Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00535

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00535

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, Оорцог нүцгэд овогт О.Лын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч О.Л шүүхэд гаргасан хүсэлтэд: О.Л би анх Булган сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгч Т.Ты 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тушаалаар тус сумын Хүний их эмчийн салбарын асрагчаар ажилд орж ажилласан юм.Би тус эмнэлэгт асрагчийн ажлыг хийж байгаад 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгч Ж.Жийн №31 дүгээр тушаалаар өвчний улмаас чөлөөлөгдсөн юм. Миний Булган сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсныг №389556 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичиг мөн, тус эмнэлгийн эрхлэгч Т.Т, Ж.Ж нарын №2, 31 дүгээр тушаалууд нотлох бөгөөд надтай хамт тус эмнэлэгт янз бүрийн ажил хийж байсан Ж.Ж, О.П, О.Н, Б.Ж, Т.Ж нар гэрчийн тодорхойлолт өгсөн байгаа. Иймд миний Булган сумын хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 8 жил 11 сар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Булган сумын Цөнхөл багийн иргэн О.Л нь намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авч улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгож өгөхийг хүссэн. Бид өөрсдийн гарт байгаа болон олдсон баримтуудаа хавтаст хэрэгт өгөгдсөн. Хэрэг дотор анх 1981 онд Булган сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч байсан Т.Ты 02 дугаартай тушаалаар асрагчаар орсон. Асрагчаар ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч Ж.Жийн 31 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэрнээс хойш хөдөө мал маллаж амьдарч байгаа. Энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгохыг хүссэн. Энэ хүнтэй хамт ажиллаж байсан сувилагч Т.Ж, Б.Ж, их эмч Ж.Ж, сувилагч О.Н, нярав О.П нар хамт ажиллаж байсан гэдгээ тодорхойлж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж өгсөн. Ө.Лхамжав нь өөрөө холбогдох боломжгүй байгаа. Цааш нь зусланд гарчихсан. Сумын их эмчээс нь тодорхойлолт авахуулах тухай хүсэлтээ гаргасан. Эрхлэгч нь нааш нь явуулна гэсэн. Гэхдээ Т.Ж, Б.Ж, их эмч Ж.Ж, сувилагч Наранцэцэг, нярав О.П нарыг тухайн үед хамт ажиллаж байсан гэдгийг бичээрэй гэсэн боловч наашаа ирж амжсангүй. Ө.Лхамжав нь 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын хүн эмнэлгийн салбарт асрагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн. Энэ хүсэлтийг хангаж өгөхийг хүсье гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Л нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 302 дугаартай архивын лавлагаанд Булган сумын Хүн эмнэлгийн 1981-1989 оны баримтыг архивт шилжүүлээгүй тул О.Лд холбогдох баримт гараагүй болно гэх боловч хүсэлт гаргагч О.Л нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Булган сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн №02 дугаартай Ажилд томилох тухай гэсэн 1. Булган сумын Хүний их эмчийн салбарын асрагчаар О.Лыг 1981 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн асрагчаар бүр томилсугай гэх бичилттэй тушаал,

Булган сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 31 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэсэн Тус байгууллагад асрагч ажилтай О.Л нь эрүүл мэндийн байдлаас болж группт гарсан тул 1989 оны 12-р сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь бүрмөсөн чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,

О.Лын 1989 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр нээлгэсэн №389556 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 01. 1981.01.20 Булган сумын ХЭСалбарт асрагчаар томилов. 1981.01.20 өдрийн салбарын эрхлэгчийн №02 тоот тушаалаар, 02. 1989.12.20 Тахир дутуугийн группт гарсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 1989 оны 12 сарын 20 өдрийн №31 тоот тушаалаар гэх бичилт,

Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн иргэн Т.Жгийн О.Л нь Булган сумын Хүн эмнэлгийн салбарт надтай хамт 1981 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн иргэн Б.Жын Булган сумын Хүн эмнэлгийн салбарт асрагчаар О.Л нь 1981 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сарын хооронд ажиллаж байсныг гэрчилж байна. Би тэр үед тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн иргэн О.Нийн Олзтой овогтой Лхамжав нь 1980-1990 онуудад эмнэлэгт асрагчаар ажилла байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн иргэн О.Пын олзтой овогтой Лхамжав нь Булган сумын Хүн эмнэлэгт 1980 оноос 1990 он хүртэл 10 жил тасралтгүй асрагч хийсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллага хамт олны дунд нэр хүндтэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч О.Л нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оорцог нүцгэд овогт О.Л нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Хүн эмнэлгийн салбарт 1981 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК