| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00449/И |
| Дугаар | 130/ШШ2017/00518 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2017/00518
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 130/ШШ2017/00518 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух, Жадик-майма овогт Ж.Бханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Ж.Б/-т холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оноос Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт манаач, галчийн ажлыг давхардуулан хийж байсан билээ. Би өөрийн үүрэгт ажилдаа сэтгэл, зүтгэл гарган идэвх санаачилгатай, тогтвор суурьшилтай, ямар нэгэн дутагдал гаргалгүй ажиллаж байсан билээ. Би ажилласан хугацаандаа удаа дараа шагнагдаж байсан юм. Хамгийн сүүлд гэхэд 2016 оны 12-р сарын 31-ний өдөр сумын Засаг даргаас Оны шилдэг ажилтан гэсэн шагнал авсан юм. 2016 оны 11-р сард манай цэцэрлэгийн эрхлэгчээр А.Е шинээр томилогдон ирсэн юм. Эрхлэгч ажил аваад бусад хүмүүстэй хөдөлмөрийн гэрээг дахин хийсэн мөртлөө надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй юм. Би хөдөлмөрийн гэрээ хийгээч гэсэн чинь байж бай гэдэг л байсан юм. Тэгсэн надыг Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн ажлаас минь өөрчилж тариалангийн талбайд туслах ажилтнаар түр авсан болгож 6-р сарын 14-ний өдөр А/22 тоот тушаал гаргасан байна лээ. Би ямар нэгэн арга хэмжээ авахуулсан биш, зөв зүгээр байж байгаад юу боллоо гэж би үндсэн ажилчин биш, түр туслах ажилтан болмоор байна гэж хэлэх юм вэ? Эрхлэгч ийнхүү худлаа юм зохиож бичээд миний оронд өөрийн төрсөн ах Төлеуханы хүү Ерденийг манаачаар авсан байна лээ. Би энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэсэн чин хүлээж бай. Тэгвэл би Ердэнийг чиний оронд тавьж, ажлыг чинь буцаан олгоно хүлээж бай гэснээ өгөхгүй юм. Өчигдөр дахин уулзсан чинь шүүхэд өгвөл өгч бай, чи надаас юу олж долоох юм вэ? Би 4 жил эрхлэгч хийхдээ дүү Ерденийг ямар ч л байсан манаачийн албан тушаалд шингээх л болно гэж данхалзаж байна лээ. Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй сайн ажиллаж байсан надыг ажлаас минь өөрчилж, ашиг сонирхлын зөрчил гарган дүүгээ миний оронд авч ажиллуулсан явдал нь хуульд нийцэхгүй юм. Түүний энэ тушаал нь хууль бус байна. Иймд надыг Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа би цалингүй чөлөө авсан салбар бүлгийн манаач Б.Нурболатын оронд салбар бүлгийн галч Ж.Быг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 23 дугаартай тушаал гаргаж, Ж.Быг салбар бүлгийн манаачийн оронд 3 сарын хугацаагаар томилсон юм. Цаашид цалингүй чөлөө авсан Б.Нурболат ирээгүй тохиолдолд Ж.Быг бүр томилон ажиллуулах тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох Манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е нь нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч Ж.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 35100 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч Ж.Бы Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 35100 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК