| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00351/И |
| Дугаар | 130/ШШ2017/00516 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00516
| 2017 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 130/ШШ2017/00516 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Уах овогт К.Тийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Жантекей овогт Х.М ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч Х.М, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Мын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Еын эцэг байх эрхийг хасаж өгөх тухай.
Нэхэмжлэгч К.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Т миний бие 2010 оны 8-р сарын 12-ны өдөр Х.Мтай гэр бүл болж, гэрлэлтийг хууль ёсоор бүртгүүлж 2010 оны 9-р сарын 16-ны өдрийн 46 тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан юм. Х.М бид хоёр хамтран амьдарч байсан хугацаанд буюу 2011 оны 07-р сарын 04-ний өдөр бид хоёрын дундаас М.Е төрсөн. Одоо төрүүлсэн эх К.Т миний асрамжид эрүүл энх өсөн торниж байна. Нөхөр Х.М бид хоёр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08-р сарын 14-ний өдрийн 454 тоот шийдвэрээр гэрлэлтийг хууль ёсоор цуцлуулсан ба, Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 07-р сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Еыг төрүүлсэн эх К.Т миний асрамжид үлдээж, мөн хуулийн 40-р зүйлийн 40.1.1; 40.1.2-д заасны дагуу эцэг Х.Маар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Гэтэл М.Еын төрсөн эцэг Х.М Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08-р сарын 14-ний өдрийн 454 тоот шийдвэрээр тогтоосон хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийж, 2014 оноос эхэлж одоо хүртэл тэтгэмжийг төлөөгүй. Хүү М.Е нь бие султай учир байнгын эмчилгээ, сувилгаанд ордог. Тийм цаг үеүдэд эцгийн үүргийг эс биелүүлж, харгалзан дэмжээгүй, асран халамжлаагүй юм. Эдгээр нь Гэр бүлийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.1-д зааснаар бага насны хүү М.Еын төрсөн эцэг Х.Мын "эцэг байх эрхийг хасах" үндэслэл болж байгаа тул шүүхэд энэхүү хүсэлтийг гаргаж байна. Нэгэнт хүү М.Еын эцэг Х.М нь хүү Ерназарыг төрүүлсэн эхийн хамт хаяж явсан, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүргээс "санаатай зайлсхийсэн" нь Гэр бүлийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.1-д заасан "эцэг байх эрхийг хасах" тухай заалтад бүрэн нийцэж байгаа тул шүүхээс хүсэх нь;
1. Монгол Улсын ИХШХШ-х тухай хуулийн 135-рзүйлийн 135.2.12-д заасныг үндэслэж 2011.07.04-нд төрсөн хүү М.Еын төрсөн эцэг Х.Мын эцэг байх эрхийг хасах тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч К.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний хүү М.Е одоо 6 настай, энэ жил сургуульд суралцах гэж байна. Анх нэг нас, нэг сартай байхад нь бид нар гэрлэлт цуцалж байсан юм. Тэрнээс хойш Х.Мыг огт хараагүй, одоо танихгүй, гэхдээ Х.Маар овоглодог. Бид хоёр тэтгэмж авдаг байсан ба сүүлд өгөхөө больж байнга харна гэсэн санал тавьсан боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч удаа ирж байгаагүй болно. Одоо хүүгээ өөрийнхөө нэр дээр овогломоор байна. Яагаад гэвэл энэ хүнийг огт таньж мэдэхгүй, сургуульд орох насанд хүрсэн, хүн амьтны доод болох бий гэхээс үнэхээр их айж байна. Үнэндээ Х.Мад захиргааны журмаар овгоо шилжүүлэн өгөөч ээ гэж зөндөө хүсэлт тавьж байсан боловч нэг ч удаа хүлээн зөвшөөрч байгаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Эцэг байх эрхийг хасаж өгнө үү гэв.
Хариуцагч Х.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч К.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Эхнэр Х.Тлеуберд бид хоёрын гэрлэлтийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08-р сарын 14-ний өдрийн 454 дугаар бүхий шийдвэрээр цуцалж хүү Ерназарыг эхнэр Тлеубердийн асрамжид үлдээж надаар тэжээн тэтгүүлэхээр тэтгэмж тогтоон өгсөн билээ. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэмжийг сар бүр төлж ирсэн бөгөөд хүүхдэдээ байнга анхаарал тавьж ганц нэг удаа уулзаж байсан. Хүү Ерназарыг эхнэр Тлеуберд өөрөө өсгөн хүмүүжүүлдэггүй харин түүний эцэг эх өсгөн хүмүүжүүлж байгаа ба миний бие хүүхэдтэйгээ байнга уулзахыг хүсдэг боловч эхнэр Тлеуберд болон түүний эцэг эх уулзуулахаас татгалзаж бидний хооронд маргаан гарч байсан удаатай юм. Миний бие хүүхдээ бодон тэтгэмжээ тогтмол төлсөөр ирсэн боловч эхнэр Тлеуберд сүүлд надаас тэтгэлэг авахаас татгалзаж шүүхийн шийдвэр гүйцэтгэл албанд хүсэлт гаргаснаар шийдээр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолтоор нотлогдож байгаа болно. Тэрнээс миний бие хүүхдээ өсгөн хүмүүжүүлж эцгийн үүргээ биелүүлэхээс татгалзах, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн асуудал байхгүй бөгөөд харин эхнэр Тлеуберд өөрөө цаашид тэтгэлэг төлөөлүүлэхээс татгалзсанаар тэтгэлэг төлөхөө зогсоосон болно. Иймд Тлеубердийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбарлахдаа: Миний бие хүү болох М.Ет тэтгэлгийг цаг хугацаанд нь өгч байсан ба энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт байгаа байх. Дараа нь тэд нар өөрсдөө тэтгэмжийн мөнгийг авахгүй гэж татгалзсан байгаа. Би хүүтэй байнга уулзахыг хүсдэг байсан, нэг өдөр хүүгээ үзэхээр очиход К.Ти хотод байсан ба тэдний гэрт байсан Казахстан улсаас ирсэн хамаатнууд нь намайг айлган сүрдүүлж, дахиж ирвэл чамайг цааш нь харуулна гэх зэргээр заналхийлсэн юм. Тийм учраас би зугтаж явсан ба тухайн өдөр юм аваад надад дайрсан болохоор тэдний гэрт очиж чадахааргүй, зүрхлэхээргүй болсон байгаа. Харин нэхэмжлэгчийн гол зорилго нь хүүхдийн эрх, ашгийн төлөө бус, хүүхдийг эцэг, эхэд нь үрчлүүлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл миний эцэг байх эрхийг хасуулж миний хүүхдийг өөр хүнд үрчлүүлэх гээд байна. К.Тийн гаргасан хүсэлт нь надад байж байгаа. Би хүүгээ алдмааргүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.Т нь Х.Мын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Еын эцэг байх эрхийг хасаж өгөхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Х.М нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн учир түүний хүү М.Еын эцэг байх эрхийг хасаж өгөхийг шаардаж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч Х.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болохоор заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс ...Х.М нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, хүүхдийн тэтгэлгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан боловч Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/820 дугаартай албан бичгээс үзэхэд эцэг Х.Маар хүү М.Еыг тэжээн тэтгүүлэхээр тогтоосон шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэн ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба 25 сарын тэтгэлгийн мөнгө 1625000 төгрөг олгогдож улмаар тэтгэлэг авагчийн хүсэлтээр гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгон хаасан байх тул Х.М нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь ...миний зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул тухайн асуудлын талаар гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд ...хүүхдийн тэтгэлгийг төлөхөөс татгалзахгүй, төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлөхийг ч зөвшөөрөх болно гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Мын эцэг байх эрхийг хасах хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч К.Тийн хариуцагч Х.Мын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Еын эцэг байх эрхийг хасаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Тийн хариуцагч Х.Мын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Еын эцэг байх эрхийг хасаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК