Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00525

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00525

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, Секел толбай овогт М.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; хариуцагч Т.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 10 сарын хугацааны цалин 80264800 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; М.Х нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн б/05 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан юм. Улмаар тус аймгийн Сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан. Мөн гуравдагч талаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба өмнөх шийдвэрийг хэвээр нь баталсан юм.

Иймд ажилгүй байсан 10 сарын цалин болох 80264800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээж авсан юм. Нэхэмжлэгч М.Х нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу М.Хг би үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд, энэхүү томилоход та 3 сар ажиллаж 60 нас хүч ирэх оны 02 дугаар сард тэтгэвэрт гарах ёстой, тийм учраас таныг ажилд томилж, 3 дугаар сард тэтгэвэрт гаргана гэхээр нь М.Х нь ... За би 9 дүгээр сард тэтгэвэрт гарна, энэ хугацаанд намайг ажиллуулж өг, би ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхгүй ... гэсэн хүсэлт тавьж бид нар тэгж тохиролцсон боловч биеийн байдлын улмаас 2017 оны 7 дугаар сард тэтгэвэрт гарсан байгаа. Нэхэмжлэгч өөрөө ярьж чадаагүй ба энэ талаар түүний хүүхэд нь надад ирж ийм саналыг тавьсан болно. Миний хувьд яагаад энэ хүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоос татгалзаж байгаа вэ гэвэл, манай байгууллага өнөөдрийн байдлаар 56 сая төгрөгийн цалингийн өглөгтэй. Тийм учраас би М.Хд энэ байдлыг ойлгуулан хэлж, таныг 4 сар нэмж ажиллуулъя санал тавьж харилцан тохирсон боловч яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасныг сайн олгохгүй байна. Хуулийн дагуу түүний цалин хөлсийг бид нар төлөх ёстой. Яагаад гэвэл өмнө даргын энэ асуудлыг буруу шийдсэн нь үнэн, энэ талаар би сайн мэдэж байгаа. Ийм л тайлбар хэлмээр байна. Баярлалаа гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс М.Хн ажилгүй байсан хугацааны олговор 80264800 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Хг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд М.Х нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоосон байх уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0151 дугаартай магадлалаар хэвээр нь үлдээсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дугаартай шийдвэрийг үндэслэн М.Хг Булган сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолтоор М.Х нь нийт 802648 төгрөгийн цалинтай болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч М.Х нь 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 2017 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл нийт 10 сар ажилгүй байсан байх нь ажилгүй байсан хугацааны олговрыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын дээрх тодорхойлолтод дурдсан хэмжээгээр тооцоход хийт 8026480 /802648х10=8026480/ төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 80264800 төгрөгийг гаргуулж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд гаргасан тайлбартаа 8026480 төгрөгийг 80264800 төгрөг болгон буруу бичсэн байна гэж тайлбарласан байх тул уг илүү нэхэмжилсэн 72000000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 8026480 төгрөгийг гаргуулан М.Хд олгож, илүү нэхэмжилсэн 72000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 8026480 төгрөгийг гаргуулан М.Хд олгож, илүү нэхэмжилсэн 72000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559274 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 147187 төгрөгийг гаргуулан М.Хд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК