Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00190

 

Д.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2019/00013 дугаар магадлалтай,

Д.С ын нэхэмжлэлтэй,

Б.Ш д холбогдох,

3 151 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ш  нь би эхнэрээсээ салаад удаж байна Солонгос явж ирээд чамтай сууна, тийм болохоор надад виз хөөцөлдөхөд мөнгөөр туслах хэрэгтэй байна, чи машинаа зараад өөр машин ав гэснээр би цалингийн зээлээ тулган авч, 3 удаа машин авч, зарим илүү гарсан мөнгөө түүнд зээлүүлж нийт 671 000 төгрөг болсон.

Мөн машины мөнгөө дансанд нь байршуулж, хоёр удаа виз хөөцөлдөхөд нь хоол, унаа, байрны бүх зардлыг нь би хариуцдаг байсан. 2017 оны 8 дугаар сард хил дээр буусан машин авч өгнө гээд 1 000 000 төгрөг хүнд шилжүүлсэн боловч машин ч аваагүй, миний мөнгийг ч буцааж өгөөгүй. Мөн “Хаан кредит ББСБ” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний машиныг барьцаалан 1 000 000 төгрөгийн зээл авч, хүүтэйгээ 1 480 000 төгрөг болсон боловч одоог хүртэл төлж өгөөгүй байна.

Иймд Б.Ш гаас 3 151 000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ш  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С д би эхнэрээсээ салаад удаж байгаа, Солонгос явж ирээд өөртэй нь суух, гэрлэх талаар ярьж байгаагүй, найз нөхдийн холбоотой байсан юм. Түүний нэхэмжлэлд дурдсан надад машинаа зарснаас илүү гарсан 671 000 төгрөг өгч байсан зүйл байхгүй, би л харин Д.С д мөнгө өгөх, зээлүүлэх зэргээр тусалж байсан. Тийм ч учраас би Д.С аас 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, энэ нэхэмжлэлийн шаардлагаас виз хөөцөлдөж явахад байр, унааны мөнгөөр тусалж байсан тул 700 000 төгрөгөөс татгалзаж, 2 300 000 төгрөгийг гаргуулахаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 483 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Уг 2 300 000 төгрөгийг төлөхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. 2017 оны 08 дугаар сард хил дээр буусан машин авч өгнө гээд 1 000 000 төгрөг авч байсан удаа байхгүй. Үүнийг надаас нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм.

“Хаан кредит ББСБ” ХХК-иас 1 000 000 төгрөгийг зээлэн авч надад өгсөн гэдэг нь худлаа. Энэ 1 000 000 төгрөг бол хадам ээжээсээ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 150 000 төгрөг зээлээд 1 000 000 төгрөгийг нь Д.С д зээлсэн ба энэ өрийг надад буцааж төлөх гэж “Хаан кредит ББСБ” ХХК-иас авсан зээл учир би хариуцахгүй гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш гаас 1 271 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 35 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65 366 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2019/00013 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш гаас 1 271 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш гаас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 151 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж,

Хариуцагч Б.Ш гаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 054 төгрөгнөөс 6 504 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагч Б.Ш гаас 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Б.Ш  нь нэхэмжлэгч Д.С д тодорхой хэмжээний мөнгө зээлүүлж байсан болохоос биш түүнд гэрлэнэ гэж хэлж байгаагүй, мөнгө зээлж байсан асуудал байхгүй. Д.С д 3 000 000 төгрөг зээлүүлсэн байснаа нэхэмжилсэн бөгөөд зарим хэсгээс буюу 700 000 төгрөгнөөс татгалзаж 2 300 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 483 тоот шүүгчийн захирамж гарсан. Уг 2 300 000 төгрөгийг төлөөгүй байсан тул албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж авсан. Мөн Д.С  нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Корола маркийн машин авахад тусалж 1 000 000 төгрөг зээлүүлсэн. Д.Сайнжагалын данс болох 5021309371 тоот данснаас Б.Ш гийн данс руу Д.С  нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгөөр, 1 000 000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийж, Б.Ш гийн данс болох 5540435189 тоот данс руу шилжүүлж, нийт 4 000 000 төгрөг болсон. Д.С ын машин авахаар шилжүүлсэн 4 000 000 төгрөг дээр нь Б.Ш  нь өөрийн дүү болох Б.Пүрэвсүрэнгээс Д.С д машин авахад нь тусалж 1 000 000 төгрөг зээлж өгсөн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ш  нь дүү Б.Пүрэвсүрэнгээс бэлнээр 1 000 000 төгрөг авч өөрийн данс руугаа хийж, нийт 5 000 000 төгрөг болсон. Д.С  нь Л.Баттөмөрөөс 5 800 000 төгрөгөөр Корола маркийн машин авсан. Л.Баттөмөрийн 5076583215 тоот данс руу Б.Ш  нь өөрийн данснаас 5 000 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 17-нд шилжүүлж өгсөн ба тус өдөр Б.Ш  нь Д.С ын авсан Корола маркийн машиныг Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт авчирч Д.С д өгсөн.

Гэтэл Д.С  нь машин авахдаа авсан 1 000 000 төгрөгөө өгөхгүй удаад байсан тул дүү Б.Пүрэвсүрэн нь Б.Ш гаас нэхэж байсан. Гэтэл хадам ээж болох Цэрэнханд нь цагаан сарын юм аваарай гээд 1 150 000 төгрөгийг Б.Ш д өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-нд хадам ээж Цэрэнханд нь Б.Ш гийн дансанд хийсэн. Гэтэл дүү Б.Пүрэвсүрэн нь мөнгөө нэхээд байсан болохоор Б.Ш  нь дүү Б.Пүрэвсүрэнгийн Голомт банкны дансанд 1 000 000 төгрөг хийж төлсөн. Д.С  нь машин авахдаа зээлсэн 1 000 000 төгрөгөө 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Уг мөнгө шилжүүлсэн баримтаа үндэслэн Б.Ш д 1 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж худал тодорхой нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Б.Ш гаас Д.С д 1 000 000 төгрөг гаргуулах гэж буй нь хэрэгт нэг талыг барьж, нэг талын нотлох баримтаар үнэлж, хохироож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.С ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Б.Ш д холбогдуулан 3 151 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 271 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч Д.С  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“Хаан кредит ББСБ” ХХК-иас зээлсэн 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг өөрөө авч, 1 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн, энэ мөнгөний хүү 480 000  төгрөг, 1 000 000 төгрөгийг автомашин авах гэж байхдаа хүнд залилуулсан, тэгээд олж өгнө гэсэн боловч олж өгөөгүй, мөн хариуцагчийг Солонгосын виз хөөцөлдөхөөр хот руу явахад нь байр, хоол, унааны мөнгөний зардал 671 000 төгрөг зарцуулсан тул нийт 3 151 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Би Д.С аас  мөнгө авч байгаагүй, харин түүнд мөнгө зээлж, машин авахад нь тусалж байсан. Хадам ээжийнхээ цагаан сарын юмыг бэлдэхээр авсан мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг Д.С д зээлсэн байсныг эхнэр мэдээд буцааж ав гэсэн тул авч байсан. Хил дээр буусан машин худалдаж авахаар 1 000 000 төгрөгийг  бусдад залилуулсан, энэ мөнгийг Д.С  өөрөө шилжүүлсэн, харин би таньдаг цагдаад хандаж, мөнгийг олж өгөх талаар хөөцөлдөж байсан ч бүтээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй....” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Хаан кредит ББСБ” ХХК-иас авсан мөнгөнөөс хариуцагчид зээлдүүлсэн гэх 1 000 000 төгрөгт 200 000 төгрөгийн хүү тооцож, түүнчлэн хариуцагчийн дансанд шилжүүлсэн 71 000 төгрөгийн үндэслэлийг тодорхойлолгүй нийт 1 271 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зохицуулсан ба зохигчид зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байхад хариуцагчаас зээлийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулсан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх боловч хариуцагчаас гаргаж буй 1 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжтай холбогдох заалтад өөрчлөлт оруулаагүй байх тул магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхийн алдааг засах нь зүйтэй.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 145/ШШ2018/00483 дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Ш  нь Д.С ыг автомашин худалдаж авахад нь зориулж зээлдүүлсэн 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг шүүхэд хянагдах явцад Б.Ш  нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, Д.С аас 2 300 000 төгрөгийг авахаар, хариуцагч дээрх төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 51 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.С ын нэхэмжилж буй 1 000 000 төгрөгийг дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагчийн дансанд шилжүүлсэн, энэ төлбөр Б.Ш гийн автомашины төлбөрт тооцогдоогүй байх тул “...Д.С  нь автомашин авахдаа зээлсэн 1 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байхад шүүх нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 204/МА2019/00013 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““...болгосугай.” гэж...” гэсний дараа “..., 2 дахь заалтын “хариуцагч 35 054...” гэснийг “хариуцагчаас 28 550...”” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД