Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00522

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00522

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Хожа овогт К.А ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Барилга, барилгын материалын үйлдвэрийн харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч К.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1962 онд төрсөн.55 настай. Би 1980 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт засварчнаар ажилласан юм. Тухайн үед миний хөдөлмөрийн дэвтэрт энэ талаарх бичилт хийгдсэн бөгөөд анх ажилд орсон огноо, тушаалын огнооны 8-ын тоо засвартай байна. Энэ нь тухайн үед хийгдсэн бичгийн алдаа байсан. Би энэ жил хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад анх ажилд орсон огноо засвартай байна, тушаал эсвэл архивын лавлагаа авчир гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу Үндэсний төв архивд хандахад анх ажилд орсон тушаал гарч ирээгүй.Харин 1983 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал гарч ирсэн. Үүнээс шалтгаалан миний дээрх 3 жилийн хөдөлмөр ажилласан жилд тооцогдохгүй хохирч байна.Нийгмийн даатгалын байгууллага энэ асуудлаар шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд миний 1980 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч К.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Саяхан тэтгэвэрт гарсан ба тухайн үед холбогдох бүх материалыг Нийгмийн даатгалын хэлтэст тушаахад Улаанбаатар хотод Ханын материалын комбинат-д ажилласан 3 жил ажилласан талаар баримт нь засвартай гээд тооцоогүй, ганцхан тоо засвартай байсан юм. Тэгээд би аймгийн төв архивын газраар дамжуулаад Улаанбаатарын архивын шүүлгэхэд ямар нэгэн баримт гараагүй, 1982 онд ээлжийн амралттай байсан үеийн материал гарсан юм. Улаанбаатар хотын Баянхошууд байсан Ханын материалын комбинат-д хүн явуулахад тухайн байгууллага байхгүй, өөр байгууламж байгуулсан ба тэр үед материал алга болж архиваас гараагүй учраас би шүүхэд хүсэлт гаргасан болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.А нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.А нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

К.Аийн 1982 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ...1. 1980.08.19. Ажилд орохыг хүсч ХАХЗГ-ын шилжүүлгээр ирсэн тул 3-р үйлдвэрт засварчнаар томилон ажиллуулав. Комбинатын даргын 1980 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 228-р тушаалаар, 2. 1983.04.13. ББМҮЯ-ны 1797 тоот томилолтоор Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт техник механикчаар томилогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт шилжүүлэв. Комбинатын даргын 1983 оны 04 сарын 16-ны өдрийн 247-р тушаалаар гэх бичилтүүд,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 2 дугаарт ...Алмагүл 14 хоног гэж бичигдсэн бичилт,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1983 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 247 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэсэн 1. 3-р үйлдвэрт засварчин ажилтай К.А нь барилгын техникумын техник механикийн ангийг төгсгөн ББМҮЯ-ны 1983 оны 4-р сарын 12-ны өдрийн 1797 тоот томилолтоор Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт техник механикчаар томилогдсон тул 1983 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт шилжүүлсүгэй гэх бичилттэй тушаалын хуулбар,

Дархан-Уул, Дархан 16-р баг, 1 хороолол 9 байр, 39 тоотод оршин суух, Шаймуратын Гүлнарын Миний бие Ш.Г нь Улаанбаатар хотын Ханын материалын үйлдвэрт 1980-1996 он хүртэл 16 жил лаборантаар ажилласан болно. Каримхан овогтой Алмагүл нь тус үйлдвэрт намайг ажиллаж байх хугацаанд 1980-1983 оны хооронд тус үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Дархан-Уул, Дархан 16-р баг, 1 хороолол 9 байр, 39 тоотод оршин суух, Молтойн Муратын Миний бие Молтой овогтой Мурат нь Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад 1978-1997 оны хооронд 19 жил тасралтгүй ажилласан бөгөөд засварчин, кран машинист, механик зэрэг ажил эрхэлж байсан. Намайг тус комбинатад ажиллаж байх хугацаанд Каримхан овогтой Алмагүл нь 1980-1983 оны хооронд тус комбинатад 3-р үйлдвэрт засварчнаар орж ажилласан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Улаанбаатар хот, Баянгол, 2-р хороо, 2-р хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж 69-р байр 33 тоотод оршин суух, Малтайн Хуатын Миний бие Малтай овогтой Хуат нь Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад 1980-1995 оны хооронд туслах ажилчин, засварчин, мастер, инженер зэрэг ажил хийж байсан. Намайг тус үйлдвэрт ажиллаж байх хугацаанд Каримхан овогтой Алмагүл нь тус комбинатад 1980-1983 оны хооронд засварчнаар ажиллаж байсныг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч К.А нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хожа овогт К.А нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын ханын материалын комбинатын 3 дугаар үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК