| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00504/И |
| Дугаар | 130/ШШ2017/00532 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00532
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00532 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Ители күйик овогт Х, Х, Кийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.К, орчуулагч К.Еркежан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн цэнхэр өнгийн хавтастай Х.К гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ители күйик овогт Х,Х,К мөн болохыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтэд: Өлгий сумын 9 дүгээр багт оршин суугч би улсад 24 жил ажиллаж олон хүүхэд төрүүлэн өсгөж 1993 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Гэтэл энэ 2017 онд улсын хэмжээнд явагдсан нийгмийн даатгалын байгууллагын шалгалтаар тэтгэврийг маань зогсоосон. Анхны тэтгэвэр тогтоолгон авсан 358690 тоот дэвтэрт Х.К /К/ гэж нягтлан бичсэн байна. Тухайн үед шалгаж хөдөлмөрийн дэвтэр минийх мөн болохыг баталгаажуулсны үндсэн дээр тэтгэвэр тогтоож өгсөн. Өндөр настан ганц бие намайг 17 жилийн дараа хохироож эрхийг минь зөрчсөн юм. Иймд тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Хын К мөн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.К шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний жинхэнэ нэр К юм. 1967 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт Х.К гэж олгогдсон. Одоо уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь К болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.К нь 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн цэнхэр өнгийн хавтастай Х.К гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ители күйик овогт Х,Х,К мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн цэнхэр өнгийн хавтастай Х.К гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ители күйик овогт Х,Х,К мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Монгол Улсын иргэний үнэмлэхэд: овог Ители күйик, эцгийн нэр Х, нэр К, хүйс эмэгтэй, төрсөн, он, сар, өдөр 1950/03/17, регистрийн БЭ50031706 дугаартай, олгосон он, сар, өдөр 2012/10/23, хүчинтэй хугацаа 0000/00/00 гэж бичигдсэн байдал,
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 231/003999 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаанд Монгол улсын иргэн, РД: бэ50031706, овог Ителикүйик, эцэг/эх/-ийн нэр Х, нэр К гэж бүртгүүлсэн байна гэж бичигдсэн байдал,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Х.Хатпагийн Ители күйик овогт Хын охин Кт тодорхойлолт гаргах учир нь: Энэхүү Кийн анхны нэр нь Күлсинхан мөн боловч эцэг эх хамаатан, садан, найз нөхөд нь К гэгч хоч нэрээр нэрлэж байснаар хэвшил болж иргэний үнэмлэх авах үед К нэрээр авсан. Уг нь Х овогтой Күлсинхан мөн болохыг хамт амьдарч байсны хувьд үнэн байдлыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Х.Махсатын Миний төрсөн эгч болох Кийн анхны нэр нь Күлсинхан боловч эцэг эх, хамаатан садан, ах дүү нар К гэх нэрээр нэрлэж байснаар хэвшил болж иргэний үнэмлэх авахдаа К нэрээр авсан. Уг нь Х овогтой Күлсинхан мөн болохыг дүүгийн хувьд үнэн байдлыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн ЦС ангиас олгосон БӨ№559600 дугаартай иргэний паспортод ...1 овог Х, 2. Нэр К гэж бичигдсэн байдал,
З.Ерлан, З.Бота, З.Кенжегүл, З.Нурлан, З.Манчүк нарын төрсний гэрчилгээнд ... эхийн овог: Х, нэр: К гэж бичигдсэн байдал,
Х.Кийн 114726 дугаартай олон хүүхэдтэй эхийн дэвтэрт ...Х овогтой К гэж бичидсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн цэнхэр өнгийн хавтастай Х.К гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ители күйик овогт Хын К мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн цэнхэр өнгийн хавтастай Х.К гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ители күйик овогт Хын К мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК