Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0286/З |
Дугаар | 221/МА2015/0025 |
Огноо | 2015-01-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2015/0025
2015 оны 1 сарын 08 өдөр Дугаар ДЗШ/МА2015/0025
Х.Болдмандал, Х.Батжаргал, Ө.Сумъяабаатар
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Х.Б, Х.Б, Ө.С нарын нэхэмжлэлтэй НИТХ-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Хан-Уул дүүргийн Татварын албанд өөрийн эзэмшлийн Ford Expedition маркийн автомашины 2014 оны албан татварыг төлөхөөр очиход зам ашигласны төлбөр гэж 40.0 мянган төгрөгийг нэмж бичсэн. НИТХ-ын тогтоолоор баталсан журмын дагуу уг татварыг авч байгаа болох нь илэрсэн. Би Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар замын санд зохих татвараа төлж байгаа. Гэтэл дээрх тогтоолоор төлбөр хэлбэрээр иргэдээс дахин мөнгө хураана гэдэг нь хууль, журам хоёроор татвар, төлбөр гэж хоёр дахин мөнгө авч байгаа хэрэг гэж үзэж, энэхүү журмыг эсэргүүцэж байна. Миний адил төлбөр төлсөн Х.Б, Ө.С нар ч мөн адил ингэж үзэж байгаа. НИТХ-ын тогтоол илт хууль бус, үндэслэл нь алдаатай байна... Уг тогтоолоор баталсан журам нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар замын санд үлдэж байгаа мөнгөн эх үүсвэртэй давхцаж байгааг бас анхаарах хэрэгтэй... Улаанбаатар хот 340.0 орчим мянган тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тэдгээрээс энэхүү хууль зөрчсөн төлбөрийг бүрэн авна гэж үзвэл дунджаар 9-11 тэрбум төгрөгийг хууль бусаар хураах болох тул уг асуудлыг яаралтай хянан шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч НИТХ шүүхэд гаргасан тайлбартаа: НИТХ 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Нийслэлийн Засаг даргаас боловсруулан, өргөн барьсан Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам-ыг хэлэлцэн баталсан. Тухайн харилцааг зохицуулах хууль эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Авто замын тухай хуульд заасан эрх, үүргийн асуудал мөн. НИТХ-ын 2013 оны 13/** дугаар тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж буй бөгөөд өмнө үйлчилж байсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 47, 2006 оны 176 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, шалган бүртгэх товчоон дээр тухай бүр авдаг байсан төлбөрийг авахгүй байгаа. Нэхэмжлэл гаргаж буй иргэд тухайн асуудлыг шүүхэд хандахаас өмнө мэдсэн буюу мэдэх боломжтой хугацаа хангалттай өнгөрсөн, энэ хугацаанд НИТХ-д огт хандаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул тухайн асуудлаарх маргааныг Захиргааны хэргийн шүүхээс хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Нийслэлийн Авто замын газар шүүхэд гаргасан тайлбартаа: НИТХ-ын 2013 оны 13/** дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр нь Нийслэлийн Авто замын газрын орлого болдоггүй, Нийслэлийн төсвийн нэг хэсэг болох авто замын санд төвлөрдөг. Тус газрын үндсэн чиг үүрэг нь Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх, шинээр авто зам, замын байгууламжийг барих болон засвар, арчлалтын ажлын чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажилладаг, мэргэжлийн боловсон хүчинтэй, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар гуравдагч этгээд нь ...актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа... байх ёстой. Гэтэл уг маргаж байгаа асуудалд Нийслэлийн Авто замын газрын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахгүй байхыг хүсэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 19 дүгээр зүйлийн 19.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг тус тус баримтлан НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/** дугаар тогтоолыг хүчингүй болгож, 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас гаргасан иргэд, аж ахуйн нэгжээс хууль бусаар хураасан төлбөрийг буцаан олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч НИТХ-ын дарга давж заалдах гомдолдоо: 1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдэхдээ нэхэмжлэлийг хуульд нийцэж буй эсэхийг хянаж үзсэнгүй. Иргэн Х.Б нараас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандаж Хурлын тогтоолыг хүчингүй болгох, Иргэд, аж ахуйн нэгжээс хууль бусаар хураасан төлбөрийг буцаан олгуулж өгнө үү гэсэн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг гэж заасантай нийцэхгүй байгаа, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болохыг шүүхийн 488 дугаар шийдвэрийн 2.5-д хүлээн зөвшөөрч ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж дүгнэсэн хэдий боловч хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зөрчсөн.
2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 488 дугаар шийдвэрийн 2.2, 2.3-т дурдсан үндэслэл, 3 дугаар зүйлд заасан дүгнэлт, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан, маргаан бүхий эрх зүйн актын хууль эрх зүйн үндэслэлд өнгөц дүгнэлт хийснээс буруу шийдвэр гаргалаа. НИТХ-ын 2013 оны 13/** дугаар тогтоол, түүний хавсралт болох Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам-ыг Нийслэлийн Засаг дарга Авто тээврийн тухай хуулийн 21.1-д зааснаар ...орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно гэж заасан эрх хэмжээний хүрээнд судалж боловсруулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-д хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно гэх ИТХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд нийцүүлэн Нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д зааснаар Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах бүрэн эрхийн хүрээнд НИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан. Хуульд заасан шаардлагад нийцүүлэн Засаг даргаас өргөн мэдүүлсэн хүрээнд хэлэлцэн баталсан төлбөр, хураамжийн асуудлыг шүүх татварын хувь хэмжээ тогтоох өөр хуулийн зүйл заалттай хольж дүгнэлт хийсэн.
Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж заасан. Харин Авто замын тухай хуулийн 21.1-д орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөрийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж өөрөө журамлан тогтоох хуулийн зохицуулалттай. Дээр дурдсан татвар, төлбөр нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан орон нутгийн авто замын сангийн хоёр өөр эх үүсвэр болохыг хуульчлан өгсөн. Зарцуулалт нь нэг боловч тус тусдаа хууль тогтоомжоор зохицуулагдаж буй хоёр өөр харилцааг 488 дугаар шийдвэрийн 2.2-т зөвхөн хуулиар зохицуулах нэг ижил татвар байна гэж ташаа дүгнэж, улмаар НИТХ эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн 2013 оны 13/** дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.3.5-д зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/** дугаар тогтоолын тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/** дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын д, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн гарсан байх бөгөөд дээрх зүйл, заалтуудын аль нь ч НИТХ-д тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоох эрх олгосон заалт биш байна.
Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн /нийслэлийн/ дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг НИТХ-д олгоогүй байна.
Хариуцагч талаас 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Нийслэлийн Засаг даргаас боловсруулан, өргөн барьсан Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам-ыг хэлэлцэн баталсан. Тухайн харилцааг зохицуулах хууль эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авто замын тухай хуульд заасан эрх, үүргийн асуудал мөн юм гэсэн агуулгаар маргаж байна.
Хэдийгээр Засаг даргаас өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг хуулиар НИТХ-д олгосон боловч тухайлан тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ, төлбөр авах журам тогтоох эрх хуулиар олгоогүй тул анхан шатны шүүх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуулиар эрх хэмжээгүй этгээд гэж үзэж, уг асуудлаар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргасан гэж дүгнээд хүчингүй болгосон нь зөв байна.
Иргэд, аж ахуйн нэгжээс хууль бусаар хураасан төлбөрийг буцаан олгуулах шаардлагын тухайд:
Дээрх шаардлагын агуулга нь авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн төлсөн төлбөрийг өөртөө биш, харин тухайн төлбөр төлөгчид нь гаргуулан олгох агуулгатай байна. Энэхүү агуулга бүхий нэхэмжлэлийг гаргахын тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд Х.Б нарын тухайд ямарваа нэгэн итгэмжлэл олгогдоогүй байна.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас гаргасан иргэд, аж ахуйн нэгжээс хууль бусаар хураасан төлбөрийг буцаан олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР