| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0096/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/156 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
2022 02 16 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Улсын яллагч: Х.Энхжаргал,
Шүүгдэгч: Э.Х, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал, н.Өлзийбадрах нар оролцсон эрүүгийн .................... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1999 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ........... тоотод оршин суух, Монг-Эм-ХХК-нд менежер ажилтай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр буудлаас урагш явах замд 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 15 цаг 15 минутын орчим Тоёота Corrola Axio маркийн ........ УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д мөргөж амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн ................ дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 175 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Хын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бэлхийн уулзвар луу явж байсан, тэгтэл эсрэг урсгал дээр нэг эрэгтэй хүн зогсож байсан, тэгээд би нөгөө хүн рүү ойртож ирэх үедээ сигнал дарсан, тэгээд бүүр ойртон ирэх үед нөгөө хүн миний урсгал руу алхсан, тэгэхээр нь би тоормос гишгээд баруун гар тал руугаа дараад хашлага шахаад зогссон, тухайн үед зогсох үедээ нөгөө явган зорчигчийг мөргөөд газарт унагаасан, тэгээд би шууд машинаас бууж ирээд нөгөө хүн дээр очтол удалгүй тогойноос нь цус гарч эхэлсэн, мөн юм дуугарахгүй хэвтэж байсан. Би хохирогчид одоогийн байдлаар 19.435.143 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар хуудас/,
Хохирогч Д.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...манай ээж Элзвой нь надруу утсаар залгаад аав чинь Сэлхийн замд машинд дайруулчихсан байна 103-н машин ирчихсэн байна, аавыг чинь цагаан даавуугаар бүтээчихсэн, гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна, хоёр дүүдээ хэлээд эмнэлэг рүү яаралтай яваад оч гэж хэлсэн. Тэгээд ээжрүү утсаар байнга залгаж аавын биеийн байдлын талаар асуухад амьсгаатай байна, ухаангүй байгаа гээд л уйлаад яриад байсан, бид нарыг Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд ээж эмнэлгийн үүдэнд байж байсан, ээжтэй уулзахад аавыг чинь дотогшоо аваад орлоо эрчим эмчилгээний тасагруу аваад орсон гээд байж байсан, манай яг доод талын дүү бид хоёр эрчимт эмчилгээний тасгийн хаалгаар нь харсан, “...тухайн үед аавын биеийг хархад духны баруун хэсэгт шалбарч, зулгарсан байдалтай байсан, биеийг нь цагаан даавуугаар хучсан байсан учир харагдахгүй байсан ...”, “...надад жолооч талаас буяны ажлын зардал болох нийт 19.435.143 төгрөгийн хохирлыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай ээж Л.Олзвойгийн данс руу шилжүүлсэн....”,"... Э.Х нь залуу хүүхэд тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож яваад харамсалтай хэрэгт холбогдсон, манай гэр бүлээс талийгаач аавынхаа нэрийг байнга гаргамааргүй байна, хэргийг хурдан шийдвэрлэж дуусгамаар байна. Энэ хэргийг хялбаршуулсан эурмаар шийдвэрлэж өгнө үү ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 32 дугаар хуудас/,
Гэрч Л.Олзвойгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “.... манай нөхөр А.Дашянпил нь надруу 2-3 удаа залгаж ирэх болж байна уу гэж асууж байсан намайг ер нь байнга тосдог, тэгээд би гэрлүүгээ харих гээд автобусанд суугаад тойргийн буудал дээр буугаад Сэлхийн автобусанд дахиж суух гээд автобус хүлээсэн, тэр хооронд 15 цаг өнгөрч байхад манай нөхөр надруу залгаж ярьсан, би тухайн үед нөхөртөө тойрог дээр ирсэн байна гэж хэлтэл манай нөхөр би одоо гэрээсээ гарлаа гэж хэлээд утсаа тасалсан, миний зогсож байсан автобусны буудал манай гэрийн буудлаас нэг буудлын зайтай байдаг, тэгтэл манай нөхөр ирэхгүй удаад байсан, автобус ч ирэхгүй удаад байсан, тэгээд байж байтал хажуугаар 103-н автомашин дохио дуугараад гараад явсан, тэгэхээр нь би ковидын дуудлага байх гэж бодоод автобус хүлээгээд зогсож байсан. Автобус их удаж ирсэн би автобус хүлээгээд зогсоод байсан учир нь 4 тортой хүнд юм барьчихсан байсан, тэгээд автобус ирэхээр нь би суугаад 1 буудал яваад буугаад гэрлүүгээ алхаад явж байсан, тэгтэл манай гэрийн хажууханд нөгөө эмнэлгийн машин зогсчихсон, хажууд нь бас нэг цагаан өнгийн автомашин зогсож байсан, тэгээд би тухайн үед хажуугаар өнгөрөх гээд дөхөөд очтол зам дээр цус болчихсон, эмнэлгийн машины цаад талд манай нөхрийн 2 гутал малгай нь хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Хишигбаяр байшин хүйтэн байна түлээ мод авна гэж хэлсэн, тэгэхээр нь би чамд эм хүргэж өгөөд буцаад ажилтай гэж хэлсэн, тэгтэл Хишигбаяр түлээ мод авахдаа намайг дөхүүлээд автобусанд суулгаад өгнө гэж хэлсэн, тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд машинд нь суугаад лагериас Улаанбаатар хотын чиглэлд уруудаад явж байсан, тэгтэл нэг явган зорчигч зүүн гар талаас зам хөндлөн гараад алхаад явж байсан, тэгтэл Хишигбаяр машин жолоодож явахдаа сигнал дарсан тэгтэл явган зорчигч зогсохгүй урагшаа яваад байсан, тэгээд явган зорчигчийг зогсохгүй болохоор нь ойртон ирээд Хишигбаяр тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө явган зорчигчийг зүүн урд хэсгээрээ мөргөөд газарт унагасан, тэгээд машинаа зогсоогоод бид хоёр машинаас буугаад нөгөө хүн дээр очсон, зүүн талаараа хажуу тийшээ хараад газарт хэвтэж байсан, тухайн хүний толгой хэсгээс цус гарч байсан, тухайн хүн нь унтаж байх шиг хурхираад дуугараад байсан, юм ярихгүй ухаангүй байсан. Тэгээд би шууд 102 болон 103 луу болсон ослын талаар хэлж дуудлага өгсөн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2094 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд урд салхины шил зүүн гар талын доод хэсэгтээ цацарч хагарсан, урд копут зүүн гар талын булан хэсэгтээ дотогш цугларсан, зүүн гар талын урд крыло урд хэсэг буюу үзүүр хэсгээрээ дотогш хонхойсон, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл бутарч хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
2. Урд салхины шил зүүн гар талын доод хэсэгтээ цацарч хагарсан, урд копут зүүн гар талын булан хэсэгтээ дотогш нугларсан, зүүн гар талын урд крыло урд хэсэг буюу үзүүр хэсгээрээ дотогш хонхойсон, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл бутарч хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
3. Toyota Corolla Axio загварын 69-90УНД улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоормоз бүрэн ажиллагаатай байна.
4. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
5. Уг автотээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход тэнцэхгүй болно. /хх-ийн 117-120 дугаар хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №310 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “...1. Toyota Corolla Axio маркийн 69-90 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2. Явган зорчигч А.Даш-Янпил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна ...” гэжээ /хх-ийн 138-139 дүгээр хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 181 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 165 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/, гэрч К.Нямцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/, гэрч К.Бямбахүүгийн мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 166 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 167 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 168 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 169 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 170 дугаар хуудас/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 171 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 172 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 173-174 дүгээр хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 182-197 дугаар хуудас/, жолооны үнэмлэх /хх-ийн 198 дугаар хуудас/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр буудлаас урагш явах замд 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 15 цаг 15 минутын орчим “Тоёота Corrola Axio” маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д мөргөж амь нас хохирсон болох Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас, шүүгдэгч Э.Хын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мэдүүлэг, гэрч Л.Олзвой, гэрч Д.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2094 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №310 дугаартай мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, Э.Х жолоодон явсан Тоёота Corrola Axio маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр амь хохирогчийг мөргөсөн болохыг гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, амь хохирогч хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь тээврийн хэрэгслээ жолоодохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй Д мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, баримтаар төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Х-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А “...Одоо гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг харгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос “....Э.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх..” санал гаргасныг шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролтой холбоотой төлбөрийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Э.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19.435.143 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 181/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтайсайханаас “...Манай гэр бүлээс уучлалт гуйж тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Одоо гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...” гэж /хх-ийн 32/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан Э.Х-н В ангиллын №1185919 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Э.Х-с замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй, нөгөөтэйгүүр амь хохирогчоос явган хүний гарц, гарамтай хэсгээр гараагүй, аюулгүй байдлаа хангаагүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Х-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Х-т хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт хураан авсан Э.Х-н В ангиллын №1185919 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН