Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

   2022         02        16                                    2022/ШЦТ/155

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг нар оролцсон эрүүгийн ............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1990 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ............. оршин суух, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Юу би эйч” төвд үйл ажиллагаа явуулдаг “Бона Вита” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 онд 437 ширхэг захиалгыг гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Манай компани нь лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 07 дугаар сард лавлагаа мэдээллийн ажилтнаар ажилд орсон. Үйл ажиллагааны чиглэл нь шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийг ямар шинжилгээ өгөх гэж буйг бүртгээд төлбөрийн авдаг мөн шинжилгээг нь лаборатори руу оруулж өгдөг. Бэлэн мөнгөөр шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийн мөнгийг өөртөө авч байгууллагын мөнгийг хувьдаа завшиж байгааг манай байгууллага 2019 онд дотоод шалгалтаараа илрүүлсэн. Манай байгууллагын зүгээс 41.823.000 төгрөгөөр хохирсон. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлье гэдгээ илэрхийлж хохирлоос 2 сая төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Байгууллагад 3 сарын хугацаанд ажилласан. Ажилласан хугацааны цалин болох 1.575.000 төгрөгийг хассан мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 700.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн. Нийтдээ хохирол төлбөрт дансаар 2.700.000 төгрөг, ажилласан хугацааны цалин болох 1.575.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо манай байгууллага 36.807.135 төгрөгийн хохиролтой байна...” гэв.

 

Эрүүгийн .............. дугаартай хэргээс:

 

Гомдол гаргагч Э.Номингоос гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Номингийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....манай Бона Вита ХХК-ийн улсын хэмжээнд эрүүл мэндийн лабораторийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд тус компанийн санхүүгийн албанаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчээс шинжилгээний захиалгыг хүлээн авч бүртгэдэг, захиалга цуцалдаг, буцаалт хийдэг посын программ болон болон шинжилгээ хийгдсэн эсэхийг шалгадаг инфинити программд дотоод хяналт шалгалт хийсэн, уг хяналтаар посын программд өөрийн тусгай кодоор нэвтрэн орж үйлчлүүлэгчээс шинжилгээний захиалгыг баталгаажуулан хүлээн авч захиалгын дагуу үйлчилгээ үзүүлэх шинжилгээний төлбөр тооцоо хийн ээлж хүлээлцэхдээ кассын няравтай тухайн өдрийн кассын орлогын тайлан тооцоог хийж орлогыг хүлээлгэн өгөх үүрэг бүхий тус компаний лавлагаа мэдээллийн ажилтан албан тушаалтай Цэвээнжав овогтой Нямсүрэн нь өөрийн албан тушаалыг ашиглан үйлчлүүлэгчээс шинжилгээний төлбөрт өгсөн байгууллагын орлогод орох байсан мөнгийг олон удаагийн үйлдлээр хувьдаа завшиж, 2018-2019 оны хугацаанд байгууллагад нийт 41.611.100 төгрөгийн хохирол учруулсан... Ц.Н нь шинжилгээ хийлгэхээр ирсэн хүмүүсийн захиалгыг Пос программд бүртгэн шинжилгээний төлбөрийг авч хийхдээ хэрэв үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр төлбөрөө хийсэн тохиолдолд Ц.Н нь мөнгийг хувьдаа завшин дараа нь Пос программ дээр бүртгэгдсэн тухайн үйлчлүүлэгчийн захиалгыг цуцалж буцаалт хийн төлбөр тооцооноос хасуулдаг байсан байгаа нь үйл баримтаар тогтоогдож байгаа...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Энхчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Ц.Н нь лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, хуваарийн дагуу өглөөнөөс эхлэн ажиллаж, өдрийн шинжилгээний төлбөр болон өдрийн тайланг кассын ажилтанд өдөр бүр тушаадаг. Харин ингэхдээ Нямсүрэн нь кассын өдрийн тайлан дээр тухайн өдөр цуцалсан шинжилгээний мэдээлэл харагддаггүй байдлыг ашиглан цуцалсан шинжилгээний төлбөрийг өөртөө хувьдаа завшдаг нөхцөл байдал шалгалтаар илэрсэн үүнийг манай лабораторид ашигладаг Инфинити гэх шинжилгээний хариуг хадгалдаг программаас харж болно, яаж шалгах вэ гэвэл цуцалсан шинжилгээний захиалгыг яг бодит байдал дээр шинжилгээ хийгдэж хариу нь гарсан байна уу гэдгийг Инфинити программаас тулгаж харахад зөрүү нь гарч ирнэ. Харин энэ бүгдийг Нямсүрэн нь цуцалж төлбөрийг дутаасан гэдгийг нэгдүгээрт цуцалсан захиалгын жагсаалтыг гаргаж Инфинититэй тулгахад уг шинжилгээ хийгдсэн байх жишээтэй, мөн Нямсүрэн нь шөнийн ээлжийн ажилтны программд нэвтрэх эрхээр шинжилгээний захиалгыг цуцалсан нөхцөл байдал илэрч байгаа үүнийг мөн яагаад Нямсүрэн байна гэж мэдэж гэхээр ээлжийн цагийн хуваариар, Нямсүрэн нь өдрийн ээлжинд гардаг, хамт ажиллаж байгаа өдрийн ээлжийн хүний кодоор нэвтрэх боломжгүй тэгэхлээр шөнийн ээлжийн хүний нэрээр нэвтэрч захиалгыг өдрийн цагт цуцалсан байгаа байдлаар нотлогдож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч О.Цэвээнжавын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...посын программ нь байгууллага болгонд байдаг е баримтын программ гэсэн үг байгаа юм, Посын программ захиалгыг хүлээн авч бүртгээд шинжилгээний үнийн дүнгээр е баримт гаргаж үйлчлүүлэгчид өгдөг. Харин Инфинити программ дээр мөн адил шинжилгээ өгөх хүнийг бүртгэж аваад тухайн хүний өгөх шинжилгээнүүдийг нь бүртгэж аваад хадгалдаг, тэгээд бар код гаргаж аваад тухайн хүний өгсөн шинжилгээний сорьц дээр наагаад лаборатори руу шинжилгээнд оруулдаг тэгээд шинжилгээ хийгдээд хариу нь гараад ирэнгүүт бар кодоороо уншигдаад шинжилгээний хариу нь Инфинити программ руу автоматаар шилжигдээд ордог юм. Инфинити программд орсон шинжилгээний хариуг эмч нар программ руу нэвтэрч баталгаажуулдаг. Тэгээд баталгаажуулсан хариуг бид нар үйлчлүүлэгчдээ өгдөг. Ц.Нгийн тохиолдолд бол посын программ дээр захиалгыг авчхаад тухайн захиалгыг буцаагаад посын программ дээр цуцалж шивэлт хийж оруулж байгаа боловч яг бодит хэрэг дээрээ тухайн захиалга нь цуцлагдаагүй, идэвхтэй, шинжилгээ хийгдсэн болж таарч байгаа бөгөөд Инфинити программ дээр тухайн шинжилгээ нь хийгдсэн байгаа юм....харин Ц.Нгийн посын программ дээр цуцалсан гэж оруулсан үйлчлүүлэгч нарын шинжилгээ нь бүгд хийгдсэн хариу нь гарсан болж таарч байгаа юм, гэхдээ орлого нь компанид орж ирээгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...ингээд ажиллаж байх хугацаанд 2018 оны 01 дүгээр сараас эхлээд 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд 1 жил 9 сарын хугацаанд манайхаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг бүртгэж шинжилгээний цаг өгдөг байсан ба шинжилгээний төлбөрт төлдөг бэлэн мөнгийг хувьдаа авсан асуудал байгаа. Ингэхдээ төлбөрөө төлөөд шинжилгээний цаг авсан иргэдийн бүртгэлийг цахим бүртгэлд оруулаад буцаагаад дээрх бүртгэлийг цуцлагдсан гэсэн төлөвт оруулдаг ингэхээр тухайн иргэн бол шинжилгээгээ өгдөг явдаг. Харин манай программ дээр шинжилгээ өгөөгүй, тухайн иргэн цагаа цуцалсан гэж харагддаг болохоор би бэлнээр тушаасан төлбөрийг хувьдаа авдаг байсан. Харин бэлэн бусаар пос машин уншуулсан тохиолдолд ингэж авах боломжгүй гэсэн үг...миний хувьд өдөрт 20.000-30.000 төгрөгийг авдаг байсан...Би аудитын дүгнэлттэй танилцсан, дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна..Миний хувьд 2019 оны 12 дугаар сард 2.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлж байсан. Мөн дээрх асуудал үүссэнээс болж 3 сар цалингүй ажилласан сарын цалин гар дээр цэвэр 700 орчим мянган төгрөг байсан, мөн амралтын мөнгө олгогдоогүй. Дээрх төлбөрт тооцсон миний бодлоор нийтдээ 5 орчим сая төгрөг өгсөн гэж үзэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Бона вита ХХК-ны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх өдөр тутмын “Посын тайлан, кассын орлогын баримтууд 45 хавтас, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх цуцалсан шинжилгээний лавлагаа баримт 407 хуудас зэрэг баримтуудыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

“Бона Вита” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсд хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

“Номгон аудит” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт: “...Хариулт 1 Лавлагаа, мэдээллийн ажилтан Ц.Н нь 2018-2019 оны хугацаанд нийт 12316 ширхэг захиалгын баримт хүлээн авч 732.464.300 төгрөгийг тушааж орлого болгосон байна. Ц.Н тухайн өдрийн ажлын тайланг өдөр бүр гаргаж хариуцсан санхүүгийн ажилтнаар баталгаажуулж ажилласан байна. 2018-2019 онд сар бүрийн нэгтгэл тайланг Ибаримт программаас татан авч анхан шатны баримттай тулган баталгаажуулсан. Хариулт 2.Нэвтрэх эрх бүхий лавлагаа мэдээллийн ажилтан “Бона Вита” ХХК-ийн хэрэглэж буй ибаримт програмд захиалгыг бүртгэх болон устгах үйлдэл хийх боломжтой.

Бид 2018-2019 онд Ц.Нгийн өөрийн нэвтрэх эрхээр болон Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын нэвтрэх эрхээр Ибаримт программаас устгасан нийт захиалгаас дараах нотлох баримтуудад үндэслэн нийт 41.082.300 төгрөгийн үнийн дүн бүхий 911 захиалгыг устгаж байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байна.

1. 2018-2019 онд Ц.Нгийн өөрийн эрхээр хандаж Ибаримт системээс устгасан 447 ширхэг захиалгад магадлалт бус түүврийн аргыг ашиглан шинжилгээ хийсэн. Бона вита ХХК-ийн санхүүгийн албатай хамтран түүвэрт багтсан үйлчлүүлэгч нэг бүрийн хэрэглэгчийн дугаар болон регистрийн дугаараар лаборторын шинжилгээний программ болох “Roche diagnostics Cobas 6000 system”-ийн шинжилгээний хариутай тулган баримтжууллаа. Бидний түүвэрт багтсан захиалга нь цуцлагдсан 115 үйлчлүүлэгчийн шинжилгээ 100% хийгдэж хариу нь гарсан байна.

2. 2018-2019 онд Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын эрхээр хандаж ибаримтын системээс устгасан 464 ширхэг захиалгад ажилчдын батлагдсан ажпын цагийн хуваарь болон хүний нөөцийн цаг бүртгэлийн системийн мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийж баталгаажуулсан.

3. Ц.Н нь захиалгыг устгахдаа “Цуцлах утга” хэсэгт зөвхөн нэг үсгийг олон дардаг давтамж бидний шинжилгээгээр ажиглагдсан.

Хариулт З. Ц.Н нь 2018 онд баталсан ажпын цагийн хуваарийн дагуу буюу 8-17 цагийн хооронд ажилласан ба энэ хугацаанд ибаримт системд өөрийн эрхээр 246 ширхэг, Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын эрхээр 191 ширхэг нийт 437 ширхэг захиалгыг устгасан байна. Нийт устгасан захиалгын бүртгэсэн өдөр, цагийг нэгтгэн хуанли гарган баталгаажуулсан. Ц.Н нь 2018 онд өөрийн эрхээр 9.179.100 төгрөг, Б.Балдандоржийн эрхээр 1.181.500 төгрөг, Б.Тамирын эрхээр 5.602.600 төгрөг, Э.Банзрагчийн эрхээр 1.763.600 төгрөг, нийт 17.726.800 төгрөгийн гүйлгээг цуцалсан байна. 2019 онд баталсан ажлын цагийн хуваарийн дагуу буюу 8-17 цагийн хооронд ажилласан ба ибаримт системд өөрийн эрхээр 201 ширхэг, Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын эрхээр 273 ширхэг нийт 474 ширхэг захиалгыг устгасан байна. Нийт устгасан захиалга бүрийн бүртгэсэн өдөр, цагийг нэгтгэн хуанли гарган баталгаажуулсан. Ц.Н нь 2019 онд өөрийн эрхээр 10.113.600 төгрөг, Б.Балдандоржийн эрхээр 4.358.300 төгрөг, Б.Тамирын эрхээр 4.400.000 төгрөг, Э.Банзрагчийн эрхээр 4.483.600 төгрөг нийт 23.355.500 төгрөгийн гүйлгээг цуцалсан байна.

Хариулт 4. Ц.Н нь 2018-2019 онд байгууллагад нийт 41.082.300 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хариулт 5. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 49-79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1165 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх программ нь үйлчлүүлэгч бүртгэж өгсөн шинжилгээний хариуг хадгалах, хэвлэх үйлдэл гүйцэтгэдэг программ байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх програмыг тухайн компани өөрийн байранд байрлах сервер комьютерт суулгагдсан. Хэрэглэгчид програмд тухайн серверийн IP хаягаар хандаж ашигладаг байна.
  3. Уг программ нь эмнэлгийн шинжилгээний бүртгэл, мэдээлэл хийж хадгалдаг программ байна.
  4. Уг програмд бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй байна.
  5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илэрсэнгүй...” гэжээ /хх-ийн 83-87 дугаар хуудас/,  

 

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 125 дугаар хуудас/,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128 дугаар хуудас/,

 

“Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/02 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, “Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргалын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Т86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, лавлагаа мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 131-150 дугаар хуудас/,

 

Бүртгэлийн ажилтны эрхээр цуцлагдсан шинжилгээний жагсаалт /хх-ийн 151-171 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101, 106 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 102, 107 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 104, 109-112 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 105 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/,  харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 180-190, 191-199 дүгээр хуудас/, шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн баримтууд, хохирогчийн шинээр гаргаж өгсөн хүсэлт, “Бона Вита” ХХК-ийн захирлын тушаал, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай нийт 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Юу би эйч” төвд үйл ажиллагаа явуулдаг “Бона Вита” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 437 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 17 726 800 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулж завшсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гомдол гаргагч Э.Номингоос гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ С.Энхчимэгийн “....Манай байгууллагад нийт 41.082.300 төгрөгийн хохирол учирсан.. Ц.Н нь 2017 оны 07 дугаар сард лавлагаа мэдээллийн ажилтнаар ажилд орсон. Үйл ажиллагааны чиглэл нь шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийг ямар шинжилгээ өгөх гэж буйг бүртгээд төлбөрийн авдаг мөн шинжилгээг нь лаборатори руу оруулж өгдөг. Бэлэн мөнгөөр шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийн мөнгийг өөртөө авч байгууллагын мөнгийг хувьдаа завшиж байгааг манай байгууллага 2019 онд дотоод шалгалтаараа илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Номингийн “....Ц.Н нь шинжилгээ хийлгэхээр ирсэн хүмүүсийн захиалгыг Пос программд бүртгэн шинжилгээний төлбөрийг авч хийхдээ хэрэв үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр төлбөрөө хийсэн тохиолдолд Ц.Н нь мөнгийг хувьдаа завшин дараа нь Пос программ дээр бүртгэгдсэн тухайн үйлчлүүлэгчийн захиалгыг цуцалж буцаалт хийн төлбөр тооцооноос хасуулдаг байсан байгаа нь үйл баримтаар тогтоогдож байгаа...“ гэсэн мэдүүлэг,

 

 

 Гэрч Д.Оюунгэрэлийн “...Харин ингэхдээ Нямсүрэн нь кассын өдрийн тайлан дээр тухайн өдөр цуцалсан шинжилгээний мэдээлэл харагддаггүй байдлыг ашиглан цуцалсан шинжилгээний төлбөрийг өөртөө хувьдаа завшдаг нөхцөл байдал шалгалтаар илэрсэн үүнийг манай лабораторид ашигладаг Инфинити гэх шинжилгээний хариуг хадгалдаг программаас харж болно...Харин энэ бүгдийг Нямсүрэн нь цуцалж төлбөрийг дутаасан гэдгийг нэгдүгээрт цуцалсан захиалгын жагсаалтыг гаргаж Инфинититэй тулгахад уг шинжилгээ хийгдсэн байх жишээтэй, мөн Нямсүрэн нь шөнийн ээлжийн ажилтны программд нэвтрэх эрхээр шинжилгээний захиалгыг цуцалсан нөхцөл байдал илэрч байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Цэвээнжавын “...Ц.Нгийн тохиолдолд бол посын программ дээр захиалгыг авчхаад тухайн захиалгыг буцаагаад посын программ дээр цуцалж шивэлт хийж оруулж байгаа боловч яг бодит хэрэг дээрээ тухайн захиалга нь цуцлагдаагүй, идэвхтэй, шинжилгээ хийгдсэн болж таарч байгаа бөгөөд Инфинити программ дээр тухайн шинжилгээ нь хийгдсэн байгаа юм....харин Ц.Нгийн посын программ дээр цуцалсан гэж оруулсан үйлчлүүлэгч нарын шинжилгээ нь бүгд хийгдсэн хариу нь гарсан болж таарч байгаа юм, гэхдээ орлого нь компанид орж ирээгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Нгийн “...ингээд ажиллаж байх хугацаанд 2018 оны 01 дүгээр сараас эхлээд 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд 1 жил 9 сарын хугацаанд манайхаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг бүртгэж шинжилгээний цаг өгдөг байсан ба шинжилгээний төлбөрт төлдөг бэлэн мөнгийг хувьдаа авсан асуудал байгаа. Ингэхдээ төлбөрөө төлөөд шинжилгээний цаг авсан иргэдийн бүртгэлийг цахим бүртгэлд оруулаад буцаагаад дээрх бүртгэлийг цуцлагдсан гэсэн төлөвт оруулдаг ингэхээр тухайн иргэн бол шинжилгээгээ өгдөг явдаг. Харин манай программ дээр шинжилгээ өгөөгүй, тухайн иргэн цагаа цуцалсан гэж харагддаг болохоор би бэлнээр тушаасан төлбөрийг хувьдаа авдаг байсан. Харин бэлэн бусаар пос машин уншуулсан тохиолдолд ингэж авах боломжгүй гэсэн үг...миний хувьд өдөрт 20.000-30.000 төгрөгийг авдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

 

“Бона вита” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт,

 

“Номгон аудит” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт: “...Бид 2018-2019 онд Ц.Нгийн өөрийн нэвтрэх эрхээр болон Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын нэвтрэх эрхээр Ибаримт программаас устгасан нийт захиалгаас дараах нотлох баримтуудад үндэслэн нийт 41.082.300 төгрөгийн үнийн дүн бүхий 911 захиалгыг устгаж байгууллагад хохирол учруулсан...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1165 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх программ нь үйлчлүүлэгч бүртгэж өгсөн шинжилгээний хариуг хадгалах, хэвлэх үйлдэл гүйцэтгэдэг програм байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх програмыг тухайн компани өөрийн байранд байрлах сервер комьютерт суулгагдсан. Хэрэглэгчид програмд тухайн серверийн IP хаягаар хандаж ашигладаг байна. 3. Уг програм нь эмнэлгийн шинжилгээний бүртгэл, мэдээлэл хийж хадгалдаг програм байна. 4. Уг програмд бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

 

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

 

“Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/02 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Н нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, “Бона Вита” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргалын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Т86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, лавлагаа мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт,

                              

Бүртгэлийн ажилтны эрхээр цуцлагдсан шинжилгээний жагсаалт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Ц.Н нь “Бона Вита” ХХК-д лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж шинжилгээний захиалгуудын гүйлгээг цуцалж мөнгийг нь бэлнээр өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, хохирол учирсан болох нь “Номгон аудит” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт болон бусад баримтуудаар, тэрээр тус “Бона Вита” ХХК-д лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын итгэмжилэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, хариуцаж байгаа этгээд уг байдлыг хууль бусаар ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шунахай зорилгоор, ямарваа хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлдэг.

 

 “Бона Вита” ХХК-ийн зүгээс Ц.Нг лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллуулахдаа үйлчлүүлэгч нараас үйлчилгээний төлбөрт төлсөн мөнгөн төлбөр, гүйлгээ хийж тус компанийн дансанд шилжүүлэх үүрэг хариуцуулсан байдлыг ашиглаж, өөртөө хувьдаа авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээр тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэлээ.     

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Нг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, шүүгдэгч Ц.Н нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргажээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Нг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл дийлэнх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал /урьд ял шийтгэлгүй, бага насны 2 хүүхэдтэй, нөхөр Б.Ануун хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Нгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор…2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан…Хөрөнгө завших”,… гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.”гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тэрээр байнгын оршин суух хаягтай болох нь тогтоогдсон.

 

Ийнхүү шүүгдэгч Ц.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Нг  шаардлагатайгаас бусад тохиолдолд өөрийн оршин суух Улаанбаатар хот, ...................тоот газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч болох “Бона Вита” ХХК-нд 41.082.300 төгрөгийн хохирол учруулснаас 4.275.178 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс үлдэгдэл хохирол болох 36.807.122 төгрөгийг гаргуулж хохирогч “Бона Вита” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж ажил албан тушаалын байдлаа далимдуулан амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ц.Н-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

            4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Н-г шаардлагатайгаас бусад тохиолдолд өөрийн оршин суух ................газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н-гээс 36.807.122 төгрөгийг гаргуулж, хохирогч “Бона Вита” ХХК-нд олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН