Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга

Хохирогч М.О,

Шүүгдэгч Н.Л,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.Лт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын ........-нд ................. аймгийн ............ суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Завхан аймгийн Баянтэс сумын ажилладаг, ............н аймгийн ........ сумын ..................г багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Л нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах хашааныхаа гадна талаас Ланд круйзер маркийн 67-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчсөний улмаас 1 нас 4 сартай Л.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах хашааныхаа гадна талд Ланд круйзер маркийн 67-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхийнхээ өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйн улмаас 1 нас 4 сартай өөрийн төрсөн хүү болох Л.Быг машины урд хэсгээр мөргөж, түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавал суурь ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдэл нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх энэ зун баз хүргэн Б-с Ланд 80 маркийн автомашиныг худалдаж авсан юм. Тэгээд өчигдөр өглөө манай нөхөр машиныхаа тормозыг Б-р янзлуулна гээд түүний утас руу залгаад гэрт нь очиж уулзаад утсаар яриад янзлуулахаар болсон юм. Би талийгаач хүүтэйгээ хамт түүнтэй явж байгаад түрүүлээд гэртээ хүргүүлчихсэн хоол хийхээр мах гаргаад хөшиглөх гэхэд хашааны гадна машины сигнал дуугараад нөхөр ирж байгаа бололтой байсан. Харин бага талийгаач хүү гэрийн гадна шороо ухаад идээд байж байхлаар нь би түүнийг цэвэрлээд амыг нь зайлчихаад хүүгээ гэрлүүгээ авч орсон. Тэгээд мах хөшиглөөд суучихсан хүүгээ гарахыг нь анзаараагүй. Хэсэг хугацааны дараа хашааны гадна хүн орилох шиг болохоор нь гэрээс гарсан чинь манай нөхөр хүүгээ тэвэрчихсэн байсан. Би хүүгээ аваад хашаа руу ороод миний хүү болохоо байчихсан байна гээд орилсон. Нөхөр ирээд хүүг аваад байшин руу орсон. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Өөрсдийнхөө хайхрамж болгоомжгүй байдлаасаа болж хүүгийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 21-22-р хуудас/

- Гэрч Э.Б-н: “...2019 оны 6 дугаар сарын эхээр байх надаас Л улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...Л жолоон дээрээ сууж байнга гачаадаж хий авахад байсан болохоор машиныг хөдөлгөж үзэхээр хөдөлсөн. Би болохоор жолооч талын хойд хаалганы тэр тушаа зогсож байсан. Тэгээд би машинаа дагаад баруун тийш тойрох хөдөлгөөн хийхийг харж байсан чинь Б хүүхэд тэвэрсэн байсан. Би хаанаас ямар байдалтай байхад нь тэвэрч авсныг нь хараагүй. Тэгээд Л тойрох хөдөлгөөн хийгээд буцаад байсан газрынхаа цаад талд ирж зогссон. Тэгээд л Б-с Л хүүхдээ авч орилоод л хүмүүс шуугилдаж гэрээс гарч ирээд би тэндээс удалгүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 26-27-р хуудас/

 - Гэрч Б.Б-н “...Би өчигдөр 11 цагийн орчимд Лынд урд өдөр нь жимсэнд хамт явсан аяга саваа мартаад буусан байхлаар нь түүнийгээ авахаар ганцаараа явж очсон чинь тэдний хашааны үүдэнд Л нь хүрэн өнгийн Ланд машинынхаа тормозны хийг Б гэх хүнээр авахуулаад байж байсан. Тухайн үед жолооч талын урд дугуйны хийг авч байхад бага хүү нь хашаанаас гарч ирээд дүүгээ ав гээд нэг хүүхэд аваад орж байх шиг байсан. Дараа нь арынх нь дугуйны хийг аваад хөдлөөд үз гээд Л машиндаа орж суугаад л урагш хөдлөөд явсан чинь ард нь нөгөө бага хүүхэд нь газарт уначихсан харагдсан. Тэгэхээр нь би машины араас гүйж байгаад уначихаж байгаа юм байлгүй гэж бодоод явж очоод тэврээд авсан чинь тэр хүүхдийн амнаас цус гарч байсан. Тэгээд би хөлөөрөө нөгөө машиныг зогсоох гээл хөлөө дээш нь өргөөд орилсон. Тэгэхэд Б надтай хамт байсан ба Л нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү хөдлөөд баруун гар тийш эргэх тойрох хөдөлгөөн хийж буцаад л нөгөө байсан газрынхаа цаахан хойд тал руу зогсоод бууж ирээд хүүхдээ тэврээд гэрлүүгээ орсон юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 28-29-р хуудас/

- Гэрч Т.А-н “...Манай ахын хүүхэд Л хүүхдээ машинаар дайрсан гэнээ гэж байсан. Тэгээд очиход Лын байшин дотор орон дээр хүүхдээ хэвтүүлээд хөнжлөөр бүтээчихсэн, хувцас хунарыг нь тайлчихсан байсан ба үзлэг хийхэд: Чагнуураар чагнахад зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, чих, ам, хамраас нь цус гарсан, нүүр битүү хавдартай цогцос хөрсөн байсан. Өөр биед ил харагдах шарх сорви байгаагүй. Толгойн хэсэгт гараар тэмтэрч үзэхэд зүүн талын дагз чамархай хэсгээр яс цөмөрсөн бололтой байсан. Нэгэнт нас барсан байсан учраас ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй. Эмнэлэг дээр ирээд сумын цагдаа Бямбасүрэнд энэ тухай мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/,

- Гэрч Ш.А-н “...Тэгээд эмч А сувилагч М нар ирээд Д ах бид хоёр байшинд орж хүүхдийг үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн юм. Тухайн үед хүүхдийн чих ам хамраас цус гарсан бололтой байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 31-р хуудас/

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №000000044 дугаартай “...1. Л.Бын биед гавал тархины битүү гэмтэл, гавал суурь ясны хугарал, зүүн шанаа, хацрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь машин мөргүүлэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Л.Бын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Л.Б нь гавал тархины битүү гэмтэл, гавал суурь ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, /ХХийн 36-37-р хуудас/

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Мягмаржавын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...1.Иргэн Н.Л нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а болон 10.1-д заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 2. Иргэн Н.Л нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 3. Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон тухайн автомашины бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй гэж үзэв, 4. Иргэн Н.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын “Хэрэглэгчид үйлчлэх төв”д ашигладаг TPS-н лавлагааны программаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй эсэхийг шалгахад В ангиллын болон бусад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байв. 5. Иргэн Н.Л нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а болон 10.1-д заасан заалтыг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарсан гэж үзэв.” гэх дүгнэлт, /ХХийн 48-49-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн план зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.Лын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах хашааныхаа гадна талд Ланд круйзер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхийнхээ өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйн улмаас 1 нас 4 сартай өөрийн төрсөн хүү болох Л.Быг машины урд хэсгээр мөргөж, түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавал суурь ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Лыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Н.Лт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруу, сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байна.

Мөн шүүгдэгч Н.Лын “...Би машиндаа орж суугаад тоормозны гишгүүр дээрээ гишгэсэн. Б 4 дугуйнаас хий авчихаад, машин доороос гарч ирснээ одоо машинаа асаагаад хөдлөөд үз дээ гэж хэлэхээр нь би асаалттай байсан машинаа хөдөлгөөнд оролцуулаад хөдлөөд баруун гар тал руугаа хөдөлгөөд машинтайгаа тойрох хөдөлгөөн хийгээд зогстол Б манай бага насны хүүхдийг тэвэрчихсэн, хүүхэд чинь болохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэвдээд “...ээ яачихваа...” гэж асуунгаа хүүхдээ тэврээд хашаа руугаа ортол манай эхнэр миний урдаас гүйж ирээд хүүг тэвэрч авсан ба би буцааж хүүгээ тэвэрч авангаа байшин руугаа орсон. Тэгээд хүүгээ байшингийн зүүн орон дээр хэвтүүлж байгаад хувцсыг нь тайлж хүүгээ машинаар дайрчихсан юм байлгүй гээд бүх биеийг нь гараараа тэмтэрч барьж үзэхэд надад ямар нэгэн юм мэдэгдээгүй. Тэгтэл гаднаас Доржпүрэв ах орж ирсэн. Тэгээд яахав гэж тэвдсэн байдалтай асуухад нь үгний хариуд нь би эмч цагдаад мэдэгдсэн нь дээр байх гэсэн...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтуурсан мансуурсан байдалтай байгаагүй болох нь хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, зүгээр байсан ...” гэсэн, гэрч Э.Б-н “... Л согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл зүгээр байсан...” гэсэн, шүүгдэгчийн “. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэгүүдээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруутай этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаанд хасаж шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Н.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Лыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ