| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Эрхэмбаяр, Шүүгдэгч Алаг адуу овогт Очирбалын Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Отгонбаярт холбогдох 2123000000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа алт, мөнгөний дарханы ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 10 айлын 1- 1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Алаг адуу овогт Очирбалын Отгонбаяр, регистрийн дугаар: ИО69072514.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас шүүгдэгч О.Отгонбаярыг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Отгонбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Л.Алтанцэцэгийн үнийн дүнг андуурч 200,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 2,000,000 төгрөг шилжүүлснийг цааш нь дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 15- ны өдөр 5096131796 тоот дансанд 1.860.000 төгрөгийг “emeel hereglel” гэсэн утгаар шилжүүлж 1,800,000 завшсан буюу “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Хохирогч Л.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5495392020 дугаартай данснаас Отгонбаяр гэх эзэмшигчтэй Хаан банкны 5094032877 тоот дансанд 200.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан тул мөнгөө тухайн дансанд шилжүүлэхдээ мөнгөн дүнгийн орон андуурч 200.000 төгрөгийг 2.000.000 төгрөг болгож шилжүүлсэн байсан. Тэгээд тухайн өдрөө огт мэдээгүй бөгөөд 7 хоногийн дараа интернет банкнаас мөнгө шилжүүлсэн дансны хуулга харж байгаад Отгонбаярт 200.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 2.000.000 төгрөг шилжүүлсэн болохыг мэдсэн. Би Хаан банкинд хандаж надад харилцах утасны дугаар болох 99356239 өгсөн юм. Би тухайн утас руу залгаж Отгонбаяртай ярьсан. Тэгэхэд би “орлого, зарлага мэдэхгүй байна. Дансныхаа хуулгыг хүүхдээсээ асууя” гэсэн. Тэгээд удалгүй би дахин залгаж асуухад “тийм байна, илүү мөнгө орсон байна, би тухайн мөнгийг чинь 5 хоногийн дараа өгье” гэж надад хэлсэн. Тэгээд би итгээд хүлээсэн, мөн дараа нь хүүхэдтэйгээ явж байхад нь хүртэл уулзсан “хэд хонуулаад өгье” гээд алга болсон. Одоо бол миний гар утсыг авахгүй, заримдаа утас нь холбогдохгүй миний мөнгийг огт өгөхгүй байгаа юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл гэвэл тухайн Отгонбаярт шилжүүлсэн 2.000.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг өөрт нь үлдээгээд 1.800.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-15-р хуудас/, - Гэрч О.Бүдбазарын “...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байх би дэлгүүрээс ундаа авах гээд миний дансанд мөнгө байхгүй байхаар нь аавын дансыг шалгатал дансанд 2 сая төгрөг байхаар нь аавын данснаас гүйлгээ хийсэн юм. Маргааш нь байх аавд “таны дансанд 2 сая төгрөг орж ирсэн байна” гэсэн чинь “хэнээс орж ирсэн юм болоо, бараа, материал захичихгүй юу” гэхээр нь би өөрийн 5096131796 тоот дансруугаа 1.860.000 төгрөгийг шилжүүлж аваад эмээлийн хэрэглэл, бугуйвч зэрэг зүйлс хийх цагаан мөнгө тэр мөнгөөр захичихсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/, - Шүүгдэгч О.Отгонбаярын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон дансны хуулга /хх-ийн 9-10-р хуудас/, - Шүүгдэгч О.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байх манай ангийн хүүхэд Алтанцэцэг над руу залгаад чиний зарж байгаа бугуйвчийг авмаар байна найздаа 400.000 төгрөгөнд өгчихөө гэхээр нь би “тэг тэг” гээд “надад урьдчилгаа 200.000 төгрөгийг нь өгье хэд хоногоос үлдсэн 200.000 төгрөг өгье” гээд миний дансны дугаарыг авсан юм. Тэгээд би Алтанцэцэгээс мөнгө шилжиж орж ирсэн талаар үзээгүй байсан юм. Тэгсэн маргааш нь байх манай хүү Бүдбазар таны дансанд 2 сая төгрөг ороод ирсэн байна гэхээр нь хэнээс орж ирсэн юм болоо бараа материал захичих гэж хэлсэн юм. Манай хүү өөрийнхөө данс руу шилжүүлж аваад бараа материал захисан байсан. Дараа нь Алтанцэцэгтэй утсаар ярьсан чинь би чам руу 200.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 2.000.000 төгрөг шилжүүлсэн байна гэхээр нь би тэр мөнгөөр чинь бараа материал захичихсан, чи надад 10 хоногийн хугацаа өгөөч би эргүүлээд төлье гэсэн юм. Дараа нь би удаагүй 800.000 төгрөгийг нь бэлнээр аваачиж өгсөн, өнөөдөр 1 сая төгрөг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Отгонбаяр нь хохирогч Л.Алтанцэцэгт бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгч О.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч О.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Алтанцэцэгт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Отгонбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5495392020 Л.Алтанцэцэгийн ХААН банкны ...тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлж /хх-ийн 16-р хуудас/, 800,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Отгонбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Отгонбаярыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч О.Отгонбаяр урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 32-р хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч О.Отгонбаярт холбогдох хэргийг хлбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд ялаас чөлөөлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүх шүүгдэгч О.Отгонбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуу овогт Очирбалын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч О.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч О.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ