлуулсан бохир усны төлбөрт 258297693 төгрөг гарснаас Нэгдсэн эмнэлэг 230339700 төгрөгийг төлж үлдэгдэл 28043700 төгрөгийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч одоо болтол төлж барагдуулаагүй байна. Хэрэглэгч, ханган нийлүүлэгч байгууллагын хоорондын тооцоо нийлсэн талаарх тооцооны үлдэгдлийн баталгаагаар хэрэглэгч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2015 оны төлбөрөөс 28043700 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон. Иймд хэрэглэгч аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2015 оны хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийн үлдэгдэл 28043700 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Иманжүсип шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлэг 2015 онд "СУАТ" ХХК-наас гэрээний дагуу авч хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрт 27,956,972 /хорин долоон сая есөн зуун тавин зургаан мянган есөн зуун далан хоёр/ төгрөгийн өртэй гарсан байна. "СУАТ" ХХК-ны шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд шүүхээс хүсэх нь:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийн үлдэгдэл 28043700 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2015 онд СУАТ ХХК-иас гэрээний дагуу авч хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрт 27956972 төгрөгийн өртэй гарсан ба дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 28043700 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж өгөхийг хүссэн боловч 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа ...2015 оны 12 дугаар сарын 25-ны үлдэгдэл 31956972 төгрөгөөс 4.0 сая төгрөгийг төлж 2015 оноос 27956972 төгрөгийн авлага үүссэн болно гэж дурдсан ба хариуцагчаас уг тайлбарт дурдсан 27956972 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 27956972 төгрөгийг гаргуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 86728 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч нарт шүүх хуралдааны товыг /Баримт №9/ мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг үндэслэн хэргийг цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч шүүх хуралдаан ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх нотлох баримтгүй байхгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн болно.
Иймд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 27956972 төгрөгийг гаргуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 86728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 297735 төгрөгийг гаргуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс 27956972 төгрөгийг гаргуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 86728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 297735 төгрөгийг гаргуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК