Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0044

 

 

2015 оны 1 сарын 21 өдөр        Дугаар ДЗШ/МА2015/0044

 

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.У-ийн нэхэмжлэлтэй БӨА-ийн БСИТХТ болон тус аймаг дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие БСИТХ-ын  нарийн бичгийн даргын сул орон тоонд ажиллах тухай өргөдлийг тус сумын ИТХ-ын дарга М.Х-д 2014 оны 03 дугаар сард гаргасан. Би эрх зүйч мэргэжилтэй, төрийн бус байгууллагад хуулийн зөвлөхөөр 2 жил ажилласан, төрийн албаны удирдах албан тушаалын орон тоонд шалгалт өгч тэнцсэн. Тус сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг орон тоонд өрсөлдөхөөр материалаа өгсөн 7-8 хүнээс шалгаруулахад 3 дугаар байр эзэлсэн тул уг албан тушаалд орж ажиллах бүрэн боломжтой... Х.Ж нь уг орон тоонд орж ажиллах мэргэжил болоод ур чадварын шаардлага хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй... Иймд БӨА-ийн ТАСЗ 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт тогтоолыг тус тус хүчингүй болгож, аймгийн ТАЗ-ийн  салбар зөвлөлөөс миний нэрийг БСИТХ-ын  нарийн бичгийн даргын орон тоонд нэр дэвшүүлж, томилуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БӨА-ийн БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн дарга М.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид аймгийн ТАЗ-ийн  салбар зөвлөлд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар албан бичгээр сул орон тоонд орох хүмүүсээс шалгалт авч өгнө үү гэж захиалгаа хүргүүлсэн. Уг зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр албан бичгээр тус салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х.Ж-ийг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай 23 дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг бичигт Х.Ж-ийг тухайн албан тушаалд 2014 оны 05 дугаар сарын 15-ны дотор томилж, томилсон тухай шийдвэрийг бичгээр ирүүлнэ үү гэсэн байсан. 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын ИТХ хийж, Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулсан. Хурлын нарийн бичгийн даргын орон тоонд орохоор өргөдөл өгсөн хүмүүсийн өргөдөл бүрийг Тэргүүлэгчид үзэж танилцсан. Ажлын хэсгийн шалгаруулснаар, мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж, Тэргүүлэгч нарын олонхын саналаар Х.Ж-ийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ИТХ-ын нарийн бичгийн даргаар авч ажиллуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

 

Хариуцагч БӨА дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлийн дарга Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: БСИТХ-ын  нарийн бичгийн даргын ажлын байрны сул орон тооны захиалгыг тус сумын ИТХ-аас 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот албан бичгээр ирүүлсэн ба үүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулж олон нийтэд зарласан. Үүний дагуу Х.Ж нь тухайн ажлын байранд ажиллах тухай хүсэлтээ ирүүлсэн. Х.Ж-ийн хүсэлтийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 тоот тогтоолоор нэрийг нь дэвшүүлсэн... Х.Ж нь ахлах түшмэлийн ангилалд шалгалт өгч, салбар зөвлөлийн 2013 оны 36 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн... Нэхэмжлэгч Н.У  нь тус салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн бүртгэлд бүртгэлгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Х.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2013 оны 12 сарын 19, 20-ны өдрүүдэд явагдсан төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөн тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Намайг БСИТХ-ын  нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоол нь хуульд нийцсэн захиргааны акт болно. Маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 5 жилээс дээш ажилласан байх ёстой гэсэн шалгуур заасан. Нэхэмжлэгч Н.У  нь төрийн албанд 5 жил ажиллаагүй учир түүний нэхэмжлэл үндэслэлгүй... захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2,17.5, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж БӨА дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхийг салбар зөвлөлд, томилохыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Ж давж заалдах гомдолдоо: ...1. Би 2013 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд явагдсан төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөн тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Тухайн үедээ Төрийн албаны салбар зөвлөл намайг мэргэжил боловсролын хувьд удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангана гэж үзээд бүртгэн авч, сонгон шалгаруулалтад оруулсан. Миний бие 73.3 оноо авч удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн тул БӨА дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 36 дугаар тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн. Намайг төрийн жинхэнэ албан удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн захиргааны акт хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаж шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх уг захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй байсан мэтээр дүгнэлт хийжээ.

Тодруулбал, миний бие дээд боловсрол эзэмшсэн иргэн байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт намайг дээд боловсролгүй гэж дүгнэсэн байгаа нь нэхэмжлэгчийн маргаагүй БӨА дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 36 дугаар тогтоолын талаар дүгнэлт хийсэн мэтээр ойлгогдохоор байна. Харин үүнээс хойш 2014 оны 04 дүгээр сарын сүүлээр Нийслэлийн нийгмийн даатгалын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцон нөөцөд бүртгэгдсэн байдаг. Хариуцагч БӨА-ийн ТАСЗ-өөс нөөцөд бүртгэлтэй иргэдийн дундаас ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд иргэнийг нэр дэвшүүлэх ажиллагааны улмаас тухайн үед нөөцөд бүртгэлтгүй байсан нэхэмжлэгч Н.У-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй. Маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж буй Х.Ж миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоох хэсгийн 1-д заасныг эс зөвшөөрч үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж байна.

2. Тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр 28-ны өдрийн 23 дугаар тогтоол болон БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.У  нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, нөөцөд бүртгэлгүй иргэн байжээ. Иймд анхан шатны шүүхийн дээд боловсролгүй гэж дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дээд шатны шүүхээр тогтоолгохоор гомдол гаргаж байна. Учир нь, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн Х.Ж намайг БӨА дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсний дагуу БС-ын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоол нь хуульд нийцсэн захиргааны акт болно.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу БС-ын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон гуравдагч этгээд Х.Ж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай гэж үзэж байна. Маргааны зүйл болж буй захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул түүний даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаардаг. БС-ын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоо гарсан тул уг албан тушаалын орон тоог нөхөхөөр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлд хандсан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасанд нийцэж байна. Мөн тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор БС-ын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй гуравдагч этгээд Х.Ж намайг нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан үйл ажиллагаа юм.

3. Нэхэмжлэгч Н.У  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэх заалтыг зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй бөгөөд уг хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

БӨА дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолын тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоо гарснаар томилох эрх бүхий этгээдээс 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар албан бичгээр тус аймаг дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлд тухайн албан тушаалд ажиллах ажилтныг сонгон шалгаруулах захиалга ирүүлсэн байхад БӨА дахь ТАЗ-ийн  салбар зөвлөл нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхийн оронд шууд Х.Ж-ийг нэр дэвшүүлсэн нь буруу байна.

Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан "ил тод байх", 4.2.4-т заасан "иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх" гэсэн төрийн албанд баримтлах зарчмууд, мөн "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлд заасан "...Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно" гэсэн заалтууд зөрчигдсөн төдийгүй нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, сонгон шалгаруулалтанд орох зэрэг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хэдийгээр хариуцагч талаас сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлсэн гэх боловч түүнийгээ нотлож чадаагүйгээс гадна шүүхээс цуглуулсан нотлох баримтаар сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан явуулаагүй болох нь тогтоогджээ.

Иймд БӨА дахь ТАЗ-ийн  салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолыг маргаан бүхий акт гэж дүгнээд хүчингүй болгосон нь зөв байна.

2.  Нэхэмжлэгч Н.У-ийн БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхийг салбар зөвлөлд, томилохыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, дээрх сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд тус тус зааснаар Хурлын ажлын албаны дарга байхаар зохицуулсан, мөн уг албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-7 зэрэглэлийн албан тушаал тул төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал-д хамаарах юм.

Иймд, Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 40 дүгээр зүйлд ...Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэж заасны дагуу Н.У  нь дахин сонгон шалгаруулалтанд орох ёстой.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.У  нь Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Тамгын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх бөгөөд маргаж байгаа сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаал нь түүний өмнө нь өрсөлдөж, нөөцөд бүртгэгдсэн албан тушаалаас өөр албан тушаал юм.

Түүнчлэн энэхүү шаардлага одоо уг албан тушаалд ажиллаж байгаа гуравдагч этгээд Х.Ж-д нэгэн адил хамааралтай бөгөөд ТАЗ-ийн  салбар зөвлөлийн 23 дугаар тогтоолоор түүнийг БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар шууд нэр дэвшүүлсэн, түүнийг томилсон БСИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоол буруу юм.

3.    Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Х.Ж нь 2013 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд явагдсан төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж 73.3 оноо авч тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Н.У  дээрх сонгон шалгаруулалтанд нэрээ дэвшүүлээгүй, сонгон шалгаруулалтанд ороогүй бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, Х.Ж орох ёсгүй байсан гэх мэт ямарваа нэгэн асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Гэтэл шүүх дээрх үйл баримтад дүгнэлт өгөөд уг захиргааны актыг хууль бус байсан гэж дүгнэсэн нь буруу болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР