| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00361/И |
| Дугаар | 130/ШШ2017/00526 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00526
| 2017 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 130/ШШ2017/00526 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Найман байжигит овогт А.Г ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суух, Есагасы овогт Ж.Еад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, хариуцагч Ж.Е, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Нуралемийн төрсөн эцэг Ж.Е мөн болохыг тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: А.Г би Ж.Еыг багаасаа таньдаг бөгөөд бид гэр бүл болохоор тохиролцож байсан юм. Би өөрөө Ангаахын коллеж төгссөн, бага эмч боловсролтой. Одоо аймгийн багшийн коллеж-д багшийн мэргэжлээр суралцаж байна. Ж.Е нь надтай 2016 оны 07-р сарын дундуур бэлгийн харилцаанд орсон бөгөөд намайг тэрээр хүчирхийлсэн байсан. Цагдаад мэдэгдээгүй олон шалтгаан байсныг энд дурдахыг хүсэхгүй байна Ямар ч байсан би Ж.Е-аас жирэмслээд 2017 оны 04-р сарын 1-1-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржаад охин төрүүлсэн ба одоо эсэн мэнд миний асрамжид бойжиж байна. Ж.Е нь охины эцэг биш гэж хэлэхээс гадна хүүхдийг минь оворт хийж авахуулахыг шаардаж байсан юм. Бяцхан үр минь буруугүй болохоор охиноо төрүүлсэн юм. Ж.Е нь миний араас намайг элдвээр муулж, намайг хууран мэхэлж гэрлэлгүй доог тохуу хийн доромжлон охин бид хоёрыг хохироосон тул би түүнд их гомдож байна. Иймд охины минь эцэг мөн болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандаж байна. Иймд Хүүхдийн эцэг тогтоолгох тухай буюу охин төрүүлсэн эцэг Ж.Е мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Е шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Өлгий сумын 7-р багт оршин суух "Есагасы" овогт Ж.Е миний бие "Найман Байжигит" овогт Ахатын Гулгаймын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Ж.Е миний бие А.Гтай энгийн танил бөгөөд түүнтэй жирийн танилын харилцаатай байсан юм. Түүнээс биш А.Гтай дотночлон танилцаж, хайр сэтгэлийн үгээ илэрхийлж, гэрлэх болон гэр бүл болж хамтран амьдрах талаар болзож тохиролцсон явдал байхгүй билээ.
2. А.Г нь "Думан" үйлчилгээний газарт "баар цэнгээний шөнийн клубт үйлчлэгч, дараа нь "S-паб" нэртэй баар цэнгээний клуб нээж ажиллуулж, түүнд зохицуулагч болон үйлчлэгчээр ажиллаж байхад архи дарс хэтрүүлэн хэрэглэж, үеийн залуучуудтай цэнгэн баясаж, олон хүмүүстэй "өдөр шөнийг" өнгөрүүлдэг байсан. Үүнээс үндэслэвэл А.Г нь зөвхөн надтай бэлгийн харилцаанд орсон гэж үзэхгүй байна.
З. Ж.Е миний бие 2016 оны 07-р сарын үед А.Гтай нэг л удаа бэлгийн харилцаанд орсон явдал маань үнэн. Гэхдээ түүний нэхэмжлэлд дурдсанчлан хүчирхийлсэн, хүч хэрэглэсэн эсвэл "хүчингийн" үйлдэл холбогдол хийгээгүй юм.
4. А.Г нь надтай бэлгийн харилцаанд орсноос болж 2017 оны 04-р сарын 11-ний өдөр хүүхэд төрүүлсэн гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй учир холбогдох шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Ж.Е шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбарлахдаа: 2016 оны 7 дугаар сарын дундуур А.Гтай бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэхдээ би хүч хэрэглээгүй, тухайн үед хоёулаа согтуу байсан ба тэр хүүхэд миний хүүхэд гэдэгт эргэлзэж байна. Учир нь, А.Г нь олон хүнтэй явалддаг, дээрээс нь шөнийн клубд ажилладаг байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч А.Г, хариуцагч Ж.Е нар нь дотно үерхэж эр эмийн харилцаатай байсан нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, шүүхэд хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.Г нь амаржиж охинтой болсон нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 758 дугаартай төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6530 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: ДНХ-ийн шинжилгээгээр 1... Ж.Е нь Нуралемийн биологийн эцэг байх боломжтой байна, 2 Ж.Е нь Нуралемийн биологийн эцэг байх магадлалыг тооцож үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Нуралемийн эцэг Ж.Е мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охинд төрсний гэрчилгээ аваагүй боловч охиндоо Нуралем гэж нэр өгсөн тухай тайлбарласан байх тул Нуралемийн эцгээр Ж.Еыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Нуралемийн эцэг Есагасы овогт Ж.Е мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Еаас 70200 төгрөг гаргуулан А.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК