| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/44 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга
Шүүгдэгч Э.Б,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Сансарбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******************************** нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Агьтын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 6,35м3 хэрэглээний шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн 72-85 ЗАА улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж ойн санд 247,650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Агьтын ам” гэх газрын ойгоос 6,35м3 хэрэглээний шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн 72-85 ЗАА улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн болох нь:
Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хадам дүү Э.Бийн автомашинд дайгдаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Агьтын ам” нэртэй газар эвдэрсэн машинаа засаж Тосонцэнгэл сум руу оруулах ажлаар явсан. Тухайн үед Э.Б нь мөн галын мод бэлтгэж ирэхээр явсан. Б намайг миний эвдэрсэн машин дээр үлээгээд ганцаараа мод бэлтгэх гээд “Агьтын ам” руу явсан. Яг хаанаас мод бэлтгэснийг нь мэдээгүй. Намайг машинаа засаж, янзалж дуусаж байхад Э.Б ирэхдээ өөрийнхөө машин дээр галын мод ачсан байсан. Тэгээд миний машиныг асаагаад хамт явж байгаад Тосонцэнгэл сумын төвд ирээд цагдаад саатуулагдсан. Э.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй байсан. Э.Б модыг ганцаараа бэлтгэсэн байх мод бэлтгэн гээд хөрөө авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх 45/,
Гэрч Х.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Э.Б гэгч нь 72-85 ЗАА улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгсэлд ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн. Тухайн үед зөрчил гаргаж Э.Бээс өөрийн жолоодож явсан 72-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан модыг хаанаас хэрхэн бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичгийг холбогдох байгууллагаас авсан эсэхийг асууж тодруулахад Э.Б надад “...Би энэ модыг Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Агьт” нэртэй газраас бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ холбогдох эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн...” гэж хэсэн. Тухайн үед Э.Бд цагдаагийн албан хаагчийн нийтлэг үүргийн дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг баримтыг үзүүлж шалгуулах тухай амаар шаардлага тавихад тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс өөр ямар нэгэн бичиг баримт шалгуулаагүй. Тухайн үед Э.Б ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Дээрх шалтгааны улмаас тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэрэгслийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд тээвэрлэж явсан модны хамт саатуулж холбогдох бичиг баримтыг зөрчил гаргасан иргэний хамт тухай өдрийн хариуцлагатай жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 49/,
Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Бтэй галын мод худалдаж авах талаар ярилцаж тохиролцсон зүйл байгаагүй. Хугацаа тохироогүй. Э.Б манай хашаанд өөрийнхөө мод ачсан машинтай орж ирээд зогсчихсон байсан. Бас цагдаагийн машин ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14/ болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-21/ 72-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 10/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь “Агьтын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй 6,35 метр куб модыг бэлтгэж, ойн санд 247,650 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
Хохирогч иргэний нэхэмжлэгч Л.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн санд учруулсан нийт хохирлыг Э.Бээс нэхэмжилж байна. Э.Бийн ойн санд учруулсан хохирлыг барагдуулсан тохиолдолд энэ хэрэгтэй холбоотой гарах ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 40/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Агьтын ам гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн орон нутгийн эзэмшлийн ойн сангийн 2-р мужид хамрагдана. 2019 оны 08 дугаар сарын сүүлийн 10 хоногт буюу 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээгээр мод бэлтгэх эрхийн бичгийн хуудас тасраад, манай сум дундын ойн ангид үнэт цаас ирээгүй байсан. Сум дундын ойн анги эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гоожингийн үнэт цаасыг хувиарын дагуу олгодог. Э.Б нь гоожин авах тухай хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-64/ болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай “...Иргэн Э.Бийн бэлтгэсэн гэх Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Агьтын ам” гэх газар ойн сангийн 2-р мужид хамаарна. Бэлтгэсэн мод нь хуурай түлээний шинэс хар мод байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгын үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 39,000 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модыг экологи эдийн засгийн үнэлгээг 39,000 төгрөг, бэлтгэсэн 6,35м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 247,650 төгрөг байна...” гэсэн дүгнэлт,
Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Агьтын ам” хэмээх газарт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн иргэн Э.Б нь 6,35м3 шинэс мод хууль бусаар бэлтгэсэн зөрчил илэрсэн. Ийнхүү зөрчил гаргасан иргэн Э.Бд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирол байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тогтоох нь:
1. Иргэн Э.Бийн хууль бусаар бэлтгэсэн 6,35м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах,
2. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 6,35м3=247650 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 3 дахин өсгөж тооцож 247650х3=742950 төгрөгийн нөхөн төлүүлэх,
3. Актаар тогтоосон төлбөр болох 742,950 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны дотор бүрэн барагдуулахыг Э.Бд сануулав...” гэсэн нөхөн төлбөр ногдуулах тухай акт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Э.Бийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүргэн ах А.Амарсанаагийн машины сэлбэг хотоос ирсэн гээд өөрийн “Маяти” машинаар түүнийг эвдэрсэн машин дээр нь хүргэж өгсөн. Тэгээд би цааш нутгийн “Агьтын ам” руу өгсөж “Ар нүүр” гэх газрын ойгоос ганцаараа 5 тооны босоо хуурай нарийвтар мод унагаж хөрөөдсөн ба ойд байгалийн жамаар унасан унааги модноос хөрөөдөн нэг тэвш мод бэлтгэж ачсан. Тэгээд буцаж А.Амарсанаагийн машинаа засаж байгаа газар хүрч ирэхэд хүргэн ах маань машинаа засаад дуусаж байсан. Тэндээс хүргэн ах бид хоёр өөр өөрсдийн машинтай явсаар сумын төв рүү орж сургуулийн лагерийн замаар явж байтал цагдаагийн машин бидний хажууд хүрч ирээд нэг цагдаа биднийг шалгаад гоожинггүй мод бэлтгэж тээвэрлэсэн байна гээд хүргэн ах А.Амарсанаа бид хоёрыг цагдаа руу авч явсан. Цагдаагийн журмын хашаанд модтой машиныг маань саатуулсан. Би ганцаараа модыг бэлтгэж машиндаа ачсан. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Агьтын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 6,35м3 хэрэглээний шинэс модыг бэлтгэж, уг модыг “Маяти” маркийн 72-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Бийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,35м3 хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Э.Бийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан байна. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг улсын орлого болгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6,35м3 хэрэглээний модыг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь хохиролд 742.950 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 91/ Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, “Маяти” маркийн 72-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 6,35м3 шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө, “Маяти” маркийн 72-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 6,35м3 шинэс модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ