Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Нацагдоржийн Мөнхболд Шүүгдэгчийн өмгөөлөгч Баттогтохын Баярцогт Хохирогч Цогт-Очирын Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мөнхболдод холбогдох 2123000000114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 40 настай эрэгтэй, халх, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Алдармандал овогт Нацагдоржийн Мөнхболд, /регистрийн дугаар: ИА81082511/

Шүүгдэгч Н.Мөнхболд нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Бор толгой гэх газар” архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Отгонцэцэгт агсам тавьж түүний толгойн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Нацагдоржийн Мөнхболд нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Бор толгой гэх газар” архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Отгонцэцэгийн толгойн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.Отгонцэцэгийн ”...манай нөхөр сумын төв явж ирэхдээ архи уучихаад ирсэн. ...ширээний нүдний тагийг авч над руу шидсэн юм. ..би гэрээсээ гарч гүйгээд дээд талын ширгэн дээр манай нөхөр намайг гүйцэж ирээд намайг зодсон юм. Тэгсэн чинь манай охин арын айлын Цэвэлмаа эгчид хэл дуулгаад Цэвэлмаа эгч ирээд би Цэвэлмаа эгчтэй хамт тэднийд очиж хоносон юм. Тэгээд маргааш нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдэн ирж хэвтсэн юм. ...Н.Мөнхболд гараа атгаж байгаад миний толгой хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон. Би цохиулаад ухаан алдсан учраас хэд цохисныг нь мэдэхгүй мөн баруун талын эрүү рүү цохисон. ...би ухаан алдаад уначихсан байсан болохоор юуг ч санахгүй байна. Миний толгой битүү хавдартай, хөхрөлттэй, нүүр, нүд бүгд хөх няц болсон 2 гарын бугалга хөхөрч халцарсан. Энэ асуудлаас болж би босож чадахгүй хэвтэрт 3 хонож байна. Ер нь бол тархи толгойдоо маш их гэмтэл авсан. Манай нөхөр Мөнхболд миний нүүр толгой хэсэг рүү гараараа 2-оос 3 удаа цохисноос болж нүүр нүд хавдаж хөхөрч гавлын яс цуурсан гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч С.Цэвэлмаагийн “...Би өдрийг нь санахгүй байна. Нэг шөнө унтаж байтал эмэгтэй хүүхэд манай гадаа хүн дуудаад нохой хуцаад би сэрж гэрээс гартал манай байдаг эргэний доор 1 охин хүүхэд ирчихсэн байхаар нь би нохойгоо хорьж “юу болсон талаар асуухад“, “аав ээжийг зодоод байна, та очоод аваад ирээч” гэхэд нь доошоо машинаа асааж унаад гол гараад Бат-Эрдэнэ ахын баруун талд машинаа тавиад цаашаа Борынх руу явган очсон юм. Тэднийд яваад ортол Борын авгай Отгонцэцэг баруун талынхаа орны хөл дээр уйлаад сууж байсан. Борын авгайг хартал нүүр толгой нь хавдчихсан байхаар нь гол дээр очиж гар нүүрээ угаа гээд гэрээс нь авч гараад гол дээр гар нүүрийг нь угаалгачихаад гэр лүү нь орсон чинь Отгонцэцэг гэртээ орж ирэлгүй алга болчихоор нь хайгаад явж байтал БатЭрдэнэ ахын авгай Таньяа эгч гар чийдэнгийн гэрлээр дохихоор нь очсон чинь Таньяа эгч “Отгонцэцэг манай гэрийн ард байна, түүнийг аваад гэртээ хонуулчих” гэхээр нь би Отгонцэцэгийг авч гэртээ авч ирж өвчин намдаах эм өгөөд толгой дээр нь хүйтэн жин тавьж өгөөд хэвтүүлсэн юм. Тэгээд өглөө нь босоод Отгонцэцэгийг харахад толгой, нүүр нь их хавдчихсан “дотор муухай оргиод байна” гээд түргэн дуудуулж үзүүлсэн юм. Тэгээд түргэн ирээд Отгонцэцэгийг үзчихээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн Н.Мөнхболдын “...Манайх Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Бор толгой” гэх газар зусаж байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би нэг найзындаа жаахан архи уучихаад гэртээ согтуу очоод эхнэртэйгээ юунаас болж маргалдсан эсэх ээ сайн санахгүй байна маргалдаад эхнэр Отгонцэцэгийн толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, тэгсэн эхнэр зугтаад гараад гүйчихсэн. Отгонцэцэгийн толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй, нүүр нүд хэсэг жаахан хавдсан байсан. Манай охин Ичинноров байсан өөр хүн байгаагүй,. Би өмнө нь эхнэр, хүүхдээ цохиж зодож байгаагүй. Эхнэрийн бие одоо гайгүй болсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Мөнхболдын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаярын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000260 дугаартай “...1.Иргэн Ц.Отгонцэцэгийн биед: Тархи доргилт, гавал ясны цууралт, баруун, зүүн ухархайн ханы хугарал, баруун, зүүн нүд, баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх цус хуралт гэмтлүүд нь 2021 оны 07 дугаар сарын 22- ноос 23-ны өдөр үүссэн байх боломжтой. 5.Ц.Отгонцэцэгийн биед үүссэн гэмтэл, бэртэл нь гараар цохих үсдэж дарах үед үүсэх боломжтой. 6.Ц.Отгонцэцэгийн биед: Тархи доргилт, гавал ясны цууралт, баруун, зүүн ухархайн ханы хугарал, баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Мөн шинжээч Т.Отгонбаярын “...Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн үед Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд гавалын яс, духны заадас дайрсан шугаман цууралттай гэсэн байгаа нь шинэ хуучны ялгаагүй байна. Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй болох нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур үзүүлэлтийн 3.1.2 дахь хэсэгт заасны төгсгөл хэсэгт гавалын ясны орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй гэж заасан байдаг. Тухайн үед гавалын цууралт үүссэн байсан бол тархины эдэд болон хатуу хальсны дээр болон доор ямар нэгэн хуралт үүссэн байх боломжтой... гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Н.Мөнхболд нь хохирогчийн түүний толгойн тус газар гараараа цохиж шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Н.Мөнхболд нь иргэн Ц.Отгонцэцэгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний толгойн тус цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Н.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Мөнхболд хохирогчид төлөх төлбөргүй болох нь “хохирогчийн нэхэмжлэхгүй зүйлгүй гомдол саналгүй” гэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Н.Мөнхболдод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Н.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Н.Мөнхболд нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алдармандал овогт Нацагдоржийн Мөнхболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхболдод оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000 төгрөг/ тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхболд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Мөнхболдод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.Мөнхболд нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА