| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 70/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Чулуунхүү, Шүүгдэгч Б.Мөнхцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мөнхцогтод холбогдох 2123001000131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн Завхан аймаг дахь салбар сургуульд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг Улиастай сум Жинст баг МУИС-ийн доод хэсэг 4-12 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хотгойд овогт Батжаргалын Мөнхцогт, регистрийн дугаар ИИ76050718.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүүгээс яллагдагч Б.Мөнхцогт нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, МУИС-ийн доод хэсэг 4-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч болох хохирогч Д.Байгалийг “гэрийн унь будахгүй, гэрээ барихгүй” гэх шалтгааны улмаас гэрийн унины модоор толгой, нуруу, гар цээжин тус газар нь цохиж, зүүн гарын богтос ясны хугарал, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн мөр, баруун мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхцогт нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, МУИС-ийн доод хэсэг 4-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Байгальтай “гэрийн унь будахгүй, гэрээ барихгүй” гэж маргалдан гэрийн унины модоор толгой, нуруу, гар цээжин тус газар нь цохиж, зүүн гарын богтос ясны хугарал, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн мөр, баруун мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: - Хохирогч Д.Байгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт Нөмрөг сумаас гэртээ ирсэн чинь манай нөхөр Мөнхцогт архи уучихсан, гэрээ буулгаад унь, тооноо будаад тал унийг нь будалгүй орхиж гарах гээд байхаар нь би Мөнхцогтод хандаж “энэ үлдсэн унь, тооноо будаад гэрээ барья” гэсэн чинь “өнөөдөр барихгүй, өнөөдөр будахгүй” гэсэн. Тэр асуудлаас болж бид 2 маргалдаж, намайг даварчихсан байна гээд зодох гэж хөөгөөд хар заман дээр очоод миний цээж рүү хоёр удаа цохиж авсан. Тэгээд гэртээ ирээд “чамайг цагдаа дуудаж өгнө, чи яахаараа намайг зодож байгаа юм” гэсэн чинь миний гар утсыг булааж аваад эвдээд хаячихсан. Тэгээд над руу унь угааж байсан ус цаца ад хаячихаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь чамайг бүр гүйцээгээд хаячихъя гэж хэлээд будаж байсан унинаас аваад униар цохисон. Тэр үед миний гар хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч М.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав жаахан архи уучихсан байсан. Ээж аавыг бок аваад ир гэсэн чинь аав уурлаад ээжийг хөөгөөд гар луу нь гэрийн униар цохисон, ташаа хэсэгт цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, - Шүүгдэгч Б.Мөнхцогтын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэрийг ирэх үед би ганцаараа жаахан архи уучихсан байсан юм. Тэгээд би гэрийн модоо гүйцээж будалгүй “маргааш будъя” гэсэн чинь “Гэрийн бүрээсээ угаамаар байна. Угаалгын нунтаг олоод ир” гээд байхаар нь би гарах гэтэл эхнэр намайг “хоноцын шээс” гэж хараахаар нь уур хүрээд унины хугархайгаар зүүн гар руу болон мөр ташаа зэрэг газрууд руу нь хэд хэдэн удаа цохичихсон юм. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаартай “...Байгалийн биед зүүн гарын богтос ясны хугарал хэвлийн зүүн доод хэсэг, зүүн мөр, баруун мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Байгалийн биед зүүн гарын богтос ясны хугарал, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн мөр, баруун мөр, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Б.Мөнхцогтын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнхцогтын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Байгалийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Мөнхцогт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Мөнхцогт нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.Байгаль нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би нөхөртэйгөө эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн байх тул шүүгдэгч Д.Мөнхцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхцогтын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Мөнхцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Мөнхцогт урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 49-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Б.Мөнхцогтод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Мөнхцогтод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Мөнхцогт нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Батжаргалын Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцогтыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцогтод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Мөнхцогт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ