Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Б.Алтанцэцэг,

өсвөр насны шүүгдэгч С.Г-д, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

өсвөр насны хохирогч Б.Г-хууль ёсны төлөөлөгч Н.Н-,

иргэний хариуцагч “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Үнэнбат, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны хохирогч Б.Г-хууль ёсны төлөөлөгч Н.Н-, өсвөр насны шүүгдэгч С.Г- өмгөөлөгч С.Гэрлээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Г-д холбогдох эрүүгийн 1806002221442 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн С-ийн Г, 20... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

С.Г-д нь Б.Б-бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Б.Г- зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Г- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн С-ийн Г-ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Г-д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Г- өмгөөлөгч С.Гэрлээ давж заалдах гомдолдоо: “...Өсвөр насны шүүгдэгч С.Г- гэм бурууг тогтоохдоо прокурор болон шүүгч дараах нотлох баримтуудыг үндэслэсэн байх ба эдгээр нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотолдоггүй.

Мөн тус хэрэгт маш чухал ач холбогдолтой гол нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй болно. Тодорхойлбол, шүүх тогтоолдоо өсвөр насны шүүгдэгч С.Г-д, өсвөр насны яллагдагч Б.Б-, өсвөр насны хохирогч Б.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Н-, өсвөр насны гэрч Б.Цэцмагнай, гэрч У.Тунгалаг-Оюун, гэрч Б.Батзаяа, өсвөр насны гэрч Э.Билгүүн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн шинжээчийн 727 дугаар дүгнэлт, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлгийг тус тус үндэслэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзээгүй гэж үзэж байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмыг баримтлаагүйд гомдолтой байна. Шүүхийн шийтгэх тогтоолдоо үндэслэл болгосон нотлох баримтыг авч үзвэл:

Өсвөр насны шүүгдэгч С.Г- мэдүүлгийн хувьд: “Тэрээр өөрийгөө 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл баримт /хэрэг, зөрчил, маргаан/-аар өсвөр насны хохирогч Б.Г-т хохирол учруулаагүй гэж мэдүүлдэг.

Өсвөр насны яллагдагч Б.Б-ий мэдүүлгийн хувьд тэрээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Өрөөний дарга С.Г-д очоод нөмөрч байгаа хөнжлийг нь хуулаад “бос” гэж хэлсэн. Б.Г- нь уурлаж босч ирээд С.Г- хоолойноос нь боогоод цааш түлхээд цаана нь байсан орны толгой мөргүүлээд улам цааш шахаад байхаар нь би хажууд нь очоод Б.Г- хойш нь татаад салгаад хамгийн ойрхон байсан орон дээр дарж хэвтүүлээд дарчихсан байсан” гэж дурдсан байх бөгөөд С.Г-ыг хохирогчид гар хүрсэн талаар дурдсан зүйл үгүй байна.

Өсвөр насны хохирогч Б.Г-мэдүүлгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахдаа санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулаагүй. Үүнийг далимдуулан түүнийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Учир нь, “С.Г-өөрийнх нь хоолойг боогоод багалзуурдаад хойш түлхсэн гэдэг. Үнэхээр хоолойгоо боолгуулаад, багалзуурдуулсан бол ор мөр үлдэж, энэ нь шинжээчийн үзлэгээр илрэх ёстой байсан. Мөн өөрөө толгойгоо хамгаалаад нүүрээ дараад доош суусан гэж мэдүүлдэг. Хэрвээ зодлоо гэхэд нүүр, толгойгоо хамгаалаад доош суусан байхад зүүн нүдэнд нь яаж хөхрөлт үүсэх боломжтой байх юм бэ? Тэрээр 2017 оны 12 дугаар сарын 21-22-ны өдрийн турш нүүрэндээ хөхрөлтгүй явж байсан. /гэрч Б.Батзаяа болон Э.Билгүүний мэдүүлэг/ Хохирогч гомдлоо цагдаагийн байгууллагад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд 30-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Алтангэрэл нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналыг прокурорт гаргасан байдаг. Мөрдөгч нь тус гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд тэр өдөр Б.Г- харахад гэмт хэргийн шинж байхгүй байсан учраас татгалзах санал гаргасан байх бүрэн боломжтой.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-гийн мэдүүлгийн хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нь гэрч болж чадахгүй. Учир нь тэрээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үйл баримтыг харсан хүн биш юм. Харин хор уршгийн хувьд гэрчийн мэдүүлгийн шаардлагагүйгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоож болно. Мөн тэрээр мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ гарын үсэг зурахаас татгалзсан байдаг бөгөөд яагаад татгалзсан үндэслэл, шалтгаанаа бичээгүй байна. /хх 16/ Энэ нь өөрийн өгсөн мэдүүлгээ үнэн зөв болохыг баталж чадахгүй байгааг илтгэж байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт гэртээ орж ирсэн хүүгийнхээ зүүн нүдэнд үүссэн байж болох хөхрөлтийг анзаараагүй байна гэдэг нь их сонин. Хөхрөлт буюу цусан хураа нь арьсны доорх жижиг судас хагарахад 5-10 минутын дараа, том судас хагарахад 24 цагийн дотор илэрч гарч ирнэ. Мөн хөхрөлт үүсэхийнхээ өмнө тухайн хэсэг газар улайх, хавдах зэргээр илэрдэг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн Б.Г-биед учирсан хөнгөн хохирол нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний үйл баримтаас үүсээгүй болох нь харагдаж байна. Тус өдөр нь 7 хоногийн пүрэв гараг байсан бөгөөд баасан гарагт ч зүгээр явж байсныг хохирогчийн ангийн хүүхдүүд, багш нарын мэдүүлэг, гэрэл зургаар нотлогддог. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн баасан гарагийн 15 цагаас хойш болон амралтын бямба, ням гарагт хохирогч юу хийж байсан талаарх нотлох баримт байдаггүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2017 оны 12 дугаар сарын 21-22-ны өдрөөс хойш бий болсон гэмтэл эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байсан.

Насанд хүрээгүй гэрч Б.Ц мэдүүлгийн хувьд: Түүний мэдүүлэг нь шууд нотлох баримт болж чадахгүй. Учир нь, тэрээр “Г билүү, Б билүү нарын нэгэнтэй нь маргалдсан” гэж мэдүүлсэн байна. Ийнхүү эргэлзсэн байдалтай мэдүүлж байгаа нь нотлох баримтын хувьд түүний нотлох чадварыг бууруулж байна. /хх-ийн 29-30/

Гэрч У.Т мэдүүлгийн хувьд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар түүний мэдүүлэг нотлох баримт болж чадахгүй. Учир нь тэрээр мэдээлэл өгөхдөө надад хэн нэг нь ирж мэдэгдсэн, яг хэн мэдэгдсэнийг санахгүй байна /хх-ийн 34-36/ гэж мэдээллийнхээ эх сурвалжийг заагаагүй байна. Нотлох баримтын хувьд түүний мэдүүлэг нь шууд нотлох баримт биш учир эх сурвалж нь тодорхой байх ёстой.

Гэрч Б.Б болон насанд хүрээгүй гэрч Э.Б мэдүүлгийн хувьд: Тэдгээрийн мэдүүлэг нь мөн л 2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний үйл баримтыг нотлох баримт болж чадахгүй. Харин хохирогч Б.Г-т учирсан хохирлын хувьд шууд нотлох баримт болно. Учир нь ангийн багш Б.Б тус өдрийн 11-12 цагийн үед Б.Г- дуудаж уулзсан бөгөөд өглөө нь болсон үйл баримтын талаар асуухад зүгээр гэж хариулсан ба биед нь ил харагдах шарх сорви, гэмтэл байгаагүй гэж мэдүүлдэг. Мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөө буюу шинэ жилийн баярын арга хэмжээн дээр зүгээр байсныг нь гэрчилдэг бөгөөд тус өдрийн гэрэл зургийг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг.

Шинжээч эмч Ц.О мэдүүлгийн хувьд: Дээрх бор шаргал цус хуралт нь тухайн үзүүлэгчийн 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Үзүүлэгчийн биеийн онцлогоос шалтгаалаад багадаа 3 хоног ихдээ 5 хоногийн өмнө үүснэ гэжээ. Үзлэгийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн байх бөгөөд энэ хугацаанаас 5 хоногийг хасахад 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж байна. Ингэхлээр энэ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний үйл баримттай давхцахгүй байгаа бөгөөд үүнээс хойш бий болсон гэмтэл байх боломжтой юм. Хөхрөлт нь анх үүсэхдээ багадаа 5 минут, ихдээ 24 цагийн дотор үүсдэг. Харин эдгэхдээ шинжээчийн хэлж буйгаар 3-5 хоногийн хугацаа шаардана. Хөхрөлт эхлээд 1-3 хоногт хөх ягаан өнгөтэй болоод үргэлжлээд бор шаргал өнгөтэй болоод эдгэнэ гэсэн байна. /хх-ийн 171/ Үүнээс авч үзвэл мөн л 2017 оны 12 дугаар сарын 21-ний болон 22-ны өдрөөс хойш болж таарч байна.

Энэ бүхнээс дүгнэн үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг хэн үйлдсэнийг, мөн өсвөр насны шүүгдэгч С.Г-хохирогч Б.Г-т хөнгөн гэмтэл учруулсан гэх шалтгаант холбоог эргэлзээгүй, бодитой тогтоогоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, нотлох чадвараар сул, эх сурвалжаа зааж чадаагүй, шууд нотлох баримт биш байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын заавал байх шинж шалтгаант холбоог тогтоогоогүй, шүүх дүгнэлтэд чухал ач холбогдолтой нотлох баримт болох шалтгаант холбоог нотлох гэрч Б.Батзаяа, Э.Билгүүн болон гэрэл зургийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Г- гэм буруу тогтоогдохгүй, нотлох баримтууд эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Өсвөр насны хохирогч Б.Г-хууль ёсны төлөөлөгч Н.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү 11 настай тус сургуульд орж биедээ баймгүй ахадсан зодуураар 3 жил зодуулж, өөрийн сурч боловсрох хүсэл тэмүүллээр өвчинтэйгөө тэмцэж арай ядан хичээлдээ явж байхад удаа дараа давтан гэмт хэргийг ангийн багш, сургуулийн удирдлага одоо болтол таслан зогсоохгүй олон удаа эмнэлэгт хэвтэж байхад “Битгий тоо, тоохгүй хая, эмнэлэгт жаргаж яваад ирэв үү” гэж хүүхдээс тавлан асууж байгаа асуулт зэргээс харахад шууд санаатай, өс хонзонгийн сэдэлтэй, санаатай захиалгатай гэмт хэрэг гэж үзэж шалгуулахаар удаа дараа гомдол гаргасан ч хуйвалдааны байдалтай өнгөрөх, нотлох баримт алга болох, замаасаа устах зэрэг ноцтой гэмт хэрэг нэмэгдэн хүүхдийн нэр хүндэд ноцтой халдаж “ээж нь галзуураад эмнэлэгт хэвтдэг, хүү нь гудамжинд дуулаад тэнээд явдаг” гэж эцэг, эхчүүдэд зар тараан хүний ёсноос гадуур зан үйлдэл гаргадаг. Тархины хүнд гэмтэл хүүхдийг Г, Б нараар санаатай зодуулсан гэж үзэж байна. Хүү маань зодуулж гэмтэл авснаас хойш байнга бие нь муудаж сандаргадаг болсон. ...Тэр шөнө үүрэг гүйцэтгэж хоносон ахлагч Хаш-Эрдэнэ яагаад хүүхдийг тоогоогүй орхисон бэ, ...ангийн багш Батзаяа хүүхдийг түлхэж худлаа мэдээлэл өгч санаатай муу тавьж, сургуулиас хөөлгөх шалтгаан юутай холбоотой вэ? гэдэг олон асуулт огт хөндөгдөөгүй. Ангийн багш Батзаяа анги хариуцаад 1 жил болж байгаа заах арга барил муутай, чадваргүй, их худалч, хүний нүүр рүү хардаггүй байнга зугтаж байдаг. ...Миний хүүгийн ард захиалгаар санаатай зодуулдаг эзэн холбогдогчийг олж илрүүлэн шалгуулахаас нааш бидний гомдол тасрахгүй.

Иймд нэг талыг барьсан шүүх хурал болж, жинхэнэ гэмт хэргийн эзэн нь ял завшиж үлдэж байгааг анхаарна уу. Бүх хэргүүдийг нэгтгэж шалгаж өгнө үү. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Г-д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч С.Гэрлээгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний бие Б.Г- тэр өдөр цохиж зодсон зүйл байхгүй. Тийм учраас гэм буруугүйд тооцож өгнө үү. Намайг Б.Г-ийг цохисон гэсэн баримтууд бүгд эргэлзээтэй байна. Шинэ жилийн зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгнө үү. Мөн “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулиас гаргаж өгсөн хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Г- өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч С.Г-д нь өсвөр насны хохирогч Б.Г- зодож биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг зөвхөн өсвөр насны шүүгдэгч Б.Г-мэдүүлэгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Бусад гэрчүүдийн хувьд дамжмал буюу шууд гэрч биш учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй мэдүүлэг байдаг.

Тухайн үед хажууд нь байсан өсвөр насны гэрч н.Б “цохиогүй, харин хохирогч Б.Г- нь С.Г-бос гээд хөнжлийг нь татахад багалзуурдаад шахаад байсан учраас би орон дээр унагасан” гэсэн. Өөрөөр хэлбэл С.Г-д цохиогүй гэдгийг нотолсон мэдүүлэг байдаг. Мөн ангийн багш, хамт байсан сурагчид тэр өдөр дуудаад уулзахад цохисон, гэмтсэн талаар хэлээгүй, бие эрхтэнд нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ жил болоход нүүрэн тус газарт нь ямар нэгэн гэмтэл байгаагүй болохыг харсан хүмүүс мэдүүлдэг. Энэ нь түүний авахуулсан зургаас харагддаг.

Энэ хэрэгтэй танилцахад, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт цохиулсан, гэмтсэн гэж байгаа болохоос бусад нотлох баримт, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байсан учраас энэ хэргийг анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч С.Г-гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр. Тухайн хэрэг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон тул үүнээс хойш нэг жил дөрвөн хоног болсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас прокурор яллагдагчаар татах үндэслэлгүй гэсэн заалт байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Иргэний хариуцагч “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Үнэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өсвөр насны шүүгдэгч С.Г-д нь 2014 онд, өсвөр насны хохирогч Б.Г- нь 2015 онд “Тэмүүжин Өрлөг” дунд сургуульд элсэн орж одоогоор тус сургуулийн 10 болон 11 дүгээр ангид суралцаж байна. Хэрэг болох өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө хуваарийн дагуу сурагчид өглөө 06 цагт болсон асуудал гэх бөгөөд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болох хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлгээр өсвөр насны хохирогч Б.Г- нь өглөө босох шаардлагыг хүлээн авсангүй хэмээн маргалдаж зодолдсоны улмаас С.Г-д, Б.Б- нар бүлэглэн дунд сургуулийн дотуур байранд Б.Г-биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна хэмээх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1443 дугаар тоот шийтгэх тогтоол гарсан байна. Хэдийгээр тус сургуулийн дотуур байранд зодоон гарсан гэх боловч өсвөр насны хохирогч, манай сургуулийн сурагч Б.Г- жижүүр багшид тэр даруйд нь болсон асуудлын талаар мэдэгдээгүй, ямар шалтгаанаар нуун дарагдуулсан нь тодорхойгүй. Хэрэв тухайн цаг үед болсон асуудлыг багшид мэдэгдсэн бол бидний зүгээс хойшлуулшгүй арга хэмжээ авах байсан. Холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай өсвөр насны шүүгдэгч С.Г-торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатны аль алинд нь бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэл хүргүүлээгүй, хариуцагчаар татах албан тоот ирүүлээгүй болно. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шууд дуудан ирүүлж байгаа нь хариуцагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн нь хуулийн этгээд гэж заасан байх бөгөөд тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолд ямар нэгэн хууль, эрх зүйн актуудыг үндэслэн хариуцагчаар татах ёстойг дурдаагүй, харин өсвөр насны хохирогч Б.Г-ээж Н.Н-гийн гомдлыг үндэслэн сургуулийн дотуур байранд болсон учраас гэж дурдаад иргэний хариуцагчаар татсан байна. Иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг эдлэхээр заасан боловч давж заалдах шатны шүүх хурлын үед энэхүү эрх хэрэгжих боломжгүй байна. Учир нь бид мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоор тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь улмаас оролцогчийн эрх, үүргийг эдэлж эрх хүлээх боломжгүй байна.

Иймд иргэний хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байгаа тул давж заалдах шатны шүүхээс анхааралдаа авч хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Иргэний хариуцагч “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Үнэнбатын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг сургуулийн дотуур байранд үйлдэгдсэн гэдэг нь тодорхой байдаг. Харин тухайн зодоон дотуур байранд болсон гэдэг үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаад хохирогчийн гомдлоор иргэний хариуцагчаар татлаа гэсэн шүүхийн шийдвэр гарсан байсан. Энэ нь нэг талаасаа Боловсролын тухай хуулийн эрх зүйн орчин нь бүрэн боловсрогдоогүй буюу яг дотуур байрны тухай дүрэм, журам, хуульд заасан зүйл байдаггүй. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт “Аймаг, Нийслэлийн засаг дарга нь өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Энэ сургуулийг анх үүсгэн байгуулахдаа Засаг даргын захирамжаар Боловсролын тухай хуулийг үндэслэж Батлан хамгаалахын харьяа байхаар шийдвэр гаргаж үүсгэн байгуулсан онцлог сургууль бөгөөд энэ сургуулийн эрх зүйн орчин нь учир дутагдалтай байсан. Хэдийгээр шинээр байгуулагдаж ажиллаж байгаа ч гэсэн хохирогчийн гаргасан гомдлыг харахад сургуулийн эрх зүйн орчин дутуу, хариуцуулах эзэн нь байхгүй буюу зохион байгуулж байгаа дээд шатны байгууллагын төсөв нь хүрэхгүйгээс болж дотуур байрны багш нар, хяналтын камер, эмч зэрэг албан хаагчийг 24 цагаар ажиллуулдаг нөхцөл байдалтай байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх хариуцагч мөн үү гэдэг нь учир дутагдалтай. Учир нь давж заалдах шатны эрх хэмжээнд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргах боломжгүй байдаг. Мөн давж заалдах шатны шүүхийн шатнаас иргэний хариуцагчаар татагдахад иргэний хариуцагчаас нотлох баримт гаргахад нотлох баримтыг авах боломж байхгүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, авсан арга хэмжээ, хохирогчийн гомдолд дурдагдсан багш нарын үйлдэлтэй холбоотой багш нарыг шалгуулах хүсэлт, нотлох баримттай танилцаж шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг буюу иргэний хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг хэрэгжүүлж болохгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн өөрөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн хүний бусдад учруулсан хохирлыг хуулийн этгээд төлөх бол ямар хуульд заасан үндэслэлээр хуулийн этгээд хариуцагчаар тогтоогдох талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдаж өгөх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хууль, Иргэний хуульд заасан гэм хорын хохирол гэж авч үзэхээр хохирогч талаас нэхэмжлэх зүйл байдаггүй. Хохирогчоос сургуулийн үйл ажиллагаатай нь холбогдуулж гомдол гаргадаг. Гэтэл үйл ажиллагаатай холбоотой асуудал нь тусдаа эрх зүйн харилцаагаар, эсхүл тусдаа шүүхээр шийдвэрлэгдэх асуудал юм. Учир нь яллах дүгнэлтэд С.Г- бусдад учруулсан хөнгөн гэмтэл учруулсан гэх асуудал орж ирсэн. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн эдгээр гомдлыг гаргаж байсан. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс энэ талаар шийдвэрлэж мэдэгдэл явуулж байсан байна. Энэ баримтыг анхан шатны шүүхэд дурдагдахад шүүхээс нэхэмжлэх зүйлгүй болон цаашид нэхэмжлэх эрхтэй эсэхийг дурдаж шийдвэрлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдаагүй, нотлох баримтаар авагдаагүй, хэлэлцэгдээгүй баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй байгаа учир иргэний хариуцагч давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцох боломжгүй байна. Хэрвээ үнэхээр иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа хариуцагчийн эрх үүргийг эдэлж нотлох баримтууд шинээр гаргаж өгч хохирогчийн ярьж байгаа тусгай зөвшөөрөл байгаа эсэх болон бусад бүх асуудлыг шалгах ажиллагааг явуулчхаад иргэний хариуцагчийг тогтоох ёстой гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.Г-д нь насанд хүрээгүй Б-тэй бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Г- зодон бид нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлэг, яллах дүгнэлтэд дурдагдсан хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хууль ёсны үндэслэлийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

С.Г- үйлдсэн Б.Б-бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Б.Г- зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь:

 

 өсвөр насны хохирогч Б.Г-“...Г нь намайг ороо хурдан хураа гээд углааш шидэхээр нь буцааж шидэж өгөхөд оноогүй байхад уурлаж, намайг түлхэж, газар унаган багалзуурдаж, би салгах гээд босох гэхэд тэдний ангийн Б гэх хүүхэд араас миний нуруу руу 1 удаа гараараа цохисон. Улмаар тэр хоёр надаас зуураад биеийн нүүр,нуруу, гар, бөөрний орчим гараараа ээлжлээд бүлэглэн зодсон. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүдээс салгасан. Тэгээд дахин өөр асуудал болоогүй...” /хх 15/,

насанд хүрээгүй гэрч Б.Цэцмагнайн “...Г-т шаардлага тавихад л өөдөөс нь хэрэлдээд байсан зүйл болсон...” /хх 29-30/,

гэрч У.Тунгалаг-Оюуны “...би он сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед нь байх, уг байранд Г-ийг Б, Г нар зодсон гэж хэн нэгэн нь надад мэдэгдсэн, яг хэн мэдэгдсэнийг нь би санахгүй байна...” /хх 35/,

насанд хүрээгүй гэрч Э.Билгүүний “... Тэр өдөр өглөө босчихоод ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачхаад буцаад орж ирэхэд Б, Г нар муудалцсан гэж хүүхдүүд хэлсэн...” /хх 27/  гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 727 дугаар “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...Бат-Ирээдүй овогтой Г-ийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг ээж Н.Н-г байлцуулан хийв. ...Хэсэг газрын үзлэгт: Зулайн баруун дээд хэсгээр хуйханд өвчин эмзэглэл ихтэй, зүүн нүдний доод зовхинд 2х2 см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1х2 см, 2х2 см, 1х1 см, баруун мөрний гадна дээд хэсэгт 1х1 см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 2х2 см, 1х3 см, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 1х2 см бор шаргал өнгийн цус хуралттай. ...ДҮГНЭЛТ: Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл  нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-45/ зэргээр нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Г- өмгөөлөгч С.Гэрлээ нь “...өсвөр насны шүүгдэгч С.Г- гэм буруу тогтоогдохгүй, нотлох баримтууд эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Насанд хүрээгүй гэрч Э.Билгүүн нь “...Ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачхаад буцаад орж ирэхэд, ...би яг юу болсныг мэдэхгүй байна...” /хх 27/, насанд хүрээгүй гэрч Б.Цэцмагнай нь “...зодоон цохисон зүйл болоогүй, би тэрийг хараагүй, тухайн үед өөр зүйл хийж байсан юм...” /хх 30/,  гэрч Б.Батзаяа нь “...Би тухайн хэргийн талаар үзэж харсан зүйл байхгүй...” /хх 38/ гэж С.Г-д, Б.Б-, Б.Г- нарын хооронд яг юу болсныг хараагүй, эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн “...зодуулсан, гэмтэж, өвдсөн...” гэх мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй.

 

Харин, Б.Г- С.Г-д, Б.Б- нар бүлэглэн зодсон болохыг гэрч У.Тунгалаг-Оюуны “...Ямар ч байсан тухайн үед байх, уг байранд Г-ийг Б, Г нар зодсон гэж хэн нэгэн нь надад мэдэгдсэн. ...” /хх 35/ гэсэн мэдүүлэг нотолж байна.

 

Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өсвөр насны хохирогч Б.Г-, өсвөр насны шүүгдэгч С.Г-д, Б.Б- нар нь “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн дотуур байранд хоорондоо маргалдаж, С.Г-д, Б.Б- нарын үйлдлээс Б.Г-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл явдал  болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн өсвөр насны шүүгдэгч С.Г-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, гэм буруутайд тооцсон шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн...” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусчээ.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Г-эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны хохирогч С.Г- өмгөөлөгч Н.Н- нь “...насанд хүрээгүй хүүхдүүдийг биш сургуулийн багш нарыг, сургуулийг татаж шалгах ёстой байсан...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

1806002221442 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн дотуур байранд 14 настай Б.Г- С.Г-д, Б.Б- нар зодсон үйл явдалд үүсгэсэн бөгөөд хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаар нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул тус эрүүгийн хэрэгт сургуулийн багш нарыг татан шалгах үндэслэлгүй байна.

 

Харин хохирогч Б.Г-хууль ёсны төлөөлөгч, түүний ээж Н.Н- нь сургуулийн орчинд хүүхдэд нь гэмтэл учруулсанд гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа /хх 1,2/ тус хэрэгт явагдаж эхэлсэн ба мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г-д, хохирогч Б.Г- нарын сургуулийн удирдлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт гаргаж байсныг харгалзан давж заалдах шатны шүүхээс “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийг иргэний хариуцагчаар татсан. Иймд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хэргээс үүссэн хохирол, хор уршгийн талаархи нэхэмжлэлээ иргэний шүүхэд гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өсвөр насны шүүгдэгч С.Г- өмгөөлөгч С.Гэрлээгийн “...С.Г-д гэм буруугүй...” талаархи, өсвөр насны хохирогч Б.Г-хууль ёсны төлөөлөгч Н.Н-гийн “...сургуулийн багш нарыг эрүүгийн хэрэгт татаж шалгаагүй...” талаархи давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...С-ийн Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

“...Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нь гэм хорын нэхэмжлэлээ жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                          

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ