Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч Ж.Мөнгөншагай,     

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч П.Очирбаатар, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл /ҮД:0252/,

Хэлмэрч Э.Бямбадэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Очирбаатарт холбогдох эрүүгийн 2015250002249 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Аргалжин овогт Түмэнжаргалын Очирбаатар: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Бага наран 2 дугаар гудамж 1-17 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дугаар 491 шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг 1 хилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:УБ89101611/

 

Шүүгдэгч Т.Очирбаатар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 08 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярсайханы жолоодож явсан 20-08 УБӨ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинаас хохирогч Б.Жаргалсайханы 1.000.000 төгрөгний үнэ бүхий Самсунга Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлсан,

давтан үйлдлээр 2015 оны 08 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 44-53 тоот хохирогч Дэ Груут Ламбертусын гэрээс 1250 евро, 1500 рубль, 1100 доллар, 1.300.000 төгрөгийг хулгайлсан,

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Тэгшээгийн цүнхнээс бэлнээр 2.500.000 төгрөг хулгайлж бусдад нийт 9.816.693.5 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр, 2015 оны 09 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд хохирогч Б.Бадамцэцэгт автомашиныг нь худалдаж авна гэж уулзаж улмаар “эгчид мөнгө хэрэгтэй машины мөнгө дээр нэмээд өгье” гэж хуурч мэхлэн бэлнээр 150.000 төрөг, “өвөөтэй холбогдох хэрэгтэй байна” гэж 180.000 төгрөний үнэ бүхий Айфоне-4 эс маркийн гар утас зэргийг залилсан,

2015 оны 10 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн орчим “гар утсаа түр өгч байгаач” гэж хуурч мэхлэн хохирогч Г.Бямбасүрэнгийн 300.000 төгрөгний үнэ бүхий Ю-6 маркийн гар утсыг залилсан,

2015 оны 10 сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэж хуурч мэхлэн хохирогч Н.Баясгалангийн 450.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-4 маркийн гар утсыг залилсан,

2015 оны 09 сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэх хуурч мэхлэн хохирогч Д.Должинсүрэнгийн 800.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-5 маркийн гар утсыг залилж бусдад нийт 1.880.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн давтан үйлдлээр 2015 оны 07 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сарангуад хүч хэрэглэн заналхийлж 100.000 төгрөгний үнэ бүхий МП5 тоглуулагч, бэлнээр 10.000 төгрөгийг дээрэмдсэн,

2015 оны 04 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн дэргэдэх автобусны буудлын орчимд хохирогч А.Мижиддоржид амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн Скай маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг дээрэмдсэн,

2015 оны 10 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандорж, Ш.Ундраа нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн бэлнээр 150.000 төгрөг, 240.000 төгрөгний үнэ бүхий самсунг эс-3 маркийн гар утас зэргийг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандоржийн 150.000 төгрөгний үнэ бүхий скай маркийн гар утсыг дээрэмдсэн,

Мөн 2015 оны 02 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Худалдаа хөгжлийн банкны салбар дотор хохирогч Б.Энхтүвшингээс “найз охин Отгонбаярыг чинь зодно” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж 600.000 төгрөг авсан гэмт хэргүүдэд үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Очирбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би буруу зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сонсголын бэрхшээлтэй Цолмонсайхан, Отгонбаатар бид гурав хийсэн. Өргөө-1 дээр машин дотор сууж байсан. Тэгэхэд тэр машины толь гоё юм байна авчихъя гэхээр нь би үгүй, яахын гэсэн. Тэгээд уг толийг нь харчаад 3-р хорооллын эцсийн буудлаар тойрч буцаад нөгөө машиныхаа ард зогссон. Анхнаасаа гоё тольтой эмэгтэй байна гэдгийг хараад машин дотор бид 3 ярилцсан. Цолмонсайхан, Отгонбаатар хоёр намайг тэр эмэгтэйг цохидог ч юм уу, зоддог ч юм уу шууд булааж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй, айж байна гэхэд эхнэрыг чинь очоод зодно шүү гэж хамт явсан сонсголын бэрхшээлтэй хүмүүс хэлсэн. Тэгээд би машинаас буугаад нөгөө эмэгтэйн машинд суугаад 361-н гарамын тийшээ танилцаж ярилцаад явсан. Тэр эмэгтэй надаас насаар эгч байсан. Ингэхдээ би 10.000 төгрөгөөр машинд нь бензин хийгээд явсан. Харин Цолмонсайхан, Отгонбаатар хоёр машинаар араас дагаад явж байсан. Тэгээд бид хоёр замаасаа гараад модны ойролцоо зогсоод энд бууя гэхэд тэр эмэгтэй таксиныхаа мөнгийг төл гэхээр нь толийг нь аваад дээшээ гүвээ давахад Цолмонсайхан, Отгонбаатар хоёр байсан. Харин тэр эмэгтэй машинтайгаа үлдсэн. Тэгсэн Цолмонсайхан, Отгонбаатар хоёр өө энэ чинь хогийн толь байсан байна шдээ, ямар ч хэрэггүй юм байна гээд намайг цохисон. Тэгээд би удалгүй баригдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд “зарна” гэсэн бичиг наасан машинтай эрэгтэй хүн байсан. Энэ үед Цолмонсайхан, Отгонбаатар нартай хамт машинтай явж байсан. Өмнө нь Цолмонсайханыг хэлэх боломж олгоогүй. Мөн Цолмонсайхан нь сул сонсголтой, надаас насаар ахмад, миний авсан зүйлүүдийг авч байдаг атаман юм.

Ундраа, Гандорж хоёрын эд зүйлийг аваагүй. Анх Гандорж нь эхнэр Сарангоогийн хамт 100 айлд амьдардаг байсан боловч сүүлд Ундраатай суусан. Намайг барилга дээр бригад болоод ажиллаж байхад барилгын хүмүүс 55 сая төгрөгөө өгөөгүй. Тэгээд бид мөнгөгүй болсон. Тэгэхэд анх намайг сонсголын бэрхшээлтэй ч гэсэн гар, хөл сайтай, гарын ур сайтай хүмүүс аваад ирээрэй гэхээр нь цуглуулж өгөөд тэр хүнээс мөнгө авах ёстой байсан. Гэтэл мөнгө өгөхгүй би шатсан. Хамгийн гол нь миний авсан мөнгө болон бусад эд зүйлүүдийг Цолмонсайхан, Отгонбаатар хоёр авч байсан. Урд нь гэрийнхээ ойролцоо Цолмонсайхантай танилцсан. Цолмонсайхан нь хулгай, дээрэм хийхэд царай муутай учраас чи харьцангуй царайлаг, хүний эвийг олчих болохоор чи ийм зүйл хий гэж манай гэрт байнга ирдэг. Тэдний нэр хаягийг бүтэн мэдэхгүй гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Жаргалсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..20-08 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Хэрэг гарах өдрийн өмнөх өдөр нь би машинаа унаж явж байгаад өөрийн гар утсыг машины голын хайрцаганд үлдээгээд ах Баярсайханд машинаа өгөөд явуулсан байсан юм. Тэгтэл хэрэг гардаг өдөр манай ах Очирбаатартай тааралдаад Очирбаатар гэх залуу нь машин сонирхож барьж үзье гээд гар утсаа мессэж бичээд байсан гэж байсан. Тэгээд манай ах Баярсайхан тухайн залууг дагуулж явж байхад нь Баярсайханы найз болох Дэ грүүт Ламбертус нь залгаад захаас бараа авна туслаач гээд дуудаад байсан гэсэн. Тэгээд ах Баярсайхан Очирбаатарыг дагуулаад Дэ грүүт Ламбертусыг гэрээс нь очиж аваад миний санаж байгаагаар Дэнжийн мянгийн худалдааны төвөөс бараа авчихаад буцаж Дэ грүүт Ламбертусын гэрт ирсэн бөгөөд авсан бараагаа Баярсайхан, Дэ грүүт Ламбертус хоёр авч орсон бөгөөд Очирбаатарыг машинд үлдээгээд орсон гэж байсан тэгээд Дэ грүүт Ламбертус, Баярсайхан хоёр буцаж гарч ирээд машинд үлдсэн байсан бараагаа аваад тэр гурав хамт Дэ грүүт Ламбертусын гэрт орсон гэж байсан. Дэ грүүт Ламбертус нь Баярсайханд дахиж захаас юм авах хэрэгтэй байна бөмбөгөр ороод ир би найзтай чинь сууж байя гээд Очирбаатартай хамт гэрт нь үлдсэн гэж байсан. Тэгтэл Дэ грүүт Ламбертус нь Баярсайхантай утсаар холбогдоход хамт явж байсан найз чинь гэрээс гараад явсан байна ширээний орчим байсан миний мөнгө түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ах Баярсайхан Дэ грүүт Ламбертуст болсон хэргийн талаар тайлбарлаад надад хэлэхэд би ах Баярсайханд машины голд байгаа миний утас байна уу үздээ гэхэд байхгүй байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /2 хх 2-3/

 

Хохирогч Дэ Грүүт Ламбертусаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..би 2015 оны 08 дугаар сарын өдөр өөрийн найз Баярсайхантай утсаар яриад жолоочтой машин хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд Баярсайхан нэг хүний хамтаар ирсэн юм. Тэгээд бид гурав хамтдаа хүчит шонхор зах дээр очоод мах худалдаж аваад бид гурав хамтдаа буцаад манай гэрт ирээд худалдаж авсан мах болон бусад зүйлсийг Баярсайхан болон хамт явсан залуу нь өргөж манай гэрт оруулж өгсөн. Тэгээд би Баярсайханыг Барс гудалдааны төв орж ногоо аваад нэг жуулчин ирсэн байна тэр хүнийг аваад ирье гэсэн чинь Баярсайхан хамт явсан хүнээ дагуулж явна гэхээр нь би тэр хүнийг Баярсайханы найз юм байх гэж бодож байсан учир тэр найзтай нь хамт гэртээ үлдээд кофе ууж байя гээд Баярсайханыг ганцааранг нь явуулсан. Би тэр хүнтэй хамт гэртээ байж байгаад гал тогооны өрөө рүү ороод ус буцалгаж байхад нөгөө залуу гэрээс гараад явчихсан байхаар нь би ширээний доор байсан мөнгөө үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би шууд Баярсайхан руу залгаж танай найз чинь миний мөнгийг аваад манай гэрээс гараад явчихсан байна гэсэн чинь өөдөөс тэр чинь миний найз биш гэж хариулсан.. гэсэн мэдүүлэг /2 хх 4-6/

 

Хохирогч Ч.Тэгшээгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах дээд сургуулийн спорт зааланд сагс тоглодог юм. Энэ сургууль дээр Есүсийн цуглаан болдог, энэ цуглаанд нь хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирдэг гэдгийг би мэддэг байсан. Биднийг өмнө энэ зааланд сагс тоглож байхад энэ цуглааны залуусаас зарим нэг нь гуйгаад бид нартай тоглодог байсан, тэдний нэг нь хэлгүй сонсголгүй 25 орчим насны залуу дажгүй сагс тоглодог манай багт 2-3 удаа орж тоглож байсан. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр биднийг сагс тоглож байхад нөгөө залуу ирээд мөн л манай багт орж тоглосон. Тоглолт дуусаад хувцас сольж байхдаа дараа ирнэ бид нартай тоглоно биздээ гээд утасны дугаараа өгчих гэхэд 88188729 гэсэн дугаар өгөөд нэр чинь хэн бэ гэхэд Бат гэж хэлсэн. Би өөрөө дохионы хэлээр ярьдаг тул түүнтэй харилцаж утасны дугаарыг нь авсан юм, ингээд явах гэж байхад бат хаашаа явах юм гэж асуусан, хотын төврүү явна гэхэд би 13руу явна замдаа бууя гэхээр нь за тэг тэг гэсэн. Ингээд бид заалнаас гараад би жолоогоо бариад Бат машины урд талын суудалд миний хажууд суусан. Сургуулийн гаднаас хөдлөөд би хажуугийн Америк жимсний дэлгүүр эрж самар аваадхья гэж бодоод дэлгүүрийн гадаа зогссон хамт орох уу гэж асуухад байж байя гэсэн тэгээд намайг машинаас буухад хамт буугаад машины гадаа зогсчихоор нь би машиныхаа хаалгыг түгжилгүй дэлгүүрлүү ороод ойролцоогоор 2 минутын хугацаанд самар аваал гарч ирэхэд Бат машинд байгаагүй, мөн машины гадаа ч байхгүй болохоор нь гайхаад хамт явна гэж байсан хүн хаачсан юм бол гэж бодсоноо гэнэт машины арын суудал дээр цүнхтэй мөнгө байгаа гэдгээ санаад цүнхээ авч үзэхэд цүнхэнд байсан 2,3 сая төгрөг алга болсон байхаар нь самар авсан дэлгүүр рүү гүйж очоод дэлгүүрийн гадна камерыг нь үзсэн боловч бүрзийсэн нягтрал муутай байсан тул олигтой зүйл харагдаагүй, тэгэхээр нь Батын надад өгсөн 88188729 дугаарлуу залгахад утсаа авахгүй байсан.. гэсэн мэдүүлэг /1хх 54-185/

 

Хохирогч Б.Бадамцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Ингээд хэлгүй залуу нь хэлгүй хүмүүсийн дохио хэллэгээр надаас машинаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ цаас байна уу гэж асуусан би дохионы хэл мэддэг болохоор дохиогоор юу гэж байгааг нь ойлгож байсан. тэгээд жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнийхээ цаасан дээр балаар 6 сая 500 гэж бичихэд надаас цаасыг маань аваад 5 сая 900 гэж бичихэд нь би тэг тэг гэхэд заза 6 саяар авъя гээд 6-ийн тоо бичсэн. Тэр залуу би 15 цагт Хэнтий аймаг явах ёстой Хэнтийгийнх гэж хэлээд байсан. Ингээд машиныг маань 6 саяар авахаар болоод залуу миний машиныг барьж үзье гээд машиныг маань бариад модны 2-т байдаг гэрээсээ мөнгө авч өгье гэж хэлээд явж байснаа вокзалаар дайраад явья, хөдөө явж байгаа эгчийгээ гаргаж өгчихөөд модны 2 явья гэсэн. Тэгээд Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн урд колонк дээр очиж бензин хийхдээ жолоогоо солиод би машинаа бариад вокзал дээр ирж машинаа вокзалын хойд талын машин зогсоол дээр байрлуулсан. Ингээд эгчтэйгээ уулзчихаад ирье гээд зал руу орчихоод гарч ирснээ эгчид 150.000 төгрөг хэрэгтэй байна гэнээ надад 150.000 төгрөг өгчих би 6 сая дээрээ нэмээд өгье гээд надаас 150.000 төгрөг авснаа вокзолын 2 давхрын цонхон дээр зогсож байсан эмэгтэйрүү заагаад тэр манай эгч зогсож байна манай эгч 30 настай энд ажилладаг юм би мөнгө оруулж өгчихөөд гараад ирье гээд ороод удалгүй гараад ирсэн. Тэндээсээ Гранд плазагаас хойшоо модны 2 луу явж байхад зүүн тал руу гандан руу заахаар нь гандангийн зам руу ороод яг төв гандангийн гадна хаалганы урд байдаг Шар ордон хийдийн өмнө ирж зогсоод өвөөгөөс мөнгө аваад гараад ирье манай өвөө лам байгаа юм энэ Шар ордонгийн 3 давхарт суудаг юм гэж хэлээд дотогш орчихоод буцаж гарч ирээд өвөө байхгүй байна би 15 цагт явна гэж хэлсэн болохоор удахгүй ирэх байх өвөөг ирэхээр мөнгө аваад нотариат орьё гэж хэлсэн. ..Ингээд 15 цаг орчим өнгөрхөд нөгөө залуу өвөөрүүгээ залгая гээд миний айфон 4с загварын гар утасыг аваад машинаас буугаад машины ард талд зогсож байснаа алга болчихсон байсан. гэсэн мэдүүлэг /1хх 155-156/

Хохирогч Г.Бямбасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 47-89 УНҮ улсын дугаартай автомашинтайгаа халтуур хийгээд явж байсан юм. Тэгтэл Ард кино театрын урд талын автобусны буудал дээрээс нэг эрэгтэй хүн авсан. Тэгээд тухайн залуу дохиогоор харьцсаар байгаад намайг 25 аар эмийн сангийн хажууд байдаг нэг жижигхэн дэлгүүрлүү аваачсан. Тэгээд утсаа өгөөч гээд дохиогоор гуйгаад байхаар нь би өөрийн гар утасаа өгсөн тэгээд залуу тэр жижигхэн дэлгүүрлүү орсон. Тэгээд би араас нь тухайн дэлгүүрлүү ортол тэр залуу алга болсон байсан. Би бодохдоо арын хаалгаар нь гараад явсан гэж ойлгосон гэсэн мэдүүлэг /2хх 113-114/

 

Хохирогч Э.Баясгалангаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..би 2015 оны 10 сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минут орчимд би модны орчимд байрлах Амуре рестораны хажууд талын солонгос хоолны үүдний зогсоол дээр таксинд явах зорилготой зогсож байтал нэг залуу ирээд явах уу гэж асуусан тэгээд тэр залуу миний машинд орж ирээд хэлгүй бололтой гараараа зам заагаад Гандангийн гудамж руу орсон тэнд нэг хашааны энд зогсоод хашааны хаалга нүдээд байсан тэгэж байгаад буцаж машинлуу ирээд намайг гар утсаа өгч бай хүн дуудах гэсэн юм гэх мэтээр дохиогоор хэлээд байсан тэгээд би тэр хүнд утсаа өгсөн чинь миний гар утсыг аваад тэр айлын хашаагаар даваад зугтаасан.. гэсэн мэдүүлэг /2хх 87/

 

Хохирогч Д.Должинсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 05-17 ДГО улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашинтай модны 2 орчим явж байтал нэг залуу гар өргөн суусан. Тэр залуу хэлгүй байсан. Бид 2 ойлголцохын тулд гар утсаар мессэж бичсэн. Тэр залуу ойрхон гэрээсээ эхнэр хүүхдээ аваад эмээлт хүргүүлнэ гэж бичсэн. Тэгээд гандангийн шинээр байгуулагдсан жишиг гудамжаар явж байгаад нэг айлын гадна зогссон. Тэнд очоод миний гар утсаар нэг дугаарлуу залгаж байснаа хашаа даваад зугтаачихсан.. гэсэн мэдүүлэг /2хх 70/

 

Хохирогч Б.Сарангуагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..тэгээд дүүрэн гэх газар модруу тулж очоод ийшээ машин чинь явахгүй ээ одоо эндээс манай дүү мөнгө бензин хоёр аваад гараад ирнэ гэж бичиж байснаа утасны батерэй авч сим сугалаад дундуур нь хугалаж цохингуутаа тольтой МР5-ыг шүүрч авахаар нь би боль гээд булаацалдахад нарны шил хаагчын завсар байсан 10000 төгрөг унаж ирсэн бөгөөд нөгөө хэлгүй залуу миний гарыг ард очиж дарж байгаад машинаас буугаад уул руу зугтаагаад гүйгээд орсон. гэсэн мэдүүлэг /1 хх 117-118/

 

Хохирогч А.Мижиддоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппорагийн автобусны буудлын хойд талд байрлах улаан тоосгон байрны хажууд явж байсан чинь манай тусгай сургуульд хамт сурдаг байсан Очирбаатар гэж хүү надруу ирээд намайг гар утсаа гаргаад ирээ намайг ална шүү гэж айлгаад одоо гар утсаа гаргаад ирээ чиний гар утсыг би авч ломбарданд тавина гээд булааж аваад миний гар утсыг ломбарданд тавьсан. Намайг нэг удаа нүүрлүү цохиод тэгээд заамдсан.. гэсэн мэдүүлэг /1хх 220-222/

 

Хохирогч Ж.Гандоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зүүннарангийн 9 дүгээр гудамж 21 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Ундраагийн хамт байж байтал гадна хашааны хаалга чанга нүдээд байсан. Эхнэр гараад харсан би байшингийнхаа цонхоор хартал хашааны үүдэн дээр Очирбаатар, Эрдэнэхүү нар ирчихсэн хаалга нүдэж байсан. Манай эхнэр намайг байхгүй гэж дохио зангаараа хэлэхэд Эрдэнэхүү, Очирбаатар мөн дохио зангаараа харьцаад намайг байгаа, орно, ална шүү гээд мөн салаавч гаргаад Очирбаатар манай манай эхнэрийг түлхээд хойш нь татаж унагаад хаалга татаж их ширүүн манай гэрт орж ирээд үгийн зөрүүгүй намайг дэгээдэж унагаад гэрт түрэмгийлж орж ирсэн. Араас эхнэр орж ирээд гар гар гэж хэлэхэд Очирбаатар эхнэрийг түлхэж унагаад дарж унасан. Очирбаатар дохио зангаараагаар надтай харьцаад "надад 6 сая төгрөг өг, гар утсаа өг, мөнгө байгаа бол гаргаад ир, ална шүү, эхнэртэй чинь ална за" гэх зэргээр дарамталж гэр дотуур өөрийн дураар сэлгүүцэж гадаа гудамжинд байгаа юм шиг энхэр бид 2-ыг ихээр дарамталсан. Тэгснээ Ундраагийн цүнхэн дотор байсан миний гар утсыг Очирбаатар харснаа очоод цүнхийн шүүрч аваад ухаад тэр цүнхэн дотор байсан 150.000 төгрөг мөн самсунг эсЗ загварын хөх өнгийн шинэ гар утсын авсан. Энэ гар утсыг 240.000 төгрөгөөр энэ зун наадмаар авсан. Надаас мөн айлгаж байгаад 2015 оны 10 дугаар сарын18-ны өдөр ахин гэрт ирээд 2014 оны скай гар утас авсан. Мөн ална шүү гэх зэргээр дарамталсан... гэсэн мэдүүлэг /2хх 30/

 

Хохирогч Ж.Ундраагийн мэдүүлэг /2хх 234-237/, шүүгдэгч П.Очирбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 146/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 148/, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ¹491 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 147-207/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 223-225/, Хохирогч А.Мижиддоржийн дээрэмдүүлсэн гар утасны үнэлгээ /1хх 235/ Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 120-122/, Хохирогч Б.Сарангуагийн дээрэмдүүлсэн МП5 тоглуулагчийг үнэлсэн үнэлгээ /1хх 138/, Хохирогч Д.Должинсүрэнгийн алдсан гар утасны үнэлгээ /2хх 72/, Гэрэл зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх 77/, Хохирогч Э.Баясгалангийн алдсан гар утасныг үнэлсэн үнэлгээ /2хх 88/, 3урагт таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх 93-96/, Гэрэл зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх 107-108/, Хохирогч Г.Бямбасүрэнгийн алдсан гар утасны үнэлгээ /2хх 106/, Хохирогч Ж.Гандорж болон Ш.Ундраа нараас дээрэмдсэн эд зүйлсийн үнэлгээ /2хх 32/, Хохирогч Ш.Ундраагийн мэдүүлэг /2хх 225/, Хохирогч Б.Энхтүвшингийн мэдүүлэг /2хх 56-58/, болон хэрэгт авагдсан бусад  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Очирбаатар нь 2015 оны 08 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярсайханы жолоодож явсан 20-08 УБӨ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинаас хохирогч Б.Жаргалсайханы 1.000.000 төгрөгний үнэ бүхий Самсунга Галакси Эс-6 маркийн гар утсыг, мөн өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 44-53 тоот хохирогч Дэ Груут Ламбертусын гэрээс 1250 евро, 1500 рубль, 1100 доллар,1.300.000 төгрөг буюу 6.316.379 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Тэгшээгийн цүнхнээс бэлнээр 2.500.000 төгрөг хулгайлж бусдад нийт 9.816.693.5 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 09 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд хохирогч Б.Бадамцэцэгт автомашиныг нь худалдаж авна гэж уулзаж улмаар “эгчид мөнгө хэрэгтэй машины мөнгө дээр нэмээд өгье” гэж хуурч мэхлэн бэлнээр 150.000 төрөг, “өвөөтэй холбогдох хэрэгтэй байна” гэж 180.000 төгрөний үнэ бүхий Айфоне-4 эс маркийн гар утсыг,

2015 оны 10 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн орчим “гар утсаа түр өгч байгаач” гэж хуурч мэхлэн хохирогч Г.Бямбасүрэнгийн 300.000 төгрөгний үнэ бүхий Ю-6 маркийн гар утсыг,

2015 оны 10 сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэж хуурч мэхлэн хохирогч Н.Баясгалангийн 450.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-4 маркийн гар утсыг,

2015 оны 09 сарын 08-ны өдөр Баянгол дүшүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач хүн дуудах гэсэн юм” гэх хуурч мэхлэн хохирогч Д.Должинсүрэнгийн 800.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-5 маркийн гар утсыг тус тус залилж бусдад нийт 1.880.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 07 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сарангуад хүч хэрэглэн заналхийлж 100.000 төгрөгний үнэ бүхий МП5 тоглуулагч, бэлнээр 10.000 төгрөгийг,

2015 оны 04 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн дэргэдэх автобусны буудлын орчимд хохирогч А.Мижиддоржид амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн Скай маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиулж уг мөнгийг,

2015 оны 10 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандорж, Ш.Ундраа нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн бэлнээр 150.000 төгрөг, 240.000 төгрөгний үнэ бүхий самсунг эс-3 маркийн гар утас,

2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандоржийн 150.000 төгрөгний үнэ бүхий скай маркийн гар утсыг тус тус дээрэмдсэн,

2015 оны 02 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Худалдаа хөгжлийн банкны салбар дотор хохирогч Б.Энхтүвшингээс “найз охин Отгонбаярыг чинь зодно” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж 600.000 төгрөг авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Очирбаатар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ өөрийн үйлдсэн бусдын эд зүйлсийг хулгайлсан, залилсан, авахаар далайлган сүрдүүлсэн хэргүүдийг үйлдсэнд маргах зүйлгүй харин бусдын эд хөрөнгийг дээрэмсэн гэм хэргүүдийг би дангаар үйлдээгүй. Намайг Цолмонсайхан, Отгонбаатар гэгч айлган сүрдүүлж бусдын эд зүйлсийг дээрэмдүүлсэн. Дээрэмдэж авсан зүйлсээ тэдэнд өгч байсан. Тэднийг шалгаж өгнө үү, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ. Гэвч шүүгдэгч Т.Очирбаатар нь энэ талаар мөрдөн байцаалтад огт дурдаж байгаагүй бөгөөд хамт дээрэмдсан гэх этгээдүүдийг хэний хэн болох, хаана оршин суудаг зэргийг тодорхой мэдэхгүй бөгөөд холбоо барих, хаанаас олохыг зааж чадахгүй байна.

 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, прокуророос шүүхэд шижүүлсэн хэргийн хэмжээн дотор шийдвэрлэх боломжтой гэж үзээд шүүгдэгч  Т.Очирбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг давтан дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн давтан залилж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Очирбаатарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял шийтгэл тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Очирбаатарын 2015 оны 10 сарын 30-ны өдрөөс шүүх хуралаан болсон 2016 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 284 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмэлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Т.Очирбаатар нь үйлдсэн гэмт хэргийн хохиролыг огт барагдуулаагүй тул түүнээс 13.026.379 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жаргалсайханд 1.000.000 төгрөг, хохирогч Дэ Груут Ламбертусд 6.316.379 төгрөг, хохирогч Ч.Тэгшээд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Бадамцэцэгт 330.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 450.000 төгрөг, хохирогч Д.Должинсүрэнд 800.000 төгрөг, хохирогч Б.Сарангуад 110.000 төгрөг, хохирогч А.Мижиддоржид 80.000 төгрөг, хохирогч Ж.Гандоржид, 390.000 төгрөг, хохирогч, Ш.Ундраад 150.000 төгрөг, хохирогч Б.Энхтүвшинд “600.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аргалжин овогт Түмэнжаргалын Очирбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг давтан дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн давтан залилж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Очирбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Очирбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус багтаан биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарын цагдан хоригдсон 284 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатараас 13.026.379 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жаргалсайханд 1.000.000 төгрөг, хохирогч Дэ Груут Ламбертусд 6.316.379 төгрөг, хохирогч Ч.Тэгшээд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Бадамцэцэгт 330.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 450.000 төгрөг, хохирогч Д.Должинсүрэнд 800.000 төгрөг, хохирогч Б.Сарангуад 110.000 төгрөг, хохирогч А.Мижиддоржид 80.000 төгрөг, хохирогч Ж.Гандоржид, 390.000 төгрөг, хохирогч, Ш.Ундраад 150.000 төгрөг, хохирогч Б.Энхтүвшинд “600.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Очирбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

           

                          ШҮҮГЧИД                                                      С.БАТЖАРГАЛ

 

              Н.БАЯРМАА