Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2094

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах  тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.С нь Хан-Уул дуүргийн 11 хороо ............. тоотын 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны өмчлөгч. Миний эцэг Д.Г нь найз Д.Б-оо хамтран Капитал банкнаас ззэл авахаар тохиролцон миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд найз Д.Б-ийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Харин найз Д.Б нь Капитал банкинд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 315 сая төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар зээлж мөнгийг хуваан авсан. Ингэхдээ миний эцэг Д.Г түүний найз Д.Б нар доорх тохиролцоог хийж шүүхээр баталгаажуулсан юм. Тодруулбал, Капитал банкнаас хүлээн авсан зээлээс 185 сая төгрөгийг миний эцэг д.Ганбат 130 сая төгрөгийг, түүний найз Д.Б төлөх, банкны зээлийг талууд төлж дуусмагц Д.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Г.С миний өмчлөлд буцаан шилжүүлэх талаар харилцан тохиролцож энэ тохиролцоогоо Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар эвлэрч баталгаажуулсан. Гэтэл Д.Б болон миний эцэг Д.Г нар нь Капитал банкнаас
авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны
12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б-оос 385 сая
төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг
албадан гүйцэтгэх ажиллагаагаар Капитал банкинд барыдаалсан үл хөдлөх
хөрөнгийг албадан дуудлага худалдаанд        оруулахдаа зөвхөн төлбөр төлөгч  Д.Б-оос үнийн санал авч дуудлага худалдаанд оруулан улмаар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа төлбөр авагч Капитал банкинд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр төлөгч Д.Б нь өөрийн төлбөрийг миний хөрөнгөөр төлж барагдуулах хүсэл сонирхол бүхий учраас өнөөдрийн зах зээлийн ханшнаас маш доогуур буюу 600 000 төгрөгөөр дур мэдэн, үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн үнийн санал өгсөн байсан. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж НШГАны Чингэлтэй дүүргийн 122 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.О-т өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Улмаар өөрийн зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох шаардлагатай талаар 2014 оны 2 сард мэдэгдсэн ч харамсалтай нь хүлээн аваагүй. Гэтэл Улсын дээд шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд" гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргаж болох талаар хуульчилсан байдаг. Гэвч НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Б-ийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэнд маш их гомдолтой байна. Мөн НШГА өмчлөгч миний эрх ашгийг тодорхойлсон жинхэнэ өмчлөгч гэдгийг төлбөр төлөгч Д.Б зөвшөөрсөн шүүхийн  хүчин  төгөлдөр  1347  дугаар захирамжийг  анхаарч  үзээгүй учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.С намайг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1  дэх  хэсэгт  заасан   эрх  эдлүүлж  шийдвэр  гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох   комиссын   хурлаараа   үл   хөдлөх   эд   хөрөнгийг   төлбөр   төлөгч Д.Б-ийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банканд шилжүүлсэн НШГА-ны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 Миний бие дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж түүний албадан гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн 2013 оны 10 сарын 2-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б-оос 358 979 000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Д.Б-ийн "нэг хүний" өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн     Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 122/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 122/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Д.Б нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 630 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцож зөвшөөрсөн тул 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан бөгөөд худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Капитал банканд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............. тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг төлбөр авагч Капитал банкны өмчлөлд төлбөртөө тооцон өгөхөөр санал гаргасан бөгөөд төлбөр авагч Капитал банк 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/1664 тоот албан бичгээр төлбөрт тооцон авахыг зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгч Г.С нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр НШГАнаас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Г.С нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гуравдагч этгээд биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үл хөдлөх эд хөрөнгийг Г.С нь эзэмшиж, суллаж өгөхөөс зайлсхийсээр байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Г.С-ын зүгээс байнга гомдол, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр удаа дараа саад учруулах үйлдэл гаргадаг байсан бөгөөд одоо ч гэсэн дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг суллан өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 Иймд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоот хаягт байрлах 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцыг Г.С-ын          хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гуравдагч этгээд учир миний эрх ашиг хөндөгдсөн гэдэг үүднээс шүүхэд хандаад яваад байгаа. Одоо уг байр Капитал банкинд шилжсэн. Шийдвэр гүйцэтгэх алба тэр байрнаас намайг албадан гаргах эрхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Капитал банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлд НШГА-ны 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Орон сууцыг санал болгох хурлаар Капитал банкны өмчлөлд шилжүүлээгүй. Төлбөр төлөгч Д.Б нь өөрөө төлбөртөө тооцоод орон сууцыг Капитал банкинд санал болгосон учир Капитал банк үүнийг хүлээн авч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байгаа. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан санал болгох хуралдаан хийгдээгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч болон төлбөр авагч тал тохиролцоод эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн. Тийм учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 1347 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхийг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөх гэдэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь уг хэрэгт хамааралгүй тусдаа ажиллагаа гэж үзэж байгаа тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын хариуцагч НШГА-ны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг НШГА-нд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШГАны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв 8 өрөө, амины орон сууцыг нэхэмжлэгч Г.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШГА улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж НШГАны 122 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.О-т өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Мөн өөрийн эрх ашиг хөндөгдөж тухай 2014 оны 2 дугаар сард мэдэгдэж тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргасан ч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Гэтэл Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргаж болох талаар хуульчилсан. Гэвч НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Б-ийн төлбөрт тооцон авч төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэнд маш их гомдолтой байна.  Мөн НШГА өмчлөгч миний эрх ашгийг тодорхойлсон  жинхэнэ өмчлөгч гэдгийг төлбөр төлөгч Д.Б зөвшөөрсөн шүүхийн хүчин төгөлдөp 1347 дугаар захирамжийг анхаарч үзээгүй учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.  Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.С намайг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Б-ийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн НШГА-ны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Чингэлтэй дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Б нь Капитал банкинд төлөх 130 сая төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй атлаа миний өмчлөлийн орон сууцыг Капитал банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан нь хууль бус үйлдэл юм. Гэтэл Д.Б нь уг шийдвэрийн өмнө гарсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжийг биелүүлэхээс зайлсхийж улмаар миний өмчлөлийн орон сууцыг төлбөртөө тооцуулах санаа зорилго агуулж Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн. Мөн НШГА нь албадан гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар миний бие ШШГЕГ-т болон НШГА-нд тус тус гомдол гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн 2013 оны 10 сарын 2-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж нэхэмжлэл гаргасныг  шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.  Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нээхмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч НШГА-д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б-оос 358 979 000 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 25-28 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 байр, 4 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн, хураажээ. /хх-ийн 29, 31-34 дүгээр тал/

 

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

Анхны болон хоёрдахь дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч Д.Б-оос барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэх санал гаргасныг төлбөр авагч “Капитал банк” ХХК зөвшөөрч, талуудын саналын дагуу НШГА үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмчлөлийн хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг оролцуулаагүй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмчлөлийнх болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар тогтоогдоно” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь төлбөр төлөгч Д.Б нь төлбөр авагч “Капитал банк” ХХК-тай 2012 оны 01 сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед  маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Б-ийн өмчлөлийн хөрөнгө байсан болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 25-28 дугаар тал/ 

 

Хэдийгээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347  дугаар захирамжаар Д.Г, Д.Б нарын “Капитал банкнаас авсан зээлийг өөрсдийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-ын өмчлөлд буцааж шилжүүлнэ” гэж эвлэрснийг баталсан байх боловч уг захирамжийг үндэслэн Г.С-ыг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхэд учир дутагдалтай. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрхтэй болохоо бусад баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна” гэж заажээ. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 6649 дүгээр шийдвэрээр Г.С-ыг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй үндэслэлээр анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 42-44 дүгээр тал/

 

Иймд хариуцагч НШГА нь нэхэмжлэгч Г.С-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцвол зохих гуравдагч этгээд биш гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: НШГА-ны 2016 оны 5 сарын 12-ны өдрийн 16/23 тоот тогтоолоор “Чингэлтэй 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалт нь гүйцэтгэх хуудаснаас зөрүүтэй бичигдсэн” гэх үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг буцаасан байна. /хх-ийн 129 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр дахин шүүхэд хандаж гүйцэтгэх хуудсыг зөвтгөж, НШГА-нд өгсөн гэх боловч хэргийн 133 дугаар талд авагдсан дахин шинээр олгогдсон гэх гүйцэтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч НШГА нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч биш тул уг орон сууцыг бусдын хууль эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр  шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийг зохицуулалтыг буруу баримталсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 53 дугаар зүйлийн 53.2 ...” гэснийг “48 дугаар зүйлийн 48.7” гэж,

2 дахь заалтын “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ