Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/51

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч А.Б,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 00000000001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...........оны ........... дугаар сарын 26-нд ......... аймгийн ..........суманд төрсөн, .................настай, ..........й, ............ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..................... аймгийн .......... сумын .........багт оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай А.Б нь Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газрын ойгоос 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.632 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 184,766 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг дэвсгэрт харъяалагдах Бага ёл гэх газрын ойгоос 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.632 м3 хэрэглээний шинэс буюу хар мод бэлтгэж, Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 184,766 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд:

Хохирогч М.Г-н: “...Иргэн А.Бийн ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ой ангийн шинжээчийн дүгнэлтээр гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Ойн санд учруулсан экологи эдийн засийн үнэлгээг барагдуулчих юм бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А.Бийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/,

Гэрч С.О-н: “...Иргэн А.Б нь 2019 оны 9 дүгээр сард хэрэглээмодны эрхийн бичиг гоожинг бичүүлж аваагүй. Тухайн моднуудыг 4 метрийн уртаар тайрсан хуурай шинэс моднууд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/,

Гэрч У.М-н: “...Манай нөхөр А.Б нь 2019 оны 10 дугаар сарынны өдөр Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас ойгоос 4 метрийн урттай хэрэглээний 12 ширхэг бөөрөнхий модыг хийж бэлтгээд Их-Уул сумын төв рүү оруулж ирээд цагдаа нарт баригдсан юм. Манай нөхөр А.Б нь эрхийн бичиг гоожин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/,

Гэрч Д.О-н: “...Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас ойгоос өөрийн зээ дүү А.Бийн хийж бэлтгэсэн 4 метрийн урттай хэрэглээний 12 ширхэг бөөрөнхий модыг өөрийнх нь Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашинд ачилцаж өгч байсан юм. Тэр өдөр манай дүү А.Б намайг мод ачилцаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би дээрх 12 ширхэг модыг А.Бийн хамт машин дээр нь ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/,

Гэрч О.Б-н: “...Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 21 цагийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Харганат ХХК-ний хөрөө рамны хашааны гадаа үүдэнд Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашин 4 метрийн урттай хэрэглээний 12 ширхэг бөөрөнхий модыг тээвэрлэн ирсэн бөгөөд машиныг Их-Уул сумын Үржил багийн иргэн А.Б жолодож яваад надад шалгуулсан юм. Тухайн үед би Бээс тээвэрлэн явсан дээрх 12 ширхэг модоо хаанаас ачиж явсан, мөн гоожин эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байхгүй байсан юм. Тухайн үед А.Б нь дээрх моднуудыг Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас өнөөдөр ганцаараа хийж бэлтгээд ачиж яваа гэж надад хэлсэн юм....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,

Яллагдагч А.Бийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газрын ойгоос 4 метрийн урттай хэрэглээний 12 ширхэг модыг өөрийн эзэмшлийн 50-50 ХӨВ улсын дугаартай Серес маркийн автомашинаар ганцаараа цагаалж бэлтгэсэн юм. Тэгээд тухайн моднуудаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашинаараа Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн юм. Би ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрхийн бичиг гоожингүйгээр тухайн моднуудыг бэлтгэсэн...” гэх мэдүүлэг / ХХийн 61-62-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай: “Иргэн А.Бийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн мод нь хэрэглээний мод байна. Уг моднууд нь 2,632 м3 хуурай мод байна. Мод бэлтгэсэн гэх Үржил багийн нутаг Бага ёл гэх газар нь ойн сангийн 2-р мужид хамаарна. Тухайн мод бэлтгэсэн газарт 1м 3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 39000 төгрөг байна. А.Бийн ойгоос хийж бэлтгэсэн моднууд шинэ, хуучин зүсвэртэй байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2- р мужийн 1м 3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 39000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 70200 төгрөг , бэлтгэсэн 2,632 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 184766 төгрөг байна.” гэх дүгнэлт, /ХХ-ийн 27-28-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчний 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Серес маркийн автомашиныг /хуучин/ 2,500,000 төгрөгөөр, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө /хуучин/ 50,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” гэсэн дүгнэлт, 50-50 ХӨВ улсын дугаартай КИА СЕРЕС маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дашренчингийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07-04-328-04 дугаартай: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэн нь Их-Уул сумын иргэн А.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэсэн 2632 м куб модонд 184776 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосныг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 554.328 төгрөгний нөхөн төлбөр тавив...” гэсэн “Нөхөн төлбөр тавих тухай” акт зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас ойн санд 184,776 төгрөгийн хохирол учирсан, хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч А.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дашренчингийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07-04-328-04 дугаартай “Нөхөн төлбөр тавих тухай” актаар оногдуулсан 554,328 төгрөгийг буюу ойн санд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Алтанчимэгийн Б нь Төрийн сангийн 100090855402 тоот дансанд 554,328 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай бичилт бүхий Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл А.Б нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зохих зөвшөөрөл авалгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газрын ойд нэвтрэн 2.632 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Серес маркийн 50-50 ХӨВ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйлдлүүд нь зөвшөөрөлгүйгээр хуул бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч А.Бэд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу мод зэргийг улсын орлого болгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,632 мет куб шинэс /хар/ модыг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 50-50 ХӨВ улсын дугаартай Киа Серес маркийн тээврийн хэрэгсэл, 2,632 метр куб шинэс /хар/ модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Бийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, 50-50 ХӨВ улсын дугаартай Киа Серес маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 2,632 метр куб шинэс /хар/ модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ