Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/49

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Т.Б, Ц.П

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Ц.П нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .............. дугаар сарын ........-нд ......аймгийн ..... суманд төрсөн, ............астай, эрэгтэй, ........боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, ...... аймгийн Т сумын, ........... аймгийн .......умын .багийн оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Солжирхын ам гэх газарт байрлах Ц.Пийн гэрт П.Бтэй “урдаас томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний зүүн талын чихний орчимд модоор 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 04-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.П нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Солжирхын ам гэх газарт байрлах өөрийн гэртээ Т.Бтай “хүү П.Бийг зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр рүү гараараа, гар руу нь модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт хэрэглээний модны тусгаарлалт хийх ажлаар явж байхдаа уг багийн Солжирхын ам гэх газарт нутаглаж байсан Ц.Пийн гэрт ирж, гэрийн баруун талын орон дээр унтаж байсан Ц.Пийн хүү П.Бийг сэрээхээр татаж, хүзүүн дээр нь гараараа дарж, маргалдах явцад эцэг Ц.П нь “ хүүхэд цохиод байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд Т.Бгийн баруун нүдний хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон, улмаар маргалдан гэрээс гарах явцдаа Т.Б нь гэрийн унинаас татаж нэг унь хугарсан, гэрийн гадаа гарч шүүгдэгч Б нь үхэр тэрэгний танз мод буюу 84 см-н урттай шургааг модоор П.Бий зүүн шанаа орчим нэг удаа цохиж, Ц.П гэрийн унины хугархай хэсгээр Т.Бгийн зүүн гарны буглага хэсэгт 1 удаа цохисон үйл явдал болжээ.

Шүүгдэгч Т.Бгийн дээрх үйлдэл буюу үхэр тэрэгний танз модоор Б зүүн шанаа орчим нэг удаа цохьсон үйлдлийн улмаас хохирогч Б биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас чихний суваг, дунд чихний хөндий, суурь ясны их биеийн зүүн хэсгийг дайрсан шугаман хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн чамархайн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт зэрэг хүнд гэмтэлүүд, шүүгдэгч Ц.Пийн гэрийн унины хугархай хэсгээр Т.Бгийн зүүн гарны буглага хэсэгт 1 удаа, зүүн гараараа баруун нүдний хэсэгт нэг удаа тус тус цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.Бгийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун хөх махны дээд хэсэгт цус хуралт, баруун нүдний уг хэсэгт зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч П.Бийн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 13 цагийн үед гэртээ унтаж байтал гаднаас хүн орж ирээд намайг татсан. Тэгэхээр нь би хэн бэ гэсэн чинь Б байна гэсэн тэгэхээр нь би унтаж байна шүү дээ гэсэн чинь Б гараараа толгой орчимд нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би цаашаа байгаач, би унтаж байна шүү дээ гэсэн чинь гараараа дахиад толгой хэсэгт цохиод авсан. Тэгсэн манай аав П ороод ирсэн. Тэгээд аав Бтай барилцаад автал цаанаас нь нэг хүн Бг татаад гэрээс гаргасан. Би Бгийн араас гэрээс гартал Б гэрийн үүдэнд байсан модоор миний зүүн талын чихний орчимд нэг удаа цохьсон чинь толгой өвдөөд чих шуугиад явчихсан. Тэгээд миний зүүн талын чихнээс цус гарсан. Мөн хамар амнаас цус гараад байсан...намайг гэрийн үүдэнд гараад баруун тийш хараад зогсож байтал араас Б ирээд модоор цохьсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23-р хуудас/,

Хохирогч Т.Бгийн: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт ажлаар явж байгаад П гэгч айлд очсон. Машинаас буугаад тухайн айлд ороход орон дээр нэг хүүхэд унтаж байсан. Тэгэхээр нь яасан их унтдаг юм бэ гээд хүнтэй андуурч татсан чинь миний өөдөөс зайлаач пизда минь гэхээр нь чи яасан их ууртай юм бэ гээд шилэн хүзүүн дээр нь доош дарсан. Тэр үед орон дээрээс өндийгөөд надтай барьцалдаад авсан. Гаднаас П орж ирээд араас нүүрэн тус газарт гараараа цохьсон. Тэр үед П бид хоёр барьцалдаж аваад гэрээс гарахад унинаас татаж босоход хугарсан. Тэгээд гэрээс гараад үхэр тэрэгний танзны мод байхаар нь авч айлгая гэж бодоод Бийг 1 удаа толгойн тус газарт нь цохисон. Тэгтэл П унины хугархайгаар намайг мөрний хэсэгт 2 удаа цохисон. Тэр бид хоёрыг Энхжаргал, Цэрэндорж нар салгасан. Гэрт байхад араас П гараараа нүүрэн тус газарт цохиж авсан. Тэр үед хамараас цус гарч нүдний хэсэгт хавдсан байсан. Өөр хүн бол цохиогүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 27- 28-р хуудас/,

Гэрч О.Э-н: “...Ж, М нартай уулзаад гэрийн гадаа сууж байсан. Тэгтэл Б айл руу орсон. Тэгэхээр нь би удалгүй араас нь ортол П гэдэг айлын баруун талын орон дээр Б танихгүй залуутай барьцалдаад авсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байна гээд Бгийн араас тэврээд автал П гэдэг хүн гаднаас орж ирээд Бгийн нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан...Энэ хүмүүсийн ноцолдоон дунд гэрийн нэг унь хугарсан...Гэрээс Б гарсан, хойноос нь Цэрэн гарсан. Миний нуруу эмчилгээтэй байсан учир жаахан зайдуу байж байтал Мөнхнаран яанаа хүүхэд цохиод алчихлаа гээд орилохоор нь хартал Б тонгойгоод суучихсан, Б мод барьчихсан хажууд нь зогсож байгаа байдалтай байсан. Бийн зүүн талын чихнээс цус гарч байгаа харагдсан...Тэгтэл П хугархай унины бөгс барьчихсан Бг цохих гээд гүйгээд очихоор нь би гүйж очоод унины модыг нь авах гэтэл П Бгийн толгой хэсэгт цохих гэтэл Б гараараа хаатал унь нь няцарч байгаа харагдсан...Намайг гэрээс гарсны дараа Б гэрээс гарч ирсэн. Тэр үед Мөнхнасан яанаа хүүхэд цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 29-31-р хуудас/,

Гэрч Ц.Н-н: “...Тэд нарыг юунаас болж хоорондоо маргалдаж муудалцсаныг мэдэхгүй. Би тухайн үед Пийн хажуу хөрш айл Ц-д байж байсан. Тэгтэл хүмүүс орилж хашгирах чимээ гарахаар нь гараад очиход Б гэрийнхээ гадаа нэг гараараа чихээ дараад уйлаад байсан. Хурууны салааг нь дагаад цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/,

Гэрч Ц.М-н: “...Тусгаарлалтын хүмүүс манайд ирсэн. Фургон машинаас Жаргалбаян бууж над дээр ирсэн. Түүний араас Б, Э нар бууж ирсэн. Ж Птой уулзах гэсэн, П хаана байна гээд намайг дагуулаад гэр тойрч хараад гэрийнхээ үүдэнд иртэл гэрт хүмүүс чанга дуугаралдаад байсан. Тэгсэн Ц ах гэрийн хаалгаар Бгийн малгайтай цамцнаас татаад гаргаад ирэхэд Бгийн хамарнаас цус гарсан байсан. Тэгээд Б гэрээс гарч ирснээ гол руу яваад голын усанд нүүрээ угаагаад байж байтал манай хүү Б гэрээс гарч ирээд гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгтэл Б голоос гүйж ирснээ барихын завдалгүй гэрийн үүдэнд байсан мод аваад Бийн чих орчим руу цохисны дараа манай хүү Б урагшаагаа сөхрөөд унаад орилоод байхлаар нь хартал ам хамар, чихнээс нь цус гарч байсан. Тэгтэл П гарч ирснээ гэрийн үүдэнд байсан унины хугархай модоор Бгийн зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/,

Гэрч Ё.Ж-н: “...Тэр үед Мөнхнасангаас салаад бие засаад гэрт орохоор очтол Бгийн хамарнаас нь цус гарсан байдалтай, Б сөхрөөд суусан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/, Гэрч З.О-ын: “...Би тэр өдөр Пийн гэр рүү ортол П, Б хоёр барьцалдаад авсан байхаар нь салгасан. Яг юунаас болж маргалдсан талаар бол мэдээгүй. Миний харснаар П Бг гараараа нүүрэн тус газарт нь цохиж авсан. Тэр үед хоёулаа гэрээс барьцалдаж аваад гараад явсан. Би гэрт үлдсэн. Тэгтэл Пийн эхнэр гэрийн гадаа хүүхэд аллаа гээд орилоод дуугараад байхаар нь гэрээс гарсан Бгийн хамараас цус гарсан байдалтай сууж байсан. Б бол гэрийн гадаа доош хараад сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/,

Гэрч Ц.Ц-н: “...Пийнд очоод гэр рүү нь орох гэтэл урдаас Б, П нар хоорондоо барьцалдаад гараад ирэхээр нь би Бгийн малгайтай цамцнаас татаж гаргах гэтэл Б нэг унинаас зүүгдээд унь хугалсан. Гадаа гараад иртэл П хугархай униар Бгийн зүүн бугалга булчинд нэг удаа цохисон...Тухайн өдөр Б гэрээс гарч ирээд гэрийн баруун хатавчны тэнд зогсож байх үед голын захаас Б гүйж ирээд гэрийн үүдэнд байсан тэрэгний модыг аваад БатЭрдэнийн зүүн чихний ар хэсэгт 1 удаа цохьсон. Тэр үед М бид хоёр байсан. М хүүхэд алчихлаа гээд орилтол гэрээс П гарч ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47, 57-р хуудас/,

Гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /ХХ-ийн 48-53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 7231 дугаартай: “...П.Бийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош суурь яс, зүүн чихний суваг дайрсан хугарал, зүүн чамархайн тархины эдийн няцрал, тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 84-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн 903 дугаартай: “...П.Бийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас чихний суваг, дунд чихний хөндий, суурь ясны их биеийн зүүн хэсгийг дайрсан шугаман хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн чамархайн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн зүүн хэсэг рүү цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 7231 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 211-213- р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 000000112 дугаартай: “...Т.Бгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, зүүн бугалга, баруун хөх махны дээд хэсэгт цус хуралт, баруун нүдний уг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмны 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /XXийн 75-р хуудас/, хүний их эмч Б.Б, Б.Г нарын тодорхойлолт, П.Бийн амбулаториор эмчлүүлэгсэдийн карт, ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлгийн тодорхойлолтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын карт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт, зургууд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Бгийн дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ц.Пийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, Т.Бгийн үйлдлийн улмаас хохирогч П.Бийн биед биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош суурь яс, зүүн чихний суваг дайрсан хугарал, зүүн чамархайн тархины эдийн няцрал, тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хуралт гэмтэл тогтоогдсон, Ц.Пийн үйлдлийн улмаас хохирогч Т.Бгийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун хөх махны дээд хэсэгт цус хуралт, баруун нүдний уг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б, Ц.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б, Ц.П нарт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 84 см урттай шургааган модны хугархай 1 ширхэг, шар өнгийн унины хугархай мод 2 ширхэгийг устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Бгийн хувьд ногдох хөрөнгөнөөс Auris маркийн 00-60 ЗАА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/18 дугаар тогтоол, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 / арван сая/ төргөрөөр, шүүгдэгч Ц.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Ц.П нарт шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Ц.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 84 см урттай шургааган модны хугархай 1 ширхэг, шар өнгийн унины хугархай мод 2 ширхэгийг устгаж, шүүгдэгч Т.Бгийн хувьд ногдох хөрөнгөнөөс Auris маркийн ЗАА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/18 дугаар тогтоол, шүүгдэгч Т.Б, Ц.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ