Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2123000000097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн *******суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д *******ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сум Товцог баг ******* тоотод түр оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, *******овогт *******ын *******, регистрийн дугаар: .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Богдын гол баг хашаанд байрлах иргэн С.ийн гэрт байхдаа түүний цамцны халааснаас Хаан Банкны харилцах картыг хулгайлж улмаар уг харилцах картанд байсан мөнгөнөөс 1,000,000 /нэг сая/ төгрөг бэлэн мөнгөний машинаар гаргуулж авсан, - 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт иргэн Б.ын Киа Бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж байгаад буухдаа түүний эзэмшлийн 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий даваа толгойтой алтан нуухтай их гарын хаш хөөрөг 1 ширхэг, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий зүү ороож оёсон даалин 1 ширхэг, бэлнээр 10,000 /арван мянга/ төгрөг зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.*******гийн мэдүүлсэн: “...Миний хийсэн хэрэг бол миний өөрийн буруу үйлдлээс болсон тул буруугаа хүлээж байна. Дараа дахиж ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: - Хохирогч С.ийн өгсөн: “...2021 оны 06 сарын 05-ны өдөр гэж дууддаг эмэгтэйтэй хамт дэлгүүр орж юм авахуулан өөрийнхөө Хаан Банкны виза картаараа төлбөрөө төлсөн юм. Төлбөр төлөхөд нууц үгээ хэлж өгсөн. Тэгээд өмднийхөө халаасанд хийгээд үлдээсэн бөгөөд гэрт хувцсаа тайлаад тавихад өмдний халааснаас аваад АТМ-аас мөнгө аваад эргүүлж хийсэн байх гэж бодож байна. Учир нь тухайн эмэгтэйн нөхөр гэх залуу манай хашаанд машин янзалж өгч байсан тул би гарсан. Тэр эмэгтэй тэр хооронд гарчхаад ирсэн. Түүнээс хойш ямар нэгэн гадны хүн амьтан орж ирээгүй. ******* дэлгүүрийн худалдагчид картны нууц дугаарыг хэлж өгөх үед байсан. Надад 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг өгсөн байгаа бусдыг нь барагдуулаагүй.” гэх мэдүүлэг /ххийн 39-42-р хуудас/, - Хохирогч Б.ын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зүс таних эмэгтэй намайг гэртээ байхад ирээд би түрээсийн байранд байгаа өлсөөд байна. Таниар гэртээ хүргүүлмээр байна гэхээр нь би машиндаа суулгаад Жинст багаас явж Улиастай сумын Богдын гол багт байдаг “” колонкийн залгаа хажууд байдаг дугуй засварын үүдэнд зогсоод баруун бүсийн худалдааны төвийн АТМ-с мөнгө авах гээд явсан хойгуур тэр хүүхэн машин дотор үлдсэн юм. Би АТМ-ээс мөнгө аваад буцаад машиндаа ирэхэд машинд байсан хүүхэн буугаад алга болсон байсан. Намайг машинаасаа буугаад АТМ орох гэж байхад тэр хүүхэн миний цамцны гадуур өмсдөг олон карматай хантаазыг “Наадах чинь хир ихтэй юм байна, наадахаа машиндаа тайлж үлдээгээд яваач та” гэхээр нь би машиндаа тайлж үлдээгээд явсан чинь хантаазны карманд байсан 10,000 төгрөг, даваа толгойтой, алтан нуухтай, хуучин цагийн хаш хөөргийг хулгайлаад аваад явсан байна лээ. Тэгэхээр нь би тэр хүний , гэсэн дугаар руу нь олон удаа залгасан чинь утсаа аваагүй. Тэр хавиар нь хэсэг хугацаанд хайсан боловч олдоогүй. 17 цагийн үед “Хар нуур” гэдэг нэртэй барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг залуу над руу яриад таны хөөргийг нэг хүүхэн барьцаанд тавих гээд явж байна гэж ярьсан. Та хөөргөө хүнд өгөөд барьцаанд тавь гэж хэлсэн юм уу гэж надаас асуухаар нь би хөөргөө сая хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Хаш хөөрөгний мөрний нэг тал нь шар, язмагтай хуучин цагийн хаш хөөрөг байсан. Хөөрөг гадна талаараа зүү ороосон ногоон өнгийн даалинтай. Надад 6 сая төгрөгийн хохирол учирсан. Би даалингаа 400,000 төгрөгөөр үнэлээд надад нийт 6,400,000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, - Гэрч Д.ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* бид 2 ахынд очиж гэдэс идээд тэндээ хоносон юм. Маргааш нь ахын дүү нарыг гаргаж өгнө гээд Цагаан хаалга руу бид нар хамт явсан. Явах замдаа ах ******* 2 хамт дэлгүүр ороод юм авч гарч ирсэн. Тэгээд хүмүүсийг нь гаргаж өгчхөөд буцаж ахынд бид хэд очсон юм. Тэгсэн ******* “” орчхоод хүнээс мөнгө аваад ирье гээд яваад удаагүй ирсэн. Тэрнээс хойш ******* их мөнгөтэй болсон байнга л ойр зуурын юм аваад байсан. Тэгээд дараа нь ахын картнаас мөнгө авсан талаар мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, - Гэрч Г.ын өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчим санагдаж байна би төвд “” дэлгүүрийн гадаа такси үйлчилгээнд явах гээд машиныхаа гадаа зогсож байхад өмнө надаар ганц хоёр шинэ хороонд хүргүүлж байсан эмэгтэй /намхан, хар/ нэрийг нь сайн мэдэхгүй байна. Надад нэрээ танилцуулаагүй надаар өмнө таксинд явж байсан учир надтай уулзаж ахаа би танд нэг юм үзүүлээдхий гэсэн. Тэгээд миний машинд суугаад цүнхээ ухаж нууж байгаад нэг хөөрөг надад үзүүлсэн юм. Тэгээд намайг энэ ямар хөөрөг бэ? Ахаа энэ хэдэн төгрөг болох бол гэж надаас асуусан. Тэгэхээр нь би өөрөө хөөрөг чулуу огт таньж мэдэхгүй тул би өөрөө мэдэхгүй байна чамд тийм их хэрэгтэй байгаа бол би “” ломбардны зэрэг юм мэддэг хүмүүсээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд надад бол ямар нэгэн байдлаар тухайн хөөргийг зарна гэж хэлээгүй. Би авна ч гэж сонирхоогүй намайг үнэ ханшийг нь судлаад мэдээд өг ямар хөөрөг байна, би хүнээс авцаатай байсан юм тэгээд өрөндөө бодоод юмгүй хоцорч байхаар авчихъя гээд авчлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах нь энд байнга таксинд явах юм чинь чи яг үнийг нь ямар хөөргийг мэдэх гэж байгаа бол надад үлдээчихгүй юу даа ах нь заваараа хүнд үзүүлээд үнэ ханшийг нь мэдээд өгье гэж хэлсэн. Тэгээд надаа тухайн хөөргөө үлдээгээд явсан. Би тухайн хөөргийг нь машиныхаа дунд хайрцганд хийсэн явж байсан. Намайг харахад нэг улаан толгойтой, цэгээн цагаандуу өнгөтэй чулуу л байсан. Ямар хөөрөг гэдгийг нь мэдэхгүй. Би хулгайн хөөрөг гэж огт мэдээгүй. Надаа би хүнээс өрөндөө авцаатай байсан тэгээд авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/, - Б.*******гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би С.тэй “” дээр таараад манайд очиж хонины гэдэс идье гэхээр нь тэднийд очсон. Эхнэр нь гарч яваад 1 цаг орчмын дараа 2 шил архи, 1 пиво авчирсан. Тэднийд архи, пиво ууж хоносон. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ийн хүргэн, хүүхнийг нь гаргаж өгнө гээд С.бид хоёр дэлгүүр ороод өөрийн картаа уншуулж ус авсан юм. Тухайн үед би ийг дэлгүүрээс картаа уншуулж юм авахдаа картынхаа пин код хэлж байхыг цээжлээд авчихсан. Бас саарал өнгийн цамцныхаа энгэрийн дотор халаасанд картаа хийж байхыг нь харсан. Тэгээд Цагаан хаалганы тэнд 0.5 литртэй “Ерөөл” хувааж уучхаад буцаж ийнд ирсэн, эхнэр нь унтаад өгсөн. согтуу утсаар яриад сууж байхдаа карт халаасалсан цамцаа тайлаад тавьсан байхаар нь цамцных нь халааснаас картыг нь авчихсан юм. Картыг нь авч гараад ийн худалдааны төвийн АТМ-аас 1,000,000 төгрөг уншуулж авчхаад буцаж гэрт нь орж картыг нь цамцны халаасанд нь хийчихсэн. 550,000 төгрөгийг нь буцааж өгсөн, бусдыг нь ойр зуурын юм аваад үрээд дуусгасан. 2021 оны 07 сарын 01-ний өдөр намайг Шинэ хороонд байж байхад миний танил очиж намайг авсан юм. Тэндээсээ арал руу айлын байшинд бид 2 юм хийж өгчхөөд тэндээсээ Шинэ хороо гарч намайг хүргэж өгнө гээд Арлын “” колонк дээр ирээд ийн АТМ орох гээд явсан хойгуур би машинд нь үлдээд куртикнийх нь халаасанд байсан хөөргийг даалинтай нь хулгайлаад ирэхээс нь өмнө машинаас нь буугаад явчихсан юм. Хөөрөгний даалин дотор 10,000 төгрөг байсан. Авсан хөөргөө таксинд явдаг гэх хүнд хадгалуулсан байж байгаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-73-р хуудас/, - АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31-р хуудас/, - Эд мөрийн баримт хураан авсан болон хохирогч Б.т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна. “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай дүгнэлтээр “Даваа толгойтой алтан нуухтай, хуучин цагийн их гарын хаш хөөргийг 6,000,000 /зургаан сая/, зүү ороож оёсон торгон даалинг 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлсэн” байх тул шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.т 6,400,000 төгрөгийн, Хохирогч С.д бэлэн мөнгө 1,000,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учирсан байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч С.д 1,000,000 төгрөгийн, хохирогч Б.т 4,610,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.т учирсан хохирлыг биет байдлаар буюу “Даваа толгойтой алтан нуухтай, хуучин цагийн их гарын хаш хөөрөг, зүү ороож оёсон торгон даалин” зэргийг өөрт нь хүлээлгэн өгсөн /хх-ийн 23- 25-р хуудас/ бөгөөд даалин дотор байсан 10,000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэжээ. Хохирогч С.д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 550,000 төгрөгийг буцаан олгож 450,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь “хохирогч С.д үлдсэн 450,000 төгрөгийн хохиролд нь адуу өгч хохирлыг барагдуулсан” гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Мөн хохирогч С.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Б.*******гээс үлдсэн хохирлоо барагдуулж авна” гэсэн тайлбар өгсөн байна. Иймд шүүгдэгч Б.*******гээс 450,000 төгрөг гаргуулж хохирогч С.д олгож, хохирогч Б.т төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 74-81- р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргав. Шүүх шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 350 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт 5 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс 450,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.өд олгосугай.

6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.т төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ