| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал Улсын яллагч Б.Сансарбаяр Шүүгдэгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мөнхбатад холбогдох 2123000000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1977 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо 1-42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зээрд адуу овгийн Бат-Юнрэнгийн Мөнхбат, регистрийн дугаар ИЙ77120815.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мөнхбатыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Улаан толгой гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Батсүрэнтэй маргалдаж, улмаар түүний зүүн мөр бугалга руу хутгалж, зүүн бугалганы гадна дээд хэсэгт шарх, зүүн бугалганы гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хохирогч С.Батсүрэнгийн: ”...Манай найз Мөнхөө шүдлэн үхрийн мөнгө тараагаадах гээд надад өвөл нэг сараас хойш мөнгө өгсөн юм. Тэгээд би тухайн үед нь үхрийн мөнгийг нь хүмүүст тараасан юм. Тэгээд бид хоёр тухайн өдөр үхрээ Халтарын аманд цуглуулчхаад хоорондоо мөнгөний тооцоогоо хийсэн чинь бид хоёр тооцоо тохироогүй учраас хоорондоо маргалдсан чинь Мөнхөө би чамайг ална гээд хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би хойшоо болсон чинь машинд тулсан чинь миний мөр рүү хутгалчихсан. Тэгээд бид хоёр сумын төв рүү орж ирээд малын чулуун хашаан дээр очоод “Мөнхөө чи намайг хутгалчихсан ш дээ би цус алдаад толгой эргээд байна, хоёулаа цагдаа гээд яах вэ, эмнэлэг дээр очоод шархаа цэвэрлүүлье” гэсэн чинь монголын цагдаа надад үйлчлэхгүй гэж хэлээд өөрөө цагдаагийн кобон дээр явж очоод, бид хэд цагдаагийн машинд суугаад эмнэлэг дээр ирж шархаа боолгоод толгой эргээд байсан болохоор эмнэлэг дээр хоносон. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд болсон. Уртаараа 20 орчим см урттай бор иштэй хутгаар миний зүүн мөр рүү нэг удаа хутгалсан. Надад уг асуудалтай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн, замын зардал, хоол унд гээд гурван сая орчим төгрөгний зардал гарсан. Мөнхөө миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, - Гэрч Б.Даваасүрэнгийн: “...Тухайн өдөр хөдөө гэрээсээ сум руу явж байгаад Халтарын аманд ээж, дүү хоёртой таарсан чинь “аав чинь Мөнхөөтэй яваад одоо хүртэл алга байна. Мөнхөөгийн утас руу залгасан чинь энэ пиздаг чинь алчихлаа шүү гээд утсаа салгачихлаа. Тэгээд санаа зовоод хайгаад явж байна” гэхээр нь би тэд нараас түрүүлээд сумын төв орж ирээд аавыг хүнд хутгалуулсан байна гэж сонсоод цагдаагийн кобон дээр яваад очсон чинь аавыг цагдаагийн машин суулгаад эмнэлэг рүү явж байхаар нь араас нь дагаад очсон. Тэгээд бид хэд эмнэлэг рүү оруулсан чинь аавын өмсөж явсан дээл нь цус болчихсон, хоёр талын гар нь тэр чигтээ цус болчихсон байсан. Сүүлд нь ааваас яасан юм бэ гэж асуусан чинь Мөнхөө ахтай чинь жаахан маргалдсан чинь миний мөр рүү хутгалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, - Гэрч Б.Рэнцэнбадмаагийн: “...Тухайн өдөр манай аав хөдөө явсан байсан болохоор ирэх болж байгаа юм болов уу гэж бодоод утас руу нь залгасан чинь аавын утас унтарчихсан холбогдохгүй байхаар нь цуг явсан Мөнхөө ахын дугаар руу залгасан. Та хоёр хаана явна ирэх болж байгаа юм уу гэж асуусан чинь Мөнхөө ах тэр чинь байхгүй ш дээ үхчихсэн ш дээ алаад хаячихсан ш дээ гэж хэлээд утас нь тасарчихаар нь ахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор нь бид нарын санаа зовоод урдаас нь явсан боловч олоогүй хүрээд ирсэн. Тэгээд буцаж ирсэн чинь аав хүнд хутгалуулчихсан эмнэлэг дээр байж байсан. Зүүн гар талын мөр хэсэгтээ хутгалуулсан сорвитой байсан. Мөнхөөтэй тооцооноосоо болж маргалдсан чинь чамайг ална гэж дайраад мөр рүү хутгалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, - Гэрч М.Вагмэджунайгийн: “...Ажил дээрээ байж байсан чинь манай сувилагч хүлээн авах дээр хутгалуулсан хүн ирлээ, та ороод ирээч гэхээр нь би хүлээн авах руу ороод нэг эрэгтэй хүн байхаар нь цээжин хэсгийн хувцасыг нь тайлсан чинь зүүн мөрөндөө хутгалуулсан шархтай, их хэмжээний цус алдсан хүн байхаар нь шархыг нь цэвэрлээд оёдол тавих боломжгүй учраас даралтад боолт хийж шингэн хийж эмчилгээ хийсэн. Тухайн хүнийг С.Батсүрэн гэж байсан. Хөдөө хүнтэй явж байгаад хутгалуулчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, - Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 298 дугаартай: “...Иргэн С.Батсүрэнгийн биед гэмтэл учирсан байна. Иргэн С.Батсүрэнгийн зүүн бугалганы гадна дээд хэсэгт шарх, зүүн бугалганы гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/, - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Мөнхбатын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнхбатын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Мөнхбат нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхбат нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч С.Батсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар “Надад уг асуудалтай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн, замын зардал, хоол унд гээд гурван сая орчим төгрөгний зардал гарсан. Мөнхөө миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн байх тул Б.Мөнхбатыг гэмт улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэсэн. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхбатыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Мөнхбат урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 46-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Б.Мөнхбатад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч Б.Мөнхбатад улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн иштэй хутгыг устгахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрд адуу овогт Бат-Юнрэнгийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Мөнхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн иштэй хутгыг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ