| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж холбогдох эрүүгийн 2124000400084 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************************************
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ж нь Завхан аймгийн Тэлмэн сумын ХААН банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.С нэр дээр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээнд Б.С гарын үсгийг дуурайлган зурж ХААН банкнаас зээл гаргаж,
2020 оны 8 дугаар сарын 11-нд 17,500,000 төгрөг, дараа нь 2020 оны 8 дугаар сарын 19-нд 2,500,000 төгрөгийг иргэн М.О нэр дээр нийт 20,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнд М.О гарын үсгийг дуурайлган зурж ХААН банкнаас зээл гаргаж, өөрийн ажлын байрны давуу байдлаа ашиглаж Б.С, М.О нарын нэр дээр интернет банкны эрх нээж, интернэт банкаар гүйлгээ хийж хувьдаа завшиж, ХААН банкинд 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж нь “ХААН банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Тэлмэн сум дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.С гарын үсгийг дуурайлган зурж, ХААН банкнаас түүний нэр дээр 20,000,000 төгрөгийн малчны зээлийг,
Мөн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 17,500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнд М.О гарын үсгийг дуурайлган зурж ХААН банкнаас М.О нэр дээр нийт 20,000,000 төгрөгийн хадгаламжийн зээлийг тус тус гарган авч, өөрийн ажлын байрны давуу байдлаа ашиглаж Б.С, М.О нарын нэр дээр интернэт банкны эрх нээж, интернэт банкаар гүйлгээ хийж хувьдаа завшиж, ХААН банканд 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-нд иргэн Ор нь Хаан банкны Тосонцэнгэл сум дахь тооцооны төвд хадгаламждаа мөнгө хийх гэж биеэр ирсэн юм билээ. Гэтэл хадгаламж барьцаалсан зээл авсан байсан учир манай ажилтан Оргилболдод та хадгаламжид мөнгө хийж байхаар энэ зээлээ төлбөл хүү нь арай бага биш үү гэх санал тавьсан. Тэгээд Оргилболд миний нэр дээр зээл байхгүй шүү дээ гэснээр энэ асуудал ил болсон юм. Тэгээд манай Хаан банкны дотоод аудитын газар хяналт шалгалт хийхэд Б.Ж нь Оргилболдын хадгаламжийг барьцаалж 2020 оны 8 дугаар сарын 11-нд 17,500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-нд 2,500,000 төгрөгийг Оргилболдын нэр дээр авсан бөгөөд зээлийн гэрээн дээрх Оргилболдын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж 20,000,000 төгрөгийг, мөн Самбуу гэх хүний малчны зээлийн гэрээн дээрх гарын үсэг болон хамтран зээлдэг Гантөмөр нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж зээлийг Хаан банкнаас гаргаж дээрх нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлж улмаар өөрийн болон ойр дотны нэр бүхий 10 хүний нэр дээр шилжүүлэн авсан байдаг Б.Ж нь дээрх хүмүүсийн зээл авах хүсэлтийг цахимаар бөглөж хүсэлт илгээгээд зээл өгсөн юм билээ. Хаан банкны салбар тооцооны төвийн эрхлэгч нарт интернэт банкны бүртгэл нээх эрх байдаг юм. Энэ эрхийг хувийн зорилгодоо ашиглаж интернэт банк нээгээд өөртөө авсан юм билээ. Энэ зөрчил илэрсний дараа Б.Ж бусдад учруулсан хохирол болох зээлийн 39,722,276 төгрөгийг Б.Ж авах авлага үүсгэж дээрх хүмүүсийн зээлийг хаасан. Оргилболдоос 20,000,000 төгрөг, Самбуугаас 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийн зээл авсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.О Хаан банкны хадгаламжийн дансандаа мөнгө хийх гэж ирсэн. Хэдэн төгрөг хийх гэж ирсэн талаар одоо санахгүй байна. Иргэн М.О хадгаламжийн дансыг барьцаалсан зээлийг Тэлмэн салбараас авсан байсан, эхлээд хадгаламжийн дансыг барьцаалан зээл авахын тулд банкны салбар дээр ирж гэрээ хийх хэрэгтэй байдаг юм. Тэрийг нь Тэлмэнд хийсэн байсан. Иргэн М.О хадгаламжийн дансыг барьцаалан 20 сая төгрөгийн зээл авсан байсан. Иргэн М.О орлого хийхээр ирэхэд нь би түүнд хандаж “та хадгаламжийн дансандаа мөнгө хийснээс зээлээ төлсөн нь дээр байх, зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр шүүдээ” гэж хэлсэн. Тэгтэл иргэн М.О би зээл аваагүй гэж хэлсэн. Бас тэр хүн интернэт банктай гэдгээ мэдэхгүй байсан. О нь өөрийн хадгаламжийн дансыг барьцаалан зээл аваагүй талаар надад хэлэхээр нь би түүнд “Та Тэлмэн сумын Хаан банкнаас интернэт банк ашиглан онлайн хадгаламж барьцаалсан 20 сая төгрөгийн зээл авсан байна” гэж хэлэхэд М.О гараад явсан. Удахгүй орж ирээд Тэлмэн сумын миний таньдаг хүн авсан байна. Удахгүй төлнө гэнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Тэлмэн сумын Хаан банкнаас хадгаламж барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авч байгаагүй. Би 2020 оны 12 дугаар сард яг хэдэн байсан талаар санахгүй байна Тосонцэнгэл сумын Хаан банкаар өөрийн 5508084070 дугаартай хадгаламжийн дансанд мөнгө хийх гээд иртэл банкны ажилтан та хадгаламждаа мөнгө хийснээс зээлээ төлсөн нь танд ашигтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээл аваагүй талаараа хэлтэл банкны ажилтан та хадгаламж барьцаалсан зээлтэй юм байна гэж хэлсэн. Тэгээд би юу болов гээд гайхаад Тэлмэн сумын Хаан банк руу залгаад байж байтал Ж гэдэг Тэлмэн сумын Хаан банкны ажилтан над руу залгаад “эгч нь чиний өмнөөс зээл авчихсан юм уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би хариад байж байтал Хаан банкнаас С гэдэг хүн ирж уулзаад намайг зээл авсан эсэх талаар тодруулаад, намайг хохиролгүй болгож өгнө гээд явсан. 2021 оны хавар Хаан банкнаас нэг өдөр залгаад таны зээлийг бүрэн төлсөн таныг хохиролгүй болгосон гэж ярьсан...” гэсэн /хх 39-41/,
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай банкны интернэт банк хариуцсан ажилтан гэж байхгүй, банкны теллер, ахлах теллер, эрхлэгч нар интернэт банк нээх эрхтэй байдаг. Интернэт банкны үйлчилгээг нээлгэхийн тулд харилцагч хүсэлт гаргаад өөрийн биеэр хүрэлцэн ирж анкет бөглөж байж нээлгэдэг...” гэсэн /хх 53-54/, мэдүүлэг,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй. Зээлийн гэрээн дээр ямар нэгэн гарын үсэг зурж байгаагүй. Манайх ам бүл цөөхөн учир ямар нэгэн зээл авах шаардлага гардаггүй. Хэдэн малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа болгоод байдаг. Хэдэн жилийн өмнө Тэлмэн сумын Хаан банкны ажилтан Ж манай гэрт ирээд эхнэр бид хоёроос зээл аваад өгөөч гэж хэлж байсан. Бид хоёр зээл авч өгч чадахгүй гэдгээ хэлээд явуулсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 44-46/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манайх Хаан банкнаас зээл авч байгаагүй, зээл авах шаардлага байхгүй, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас зээл авч гарын үсэг зурж байгаагүй, манай нөхөр Самбуугийн нэрээр хүн зээл авсан байна гэж аймгийн Хаан банкнаас манайд хүн ирж уулзаж байсан. Манай нөхөр болон би зээл авч гарын үсэг зурж байгаагүй. Би Хаан банканд хадгаламжийн нэг данс эзэмшдэг байсан. Тэрийгээ 2021 оны хавар хаалгасан...” гэсэн мэдүүлгүүд /хх 49-50/ болон
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000000043 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр авсан гэх малчны зээлийн гэрээ шинжилгээнд тэнцэнэ. Мөн иргэн Б.С, Г,.Г нарын гарын үсгийн туршилтын загвар, Б.С гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар шинжилгээнд тэнцэнэ. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл/, барьцааны зээл /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-үүд дээрх Самбуу гэж бичигдсэн 3 ширхэг гарын үсэг Б.С гэх гарын үсгийн загварууд тохирохгүй байна. Гэрч Г.Г гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар шинжилгээнд ирүүлээгүй. Мөн Завхан аймгийн архивын тасагт байхгүй байх тул шинжилгээ хийх шаардлагыг хангахгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 87-94/,
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000000044 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 22-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Хаан банкнаас авсан зээлийн гэрээ, иргэн М.О гарын үсэг болон бичгийн хэвийн туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Хаан банкнаас авсан гэх зээлийн гэрээн дээрх гарын үсэг иргэн М.О гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэсэн /хх 104-109/ шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн үйлдлийн талаар маргахгүй хотод мөнгө хүүлэгч нараас мөнгө зээлсэн байсан. Түүнийгээ төлөх гэж М.О нэр дээр хадгаламж барьцаалсан зээл, Самбуугийн нэр дээр малчны зээл гаргаж авсан. Мөн гүйлгээг интернэт банкаар дамжуулж хийсэн. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд түүнийг ХААН банкны Тэлмэн сум дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ХААН банкнаас Б.С нэр дээр 20,000,000 төгрөгийн малчны зээл, М.О нэр дээр 20,000,000 төгрөгийн хадгаламжийн зээлийг тус тус гарган авч, ХААН банканд 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ж холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Жын Завхан аймгийн Тэлмэн сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн ажлын байрны давуу байдлаа ашиглаж Хаан банкнаас 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.С гарын үсгийг дуурайлган зурж түүний нэр дээр 20,000,000 төгрөгийн малчны зээл, М.Оргилболдын гарын үсгийг дуурайлган зурж түүний нэр дээр 2020 оны 8 дугаар сарын 11-нд 17,500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-нд 2,500,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг тус тус гарган авч, Б.С, М.О нарын нэр дээр интернэт банкны эрх нээж, интернэт банкаар гүйлгээ хийж хувьдаа ашигласан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ж үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид нийт 40,614,578 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Энэ зөрчил илэрсний дараа Б.Ж бусдад учруулсан хохирол болох зээлийн 39,722,276 төгрөгийг Б.Ж авах авлага үүсгэж дээрх хүмүүсийн зээлийг хаасан. Оргилболдоос 20,000,000 төгрөг, Самбуугаас 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийн зээл авсан...” гэсэн мэдүүлгээр, мөн шүүгдэгч нь 40,614,578 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь ХААН банкны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвийн “...Б.Ж нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 40,614,578 төгрөгийг төлж, ХААН банкийг хохиролгүй болгосон нь үнэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй..” гэсэн тайлбар болон төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3,200,000 төгрөг, ХААН банкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 614,578 төгрөг, 10,100,000 төгрөг, 3,833,839 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1,130,10 төгрөг, 2,989,500 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15,375,531.96 төгрөг шилжүүлсэн баримтууд болон дансны хуулга зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Б.Ж нь Эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 40,614,578 төгрөгийг төлж Хаан банкийг хохиролгүй болгосон нь үнэн болно...” гэсэн хохирогчийн хүсэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байр 21 тоотын 34,32 м3 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.Ж албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж 5,100 /таван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 40,614,578 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 хорооллын 119-21 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ