Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******гээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох 21240003500034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум Дархан-Уул багийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******гээс шүүгдэгч Ц.*******ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ын аас “одоо авчихсан байгаа зээлээ хаагаад шинээр зээл аваад мөнгийг чинь 2020 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрийн хооронд буцаагаад өгнө” хэмээн итгэл төрүүлэх аргаар сумын Хаан банкны гадна бэлнээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн гийн гээс “одоо авчихсан байгаа зээлээ хааж дахин зээл аваад мөнгийг чинь маргааш буцаагаад өгнө” хэмээн итгэл төрүүлэх аргаар тус сумын Петровис шатахуун түгээх станцын гадна бэлнээр 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг дансаар нийт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн гийн гаас "чамд мөнгө байвал өгөөч би цалингийн зээлээ төлөөд, дахин зээл аваад маргааш буцаагаад өгнө" хэмээн итгэл төрүүлж дансаар 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн ын аас “одоо авчихсан байгаа зээлээ хаагаад дахин зээл аваад 2-3 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгье” хэмээн итгэл төлүүлж дансаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн ын аас “одоо авчихсан байгаа зээлээ хаагаад дахин зээл аваад 3 хоногийн дараа буцаагаад өгье” хэмээн итгэл төрүүлэх аргаар 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус өөрийн нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь: - Хохирогч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2-3 жилийн өмнөөс эхлэн Т ажилладаг Ц.*******ыг таних болсон бөгөөд Ц.******* нь манай шатахуун түгээх станцаар үйлчлүүлсээр байгаад бие биенийгээ таних болсон ба өөрөөр ямар нэгэн харилцаа холбоотой зүйл байхгүй. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.******* нь намайг ажил дээрээ байхад хүрч ирээд надад 2,500,000 төгрөг зээлчих би тэр мөнгөөр чинь одоо авчихсан байгаа зээлийн үлдэгдлээ төлж дуусгаад шинээр зээл аваад маргааш буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үгэнд нь итгээд өөрт бэлэн байсан 1,400,000 төгрөгийг өгөөд дансаар 1,100,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Тэгээд маргаашнаас нь мөнгөө нэхэхээр банкинд материалаа өгчихсөн байгаа. Төв банк руугаа хүсэлт явуулчихсан байгаа гэнэ гэж хэлээд 2 сар гаран хугацаа өнгөрчихсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101-103-р хуудас/, - Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байсан бөгөөд гэнэт л Ц.******* миний утас руу залгаад гэрт чинь очиж уулзмаар байна гэсэн. Удалгүй манай гэрт ганцаараа хүрч ирээд “надад яаралтай 3 сая төгрөгийн хэрэг гараад байна” гэж хэлэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “банкнаас авчихсан байгаа зээлээ дараад нэмж зээл авах гэсэн юм. 2-3 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэж хэлэхээр нь 1,200,000 төгрөг өгье гэж хэлээд өөрийнх нь данс руу гар утаснаасаа 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл эргүүлж өгнө гэсэн хугацаа хэтэрсэн боловч буцааж өгөхгүй таг алга болсон бөгөөд утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-106-р хуудас/ - Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ц.******* нь банкнаас зээл авах гээд материалаа өгчихсөн байгаа авахаараа буцаагаад өгчихье 1,500,000 төгрөг зээлчхээч гэж гуйхаар нь зөвшөөрөөд тухайн өдөртөө сумын Хаан банкны АТМ-ийн гадна өөрийнхөө картнаас 1,500,000 төгрөг аваад өгчихсөн. Тухайн үед Ц.******* нь зээл авах гээд материалаа өгчихсөн 2020 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрийн хооронд гарчих байх гэж хэлж байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байсан. ...Ц.******* амаараа зээл авах гээд материалаа өгчихсөн гэж хэлж байснаас биш ямар нэгэн бичиг цаас үзүүлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-111-р хуудас/, - Хохирогч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* нь 2021 оны 02 дугаар сард над руу утсаар яриад “надад 4,500,000 төгрөг зээлүүлээч би одоо авчихсан байгаа цалингийн зээлээ хаагаад дахин зээл аваад мөнгийг чинь егье” гэж гуйсан. Тэгэхээр нь би тэтгэврийн зээлээ хөөцөлдөж аваад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Борнуур сумд явж байхдаа түүний данс pyy 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зөвхөн цалингийн зээлтэй гэж ойлгож байсан бөгөөд өөр хүмүүст зээлтэй талаараа юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110-113-р хуудас/, - Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажилладаг Ц.******* гэх хүн цалингийн зээлээ ахиулчхаад буцаагаад өгье мөнгө зээлээч гэхээр нь 500,000 төгрөгийг өөрийнх нь нэртэй данс руу хийсэн юм. Тэгээд Ц.******* гэх хүний өөрийнх нь дугаар руу нь залгаад зээлүүлсэн мөнгөө авах гэтэл Ц.******* гэх хүн “одоо боломжгүй байгаад байна. боломжтой болохоороо өгье” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 115-118-р хуудас/, - Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр болох нь 2021 оны 02 дугаар сарын 7-8-ны орчим Ц.******* гэх цагдаад 1,200,000 төгрөг өгсөн байсан. Тэгээд нөгөө ******* гэх хүнтэй манай нөхөр 2-3 удаа ажил дээр нь ирж уулзахад маргааш өгнө гэж хэлээд мөнгийг нь өгөхгүй байсан. Тэгээд хүлээж байтал ******* гэх хуний утас нь холбогдохгүй, мөнгө өгөхгүй болохоор нь би цагдаа дээр иртэл ******* байхгүй байсан. Тэгээд би хэлтсийн даргатай нь орж уулзахад аймгаас хүн ирсэн байгаа тэр хүнтэй уулз гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 127-130-р хуудас/, - Төрийн банкны Завхан салбар тооцооны төвийн захирлын 2021.04.07-ны өдрийн 34-13/040 дугаартай “******* овогтой ******* //- ын тус банкаар зээлийн судалгаа хийлгээгүй болохыг тодорхойлов” гэх албан тоот /1-р хавтаст хэргийн 169-р хуудас/, - Хас банкны тооцооны төвийн захирлын 2021.04.06-ны өдрийн 40/126 дугаартай “...******* овогтой ******* РД: нь тус банкнаас 2020 оны 12-р сарын 4-нд цалингийн зээл авсан болохыг тодорхойлов” гэх албан тоот /1-р хавтаст хэргийн 174-р хуудас/, - ХААН банкны тооцооны төвийн эрхлэгчийн 2021.04.05-ны өдрийн 21/29 дугаартай “...Ц.******* //-н нэр дээр ХААН банкны зээлийн судалгааны программд 2021 оны 01 сард зээл судлуулах өргөдөл үүсээгүй болохыг, мөн манай банкны хувьд Харилцааны менежер нь хэрэглээний зээл авах хүсэлт гаргаж харилцагч уулзах үед нь тухайн харилцагчид зээл олгох боломжтой эсэх хариуг өгдөг болохыг тус тус мэдэгдэж байна” гэх албан тоот /1-р хавтаст хэргийн 183-р хуудас/, - ХААН банкны тооцооны төвийн эрхлэгчийн 2021.03.31-ний өдрийн 21/26 дугаартай “...******* овогтой ******* /РД:/ нь ХААН банкинд ... тоот харилцах данстай, зээлгүй болохыг тодорхойлов” гэх албан тоот /1-р хавтаст хэргийн 250-р хуудас/, - Шүүгдэгч Ц.*******ын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1- р хавтаст хэргийн 184-245-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******т холбогдох 21240003500034, 2134000890209 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ын нь нэг хүн бөгөөд хэргийн үйл баримт нь мөн ижил буюу “2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн ын аас “одоо авчихсан байгаа зээлээ хаагаад дахин зээл аваад 3 хоногийн дараа буцаагаад өгье” хэмээн 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хоёр өөр газар явуулж прокуророос тус тусд нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид зарим хэргийг нэгтгэх эсэх асуудлыг тусгах” гэж заасныг баримтлан тус шүүхийн 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/202 дугаартай шүүгчийн захирамжаар уг хоёр хэргийг нэгтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан. Улсын яллагчаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “...хохирогч Г.аас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, ...хохирогч Ч.гээс 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, ...хохирогч Б.гаас 500,000 /таван зуун мянга/ төгрөг, ...хохирогч Б.аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, ...хохирогч С.аас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж нийт хохирлын мөнгөн дүнд тооцооны алдаа гаргасныг “...бусдад нийт 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж залруулах нь зүйтэй байна. Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна. Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Миний бие эдгээр хүмүүсийг залилсан гэж үзэхгүй байна. Учир нь би иргэд хоорондоо мөнгө зээлдэг шиг л тухайн иргэдээс мөнгө зээлсэн. Харин зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болоод хугацаа алдсан асуудал байгаа. Би энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө уг иргэдийн өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байсан. Гэтэл энэ хүмүүсийг хохирогчоор тогтоогоод намайг ийм хэрэг хийсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэж мэтгэлцэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол шаардахгүй бөгөөд “Хуурч, ...эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”-аар төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г. /2020.04.01- ний өдөр/, хохирогч Ч. /2021.01.19-ний өдөр/, хохирогч Б. /2021.01.29-ний өдөр/, хохирогч Б. /2021.02.04-ний өдөр/, хохирогч С. /2021.02.19-ний өдөр/ нараас “надад зээлсэн мөнгөөр чинь одоо авчихсан байгаа цалингийн зээлийн үлдэгдлээ төлж дуусгаад шинээр зээл аваад мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж богино хугацаа хэлж тодорхой хэмжээний мөнгө авсан боловч хохирогч нараас мөнгө зээлсэн хугацаанд Завхан аймгийн сум дахь ХААН банк, Төрийн банк, Хас банкны тооцооны төвөөс зээлийн судалгаа хийлгээгүй, зээл аваагүй болох нь дээрх тооцооны төвийн эрхлэгч нарын албан тоот, шүүгдэгч Ц.*******ын харилцах дансны хуулга зэргээр тогтоогдсон. /1-р хх-ийн 169-245, 250-р хуудас/ Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.******* нь банкнаас авсан зээлээ хааж нэмж зээл авах санаа зорилгогүй байсан боловч хохирогч нараас мөнгө авахын тулд “надад зээлсэн мөнгөөр чинь одоо авчихсан байгаа цалингийн зээлийн үлдэгдлээ төлж дуусгаад шинээр зээл аваад мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэх шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ц.*******ын дээрх үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж бусдад хохирол учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. - Хохирлын талаар: Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.гийн “...Цагдаагийн байгууллагад хандсаны дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын эхээр Ц.******* нь надаас авсан 2,500,000 төгрөгийг миний дансаар буцаагаад шилжүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-р хуудасны ар тал/ Хохирогч Б.ын “...Тэгээд гомдол гаргаснаас хойш нэг их удалгүй Ц.*******ын эгч нь гэх хүн миний утас руу яриад дансаар мөнгийг маань буцаагаад өгчихсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р хуудасны ар тал/, Хохирогч Г.ын “...Надад одоо Ц.*******аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Зээлүүлсэн мөнгөө бүрэн эргүүлж авсан тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудасны ар тал/, Хохирогч Б.гийн “...Ц.******* гэх хүнд зээлсэн мөнгөө 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эгч нь гээд нэг хүн залгаад миний ....тоот дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо Ц.******* гэх хүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудасны ар тал/, Хохирогч С.ы “...Надад одоо 1,620,000 төгрөгийг Ц.*******аас авах үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг маань өгөх боломжтой бол өгнө биз надад гэхдээ ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/- ээр тус тус тогтоогдож байна. Хохирогч С.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн болохыг шүүгчийн туслах тэмдэглэсэн байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.******* өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /1-р хх-ийн 165-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* “шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Завхан аймгийн сумын нутагт дэвсгэрт хэрэгжүүлэх” саналыг гаргав. Шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 жилийн хугацаанд түүнийг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Ц.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж байна. Харин шүүгдэгч Ц.*******т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 1 жилийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ