Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00527

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00527

Баян-Өлгий аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ители овогтХ.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /дарга Э.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Х, Т.М нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний хураамжийн хамт нийт 35804834 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Х.Х, Т.М бид дээрх шийдвэрийн дагуу 35804834 төгрөгийг сайн дураар ХААН банкны салбарт төлж өгөхөөр тохиролцсон боловч санхүүгийн хүндрэлтэй байдал, өр төлбөрөө яг одоо төлж барагдуулах боломжгүйн улмаас дээрх төлбөрийг одоо хүртэл төлж өгч чадаагүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад бид уг мөнгийг боломжийн дагуу барагдуулж сайн дураар төлж өгөхөөр хүсэлт гаргасан.

Гэвч аймгийн ШШГА бидний санхүүгийн хүндрэлтэй байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болж, улмаар аймгийн ШШГА миний банкнаас зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээчин Х.Бекенээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. дэх хэсэгт" дараах тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ....37.2.2-т: Үл хөдлөх хөрөнгө" гэж заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээчин Х.Бекенээр иргэн X.Хумар миний үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тайлан гаргуулан байна. Уг үнэлгээ хийсэн тайлангийн дүгнэлттэй Х.Х би танилцахад ".....2017 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар иргэн Х.Хын Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай өвлийн орон сууцны 3 байшингийн /газрын хамт/ үнийг 53,000,000/тавин гурван сая/ төгрөгөөр тогтоов...." гэжээ. Үнэлгээчин Х.Бекений гаргасан энэхүү үнэлгээ нь МУ-ын Засгийн газрын 2012 оны 336 дугаар тогтоол, ЗТХБ-ын Сайдын 2011 оны 29 тоот тушаалаар модон барилгын төсөвт өртөг, жишиг үнэлгээг үндэслэн тооцсон Х.Х миний өмчлөлийн дээрх 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийн орон нутгийн зах зээлийн үнэ 140,7 сая төгрөгөөс хэт доогуур буюу 87.7 сая төгрөгөөр бууруулж ердөө л 53 сая төгрөгөөр үнэлсэн байх тул өмчлөгч Х.Х би миний өмчлөлийн ҮХЭХ-д зах зээлийн үнээс 2.7 дахин бага буюу хэт доогуур үнэлгээ тогтоосон дээрх хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн эзэн Х.Х би зөвшөөрөхгүй байна.

Учир нь Х.Х миний өмчлөлийн дээрх 3 төрлийн ҮХЭХ-ийг хууль тогтоомжоор тогтоосон дээрх төсөвт өртөг,жишиг үнэлгээ болон зах зээлийн үнээс 2.7 дахин бага буюу хэт доогуур үнэлсэн дээрх хөрөнгийн үнэлгээ нь Монгол Улсын "Хөрөнгийн үнэлгээний тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д" хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална, 4.1.3-т: шударга байх, 4.1.4-т: хууль тогтоомжид нийцсэн байх" гэж заасан үндэслэл журам, хөрөнгийн үнэлгээ хийх зарчимд огт нийцээгүй , шударга бус үндэслэлгүй үнэлгээ байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т ".....Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...." гэж заасны дагуу аймгийн ШШГА- наас төлбөр төлөгч Х.Х миний 3 төрлийн ҮХЭХ-д тогтоолгосон дээрх хуульд нийцээгүй хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байна. Үнэлгээгчин Х.Бекений гаргасан дээрх үнэлгээ нь МУ-ын засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоол, ЗТХБ-ын сайдын 2011 оны 28 тоот тушаалаар баталсан модон барилгын төсөвт өртөг, жишиг үнэлгээгээр тооцсон дээрх 3 төрлийн ҮХЭХ-ийн үнэлгээ 140.7 сая төгрөгөөс 2.7 хэт доогуур буюу 87,7 сая төгрөгөөр буруулж ердөө 53 сая төгрөгөөр үнэлснийг хөрөнгийн эзэн өмчлөгч Х.Х би зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т ".....Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...." гэж заасныг үндэслэн дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байна.

Гомдлын шаардлага: Аймгийн ШШГА -наас иргэн Х.Х миний өмчлөлийн ҮХЭХ-д тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Өлгий сумын 4-р багийн иргэнХ.Хын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаар захирамжаар төлбөр төлөгч Х.Х, Т.М нараас 35804834 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус албаны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн барьцаат үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчин томилсон. Шийдвэр гүйцэтгэх процесс ажиллагаанууд хуульд заасны дагуу явагдаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, ажиллагаа явуулсан. Иймд дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол улсын иргэний хуульд зааснаар зээлийн барьцаат хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тусгайлсан эрх зүйн зохицуулалтын дагуу уг эд хөрөнгийг захиран зарцуулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж эд хөрөнгийг битүүмжилсэн.Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар хураан авч үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй хөндлөнгийн үнэлгээчингээр үнэлгээ тогтоолгосон. Энэ нь хуульд заасны дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болно.

2. Төлбөр төлөгч Х.Х, Т.М нар нь / үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар / огт төлбөр төлөөгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох үнэлгээний хөлсийг ч төлөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд тус байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул Х.Хын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Х.Хын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрч, дахин үнэлгээ хийлгүүлэхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь нэхэмжлэгч Х.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн тухай тайлбараа бичгээр гаргаж өгсөн байна.

Иймд Х.Хын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурда нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь нэхэмжлэгч Х.Хын Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК