| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0137/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/154 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/154
2022 02 16 2022/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүгдэгч: Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч: Н.Булганчимэг нар оролцсон эрүүгийн ............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1961 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. тоотод оршин суух, тэтгэвэрт, дээд боловсролтой, цэргийн улс төрийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайван найрамдлын ордны урд талын автобусны буудалд хохирогч Б.Мөнхбаатартай “дампуурсан автобусны үнэмлэх үзүүлсэн” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас хохирогч Б.Мөнхбаатарыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Тэр өдөр би автобусанд суугаад хохирогч Б.Мөнхбаатарт үнэмлэхээ үзүүлсэн. Надад автобусанд үнэгүй явдаг билет байдаг ч гэртээ орхисон байсан. Намайг ахмад настны үнэмлэхээ үзүүлээд явахаар та яагаад ийм үнэмлэхтэй явдаг юм гээд маргалдах үе байдаг учраас би тэр үнэмлэхийг үзүүлээд явчихдаг. Тэр өдөр хохирогч Б.Мөнхбаатар намайг “үнэмлэхээ дахиад харуул” гэхээр нь дахиад харуулсан. Би хохирогчоос болсон явдлыг үнэн зөв яриарай л гэж хүссэн. Гарч ирээд намайг “буу” гэсэн, намайг буух гэтэл мөрөн дээрээс бариад хүчтэй түлхэхээр нь “чи тавь л даа” гээд би тохойгоороо ёворчихсон. Намайг шатны уруу яг буух гэж байтал Б.Мөнхбаатар араас өшиглөсөн. Тэгээд би дөрвөн хөллөөд газар унасан. Тэгэхээр нь би буцаж ороод хохирогчийн нүүр рүү нэг цохиод зугтаасан. Тэгтэл миний араас ирээд намайг татаад автобусанд оруулсан. Намайг тавихгүй байхаар нь хурууг нь хөшөөд тавиулсан...Хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэв.
Хохирогч Б.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн компанид би 2006 оноос хойш ажиллаж байгаа. 2009 оноос хойш хэсгийн дарга, бригадын даргаар ажилласан. “Тэнүүн дэлгэр”, “Тэнүүн огоо” компани нь нэгдмэл компани байсан. Шүүгдэгчийн үзүүлсэн ажлын үнэмлэхний автобус компани нь дампуурсан гэдгийг би маш сайн мэднэ. Би Л.Бөд “дампуурсан компанийн үнэмлэх үзүүллээ, та мөнгө өө төлөөд яв” гэснээс болж энэхүү маргаан үүссэн...” гэв.
Эрүүгийн ................. дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг орчим 4 дүгээр хорооллоос Улаан хуаран чиглэлд явж байсан. Тэгээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын төв замын урд талын автобусны буудал дээр зогсож байхад үл таних хүн хуурамч бичиг баримт үзүүлсэн. Тэгэхээр нь би “юу үзүүлээд байгаа юм бэ” гэсэн чинь “чи надаас мөнгө нэхээд байгаа юм уу” гэсэн тэгэхээр нь би “2015 онд дампуурсан компанийн үнэмлэх үзүүллээ” гээд хурааж авах гэсэн тэгэхэд нөгөө хүн “хураалгахгүй” гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би буу гээд татаад буулгах гэсэн чинь тэр хүн шууд тохой хэсгээрээ намайг элэгдсэн. Тэгэхээр нь би хойноос нь зүүн хөлөөрөө өшиглөсөн болоод кабиндаа суух гэтэл автобуснаас буучихаад эргэж орж ирээд яг нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод зугтсан. Тэгэхээр нь би хойноос нь хөөгөөд барьж аваад хувцаснаас нь зуураад авсан чинь миний гарыг тавиулах гээд миний гарын эрхий хуруунаас хөшиж гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Намайг элэгдсэн учраас би өшиглөсөн, гэхдээ би хүчтэй өшиглөсөн юм байхгүй, яагаад гэвэл миний баруун хөл төмөртэй учраас тэгж хүчтэй өшиглөх боломж байхгүй..Үүд нь дээд шүд хөдөлсөн сул, ямар нэгэн мэдрэхгүй байгаа доод уруул дээр 3-н оёдол тавиулсан баруун гарын эрхий хурууг 20 гаран хоног гиппистай байлгасан.. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11992 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Л.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, дипломын хуулбар /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайван найрамдлын ордны урд талын автобусны буудалд хохирогч Б.Мөнхбаатараас “дампуурсан автобусны үнэмлэх үзүүллээ, автобуснаас буугаарай” гэсэн шаардлагыг тавихад уурлан маргалдсаны улмаас хохирогч Б.Мөнхбаатарыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Б.М “...Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын төв замын урд талын автобусны буудал дээр зогсож байхад үл таних хүн хуурамч бичиг баримт үзүүлсэн...би “2015 онд дампуурсан компанийн үнэмлэх үзүүллээ” гээд хурааж авах гэсэн тэгэхэд нөгөө хүн хураалгахгүй гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би буу гээд татаад буулгах гэсэн чинь тэр хүн шууд тохой хэсгээрээ намайг элэгдсэн. Тэгэхээр нь би хойноос нь зүүн хөлөөрөө өшиглөсөн болоод кабиндаа суух гэтэл автобуснаас буучихаад эргэж орж ирээд яг нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод зугтсан. Тэгэхээр нь би хойноос нь хөөгөөд барьж аваад хувцаснаас нь зуураад авсан чинь миний гарыг тавиулах гээд миний гарын эрхий хуруунаас хөшиж гэмтэл учруулсан... “ гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Бийн “...тэр хүнийг нэг удаа цохисон, тэгээд зугтаасан...тэгсэн чинь араас гүйж ирээд намайг чирээд автобусан дотор оруулсан. Тэгээд автобусны буудал дээр суулгачихаад заамдаад тавихгүй байсан....тэгэхээр нь би гарын эрхий хурууг нь хөшөөд болиулсан чинь дахиад нөгөө гараараа заамдахаар нь би дахиад эрхий хурууг нь хөшөөд болиулсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11992 дугаартай дүгнэлт “..1. Б.М биед доод уруулд шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, баруун сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар Б.Мөнхбаатараас “дампуурсан автобусны үнэмлэх үзүүлсэн тул автобуснаас буугаарай” гэж Л.Бөд зүй ёсны шаардлага тавихад, түүнээс шаардлагыг зүй бус харьцаагаар хүлээн авч хохирогчийн нүүр рүү нь нэг удаа цохиж, эрхийг хурууг нь хөших зэргээр хүч хэрэглэсэн болохыг хохирогч Б.М мэдүүлэг, шүүгдэгч Л.Бийн мэдүүлгээр тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Л.Б нь хохирогчийн нүүр рүү цохих, эрхий хурууг нь хөшиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.М биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Иймд шүүх шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь ............ тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ............. тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Мөнхбаатар нь “...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэсэн хэдий ч шүүхэд ямар нэгэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг .......... тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Мөнхбаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН