| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0077/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/173 |
| Огноо | 2022-02-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/173
2022 02 21 2022/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүгдэгч: П.П, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч: Л.Мажигсүрэн нар оролцсон эрүүгийн ......... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1983 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, ...................тоотод оршин суудаг албан ёсны хаягтай боловч одоо .................. сууж байгаа гэх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.П нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод хамт архи уусан Т.Быг өөрийгөө хамгаалах чадваргүй согтсон байх үед нь зодож улмаар эрүүл мэндэд нь “ доод эрүүний хоёрлосон хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гардаг өдөр ажлын санал тавих гээд хохирогчийн гэрт очсон. Бид 2 нийлээд 0.33 литрийн хараа хуваан уусан. Дараа нь доод дэлгүүр рүү явж соёрхол нэртэй архи авсан. Дэлгүүрээс архиа аваад буцахдаа Доржоо, Бямбаа хоёртой таарсан. Бямбаа орой ирж миний машиныг авч явсан. Сүүлийн архиа ууж дуусахад Батсайхан модон сандал дээр, би болохоор газар хөлөө жийгээд сууж байсан. Бид 2 үл ялих зүйлээс болж хоорондоо муудсан. Тэгээд би эрүүн доороос гараараа нэг чанга цохисон. Батсайхан унаад ширээний хажуу талыг мөргөсөн бөгөөд босож ирэхгүй 5-10 минут болсон. Тэгээд Доржоо Батсайханыг босгосон. Үүний дараа бид нар үргэлжлүүлээд архиа уусан. Архиа ууж дуусаагүй байтал Бямбаа машиныг чинь авья гээд ирээд, намайг авч явсан. Маргааш нь би хохирогчийн гэрт ирсэн. Ирэхэд гэр нь цэвэрхэн, сууж байсан. Тэгээд за зүгээр үү гэхэд эрүү жаахан хөндүүр байна л гэж надад хэлсэн....” гэв.
Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч намайг гэнэт цохисон талаар би санаж байна. Цохиулахаас өмнө асуудлыг мэдэж байна. Цохиулсны дараа өндөр Доржоо намайг өргөөд оронд хэвтүүлсэн. Нэг мэдсэн энэ хэд явсан байсан. Маргааш нь энэ хэд манайд ирээд намайг таниагүй. Гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал аа нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардалд 2.165.000 төгрөг гарсан. 740.000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн ............ дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Б цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худгаас гэртээ ус авч тавиад гэрээсээ гарах гэж байхад найз Доржоо ганцаараа согтуу машинтай ирсэн, орж ирэхдээ 0,33 л Хараа архи авчирсан бөгөөд бид хоёр Хараа архийг нь хувааж уусан. Тэгээд найз Доржоо дахиад 0,75 литрийн Соёрхол брэндийн архинд яваад буцаж ирэхдээ найз Доржоо өөрийн танил Доржоогоо дагуулаад манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 3 нийлээд 0,75 литрийн Соёрхол архи хувааж ууж байгаад тасарсан. Өглөө сэрэхэд миний толгой, эрүү өвдөөд босож чадахгүй байсан, мөн газраар дүүрэн цус болсон байсан. Тэгээд 9 цагийн үед хоёр Доржоо орж ирээд намайг зоддог залуу Доржоо надад найзыгаа уучлаарай намайг битгий цагдаад хэлээрэй гэж хэлээд гараад явсан... Тэр өдрөөс хойш бид хоёр дахин уулзаагүй.Тэр өдөр зодуулснаас хойш миний бие өвдөөд босож чадахгүй байсан, өмнөх өдөр нь утсаа алдсан байсан юм. Тэр өдөр залуу Доржоо өөрийгөө битгий цагдаад өгөөрэй гээд намайг зодсондоо уучлалт гуйсан, гомдолтой байна. Эрүүл мэндээрээ эхирсон тул эмнэлэгт үзүүлсэн, эм худалдан авсан зарлага болон зодуулснаас олж ажиллаж чадаагүй өдрүүдэд олох байсан цалингаа гаргуулмаар байна. Шүүх мнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,
Гэрч Д.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....би Батсайханы гэрт очиход Батсайхан, Пүрэвдорж, Доржоо нар архи уугаад шал согтуу байсан. Тэгээд Пүрэвдоржийг явах гэхэд тал шил архиа ууна гээд байхаар нь би уулгаагүй аваад гарсан. Намайг ороход Батсайхан, Пүрэвдорж нарын биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч М.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Батсайхан манайхтай хөрш болоод 2 жил болж байна. Батсайхан нь манайхаар орж гарч байдаг юм.хүүхдүүдийг байхгүй үед усаа авхуулдаг,. Тэр өдөр Батсайхан орой ирсэн, төд удалгүй том дуу гараад байсан би айгаад хаалгаа түгжсэн. Тэгээд маргааш өглөө нь Батсайханы гэрт хоол оруулж өгөхөд танихгүй 3 хүн байхаар нь Батсайханыг асуухад тэр хэвтэж байна гэж зүүн талын орон дээр байгаа хүнийг заахаар нь очиж харахад Батсайхан гэдгээр нь таньсан, нүүр ам нь аймаар хавдчихсан, духнаас нь цус гоожсон байсан, гэрийн баруун тал нь нил цус болсон байхаар нь арчиж цэвэрлэ гэсэн чинь тэр 2 хүн арчиж цэвэрлэж байсан. Тэгээд би гарахдаа харахад тэд уучлалт гуйх гэж ирсэн гэж бодсон. Батсайханы гэрт ороход гэрийн баруун тал нь нил цус болсон байсан, эхлээд надад зодуулсан талаараа хэлээгүй, дараа нь Батсайхан зодуулснаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.Төмөрцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тэр өдөр ажлаасаа ирээд байж байтал манай хажуу талын гэрт хүмүүс шуугилдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд дараа нь гэрт нь орсон чинь Батсайхан ах хүнд зодуулсан гээд гэрийнхээ зүүн талын орон дээр цусандаа холилдсон хэвтэж байхыг харсан. Тэгээд хүнд зодуулчихсан юмуу гэж асуухад Батсайхан ах сахал Доржоо өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад ирсэн. Дараа нь Батсайхан ахад өөрсдөө уулзаж чадахгүй бол цагдаад мэдэгдээч гэж хэлсэн тэгээд бас Батсайхан ахын утсаар сахал Доржоотой ярихад “ цалин мөнгө хэд хоногоос бууна, тэгэхээр очиж уулзъя “ гэж хэлсэн, тэрнээс хойш тэгээд би гэрээс нь гараад ирсэн, намайг анх гэрт нь ороход Батсайхан ах ганцаараа нөгөө хүмүүс нь явчихсан байсан. Харанхуй байсан болохоор гэр нь ямар байсныг анзаараагүй, өөрөө цусандаа холилдсон байсан, Батсайхан надад дээрээс дэвслээд эрүү хугалаад хаячих шиг боллоо гэж хэлсэн. Сахал Доржоо өмнө нь Батсайхан ахын гэрээр орж байхыг нь харсан, тэр хүнийг танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Пийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Би өөрөө цохиогүй гэдгээ мэдэж байна, наадах чинь өөрөө яг адилхан архи ууцгаасан, тийм муудаж барьсан юм огт болоогүй учраас тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8828 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Хохирлын баримт, компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56-65 дугаар хуудас/, хохирогчийн шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос “П.П нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод хамт архи уусан Т.Быг өөрийгөө хамгаалах чадваргүй согтсон байх үед нь зодож улмаар эрүүл мэндэд нь “ доод эрүүний хоёрлосон хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж яллах дүгнэлт үйлдэж ялласан ба хэрэгт авагдсан баримтуудаар тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал хохирогч Т.Б шүүх хуралдаанд өгсөн “...Шүүгдэгч намайг гэнэт цохисон талаар би санаж байна. Цохиулахаас өмнө асуудлыг мэдэж, өөрийгөө удирдах чадвартай байсан. Өглөө сэрэхэд миний толгой, эрүү өвдөөд босож чадахгүй байсан...” гэж, шүүгдэгч П.Пийн шүүх хуралдаанд өгсөн “...Батсайхан модон сандал дээр, би болохоор газар хөлөө жийгээд сууж байсан. Бид 2 үл ялих зүйлээс болж хоорондоо муудсан. Тэгээд би эрүүн доороос гараараа нэг чанга цохисон...” гэж, гэрч Ч.Төмөрцэцэгийн “...Батсайхан ах хүнд зодуулсан гээд гэрийнхээ зүүн талын орон дээр цусандаа холилдсон хэвтэж байхыг харсан. Тэгээд хүнд зодуулчихсан юмуу гэж асуухад Батсайхан ах сахал Доржоо өшиглөсөн гэж хэлсэн...” гэж /хх-ийн 32-33/ тус тус мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8828 дугаартай дүгнэлтээр хохирогчид нэг удаагийн хүчний үйлчлэлээр гэмтэл учирсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон.
“Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэг ойлголтод гэмт этгээд энэ байдлыг ухамсарлаж ойлгосон байхаас гадна хохирогч гүн согтсон, ухаан алдсан, унтсан гэх зэрэг биеийн болоод, сэтгэцийн идэвхитэй үйлдэл үзүүлэхгүй, өөрийгөө хамгаалах боломжгүй байдлыг ойлгоно.
Хэргийн нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч хохирогч Б.Батсайхан нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо гүн согтсон нөхцөл байдал тогтоогдоогүй харин ч шүүгдэгчид цохиулах хүртлээ болсон асуудлыг мэдэж, ухамсарлаж, хянах чадвартай байсан болох нь тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсний дараа хохирогч Б.Батсайхан ухаан балартсан, унтсан байгаа нөхцөл байдал нь тус хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шүүх хүлээн авч дээр тусгаснаар дүгнэсэн болно.
Харин шүүгдэгч П.П нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод хамт архи уусан Т.Бд согтуурхаж зодон улмаар эрүүл мэндэд нь “ доод эрүүний хоёрлосон хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Т.Б цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
Хохирогч Т.Бы “....Шүүгдэгч намайг гэнэт цохисон талаар би санаж байна. Цохиулахаас өмнө асуудлыг мэдэж байна. Өглөө сэрэхэд миний толгой, эрүү өвдөөд босож чадахгүй байсан, мөн газраар дүүрэн цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Цэцэгмаагийн “....Тэгээд маргааш өглөө нь Батсайханы гэрт хоол оруулж өгөхөд танихгүй 3 хүн байхаар нь Батсайханыг асуухад тэр хэвтэж байна гэж зүүн талын орон дээр байгаа хүнийг заахаар нь очиж харахад Батсайхан гэдгээр нь таньсан, нүүр ам нь аймаар хавдчихсан, духнаас нь цус гоожсон байсан, гэрийн баруун тал нь нил цус болсон байхаар нь арчиж цэвэрлэ гэсэн чинь тэр 2 хүн арчиж цэвэрлэж байсан...дараа нь Батсайхан зодуулснаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Төмөрцэцэгийн “...тэр өдөр ажлаасаа ирээд байж байтал манай хажуу талын гэрт хүмүүс шуугилдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд дараа нь гэрт нь орсон чинь Батсайхан ах хүнд зодуулсан гээд гэрийнхээ зүүн талын орон дээр цусандаа холилдсон хэвтэж байхыг харсан. Тэгээд хүнд зодуулчихсан юмуу гэж асуухад Батсайхан ах “сахал Доржоо өшиглөсөн” гэж хэлсэн. Батсайхан надад “дээрээс дэвслээд эрүү хугалаад хаячих шиг боллоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8828 дугаартай: 1. Г.Батсайханы биед доод эрүүний хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч П.Пийн “...Бид 2 үл ялих зүйлээс болж хоорондоо муудсан. Тэгээд би эрүүн доороос гараараа нэг чанга цохисон. Батсайхан унаад ширээний хажуу талыг мөргөсөн бөгөөд босож ирэхгүй 5-10 минут болсон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.П, хохирогч Т.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар шүүгдэгчээс хохирогч руу согтуурхаж, зүй бус харьцаж улмаар түүний эрүүн тус газар цохьсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч П.Пийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал П.П нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Т.Бы биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Иймд шүүх шүүгдэгч П.П-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч П.Пийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Баас “...Миний эмчилгээний зардалд 2.165.000 төгрөг гарсан. 740.000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн ба хэрэгт 748.986 төгрөгийн баримт байх ба шүүгдэгчээс 740.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон байна.
Иймээс хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэлтэй 748.986 төгрөгөөс 740.000 төгрөгийг хасч үлдэгдэл 8.986 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Т.Баас гэм хорын хохиролд баримтгүй нэхэмжилсэн 1.416.014 төгрөгийг /2.165.000 төг-748.986төг=1.416.014 төг/ хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч П.П-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пийг 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пид оногдуулсан 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Поос 8.986 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд олгосугай.
7. Шүүгдэгч П.П-с хохирогч Т.Бд гэм хорын хохиролд 740.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.Б-с нэхэмжилсэн нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон 1.416.014 төгрөгийг хэлэлцэхгүй орхисныг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Поос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН