Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 65

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар, тэдний өмгөөлөгч Б.Батгэрэл /ҮД:0252/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Отгонбаяр, У.Манлайбаатар, С.Энх-Амар нарт холбогдох, эрүүгийн 201625030120 дугаартай хэргийг 2016 оны 6 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Отгонмөнхийн Отгонбаяр: Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, Засварчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 22 дугаар хороо Найрамдал хотхоны задгайд оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан /РД:УИ95091532/

 

Шүүгдэгч Ноён Цорс овогт Санжаагын Энх-Амар: Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:ПЮ97042638/

 

Шүүгдэгч Бодонгуут овогт Ууганбаатарын Манлайбаатар: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, өвөө, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо Хандгайтын 42-483 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дугаар сарын 30-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 8 сарын хугацаагаар ял хойшлуулж байсан, /РД:УП95122914/

 

Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь бүлэглэн 2015 оны 12 сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Яргайтын 23 дугаар гудамжинд байрлах “Баяннуур” хүнсний дэлгүүргийн арын хаалганы цоожийг эвдэн орж биет 200.000 төгрөг болон, Скайтел компаний цэнэглэгч карт, Нокиа маркийн гар утас, хүнсний зүйл зэрэг нийт 875.000 төгрөгний эд зүйлс хулгайлж, хохирогч О.Ариунтуяад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Отгонбаяр нь давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 34-391 тоотод байрлах “Уран буурал” хүнсний дэлгүүргийн цонхны хаалт төмрийг нь хөшиж нэвтрэн 1.033.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, хохирогч Г.Нямхүүд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч О.Отгонбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 6-н буудалд нийтийн байранд өрөө түрээслэж амьдардаг юм. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал манайд манай найз Энх-Амар, Манлайбаатар хоёр ирээд бид нар манай гэрт юм яриад байж байгаад нэлээд орой дэлгүүр лүү тамхи авах гээд гурвуулаа манайхаас гараад долоон буудал дээр очиход бүх дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгээд бид гурав дэлгүүр хайгаад Чингэлтэй лүү өгсөөд нилээд явтал дэлгүүр олдоогүй. Ингээд явж байтал яг төв замын хажууд “Баяннуур” нэртэй хаачихсан дэлгүүр байхаар нь би хашааных нь завсараар хартал хүнгүй юм шиг харагдсан. Ингээд бид гурав ярилцаад уг дэлгүүрээс хулгай хийхээр болоод би хашааг нь давж ороод дотроос нь хашааны хаалгыг онгойлгоод нөгөө хоёрыг оруулаад би байшингийн булан тойроод нэг лоом газар хэвтэж байхаар нь аваад Энх-Амартай цуг хаалгыг нь лоомоор эвдэж онгойлгоод лоомоо тэр газар хаячихсан. Ингээд Манлайбаатар хүн харж гадаа үлдээд Энх-Амар бид хоёр дотогшоо орсон. Хаалгаар ороход уг хаалга болон дэлгүүрийн үйлчилгээний замын хаалга хоёрын дунд жижиг коридор байсан ба уг коридорт байсан пускателийг нь би буулгаад цахилгааныг нь тасалчихсан. Тэгээд тэр жижиг дөрвөлжин коридорт Энх-Амар үлдээд би дэлгүүрийн заал руу ордог хаалгаар нь дэлгүүр лүү орсон. Тэр хаалга бол цоожгүй зүгээр хаачихсан байсан. Ингээд би шууд касс дээр нь очоод онгойлгоход бэлэн мөнгө, скайтелийн цэнэглэгч карт, гар утас байсан. Түүнийг авч халаасандаа хийгээд хүнсний ногоо хийсэн байсан 2 шуудай, мөн элсэн чихэртэй байсан 1 шуудайг дотор нь байсан зүйлийг нь газар асгаад шуудайнд нь лангуун дээрээс гартаа тааралдсан архи, пиво, набор чихэр зэргийг маш хурдан авч шуудайлаад Энх-Амар, Манлайбаатар нарт дөхүүлж өгсөн. Мөн хиам хулгайлсан. Тэгээд буцаж гараад 3 шуудайтай зүйлээ бид 3 нэг нэгээр нь үүрээд жалга даваад манайх луу явсан. Явж байх замдаа би гар утасыг нь айлын хашаа давуулаад шидчихсэн ба утасны цэнэглэгч картуудыг Энх-Амарт өгөхөд Манлайбаатар наадахыг чинь арын номероор хайчихдаг юм. Гэтэл Энх-Амар тэр картуудыг ураад хаячихсан. Ингээд манай гэрт ирээд хулгайлсан юмнуудаа үзэхэд зарим архи нь хагарчихсан байсан. Бүтэн үлдсэн архийг бид гурав хувааж уугаад согтоод унтчихсан. Маргааш нь босоод би Энх-Амар, Манлайбаатар тус бүрт нь 20.000-25.000 төгрөг өгөөд нөгөө хоёр гэртэй харьлаа гээд явсан. Хулгайлсан мөнгө 200.000 орчим төгрөг байсан харин нэгж нь яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Би үлдсэн мөнгөөр нь хоол ундны зүйл хувцас хунар аваад дуусгасан. Үлдсэн архи, пиво, набор зэргийг нь ууж идээд хүнд өгөөд дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хх 94-97/

“2015 оны 04 дүгээр сарын дундуур бил үү сүүлээр шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын доошоо гудамжны үзүүрт байдаг хүнсний мухлагийн цонхны гадна сараалжин төмрийг гараараа хугалж аваад цонхыг нь хагалаад дотогш нэвтэрч орсон. Тэгээд дотроос нь дотроо  20 гаран ширхэгтэй байдаг Улаан шонхор тамхинаас 2 блокийг, Парламент тамхинаас 1 блокийг, лангууны хойд тавцан дээр байсан түрийвчийг нь аваад доторхийг нь үзтэл дандаа 100-тын болон задгай дэвсгэртүүд байхаар нь тоололгүй түрийвчтэй нь авсан. Тэгтэл уг хүнсний мухлагт нэгж зардаг болов уу гэмээр Жи мобайлын мэдрэгчтэй Андройд гар утас 1 ширхэгийг хулгайлж авсан. Бас бэлэн гоймон, савтай ундаануудыг аваад гарсан. Их удсан болохоор юунаас нь хэдэн ширхэгийг авснаа сайн санахгүй байна. Тэгээд би буцаад орж ирсэн цонхоороо гараад явсан юм. ..Би уг хүнсний мухлагаас гараад явж байхдаа түрийвчин дотор нь байсан задгай мөнгөнүүдийг нь аваад цааш нь ухаж үзэлгүй гудамжинд шидчихсэн, одоо хаана хаясан гудамжаа ч санахгүй байгаа юм. Бодвол уг түрийвчин дотор дээрх сувд, шүрэн товч байсан юм байлгүй дээ, сайн мэдэхгүй байна. ... Би 2015 оны 04 сард уг мухлагаас хулгай хийж эд зүйл авсан нь үнэн. Түүний дараа 2015 оны 09 сард болон 2015 оны 11 дүгээр сард нь дахин хулгай хийх гэж байгаад урд айлынх нь манаач хүнд нь харагдаад зугтаачихсан, надруу чулуу аваад шидээд орилсон тэгэхээр нь би айгаад зугтаачихсан юм. ... Би уг мухлагаас хулгай хийчихээд өөрийн түрээслэдэг байсан түрээсийн байшинд очиж идэж уугаад дуусгачихсан юм. Би түрийвчин дотор нь байсан задгай 100 төгрөгийн дэвсгэртүүд боолттой байхаар нь авсан, нэг бүрчлэн тоолж үзээгүй юм. Орлогын мөнгийг нь санахгүй байна. Би Чингэлтэй дүүрэгт үйлдсэн хулгайн хэрэг дээрээ найз Энх-Амар, Манлайбаатар нартай цуг явж үйлдсэн юм. Тэгээд энэ хүнсний мухлагийг ухахдаа ганцаараа явсан боловч байцаалт өгөхдөө андуураад хэлчихсэн байна лээ” гэсэн мэдүүлгүүд /хх 15-16/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: өмнө өгсөн байцаалт үнэн зөв учраас нэмээд ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролоо удахгүй төлж барагдуулна. гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч С.Энх-Амараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би найз Отгонбаяр, Манлайбаатар нарын хамт 2015 оны 12 дугаар сарын 25-ны орой 6-н буудалд Отгонбаярын түрээслэж байсан нийтийн байранд уулзаад тэгээд Отгонбаярын нилээд байж байгаад орой 00:00 цаг өнгөрч байх үед байхаа цагийг нь санахгүй байна Отгонбаярын гэрээс бид гурав дэлгүүр орж тамхи авах гээд долоон буудал орсон. Долоон буудал дээр очиход дэлгүүрүүд нь хаасан байсан учир Чингэлтэй лүү дэлгүүр хайгаад өгсөж явсан. Тэгээд нилээд явж байтал зам дагуу мини маркет гэсэн хаягтай дэлгүүр байсан ба хаалттай байсан. Ингээд бид 3 ярилцаж байгаал уг дэлгүүрээс хулгай хийхээр болоод эхлээд Отгонбаяр хашааг нь давж ороод дотроос нь онгойлгоод Манлайбаатар бид 2 хашаа луу орсон. Ингээд Отгонбаяр хашаанд байсан лоомыг аваад Отгонбаяр бид хоёр тэр дэлгүүрийн арын хаалгыг эвдсэн. Ингээд Манлайбаатар хашаан дотор хүн харж үлдээд би ордог хаалгаар Отгонбаяр дэлгүүрийн заал луу орсон. Ингээд Отгонбаяр ороод нэг их удалгүй 3 ширхэг шуудайтай зүйл үүдэнд авчирч өгөөд бид гурав тэр 3 шуудайтай зүйлийг нэг нэгээр нь үүрээд жалга дагаад Отгонбаярын гэр лүү нь явсан. Шуудайтай зүйлийг үүрээд явж байхад дотор шил харшилдаад байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд Отгонбаярынд ирээд үзтэл нилээд их архи болон янз бүрийн набор, чихэр, хиам, асаагуур зэрэг эд зүйл байсан. Зарим архинууд нь замдаа хагарчихсан харин том хуванцар савтай пивонууд нь зүгээр байсан. Тэгээд Отгонбаяр, Мандайбаатар бид гурав хулгайлсан архиа хувааж уугаад согтоод унтчихсан. Маргааш нь Отгонбаяраас 20.000 аваад гэртээ хариад өдөр нь буцаж уулзаад үлдсэн архиа хувааж уусан. Отгонбаяр тэр дэлгүүрээс бэлэн 200.000 орчим төгрөг хулгайлсан байсан. Тэгээд л тэр дэлгүүрээс хулгайлсан архи, пиво, хиамаа идэж уугаад набор чихрийг нь амьтанд тарааж өгөөд дуусгасан. Тэр дэлгүүрээс гар утас, болон гар утасны цэнэглэгч карт хулгайлсан. Гар утсыг нь Отгонбаяр гараад гудамжинд хаячихсан. Нэгжийг бол Манлайбаатар арын дугаараар нь хайгаад олчих байх гэхээр нь би замдаа ураад хаячихсан” гэсэн мэдүүлэг /хх 99-102/.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч У.Манлайбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би найз Отгонбаяр, Энх-Амарын хамт 2015 оны 12 дугаар сарын 25-ны орой Отгонбаярын түрээслэж байсан нийтийн байрандаа уулзаад оройн 00:00 цаг өнгөрч байх үед бид гурав гараад дэлгүүр орж тамхи авах гээд долоон буудал орсон. Долоон буудал дээрээс дэлгүүр нь хаасан байсан учир Чингэлтэй лүү дэлгүүр хайгаад өгсөж явсан. Тэгээд нэлээд явж байтал зам дагуу мини маркет гэсэн хаягтай дэлгүүр байсан ба хаалттай байхаар нь бид гурав ярилцаж байгаад уг дэлгүүрээс хулгай хийхээр болоод Отгонбаяр хашааг нь давж ороод дотроос нь онгойлгоод Энх-Амар бид хоёр уг хашаа руу нь орсон. Тэгэхэд Отгонбаяр хашаан дотор байсан лоомыг аваад Отгонбаяр, Энх-Амартай хамт хаалгыг эвдсэн. Би хашаан дотор хүн хараад үлдсэн ба Отгонбаяр дэлгүүрийн заал руу ороод удалгүй 3 ширхэг шуудайтай зүйлийг нэг нэгээр үүрээд жалга дагаад Отгонбаярын гэр лүү нь явсан. Шуудайтай зүйлийг мөрлөөд явж байхад дотор нь шил дуугараад архи байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд Отгонбаярын ирээд шуудайг үзтэл дотор нь нэлээд их архи болон янз бүрийн набор, чихэр, хиам, асаагуур зэрэг эд зүйл байсан. Зарим архинууд нь замдаа хагарчихсан, хуванцар савтай пивонууд нь зүгээр байсан. Тэгээд Отгонбаяр, Энх-Амар бид гурав хулгайлсан архиа хувааж уугаад согтоод унтаад өгсөн. Маргааш нь Отгонбаяраас 20.000 төгрөг аваад гэртээ хариад өдөр нь буцаж уулзаад үлдсэн архинууд хувааж уусан. Үлдсэн набор, хиамаа идэж уугаад дуусгасан. Тэр дэлгүүрээс гар утас, болон гар утасны цэнэглэгч карт хулгайлсан. Гар утсыг нь Отгонбаяр гараад гудамжинд хаячихсан байх. Нэгжийг бол би замдаа ураад хаячихсан” гэсэн мэдүүлэг /хх 103-106/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: мөрдөн байцаалтад өгсөн: мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч О.Ариунтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “... Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 23-374 тоот хашаанд “Баяннуур” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүр нь нэг касс нэг худалдагч гээд хоёр хүн ажилладаг ба 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай дэлгүүрийн шөнийн 23:00 цагт худалдагч Тунгалаг, касс Майцэцэг нар хаагаад түлхүүрийнхээ хаалгыг түгжээд явсан байсан бөгөөд маргааш өглөө нь галч Цэнд-Аюуш галаа түлэх гээд үүрээр 06:30 цагийн үед дэргүүр дээр ирэхэд нь манай дэргүүрийн хашаагаар ороод арын хаалганы түгжээг эвдээ хулгай орчихсон байсныг нь мэдээд худалдагч нарт хэлээд худалдагч Тунгалаг над луу утасдаад дэлгүүрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрт цагдаа нар үзлэг хийж байсан ба хулгайч нь манай дэлгүүрийн хашаагаар ороод арын хаалганы цоожийг эвдээд дэлгүүр лүү ороод кассанд байсан бэлэн 200.000 орчим төгрөг, 100.000 гаран төгрөгний скайтелийн нэгжийн карт, 13 шил архи мөн савтай пиво, төрөл бүрийн набор, 5 кг орчим хиам зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би энэ талаар урьд тайлбар өгөхдөө маш дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Ингээд надад ямар ч байсан нийт 875.000 төгрөгний хохирол учирсан байгаа. “... Би их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Уг хэргийн холбогдогч нар болох С.Энх-Амар, У.Манлайбаатар нар нь надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгаа. Би одоо үлдсэн хохирлоо нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Мөн хохирлын үлдэгдэл болох 292.000 төгрөгийг яллагдагч О.Отгонбаяраас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 28-29/

 

Гэрч Ц.Тунгалагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “... 2015 оны 12 дугаар сарын 25-ны орой 11:00 цагийн үед дэлгүүрээ хаах гээд камериа унтраагаад тооцоогоо хийгээд гараад явсан. Тухайн өдөр худалдагч Майцэцэгтэй хамт хаагаад би бүх түлхүүрийг нь аваад явсан. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өглөө нь 07:30 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гээд иртэл галч Цэнд-Аюуш онгорхой байгаа хулгай орчихжээ гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрт орж харахад дэлгүүрийн кассанд байсан 200.000 гаруй төгрөг, архины тасгийн эхний эгнээний үнэтэй архи, мөнгө нэгж набор хиам авсан байсан. Захирал Бүрэнбатад 07:40 цагийн үед залгаж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 31/

..Манай дэлгүүр 14 хоног тутамд тооллого хийж тооцоо нийлдэг байсан. Энэ хэрэг гарахаас 10-аад хоногийн өмнө тооллого хийсэн байсан ба би бараа материал хүлээж авсан байсан. Ер нь бол худалдагч Майцэцэг бид хоёр бараа материал хүлээж авч 14 хоног ажиллаад дараа нь Отгонцэцэг, Даваасүрэн гэх хоёр худалдагч дараа нь ээлж авдаг байгаа. Ингээд хулгай орсоны маргааш өдөр нь буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтанууд нь эд зүйлээ тоолоод алдагдсан эд зүйлээ гаргаж ир гэсэн тул О.Ариунтуяатай хамт тооллого хийгээд алдсан эд зүйлээ тодорхойлсон. Мөн дэлгүүрээс алдагдсан гэх бараанууд нь тухайн өдөр манай дэлгүүрт байсан. Кассын машины түгжээ нь нэлээд хэдэн жилийн өмнө эвдэрсэн. Угаасаа түгжээгүй байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хх 32-33/

 

Гэрч Х.Цэнд-Аюушаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “... Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Баяннуур” хүнсний дэлгүүрт галч манаачаар ажилладаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 25-ны шөнө галчаар ажиллаж байсан. Манай дэлгүүрийн эзэн О.Ариунтуяа нь Чингэлтэйн эцэст нэг дэлгүүр ажиллуулдаг бөгөөд би энэ хоёр дэлгүүрийн дунд явж галыг нь түлэнгээ хамгаалдаг юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны 00:00 цагийн үед Баяннуур дэлгүүрийн галыг нь түлчихээд нөгөө Чингэлтэй эцэст байдаг дэлгүүр лүүгээ явсан. Тэр дэлгүүр дээрээ очиж мөн галыг нь түлчихээд гэртээ орж амарч байгаад өглөө 07:00 цагийн орчимд байхаа буцаад Баяннуур дэлгүүр дээр иртэл арын хашаагаар хулгайч ороод дэлгүүрийн арын хаалгыг эвдээд орчихсон хаалга нь онгорхой байхаар нь би хулгайч орчихсон гэж мэдээд байж байтал яг миний араас худалдагч Тунгалаг ирсэн. Ингээд л Тунгалаг утсаараа цагдаад дуудлага өгсөн. Ийм л юм болсон. Би бол дэлгүүрээс яг ямар эд зүйл алдагдсан зэргийг нь мэдээгүй. Би дэлгүүр лүү орж үүдээр нь шагайгаад л буцсан. Ингээд л удалгүй цагдаа нар ирж үзлэг шалгалт хийгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 35/

 

Хохирогч Г.Нямхүүгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Би 4-5 жилийн өмнөөс л Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 34 дүгээр гудамжны үзүүрт “Уран буурал” нэртэй хүнсний мухлагийг ажилуулж эхлэсэн. ... Тэгтэл 2015 оны 04 сарын эхний 10 хоногт, яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Шөнө 02- 04 цагийн орчимд манай хүнсний мухлагт хулгай орсон. Тэр хулгай орсон шөнө үүрээр 06 цагийн орчимд манай урд талын үзүүрийн хашаанд амьдардаг байсан Одбаяр гэдэг хүн миний гар утас руу залгаад “танай дэлгүүрт чинь хулгай орчихсон юм биш үү, цонх нь онгойчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ цуг гараад гаднаас нь хартал манай манай Уран буурал хүнсний мухлагийн гадна цонхны решотик төмрийг нь хажууд нь аваад тавьчихсан, гадна модон цонхыг хагалаад дотор вакум цонхны жижиг порчикийг нь хагалаад хулгай орсон байсан. Манай хүнсний мухлагын цонхны шилнүүд тухайн үед хагараад уначихсан, мухлаг дотор байсан хэвтээ хөргөгчин дотор байсан хиамнууд алга болсон, цаана лангуун дээр байсан аягатай бэлэн хоолнууд, зүүн талд байсан ундаанаас алга болсон байсан, сүүлд нь дахиад үзээд байсан чинь лангууны доор байсан миний түрийвч алга болсон байсан. Уг түрийвчин дотор миний 3 үе дамжиж ирсэн шүрэн товч, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйлс байсан юм. Уг түрийвчнээс би бүхэл мөнгийг нь авчихаад хэд хоногийн өмнө лангуун доогуур хийчихсэн байсан юм. Тэр өдөр хулгайч манай мухлагийн гадна бүргэд хаалганы бариулыг дээш нь сөхөөд хөшчихсөн байсан юм.

..2015 оны 04 сард хулгай ороход манай Уран буурал хүнсний мухлагаас нэгж зардаг Жи мобайлын хар өнгийн гар утас байсан нь алга болсон. Уг гар утсыг нэгж зардаг байсан Виндикс терминал гэдэг газраас 2014 онд 200,000 төгрөгөөр худалдаж авсан, мэдрэгчтэй гар утас байсан юм. Уг утсан дотор 48,000 төгрөгний нэгж байсан. Бас мухлагийн модон лангуун доор байсан тавиур дээр миний алтлаг шар өнгийн матрын арьсан түрийвч байсан нь алдагдсан. Уг түрийвчийг манай охин 2015 оны эхээр 60,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан, алтлаг шар өнгөтэй, урт матрын арьсан түрийвч байсан юм. Уг түрийвчин дотор миний өөрийн Гончигсүрэнгийн Нямхүү гэсэн иргэний цахим үнэмлэх байсан, мөн уг түрийвчин дотор жижиг сажиг зүйлүүд байсан заримыг нь санахгүй байна, ямар ч байсан миний 3 үе дамжиж ирсэн улаан өнгийн шүрэн товч 1 ширхэг байсан юм, уг товчийг би 500,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн уг шүрэн товчтой цуг 3-4 ширхэг ягаан өнгийн сувд байсан. Уг сувдыг манай охин 2014 онд БНХАУ-ын Бээжингээс дөнгөж хясаанаас нь гаргаж авсан сувд шүү гээд авчирч өгч байсан, хэлбэр нь гэвэл чигчий хурууны хумсны толионы чинээ зуйвандуу хэлбэртэй, яагаан, цагаан, хар өнгийн сувднууд байсан юм. Уг сувдыг би одоо 1 ширхэгийг нь 30,000 төгрөгөөр үнэлээд нийтэд 120,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн бэлэн хоол зардаг тавиур дээр 100 төгрөгийн дэвсгэртээр боочихсон 1 боодол төгрөг нийтдээ 10,000 төгрөг алга болсон. 100-т болон 50-тын дэвсгэртээр боочихсон байсан 10,000 төгрөг алга болсон. Үүнээс гадна хөргөгчин дотор байсан 10-15кг орчим хийм алга болсон, уг хиамыг 70,000-75,000 төгрөгөөр үнэлж байна. Түмний ундаа буюу 2 литрийн ундаанууд 10-аад ширхэг алдагдсан учираас 23,000 төгрөгөөр үнэлж байна, том аягатай Нонгшимийн бэлэн хоолнууд 10-15 ширхэг алдагдсан учираас 27,000 төгрөгөөр үнэлж байна. Манай мухлагны гадна бүргэд хаалганы бариулыг хөшөөд эвдэлчихсэн учираас дахиж шинээр 45,000 төгрөгөөр солиулсан юм. Мухлагийн жижиг вакум цонхны порчик хагалсан, уг нь порчик нь ойролцоогоор 50x70 орчим см хэмжээтэй байсан, үүнийг шиллүүлэхэд 38,000 төгрөг болсон. Үүнээс гадна жижиг сажиг шоколад, бохь, жижиг сажиг чихэрнүүд алга болсон гэхдээ яг хэдэн ширхэг юу алга болсон нь тодорхойгүй учираас үнэлж мэдэхгүй байна. Би алдагдсан болон эвдлүүлсэн зүйлээ төлүүлмээр байна, өөр гомдол санал байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хх 10-11/

 

Гэрч Н.Баттунгалагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Би 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 33-р гудамжны задгай тоотод байх аж ахуйн хашаанд манаачаар ажилд ороод тэр цагаас хойш нөхөр, 4 хүүхдийн хамт аж ахуйн хашаанд нь гэрээ бариад амьдарч байгаа юм. Харин Уран буурал гэдэг хүнсний мухлаг манай гудамжны яг ар талд их ойрхон харалдаа байдаг, би уг мухлагаар үйлчлүүлдэг бөгөөд эзэн Нямхүүтэй танилцаж байсан айл хөршийн хүмүүс байгаа юм. 2015 оны 09 дүгээр сард /яг хэднээр гэдгийг нь мэдэхгүй байна/ шөнө гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт унтаж байтал шөнийн 03-04 цагийн орчимд манай арын гудамжинд байдаг Уран буурал хүнсний мухлагийн хаалга пүд пүд гээд дуугараад байсан тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааныхаа завсраар хартал 2 эрэгтэй хүүхэд уг дэлгүүрийн хаалгыг онгойлгох гээд юмаар цохиж байхаар нь би хашааныхаа завсраар тэр 2 хүүхэд рүү “болиоч ээ” гэж орилсон чинь нэг нь хүн гарч ирж байна гэж нөгөөдөө хэлээд цуг зугтаад гүйчихсэн. Тэгэхээр нь би Уран буурал хүнсний мухлагийн эзэн Нямхүүг дуудаж гаргаж ирээд хулгай хийх гээд оролдож байсан гэдгийг хэлсэн, тэр 2 хүүхэд хаалгыг нь л эвдлэж байсан болохоос дотогшоо орж эд зүйл хулгайлж чадаагүй зугтчихсан. Харин 2015 оны 11 дүгээр сард гэртээ унтаж байтал шөнө 03 цагийн орчимд дахиад нөгөө Уранбуурал дэлгүүрийн тэнд цонх хагарах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гараад хашааныхаа завсраар харсан чинь 2 эрэгтэй хүүхэд бололтой цонхынх нь решотик төмрийг аваад тавьчихсан цонхыг нь хагалж байхаар нь би газраас чулуу аваад болиоч ээ гэж орилоод тэр хоёр руу 2 удаа чулуу шидсэн чинь цаашаа зугтаасан тэгэхээр нь би гэртээ буцаж ороод нөхөр Төмөрбатыг сэрээгээд нөгөө мухлагийг дахиад ухах гэж байна чи гараадахаач гэсэн чинь манай нөхөр тавчиктайгаа гараад нөгөө 2 хүүхдийн араас хөөсөн боловч тавчик нь сугараад олигтой гүйж чадалгүй алдсан юм. Тэгэд дахиад л Уран буурал мухлагийн эзэн Нямхүү эгчийг дуудаж хэлсэн, тэр өдөр гэхдээ ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, цонхыг нь хагалж решотикийг нь авч тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 12-13/

 

Шүүгдэгч О.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх 126/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109/, 2013 оны 05 сарын 17-ны өдрийн ¹187 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 114-118/ Шүүгдэгч С.Энх-Амарын иргэний үнэмлэхний хуулбар /хх 124/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 111/, Шүүгдэгч У.Манлайбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх 125/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 110/, 2013 оны 01 сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 121-122/  гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 79-80, 86-87, 93-94, 1 хх 53-55/ Эд зүйлийн үнэлгээ /хх 17/ Эд зүйлийн үнэлгээ /хх 17/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн ¹06/094 дугаартай дүгнэлт /хх 42-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар нар нь бүлэглэн 2015 оны 12 сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Яргайтын 23 дугаар гудамжинд байрлах “Баяннуур” хүнсний дэлгүүргийн арын хаалганы цоожийг эвдэн нэвтэр биет 200.000 төгрөг болон, Скайтел компаний цэнэглэгч карт, Нокиа маркийн гар утас, хүнсний зүйл зэрэг нийт 875.000 төгрөгний эд зүйлс хулгайлж, хохирогч О.Ариунтуяад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Отгонбаяр нь давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 34-391 тоотод байрлах “Уран буурал” хүнсний дэлгүүргийн цонхны хаалт төмрийг нь хөшиж нэвтрэн 1.033.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, хохирогч Г.Нямхүүд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Энх-Амар, У.Манлайбаатар нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоо, хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуудлахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Отгонбаяр нь урьд  2013 оны 05 сарын 17-ны өдрийн ¹187 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, шүүгдэгч У.Манлайбаатар нь 2013 оны 01 сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан бөгөөд ялтайд тооцох хугацаа дууссан байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Энх-Амар, У.Манлайбаатар нар нь хохирогч О.Ариунтуяад учруулсан хохиролыг өөрсөддөө холбогдох төлбөрийг тооцож төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч О.Отгонбаяр нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул 1.325.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Ц.Алтантуяад 292.000 төгрөг, хохирогч Г.Нямхүүд 1.033.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар нар нь мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 02 сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонмөнхийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ноён Цорс овогт Санжаагын Энх-Амар, Бодонгуут овогт Ууганбаатарын Манлайбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Энх-Амар, У.Манлайбаатар нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энх-Амар, У.Манлайбаатар нарт оногдуулсан 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар нарын цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч С.Энх-Амар, У.Манлайбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаяраас 1.325.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Алтантуяад 292.000 төгрөг, хохирогч Г.Нямхүүд 1.033.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар, У.Манлайбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР