Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Л.П,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Пид холбогдох эрүүгийн 2124000000077 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.П нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ар” гэх газарт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.006 мЗ түлшний хуурай мод бэлтгэж байгаль экологид 1,012,941 төгрөгийн шууд хохирол учруулж, хууль бусаар бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ар” гэх газраас “Дунд шумуултайн түрүү” гэх газар хүртэл “Хьюндай Портер” маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.П нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ар” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.006 м3 түлшний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Дунд шумуултайн түрүү” гэх газар хүртэл Портер маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 1,012,941 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Л.П ойгоос мод бэлтгэсэн асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-р хуудас/,

             Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар “Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.Оү, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт хяналт шалгалтаар ажилласан. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой’ гэх газарт иргэн Л.П гэх айлын гэрийн ойролцоо галын түлээний мод хураалгаатай байсныг тухайн үед манай байгаль хамгаалагч Б.О, багийн засаг дарга М Батмягмар нар мотоциклоор надаас түрүүлж очоод тэр модыг анх шалгасан байсан юм. Хяналт шалгалтаар Л.П нь тухайн галын түлээний моднуудыг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хууль бусаар бэлтгэсэн байсныг тогтоосон байсан юм. Л.П нь тухайн моднуудаа Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүртийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд өвөлжөөндөө өвлийнхөө галын түлээний модонд ашиглах зорилгоор бэлтгэсэн гэж манай байгаль хамгаалагч Б.Од хэлсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

             Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт хяналт шалгалтаар ажилласан. Хяналтаар ажиллах явцад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой’ гэх газарт иргэн Л.П гэх айлын гэрийн ойролцоо галын түлээний мод хураалгаатай байсныг багийн засаг дарга М.Б хамт мотоциклоор очиж модыг анх шалгасан. Л.Поос тухайн моднуудыг хэн бэлтгэсэн талаар асуухад өөрөө Баян-Айраг багийн нутаг “Хөхүүртийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд ганцаараа хийж бэлтгэсэн гэж надад хэлсэн юм Тухайн үед би Л.Поос ойгоос бэлтгэсэн модных нь эрхийн бичиг гоожинг шалгахад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй аваагүй байсан. Л.П нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

             Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт хяналт шалгалтаар ажилласан. Хяналтаар ажиллах явцад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт иргэн Л.П гэх айлын гэрийн ойролцоо галын түлээний мод хураалгаатай байсныг байгаль хамгаалагч Одхүүгийн хамт мотоциклоор очиж модыг анх шалгасан. Л.П ах тэнд байж таарсан бөгөөд байгаль хамгаалагч зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад эрхийн бичиг байхгүй гэсэн. Л.П нь модыг Баян-Айраг багийн нутаг “Хөхүүртийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд ганцаараа хийж бэлтгэсэн гэж хэлсэн. Л.П ахын зүгээс ах нь мод бэлтгэх үедээ эрхийн бичиг гоожингоо авч чадаагүй нь миний буруу боллоо одоо ах нь сумын төв орохоороо гоожингоо авч болох уу гээд асууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 39/,

             Гэрч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт хяналт шалгалтаар ажилласан. Хяналтаар ажиллах явцад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт иргэн Л.П гэх айлын гэрийн ойролцоо галын түлээний мод хураалгаатай байсан. Харин тухай моднуудыг Л.Пийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байна гэж байгаль хамгаалагч Одхүү, байгаль орчныг хамгаалах улсын байцаагч Ж.Г нар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

             Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай “...Иргэн Л.Пийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS 5413:2011 Монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Уг моднууд 6,006 метр, куб түлшний хуурай мод байна. Иргэн Л.Пийн ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 7 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. ...Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 42-44/,

             Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүртийн ар” гэх нэртэй газар нь улсын байгалийн цогцолбор газар 1-р мужлалд хамаарна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №35 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаар 2 дугаар мужлалд хамаарна гэсэн учир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот Улсын Их Хурлын тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогох сум, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийн дамжин оршин Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолбор газрын ангилалд багтаасан. Өнөөдрийг хүртэл хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй газар нутаг дээр байгалийн цогцолбор газрын хилийн цэс тогтоосон зураг тавигдаагүй нутгийн иргэд мэдэхгүй, УИХ-ын тогтоол хэрэгжээгүй гэж үзэн 2-р мужлалд багтаасан. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хөхүүртийн ар” гэх нэртэй газраас бэлтгэсэн 6,006 метр, куб модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр, куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж, бэлтгэсэн мод 6,006 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,012,941 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх 50-51/,

             “Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай “... Тэлмэн сумын Баян-Айраг багийн Хөхүүртийн ар, Хөхүүрт гэх газрын 49*05*44.83N, 97*31*33.53E, 49*0544.03N, 97*37*31.73 E, 49*05*46.52 N, 97*31*31.31 E, 49*05*13.47 N, 97*30*46.01 E, 49*05*18.93 N, 97*30*49.03 GPS цэгүүдийг Тэс гол, Булнайн нурууны Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд давхцуулан шалгахад тус цогцолборт газрын нутагт хамаарагдаж байгаа нь үнэн болно. Давхцалын зургийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан тоот /хх 85/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Л.Пийн: “...Миний бие Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ар” гэх газарт байх улсын тусгай хамгаалалттай гаар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.006м3 түлшний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ар” гэх газраас тус багийн “Дунд шумуултайн түрүү” гэх газар хүртэл Хьюндай Портер маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учруулсан Нийт хохирол, төлбөр болох 3,038,823 төгрөгөөс 1,012,941 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг нь түүнийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Л.Пид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол 1,012,941 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Пийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,006 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол 1,012,941 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Пийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 43-73 ЗАН, марк загвар “HYUNDAI PORTER”, өмчлөгч Лүндэн П...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн  “...Би машинаа 2015 онд Тосонцэнгэл сумаас 4,500,000 төгрөгөөр авч байсан. Хөрөөг 2010 онд Тосонцэнгэл сумаас худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Л.Пийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, 6,006м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2,045,882 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л.П зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.П хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.П зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий “HYUNDAI PORTER” маркийн 43-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсын үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн 30,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 метр урттай, 6,006 метр куб модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,012,941 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П хохиролд 2,045,882 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ