Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

   2022         02        23                                    2022/ШЦТ/183

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр нар оролцсон эрүүгийн 2109000001358 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Б.Б, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .......... тоотод оршин суудаг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Б.Б,, 1994 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэгш длант ХХК-нд дохиочин ажилтай, ........... тоотод оршин суух,  ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийнх хуулийн ерөнхий ангийн 621  дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдэх 226 цагийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 546 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар буюу 40 хоног хорих ялаар тооцож, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Б.Б-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж 75 тоот хашааны үүдэнд хохирогч Д.Батсайханы шанаа руу нь гараараа цохих, цээж рүү нь өвдөглөх зэргээр биед нь халдаж Ноте-4 маркийн гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч нийт 127.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь Б.Б-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж 75 тоот хашааны үүдэнд хохирогч Д.Батсайханы биед нь халдаж Ноте-4 маркийн гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч нийт 127.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

 

Эрүүгийн .............. дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Батсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын орчим 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-175 тоотод байх гэрийн үүдэнд ирэхэд манай гэрийн үүдэнд нэг эмэгтэй нэг эрэгтэй хоёр хүн архи уугаад сууж байсан. Би “наана чинь архи уудаг газар биш гэр орондоо очиж архи уу” гэхэд эрэгтэй нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон би цээжээ хамгаалахад тэр залуу миний цээж рүү 2 удаа өвдөглөсөн. Тэр залуутай барьцалдаад байж байхад хамт явж байсан эмэгтэй нь миний өмдний халаасанд байсан Ноте-4 маркийн гар утас, өмдний хойд талын халаасанд байсан 12.000 төгрөг, утасны кэйсинд байсан дотроо 300.000 төгрөгтэй миний 5028564051 дугаартай Хаан банкны виза картыг аваад яваад өгсөн. Тэгээд гэрт ороод цагдаа дуудсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Баярсайхан тэр эрэгтэйтэй ноцолдоод байж байхад би тэр хүний халааснаас ноте-2 маркийн гар утсыг нь аваад монетол орж 20.000 төгрөгөөр зараад Баярсайхан бид хоёр хоолонд орсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүний цээж рүү нь хөлөөрөө 1 удаа цохиод халааснаас нь гар утас харагдсан. Би тэр хүний хоёр гарыг татаж байхад Болороо тэр хүний халааснаас нь гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 24 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14, 16 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...5626 дугаартай гомдолд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-175 тоот хашааны үүдэнд байх хяналтын камерын бичлэгийг 1 ширхэг сиди дээр буулган эд мөрийн баримтаар тооцсугай..” гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дээрх сидиний бичлэг нь дүрсний нягтаршил муу, дуутай бичлэг байв...Уг бичлэг дээр амандаа тамхи зуусан цэнхэр өнгийин куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэйн хоёр гарнаас нь татаж барьсан байв. Хажууд нь цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй зогсож байв...Уг бичлэг дээр амандаа тамхи зуусан цэнхэр өнгийн куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэйг газар унагааж байгааг хоёр гарнаас нь барьж байгаад газар унагаахад хажууд нь байсан цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй газар унасан залуугийн халааснаас нэг зүйл авч халаасандаа хийж байгааг харуулав... Уг бичлэг дээр амандаа тамхи зуусан цэнхэр өнгийн куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэйн хоёр гарнаас нь барьж байгаад цээж рүү нь өшиглөж байгааг харуулав. Хажууд нь цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй зуурсан зогсож байгааг харуулав...” гэжээ /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр Ноте-4 маркын гар утас-110.000 төгрөг, “Хаан” банкны карт-5000 төгрөг,  нийт 115.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10228 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:    

  1. Д.Батсайханы биед дух, хоёр сарвуунд зулгаралт, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 108-144 дүгээр хуудас/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 199-201 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 148-152 дугаар хуудас/, гэрч Г.Туулын мэдүүлэг /хх-ийн 154 дүгээр хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 175 дугаар хуудас/, Б.Бгийн хүү А.Бат-Амгалангийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 176 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 178 дугаар хуудас/, хохирогч Б.Батсайханд хохирлын 130.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 198 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас хохирол төлбөр төлсөнтэй холбоотой шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б шүүгдэгч Б.Б нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж 75 тоот хашааны үүдэнд Б.Б нь хохирогч Д.Батсайханы шанаан тус газар нь гараараа цохих, цээж рүү нь өвдөглөх зэргээр биед нь халдаж байх үед Б.Б нь хохирогчийн “Ноте-4” маркийн гар утас, “Хаан” банкны виза карт, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч нийт 127.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Хохирогч Д.Батсайханы “....эрэгтэй нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон би цээжээ хамгаалахад тэр залуу миний цээж рүү 2 удаа өвдөглөсөн. Тэр залуутай барьцалдаад байж байхад хамт явж байсан эмэгтэй нь миний өмдний халаасанд байсан Ноте-4 маркийн гар утас, өмдний хойд талын халаасанд байсан 12.000 төгрөг, утасны кэйсинд байсан дотроо 300.000 төгрөгтэй миний 5028564051 дугаартай Хаан банкны виза картыг аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Б.Бгийн “...Баярсайхан тэр эрэгтэйтэй ноцолдоод байж байхад би тэр хүний халааснаас ноте-2 маркийн гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Бы “...Би тэр хүний цээж рүү нь хөлөөрөө 1 удаа цохиод халааснаас нь гар утас харагдсан. Би тэр хүний хоёр гарыг татаж байхад Болороо тэр хүний халааснаас нь гар утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг,

 

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-175 тоот хашааны үүдэнд байх хяналтын камерын бичлэгийг 1 ширхэг сиди дээр буулган эд мөрийн баримтаар тооцсугай..” гэсэн мөрдөгчийн тогтоол,

 

Эд зүйлд үзлэг хийсэн “......Уг бичлэг дээр амандаа тамхи зуусан цэнхэр өнгийн куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн, хар өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэйг газар унагааж байгааг хоёр гарнаас нь барьж байгаад газар унагаахад хажууд нь байсан цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй газар унасан залуугийн халааснаас нэг зүйл авч халаасандаа хийж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, 

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10228 дугаартай 1. Д.Батсайханы биед дух, хоёр сарвуунд зулгаралт, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Б.Бтай нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж 75 тоот хашааны үүдэнд хохирогч Д.Батсайхантай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар Б.Б нь Д.Батсайханы биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэн халдаж байх үед Б.Б нь хохирогчийн Ноте-4 маркийн гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг авч хохирогчид нийт 127.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.  

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Б хохирогчийн биед хүч хэрэглэж түүний эсэргүүцлийг няцааж байгаа байдлыг ашиглан шүүгдэгч Б.Б нь тухайн хууль бус үйлдлийг дэмжиж улмаар хохирогчоос эд хөрөнгийг авахад саадгүй болсон байдлыг далимдуулан эд хөрөнгийг авсан, энэ байдлыг Б.Б мэдсэн, хүч хэрэглэсэн үйлдлийг үргэлжлүүлсэн зэргээр шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэх талаар урьдаас үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.    

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор халдагч этгээд халдлагад өртөгчийн эд хөрөнгийг авах зорилгоор бие болон сэтгэл санаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг тодорхойлдог ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нараас хохирогчийн биед хүч хэрэглэж эд хөрөнгийг авсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад бие, сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг ялласан нь хууль зүй үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс  “шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаангүй” гэж тус тус санал гаргасныг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг гэм буруутайг тогтоосон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч нар нь  дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлоо нөхөн төлснийг /төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж тус тус заасан байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Б.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан төрөл, хэмжээний дотор тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан ба шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Батсайханд хохирлын 130.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /шүүгдэгч Б.Бы эхнэр Ч.Даваадолгорын эзэмшлийн данс/ байх тул /хх-ийн 198/ байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 124 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Б нь 2021 оны  10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 29 хоног, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 69 хоног нийт 98 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Б нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 124  хоног, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 98 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН