Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1118

 

 

 

 

 

 

 

-

 

 А.А

(П-ийн А-д)

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Мөнхцэцэг,

гэрч А.А,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч В.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаар таслан шийдвэрлэх тогтоолыг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг үндэслэн А.А(П-ийн А-д) холбогдох эрүүгийн 926628 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-ийн А,

 

А.А нь 1999 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн “Нарлаг” цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэслэгч Батболдыг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад нь “утсаар ярья” гэж худлаа хэлээд станцын грантур 1 ширхэгийг хулгайлж хохирол учруулсан,

 

1999 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 4 дүгээр хороолол дахь Нарлагийн доор байрлах дэлгүүрт зурагчин Оюунчимэгийн савхин хүрмийг хулгайлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн шүүх: “А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар бусдын эд зүйлсийг бага хэмжээтэй давтан хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Аийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар А.А оногдуулсан нэг жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол болон А.Аийн “би 2011 онд визэнд орох гээд материалаа бүрдүүлээд явж байтал ял шалгадаг газрын бүртгэлд намайг ял шийтгэл эдэлж байсан гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. ...Бумнанжид хурандаа тэр үед “чиний юм залруулагдлаа” гээд надад ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Ял шалгуулах лавлагаа ерөөсөө шаардагдаагүй. ...би нэг ажилд орох гээд ял шийтгэлийн лавлагаа автал өмнөх ял шийтгүүлсэн гэх лавлагаа арилаагүй гараад ирсэн. Мэдээллийн сангаас миний нэрээр ял шийтгүүлсэн талаарх мэдээллийг хасаж өгнө үү” гэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын “мэдээллийн санд буруу шивэгдсэн мэдээллийг залруулах” тухай 21701015 дугаартай албаны шалгалтын материал, А.А, П.А нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн харьцуулсан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Арслан овогтой Алтанцэцэг нь эрүүгийн 926628 дугаартай “1999 онд бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр, давтан үйлдлээр хулгайлсан” гэх хэрэгт шалгагдаагүй, ял шийтгүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд П.А гэгч нь түүний нэрээр уг хэрэгт ял шийтгэгдсэн болох нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар нотлогдож байна. Тухайн үед хэргийг шалгасан хүүхдийн байцаагч С.Энхтуяа нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл тогтоогдож байгаа боловч сахилгын хариуцлага хүлээлгэх болон эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, уг тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан, улмаар ялтай байдал арилсан зэргээр тухайн хэрэгт холбогдуулан цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гэрч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 онд Шингений улс руу явах гээд ял шалгах хуудас авах гэтэл миний нэрээр ял шийтгэлтэй гэсэн лавлагаа гарч ирсэн. Тухайн үед цагдаагийн хурандаа Буманнамжидтай уулзсан бөгөөд энэ талаарх материалыг шүүж үзээд “П.А гэдэг хүн таны нэрээр ял шийтгүүлсэн байна” гээд “асуудлыг шийдсэн” гэж хэлсэн. Одоогоос 2 жилийн өмнө ажилд орох гээд ял шалгах хуудас дахин авахад мөн л ялтай гарч ирсэн учраас прокурорт гомдол гаргасан. Би гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Би П.А гэдэг хүнийг танихгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

                                            

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар   “ давж заалдах шатны шүүхэд” гаргах бөгөөд  Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 сарын 1-ны 855 дугаар таслан шийдвэрлэх тогтоолтой А.Ахолбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Баянгол дүүргийн прокурорын газар  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 855 дугаартай шийтгэх тогтоолоор А.Аийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзжээ.

 

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг А-ийн А үйлдээгүй, харин түүний нэр, регистрийн дугаарыг ашиглан хэн нэг этгээд ял шийтгүүлсэн  болох нь:

гэрч А.А: “...Би 1997 онд осолд ороод удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж, аажим аажимаар эдгэж суга таягтай, дараа нь зүгээр таягтай явж байгаад эдгэрсэн.  Жирэмсэн байхдаа осолд орсон. Энэ үед манай ар гэрийнхэн миний бичиг баримтыг хаясан бололтой.  Уг баримтыг ашиглаж А-гэгч хүн миний нэрээр ял шийтгүүлсэн байна. Намайг 1999 онд эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ байсныг хүүхдүүд болон эмч нар мэднэ. Ял шийтгэлтэй гэсэн бүртгэлээс нэрээ хасуулж, нэр төрөө цэвэрлэмээр байна” /1хх-142-143, 2хх-5/,

 

гэрч Б.Х-ны: “...1999 онд би 11 настай байсан. 1998 онд байх ээж автын осолд ороод нуруу нь хугараад, 2000 онд хүртэл хэвтрийн дэглэмтэй байсан” /1хх-144/,

 

гэрч С.Б-ын: “...1997 оны 12 дугаар сард Гэмтлийн эмнэлэгт ажиллаж байхад А.А гэх хүн нуруу нугас, ахар сүүл, хөлний гэмтэл авсан гээд эмчлүүлж байсан. 36 дугаар сургуульд би А-ийн доод ангид сурч байсан” /1хх-147/,

 

гэрч А.Б-йн: “...манай дүү А.А ... 1997 онд аваарт ороод гэртээ байдаг байсан” /1хх-149/,

 

гэрч тухайн үед уг хэргийн мөрдөн байцаагч байсан С.Э-ийн: “...тухайн үед хүүхдийн байцаагчаар ажиллаж байсан. П-йн А-гэдэг хүнийг сэжигтнээр тооцож байцаасан бөгөөд уг эмэгтэй дараа нь нэрээ А.Аг гэдэг. Нэр хүндээ бодоод нэрээ П.А гэж худлаа хэлсэн юм гэж хэлээд нэрээ өөрчлөн анхны мэдүүлэг өгсөн. П.А гэдэг нэрээр лавлагаа авахад бүртгэлгүй байсан бөгөөд харин А.А 1964 оны 4 дүгээр сарын 3-нд төрсөн /регистрийн дугаар ........./ гэсэн бүртгэл гарсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад гэрч, сэжигтнүүд овог нэр, төрсөн он, сар, өдрөө үнэн зөв хэлсэн эсэхийг шалгах боломж байгаагүй. Уг эмэгтэйг саатуулсан 3 хоногт нь хэргийг шалгаж 2 дахь байцаалтаа аваад, хэргээ боож прокурорт шилжүүлсэн. Одоо харвал танихгүй” /1хх-153-155/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5619 дугаартай: “А.Аийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд тохирохгүй” /1хх-170/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 5942 дугаартай: “Харьцуулах шинжилгээнд хүргүүлж байгаа мөрдөн байцаагчийн үйлдсэн ял шийтгэлийн тэмдэглэлд хавсаргагдсан иргэн А.Аийн гэх гэрэл зураг, харьцуулах загвар №1” гэж бичсэн 34х28мм хэмжээтэй гэрэл зурагт дүрслэгдсэн эмэгтэй хүний дүр төрх нь нүүрний хэлбэр, нүдний хэмжээ, байрлал, эрүүний өндөр, нүүрний элементүүдийн харилцан байрлал, хоорондын хэмжээ болон хувийн онцлог содон шинж тэмдгээр тохирохгүй байна” /2хх-22-25/ гэсэн дүгнэлт, харьцуулсан гэрэл зургууд, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-32-35/, 2хх-8/ зэрэг  хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэх А-ийн А-ийг П-жийн А-мөн эсэх нь тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй, тухайн үед А.А холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар байцаасан мөрдөн байцаагч С.Энхтуяагийн хариуцлагагүй, ажилдаа хайнга хандсан байдал нөлөөлж А-гийн Аг гэх нэрээр П-жийн А-буюу хэн нэг этгээд  ял шийтгүүлсэн байх нөхцөл байдал харагдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ...” гэсний дагуу А.Аийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл бий болжээ.

 

Иймд А.ийн А-ийн /регистрийн дугаар: ......../  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Мөнхцэцэгийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч А.А холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 855 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, А.А(П-жийн А-д) холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

         ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ