Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00524

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00524

Баян-Өлгий аймаг

Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Жантекей тайлах овогт С.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Жантекей харажан овогт Х.Е д холбогдох иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Еаас 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9-р сард Улаанбаатар хотод сургуульд сурч байх хугацаанд интернетэд тавьсан зарын дагуу Хадыс овогтой Еаас БЗД-ийн 6-р хороо, 23-р байрны 11 тоот байрыг түрээсэлнэ гэхээр хажуу өрөөг 10 сарын хугацаатайгаар урсгал зардалтай 1300000 төгрөгөөр тохирч дүү С.Елдос бид хоёр түрээслэн авч орсон юм. Түрээсийн мөнгөө тэр даруй Х.Еы ХААН банк дахь 5180687260 тоот данс руу шилжүүлсэн болно. Гэвч сар ч болоогүй байхад түрээсийн байр нь өөр хүний өмч болох нь илэрсэн бөгөөд байрны эзэн Туяа гэгч эмэгтэй ирж байрыг чөлөөлж өгөхийг биднээс шаардаж, Е та нарын хуурсан байна, наад нөхөр чинь өөрөө байрны мөнгөө төлөхгүй байсан болохоор бид нар холбогдож чадалгүй ирлээ, та нарт дамжуулан түрээслээд алга болсон байна, би нэгэнт мөнгөө аваагүй учраас та нарыг цаашид байлгаж чадахгүй, та нар даруй байр чөлөөлж өг гэсэн. Иймд бид аргагүй эрхэнд байрыг чөлөөлж өгөн гудамжинд хөөгдөж гарсан. Би дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өргөдөл өгсөн. Энэ үед Е Баян-Өлгий аймаг рүү зугтаагаад явсан байжээ. Өлгийн Цагдаагийн хэлтсийнхэн Еыг Дэлүүн сумаас баривчилж ирэхээр миний аавыг мөн хуурч Таны 2 хүүхдийг юу гэж байраас гаргах вэ? Би өөрөө очиж зохицуулна, хэл ам гаргалгүй тав тухтай байлгана, бүү санаа зовоорой гээд мөн байрны эзэн Туяатай утсаар яриулж гараасаа баримт өгч алга болсон. Тэр чигээрээ байр ч үгүй, мөнгө ч үгүй бид хохирч үлдэв. Хотын дүүргийн цагдаа эрүү үүсгэн шалгаад би ч удаа дараа очиж уг гомдлыг маань шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргав. Ед холбогдох бүх материал нотлох баримтууд хавтаст хэрэгт бий. Эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч надаас бусад 30-аад хохирогч, оюутан сурагчид тодорхой хаяггүй учраас эзэн холбогдогч, хохирогчид хаяг тодорхой бус гэж хэргийг түдгэлзүүлээд байсаар жил гаруй боллоо. Иймд орон сууц хөлслөх гэрээний үүргээ Е биелүүлэхгүй байх тул байранд байсан хугацааны түрээсийн төлбөрийг хасаад үлдэгдэл 1300000 төгрөгийг хариуцагч Еаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.А, хариуцагч Х.Е нар харилцан тохиролцож шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Х.Е миний бие нэхэмжлэгч С.Аын нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж өгөхөөр болж нэхэмжлэгчтэй эвлэрэв. Иймд зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч С.А миний бие нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч Х.Еаас нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөгийг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлүүлж авахаар болж эвлэрэв.

Иймд нэхэмжлэгч С.А, хариуцагч Х.Е бид хоёрын эвлэрснээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ед холбогдох 1300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.А, хариуцагч Х.Е нар хоорондоо харилцан тохиролцон шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч Х.Еаас нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөгийг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлүүлж авах-аар болж, хариуцагч Х.Е нь С.Аын нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж өгөх-өөр болж, зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 13075 төгрөг, хариуцагч Х.Еаас 13075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч Х.Еаас нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөгийг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлүүлж авах-аар болж, хариуцагч Х.Е нь С.Аын нэхэмжилсэн 1300000 төгрөгөөс 400000 төгрөг хасаж, 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг 4 хувааж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж өгөх-өөр болж зохигчид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 13075 төгрөг, хариуцагч Х.Еаас 13075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК