Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

 

 

 

   О.Т-дхолбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Байгалмаа,

хохирогч Д.С-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Г.Должинсүрэн, Э.Болорчимэг, О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг, Д.Бум-Аюуш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Т-дхолбогдох эрүүгийн 201625032162 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-ийн Т

 

Шүүгдэгч О.Т- нь 2015 оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Говь хүрээ” хотхоныг иргэн Д.С-хамтран барих, улмаар “С Ш”ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж итгэл төрүүлэн тус хотхонд 1.097.679.866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн боловч хувьцаагаа шилжүүлэлгүй улмаар “Говь хүрээ” хотхоны дуусаагүй барилга болох 80 хувийн гүйцэтгэлтэй таун хаусын 1, 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, мөн “С Ш”ХХК-ийн эзэмшлийн 20000 м2 газраас 14000 м2 газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлж, их хэмжээний хохирол учруулж залилсан,

мөн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШЗ2016/01554 тоот шүүгчийн захирамжийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор “С Ш”ХХК-ийн нэр дээрх “Говь хүрээ” хотхоны Ү-1105003502, Ү-1105003501 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1.097.679.866 төгрөгөөс 304.679.866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 793.000.000 төгрөгийг шүүдэгч О.Т-оос гаргуулан хохирогч Д.С-т /СЩ85011817/ олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хангалттай нотлох баримтгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг зөрчин хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Д.С-ын Эрдэнэтээс өөр газар, тухайлбал төрсөн нутаг Өмнөговь аймагтаа бизнес эрхлэе гэсэн саналын дагуу бид Өмнөговь аймагт очиж, нийтийн биеийн тамирын талбай байгуулан ажлаа эхэлсэн. Миний нэр дээр 100 хувийн эзэмшилтэй “С Ш”ХХК-ийг байгуулсан. Энэ нь эцэстээ “Говь хүрээ” төсөл хэрэгжих боломжгүй болж, гадна дотны хөрөнгө оруулагч нар болон захиалагч нар мөнгөө нэхэмжлэн компаний үйл ажиллагаа, санхүү доголдож өр шир үүсэхэд өөрөө хариуцлагаас мултарч, уснаас цэвэр гарах гэсэн алсын санаа байсан нь одоо  ойлгогдож байна. Хуулиар олгогдсон эрх бүхий байгууллага бус хамаатных нь эгч болох нэгэн компанийн санхүүгийн захирал Ц.Мөнхбямба гэх хүнээр ахлуулсан “ажлын хэсэг” очиж, “С Ш”ХХК-ийн санхүүгийн баримтад хууль бусаар халдаж, компанийн үйл ажиллагааг зогсоож, эд хөрөнгийг нь битүүмжлэн лацдаж, компаний эрх мэдлийг хууль бусаар булаан авсан, зориуд дампууралд хүргэсэн, эрүүгийн хариуцлага хүлээхүйц ноцтой үйлдэл байсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн заалттай санал нийлэхгүй байна. ...1.097.679.866 төгрөгийг оруулсан тул нэхэмжилж байна гэх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ үнийн дүн бүрэн нотлогдохгүй. Сугаржав өөрөө ар гэрийн шалтгаан хэлж, хувьцаагаа авдаггүй байсан, энэ талаараа ч анхан шатны шүүх хуралдаанд баталж хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсан байдлыг шалган үзэж цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасан, гэмт хэргийн хохирогч гэх Д.С-, Д.Бат-Эрдэнэ нар нь хариуцлагаас шууд зугтсан, С-н аав болох Ц.Д-нь зээлийн мөнгөө нэхэмжилсэн, мөн БНХАУ-ын иргэн Зан Зи Мин-ээс 472 сая төгрөг, иргэн Болдбаатараас 624 сая төгрөг, байр захиалагчдын урьдчилгаа төлбөр болох 105 орчим сая төгрөг нэхэгдсэн учраас өр төлбөрийг барагдуулах зорилгоор Иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон зээлийн гэрээний дагуу, “С Ш”ХХК-ийн нийт өмч хөрөнгө, барилга байгууламжаас тодорхой хэсгийг буцаан авах нөхцөлтэйгөөр шилжүүлсэн үйлдлийг зайлшгүй хийх шаардлага үүссэн. Дээрх шалтгаан үндэслэлүүдийг харгалзан үзэж, О.Т- намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчимэг, Д.Бум-Аюуш нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...шүүхээс О.Т-ыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хийхдээ, дээрх үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож байгааг дурдалгүйгээр залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж хэт нэг талыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж дүгнэсэн байдаг. Мөн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн 50 хувийг шилжүүлэхээр тохирсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд хохирогч Д.С-т дээрх баримтууд өөрт нь байсаар байхад Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газарт хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр 3 жилийн турш нэг ч удаа идэвхитэй үйлдэл хийгээгүй нь нотлогдож байхад, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох ёстой байсан. Хавтас хэрэгт авагдсан “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 50 хувийг эзэмшигчийн эдлэх эрх, үүргийг Д.Бат-Эрдэнээс Д.С-т 3 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн итгэмжлэл, хөрөнгө оруулалтьн мөнгийг Д.С- өөрийн аав, ээж, ах, дүү, хамаатан садангаас зээлсэн гэх боловч тухайн гэрч нарын мэдүүлгээр энэ хэргийн хохирогч Д.С- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн гэдэг нь нотлогдохгүй байхад хохирогчоор тооцсон. Компанийн 50 хувийг эзэмших эрх шилжээгүй үндэслэлээр Д.Бат-Эрдэнэ О.Т-той 793.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаараа Д.Бат-Эрдэнээс Д.С-т олгосон байхад Д.С- нь хохирогч мөн эсэх эргэлзээтэй байдлыг тогтоох шаардлагатай байсан. Хохирогч Д.С-ын аав болох гэрч Ц.Д-нь “Би зээлийн гэрээний дагуу зээлэнд дурдсан мөнгийг О.Т-ын Худалдаа хөгжлийн банк дахь 414003443 тоот төгрөгийн данс болон өөрийн хувийн дансанд хийсэн гэж мэдүүлсэн байдаг. О.Т-ын дансанд Ц.Д-гээс мөнгө шилжсэн баримт байхгүй. Хохирлын хувьд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолбол зохих байдалд хамааруулсан. ... Энэ хэрэгт оруулсан хөрөнгийн тооцооллыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Учир нь, хохирогч Д.С- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ааваасаа ам.доллар хэлбэрээр авсан мөнгөө “Найман шарга” валют арилжаалах цэгт солиулаад, тэр мөнгөө захиран зарцуулаад, үлдэгдлийг кассанд шилжүүлдэг байсан” тухай ярьдаг. Хэргийн бүрдлийн хувьд хэрэг шалгах явцад хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь анхнаасаа зохион байгуулалттай, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулсан мэдүүлгүүд авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээдэг байтал прокурор Б.Байгалмаа нь “шүүгдэгч О.Т- санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй” хэмээн шүүхэд тайлбарласан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн. Шийтгэх тогтоолд О.Т- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр прокуророос яллагдагчаар татан, залилах хэрэгт нэгтгэн шалгасан буюу хөөн хэлэлцэх хугацаанд яллагдагчаар татагдсан, шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс О.Т-ыг анхнаасаа Д.С-ыг залилах зорилготой байсан тул залилах гэмт хэргийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг гарсан байдлыг заавал тогтоох ёстой, гэмт хэргийг хэзээ хаана, үйлдсэн, гэм буруугийн сэдэлт зорилго, энэ гэмт хэргийн улсаас учирсан хохирол, хор уршиг заавал нотлох баримтаар тогтоогдож байж гэмт хэргийн шинжийг агуулсан байх ёстой” гэж үздэг. Шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээс харахад, тухайн хоёр хүн өөрсдийн хөрөнгөөр биш, ямар нэгэн байдлаар хөрөнгө бий болгож, “Говь хүрээ” хотхоныг байгуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй бол дангаар нотлох баримт болохгүй” гэдэг. Энэ нь Д.С-ын мэдүүлэгт хамааралтай. “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэл нь хуулийн дагуу хийгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Дээрх баримтуудыг үнэлээд гэмт хэргийн шинжгүй гэдгийг нотлох ёстой байтал хохирогчийн эх сурвалжаа заагаагүй мэдүүлгийг үнэлж, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг Д.С-ын хамаатан садангаас оруулсан байдаг. Хэрэгт авагдсан О.Т- болон Д.С-ын нарын хувийн дансны хуулгаас харахад Д.С-т зээлүүлсэн мөнгө харагддаггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчиж шийдвэр гаргасан. Харин Д.С-ын аав буюу Ц.Д-тэй байгуулсан зээлийн гэрээ, мөн Д.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл байдаг. Тэгэхээр Д.С- энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар тухайн гэмт хэргийн ямар нэгэн тодорхой баримт заалгүйгээр зөвхөн О.Т-ын хүлээн зөвшөөрснийг үндэслэж 793.000.000 төгрөгийн хохирлын хэмжээг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шинжээч томилсон тогтоолд процессийн алдаа буюу томилсон шинжээч танилцалгүйгээр хөрөнгийн үнэлгээг гаргасан, мөн үүнтэй холбоотой анхан шатны баримт байхгүй. Харин өөрсдөө олсон буюу Барилгын тухай хуулийн дагуу уг барилгыг үнэлсэн гэж шинжээч тайлбарладаг. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7, 7.25, 10.4.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байтал анхан шатны шүүх яллагдагчаар татсан тогтоолыг үндэслэж хуулийг буруу хэрэглэсэн. Дээрх нөхцөл байлуудаас харахад иргэд хоорондын хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой маргаан гэдэг нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, уг маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр харъяалал тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т-оос нэлээдгүй хүсэлтүүд гаргасан ч хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт байддаггүй тул процессийн журам зөрчсөн. Тухайн гэмт хэрэгт хохирогчийн захиалгын дагуу нотлох баримтуудыг цуглуулсан. “С Ш”ХХК нь өөрийн өмчлөлийн газаргүй, бусдад зарж борлуулсан үйлдэл байхгүй. Харин О.Т- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэний хэргийн дагуу гүйцэтгэсэн ажиллагаа. Санхүүгийн баримтыг шүүгдэгч О.Т- мөрдөгчид гаргаж өгөөгүй, дээрх баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй, хэрэгт авагдсан баримтаар дээрх үнийн дүн бүрэн нотлогдохгүй байна гэж шийтгэх тогтоолд дурдсан. Дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд гаргаж, дүгнэлт гаргуулахад хохирлын хэмжээ бүрэн тогтоогдохгүй. Учир нь, хохирогч “дээрх мөнгийг компанийн дансаар оруулдаггүй, баримтыг бүрэн хөтөлдөггүй” талаар мэдүүлсэн байхад хэрэгт авагдаагүй мэдүүлгийг тогтоолд дурдсан. Шүүгдэгч О.Т- зээлийн гэрээг хүлээн зөвшөөрдөг болохоос биш 793.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүх хуралдаанд хэлээгүй. Д.С- өөрийнхөө ааваас ам.доллараар мөнгө авч, вальют арилжаалах цэгт солиулан захиран зарцуулж, үлдсэн мөнгийг нь кассанд тушаадаг байсан гэж мэдүүлдэг” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-ыг буруутгаж байгаа үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг зөрчсөн буюу “Говь хүрээ” хотхоны үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэж үзсэн. О.Т- 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Болдбаатарт шилжүүлсэн байдаг. 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу байх ёстойг, мөн тухайн ажиллагаа хууль ёсоор эхэлсэн болохыг О.Т- мэдсээр байж бусдад эд хөрөнгө шилжүүлсэн байхыг шаардана. Шүүхийн шийдвэр баталгаажуулах захирамжийг гүйцэтгэх хуудасгүй явуулахыг хориглоно гэж заасан байтал үүнийг зөрчиж О.Т-ыг буруутгаж байгаа энэ захирамж нь шийдвэрийг баталгаажуулах захирамж юм. Тухайн захирамжид О.Т-ын төлөөлөгч н.Нарантуяа гомдол гаргаж,  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  өөрчлөлт оруулсан тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн эрх зүй юу, иргэний эрх зүй юу гэдгийг ялгаагүй. Д.С-, О.Т- нарын хооронд байгуулсан гэрээ, мөн Ц.Д-тэй байгуулсан зээлийн гэрээ зэргээс үзэхэд иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь харагдаж байна. Итгэмжлэл нь 2015 оны 5 дугаар сарын 14-нөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай хийгдсэн байтал 2016 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй хэмээн гомдол гаргасан.  Хэрвээ гомдол гаргах бол 2018 оны 5 дугаар сард эрх нь нээгдэх байсан. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг ч иргэний эрх зүйн харилцаанд заавал бичгээр байгуулахыг шаардаагүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Т- нь ходооны архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвслийн хүндэрлүүд байгаа тул цаашид хяналтад байх ёстой талаар дүгнэсэн Цагдан хорих 461 дүгээр ангийн эмчийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгч байна. Нэмж хэлэхэд “С Ш”ХХК-д ажиллаж байсан гэрч Цогзолмааг асуулгахаар хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн талаас удаа дараа хүсэлт гаргасан боловч түүнийг гэрчээр асуугаагүй. “С Ш”ХХК-ийн 50 хувийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ямар ажиллагаа хийсэн, зөвхөн О.Т-ын үйл ажиллагаанаас үүдэж энэ шийдвэр хэрэгжээгүй гэдгийг  нотлоогүй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолтой танилцлаа. Хэрэгт байгаа баримт болон яллагдагчийн мэдүүлгээс харахад 793.000.000 төгрөгийг Д.С-аас ааваар нь дамжуулан авсан гэж хэлсэн байдаг. О.Т- ямар нэгэн байдлаар хамтран ажиллана гэж яриагүй талаар энэ хуралдаанд хэлэх шиг боллоо. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь О.Т- “Д.С- бид хоёр тус бүр 200.000.000 төгрөгийг гаргахаар тохиролцсон боловч дахин мөнгө шаардлагатай болсон тул өөрийн хүргэн ах Н.Болдбаатараас 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл 624.000.000 төгрөг авсан гэдгийг тодорхой мэдүүлсэн. Энэ нь “Д.С-ын төрсөн эцэг болох Ц.Д-тэй гэрээ байгуулж, 793.000.000 төгрөгийг Д.С-аар дамжуулан авсан, мөн Д.С- өөрийн ах, эгч нараас 50.000.000 төгрөгийг зээлж бэлнээр өгч байсан” гэх мэдүүлэг нь 843.000.000 төгрөгийг авч байсныг нотолдог. Энэ нь О.Т-ын 843.000.000 төгрөгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн нь 200.000.000 төгрөгөөр тусдаа байгаа нь харагдаж байна. Тухайн мэдүүлэгт Болорчимэг өмгөөлөгч гарын үсэг зурж, Т- өөрөө үнэн зөв байна гээд гарын үсэг зурсан байдаг. Мөн яллагдагчаар татахдаа хууль зөрчсөн гэж хэлж байна. Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Шинэ хуульд нийцүүлж дахин байцаасан, хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. 3 жилийн хугацаатай бичигдсэн итгэмжлэл дээр хувьцаа шилжүүлэхтэй холбоотой үйлдлийг хийх гэсэн үг байхгүй. Үүнд, “Энэхүү итгэмжлэлийн дагуу миний үүсгэн байгуулсан “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүх санал болон эд хөрөнгийг эдэлж, үүрэг хүлээж, бусдын өмнө компанийг төлөөлөх, гарах бүх шийдвэрт хувьцаа эзэмшигчийн эрхтэй төлөөлөх, холбогдох гарын үсэг зурах эрхийг олгож байна. Энэхүү итгэмжлэл нь гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр” гэсэн байгаа. Хувьцаа эзэмшигч О.Т- өөрөө зөвшөөрч 50 хувийн хувьцааг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч хувьцаа шилжүүлнэ гээд шилжүүлээгүй байгаа нь харагдаж байна. О.Т- өөрийгөө цагаатгах талын нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Үүнийг ч удаа дараа шаардаж байсан ч гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр 2.497.392.475 төгрөг гэж тогтоогдсон. Энэ үнэлгээнээс харахад Н.Н.Б-хөрөнгө оруулсан гэх 624.000.000 төгрөгөөс гадна өөр хөрөнгө оруулалт орсон гэдэг нь харагдаж байна. Үүнээс анх Д.С-тай хамтарч тус бүр 200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь тодорхой харагддаг. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж бодит дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Д.С-, шүүгдэгч О.Т- нар анхнаасаа хамтран ажиллахаар гэрээ байгуулж, “С Ш”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Т- тухайн компанийн 50 хувийг Д.С-т шилжүүлэхээр тохиролцож, “Говь хүрээ” хотхоныг барихаар хоёр талаасаа хөрөнгө оруулалт хийсэн. Тохиролцсон ёсоор хувьцаа шилжүүлэх ажлыг О.Т- хийгээгүй. Үүсгэн байгуулагчийн хурал хийгээд 50 хувийн хувьцааг шилжүүлэхээр болж, уг ажлыг Цэрэнлхамд даалгасан байдаг. Тухайн компанийн 50 хувийн хувьцааг хохирогч Д.С- болон Д.Бат-Эрдэнэ нарт шилжүүлэхээр өөр ямар нэгэн ажиллагаа хийгээгүй өдийг хүрсэн. Мөн хамтын хөрөнгөөр бий болж байгаа хөрөнгийг дур мэдэн бусдад худалдах, худалдан авах гэрээ байгуулан борлуулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй юм. Анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 793.000.000 төгрөг авсан нь тогтоогдож байна гэж үзээд хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг болон дансны хуулгаар хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй тул 793.000.000 төгрөгөөр тогтоосныг хохирлын хэмжээг нотлогдоогүй гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамжид гомдол гаргаснаар өөрчлөлт орсон боловч захирамжийн 1 дэх заалтад өөрчлөлт ороогүй. “С Ш”ХХК-ийн 1, 2, 3 дугаар байрыг 473.000.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн нь хэвээр үлдсэн. Уг өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлж гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 10-аад хоногийн дараа шүүгдэгч О.Т- өөрөө 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа байрыг өөрийн ах Н.Н.Б-нэр дээр шилжүүлсэн. Шүүхийн уг шийдвэрийг О.Т- мэдэхгүй байх боломжгүй. “С Ш”ХХК-ийн өр төлбөрт шилжүүлж байгаа мэт харагдаж байгаа боловч 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Н.Болдбаатараас 624.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Өмнөговь аймагт мөн өдөр гэрч Ц.Д-тэй зээлийн гэрээ байгуулсан буюу нэг өдөрт 2 гэрээ байгуулсан байдал харагдаж байна. Тэгэхээр Н.Болдбаатартай хийсэн зээлийн гэрээг нөхөж хийсэн нь харагдаж байгаа тул залилах гэмт хэргийг давхар нотлож байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хөрөнгийн үнэлгээг үнэлээгүй. Одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй гэх “Говь хүрээ” хотхоны ажилд 793.000.000 төгрөгийг зарцуулж байсан гэдгийг шүүгдэгч өөрөө ч мэдүүлдэг. Компанийн 50 хувийг шилжүүлнэ гэж тохирсон ч шилжүүлээгүй учир бүх эрх О.Т-дбайсан тул дур мэдэн, хохирогчид мэдэгдэхгүйгээр ах Н.Н.Б-нэр дээр шилжүүлж, өөрөө өөртөө хөрөнгө босгосон. Анх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдагчаар татаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан эрх, үүргийг маш дэлгэрэнгүй танилцуулж, тогтоолд шүүгдэгч өөрөө гарын үсэг зурсан. Шинэ хууль хэрэгжсэнтэй холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг бүхэлд нь болон дараах зүйлсийг тайлбарласан гэж мөрдөгч байцаалтадаа тодорхой дурдсан байдаг. Уг тэмдэглэлтэй танилцаад шүүгдэгч О.Т- болон түүний өмгөөлөгч Э.Болорчимэг нар гарын үсэг зурсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул  хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан  зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, О.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШЗ2016/01554 тоот шүүгчийн захирамжийг зөрчиж, “С Ш”ХХК-ийн нэр дээрх “Говь хүрээ”  хотхоны Ү-1105003502, Ү-1105003501 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

гэрч Ц.Мөнхбямбын: “...О.Т- нь ах Н.Н.Б-нэр дээр дуусаагүй үйлдвэрлэлийн барилгаа шилжүүлсэн” /1хх-44/,

 

гэрч Н.Б-н: “... О.Т-, Д.С- хоёр “барилга барих гэж байгаа, мөнгө төгрөг орж ирэхгүй байна” гээд 2015 оны 3 дугаар сард “С Ш”ХХК-ийн захирал надтай гэрээ байгуулж, 150 сая төгрөг зээлж авсан. Цувуулж авсаар байгаад 628 сая төгрөг болсон. Зээлсэн мөнгөний оронд “Говь хүрээ” төслийн 2 байр, 14.000м2 газрыг шилжүүлж авсан” /1хх-50/,

 

гэрч Б.А-ын: “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нямжав овогтой Болдбаатар нь худалдах, худалдан авах гэрээгээр “С Ш”ХХК-иас 1, 2 дугаар байрыг өмчлөн авч Н.Б-нь өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн” /1хх-55/,

 

гэрч Х.Б-йн: “... О.Т- нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш 14 хоногийн дараа “С Ш”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 1, 2 дугаар байрыг иргэн Н.Б-гэдэг хүний нэр шилжүүлсэн байсан. Бид нар О.Т-оос “1, 2 дугаар байрыг яагаад шилжүүлсэн юм” гэхэд “миний өр барагдуулах дүнд миний 3 дугаар байр хангалттай хүрнэ” гэхээр нь 3 дугаар байрыг битүүмжилсэн. О.Т- өөрөө дур мэдэн, шүүхийн тогтоолыг зөрчин 1, 2 дугаар байрыг шилжүүлсэн байсан. ... Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж манай алба дээр ирэхээс өмнө бусдад шилжүүлчихсэн байсан. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. ... Төлбөрүүдээс зайлсхийж, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн” /3хх-15-16/,

 

гэрч С.О-ны: “ ... Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 2016 оны 10 дугаар сард “С Ш”ХХК-ийн 1, 2 дугаар байрыг Н.Б-гэдэг хүний нэр дээр газрын хамт шилжүүлсэн байсан. 01554 дугаартай шүүгчийн захирамж манай албанд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн, өөрөөр хэлбэл Т- шүүгчийн захирамж манай албанд ирэхээс өмнө 1, 2 дугаар байрыг бусдад шилжүүлчихсэн байсан. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл юм.” “...О.Т- нь ... төлбөрийн чадваргүй болсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан” /3хх-17, 82/,

 

шүүгдэгч О.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Би захирлын албан тушаалыг дангаар гүйцэтгэж байсан болохоор Д.С-аас зөвшөөрөл авах ямар нэгэн асуудал байгаагүй.” “...2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ... шүүхийн шийдвэрт “С Ш”ХХК-ийн нийт хөрөнгөөс 472.000.000 төгрөгийн хэмжээгээр эд хөрөнгийг битүүмжлэхээр даалгаж, ... уг тогтоолд 1, 2, 3 дугаар орон сууцыг гэж дурдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 3 дугаар орон сууцны үнэ хангалттай хүрч байсан тул ... 3 дугаар байрыг битүүмжилсэн. Харин үлдсэн 1 болон 2 дугаар орон сууцыг газрын хамт Н.Б-ахын нэр дээр шилжүүлсэн.” “...Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Оюунчулуунтай өөрийн биеэр очиж уулзаж, борлуулалт хийсний дараа нэхэмжлэлийг хангах боломжтой ... гэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс “манай байгууллага дээр албан ёсоор шүүхээс захирамж ирээгүй байна” ...  гэсэн хариу өгөхөөр нь Н.Болдбаатарт гэрээний дагуу ... 2015 оны 10 дугаар сарын 14-ний үед байх 1, 2 дугаар байрыг 14.000м2 газрын хамт шилжүүлж өгсөн” гэх мэдүүлгүүд /3хх-18-19, 38, 95/,

 

газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /3хх-5-6/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3хх-26-27, 29/, Н.Н.Б-үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-28/, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01554 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж /3хх-40/, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 00050 дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүхийн тогтоол /3хх-41-42/, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “С Ш”ХХК-ийн байрны гэрчилгээ /3хх-21/, эд хөрөнгийг битүүмжлэх акт /3хх-51-52/, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /3хх-56/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших гэрчилгээ /3хх-25/, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3хх-26/, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /3хх-29/, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт /1хх-31/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгч О.Т-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1554 дугаартай Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар, “С Ш”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1105003502, Ү-1105003501, Ү-1105003503 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн буюу 472.425.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.Т- нь уг захирамж гарсныг мэдсээр байж, “Сайн шал компанийн эзэмшлийн “Говь хүрээ” хотхоны барилга болох  улсын бүртгэлийн Ү-1105003502, Ү-1105003501 дугаар бүхий гэрчилгээтэй 1, 2 дугаар байрыг бусдад шилжүүлсэн байх бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт хамаардаг тул шүүгдэгч О.Т-ын дээрх үйлдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан тул О.Т-дхолбогдох эрүүгийн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймээс шүүгдэгч О.Т-ын “дээрх хэргийг цагаатгаж өгөх”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин түүний өмгөөлөгч Э.Болорчимэг, Д.Бум-Аюуш нарын гаргасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авав.

 

2. Прокуророос О.Т-ыг 2015 оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Говь хүрээ” хотхоныг иргэн Д.С-хамтран барих, улмаар “С Ш”ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж итгэл төрүүлэн тус хотхонд 1.097.679.866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн боловч хувьцаагаа шилжүүлэлгүй, бусдын эд хөрөнгийг төөрөгдөлд оруулж, хуурч  их хэмжээний хохирол учруулан залилсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

О.Т-ын дээрх үйлдэл нь бусдыг “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд,  О.Т-, Д.С- нар нь 2015 онд  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь хүрээ” хотхоныг барихаар харилцан тохиролцож, “С Ш”ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хувьцааг 50:50 хувь буюу адил хэмжээгээр эзэмшихээр, Д.С- нь төрсөн ах Ц.Д-гийн Бат-Эрдэнийг  хувьцаа эзэмшигч болгохоор тохирсон  болох нь:

 

хохирогч Д.С-ын “...Т- “хамтран ажил хийе” гэсэн саналыг тавьж, ...  “миний компаний хувьцааг 50:50 хувиар нь хувааж, чиний нэр дээр 50 хувийг шилжүүлнэ” гэсэн ам тохиролцоо хийсэн.  ... Ах Д.Бат-Эрдэнийг хувьцаа эзэмшигчээр оруулахаар тохирсон, ...хамтран ажиллах гэрээний хугацааг барилга байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаагаар тогтоосон.” /1хх-37-39, 2хх-79/,

 

шүүгдэгч О.Т-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Д.С- бид хоёр 2014 оноос эхэлж бизнес хийж эхэлсэн. …Улаанбаатар хотод “С Ш”ХХК, Орхон аймагт “Нумт бар” ХХК байгуулан  ажиллагаа явуулж байсан. Энэ хоёр компани миний нэр дээр байдаг. Л.Сугаржав ар гэрийн байдлаас /аав Ц.Д- төрийн өндөр албан тушаал хашиж байсан, мөн гэр гэр бүлээсээ салсан байсан/ болоод компаний хувь эзэмшигчээр ордоггүй байсан. 2014 онд Д.С- бид хоёр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах тендерийн ажил авч хийж гүйцэтгэсэн. Энэ үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Баттулга гэдэг хүн та нар хөрөнгөө гаргаад орон нутагт битүү зах барих уу, тэгвэл газрын асуудлыг шийдэж өгье гэсэн санал тавьсан. Сугаржав бид хоёр Улаанбаатар хотод ... ирсэн хойно би “Говь хүрээ” нэртэй 3 орон сууц, битүү зах, зочид буудал, оффисийн барилга барих төсөл бичсэн. Ингээд Сугаржав бид хоёр төслөө бэлэн болгоод Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа гэх хүнд танилцуулсан. 2015 оны 3 дугаар сард 20.000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, /1хх-62-65, 68-70/,

 

гэрч Д.Бийн: “...Т- гэх залуутай манай дүү Сугаржав хамтран нэг төсөл дээр ажиллаж байсан юм. “С Ш”ХХК-ийн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр болсон байсан. Сугаржав “С Ш”ХХК-ийн хувьцааны 50 хувийг өөр дээрээ авахгүй байсан учир нь манай аав Ц.Д- нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан болохоор ашиг сонирхлын зөрчил, янз бүрийн хэл амнаас болгоомжлох үүднээс намайг “С Ш”ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр оруулахаар болж бичиг баримтаа бүрдүүлсэн” гэх мэдүүлгүүд  /1хх-4/,

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говь хүрээ” хотхоныг барьж байгуулах тухай  /1хх-15-24,1-42/ хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

- “С Ш”ХХК-ийн удирдлагууд хуралдаж, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр   “Ц.Д- овогтой Бат-Эрдэнийг тус компанийн үүсгэн байгуулагч гишүүн, хувь нийлүүлэгчээр нэмэхээр  зааж, 50 хувь болох 200.000.000 төгрөгийг хувь нийлүүлэгч Д.Бат-Эрдэнэ, 50 хувь болох 199.000.000 төгрөгийг хувь нийлүүлэгч О.Т- нар гарган хувь нийлүүлэх ба нийт 400.000.000 төгрөг буюу нэг бүр нь 400.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг менежер Б.Цэрэнлхамд даалгаж ...”  шийдвэрлэсэн тогтоол үйлджээ. /1хх-14/,

 

гэрч Б.Цэрэнлхам: Намайг ажиллаж байх хугацаанд Т-ын эгч, мөн Сугаржавын ах Бат-Эрдэнэ нар ирээд, тэд нар хувь нийлүүлэгчдийн хурал хийсэн. Би хуралд нь байгаагүй болохоор яг юун тухай ярьсныг нь мэдэхгүй байна. Хурлын дараагаар компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулна, мөн Бат-Эрдэнийг хувь эзэмшигчээр нэмж оруулна гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой Улсын бүртгэлийн хэлтэс рүү өгөх материалыг би бүрдүүлж байсан. Тэгэхдээ эцэслэн хариуг нь аваагүй. Материал бүрдүүлэх ажлыг Т- надад даалгасан учраас би бүх материалыг бүрдүүлж байсан. Яг Улсын бүртгэлийн хэлтэс рүү материалаа өгөөд өөрчлөлт орсон талаар нь хариу аваагүй учраас мэдэхгүй байна./1хх-250/,

 

гэрч Д.Б-ийн: “...Нотариатаар батлуулсан гэрээний хувийг О.Т- авч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ гэсэн. Үйл ажиллагаа явагдаж байх үед санхүүгийн асуудал үүсээд бичиг баримтаа нягтлан шалгаж үзэхэд Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр бүртгүүлээгүй, компаний хувьцаа 100 хувь Т-ын нэр дээр байсан. Т-оос яагаад “С Ш”ХХК-ийн хувьцааны 50 хувийг миний нэр дээр шилжүүлээгүй талаар асуухад санхүүгийн тайлангаа татварт өгөөгүй тул шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байсан гэж хэлдэг. “С Ш”ХХК-ийн хувьцааны 50 хувь надад шилжиж ирээгүй” гэх мэдүүлгүүд /1хх-41-42/,

 

Д.С-, О.Т-, Д.Б нарын  2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн: “Энэхүү итгэмжлэлийн дагуу үүсгэн байгуулж, хувь хөрөнгө нийлүүлсэн “С Ш”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн бүх саналын болон эд хөрөнгийн эрхийг эдэлж, үүрэг хүлээх, бусдын өмнө компанийг төлөөлөх, гарах бүх шийдвэрт хувьцаа эзэмшигчийг шийдвэрлэх эрхтэйгээр төлөөлөн оролцох, холбогдох гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна. Итгэмжлэл олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй” /1хх-13/ гэх итгэмжлэл зэрэг баримтуудаар О.Т- нь  Д.С-ын хүсэлтээр  Д.Бат-Эрдэнийг “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргаж, түүнийгээ тус компанийн менежер Б.Цэрэнлхамд даалгасны дагуу менежер  улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бүрдүүлж байсан боловч үүрэг болгосон ажлыг эцэслэн дуусгалгүй орхисон нь тогтоогдож байна.

-Мөн прокуророос О.Т-ын залилах гэмт хэргийн үйлдлийн улмаас иргэн Д.С-т 1 097 679 866 төгрөгийн хохирол учирсан  гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс хохирлыг шүүгдэгчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 793 000 000 төгрөгөөр хохирлыг тооцжээ.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд  Д.С- нь О.Т-д 1 097 679 866 төгрөг, эсвэл 793 000 000 төгрөг өгсөн, авсан тухай баримт байхгүй, харин Д.С-ын эцэг Ц.Д-гээс 793 000 000 төгрөг О.Т- зээлсэн талаарх гэрээ / 2015 оны 3 дугаар сарын 20-ны зээлийн гэрээ/, уг мөнгийг зээлүүлсэн тухай гэрч Ц.Д-гийн мэдүүлэг байна. /3хх-181/,

 

гэрч Ц.Д-нь  “С Ш”ХХК буюу О.Т-оос дээрх мөнгийг  нэхэмжилж Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд шүүх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143/ш32017/00425 дугаар захирамж гаргаж, уг хэргийг О.Т-дхолбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлжээ.

 

Дээр дурдсан баримтуудыг  нэгтгэн дүгнэж үзэхэд, О.Т-, Д.С- нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж, Өмнөговь аймаг дахь Даланзадгад суманд “Говь хүрээ” төслийг хэрэгжүүлэхээр тохирч “С Ш”ХХК үүсгэн байгуулсан бөгөөд уг компани О.Т-ын нэр дээр  гэрчилгээ авагдаж, үйл ажиллагаа явуулж байна.

 

О.Т-, Д.С- нарын хэн аль нь “Говь хүрээ” төслийн үйл ажиллагаанд мөнгө зарцуулсан байж болохоор боловч хэн нь хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй, компани тасралтгүй  үйл ажиллагаагаа явуулж “Говь хүрээ” хотхон 80 хувьтай баригдан, түүний үнэлгээ 2.497.392.745 төгрөгөөр тооцогдсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /3хх-212/,

 

Д.С-тай тохирсны дагуу “С Ш”ХХК нь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар Д.Бат-Эрдэнийг бүртгүүлэхээр  шийдвэр гаргасан боловч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газраас тайлангийн баримт  шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар бүртгээгүй нь гэрч Б.Цэрэнлхамын мэдүүлгээр /1хх-250/ тогтоогдож байх бөгөөд хэн аль нь хувьцаа эзэмшигчээр бүртүүлэх саналыг дахин гаргаагүй, “С Ш”ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр  одоо ч  хэвээр, тухайн гэрээ хэлцлийг өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийсэн, шүүгдэгч О.Т- нь  Д.С-ыг шаардсаар байхад түүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээс зайлсхийсэн, хуурч мэхэлж төөрөгдөлд оруулсныг нотлох баримтгүй, харин ч шүүгдэгч О.Т- нь Д.С-тай хамтран ажиллах гэрээний дагуу үүрэг хариуцлагыг хамтдаа үүрэх сонирхолтой, компанийн хувьцаа эзэмшигчээр одоо ч бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлгээс харагдаж байна.

 

Иймээс О.Т-ыг “С Ш”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.С-ын ах Д.Бат-Эрдэнийг бүртгүүлнэ гэж итгэл төрүүлэн залилан мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, Д.С- нь компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой, мөн Д.С- нь О.Т-ын “залилсан” гэх үйлдлийн улмаас хэрхэн хохирсон нь тодорхойгүй, залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Т-ын “бусдыг залилсан” гэх үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэхдээ “2015 оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт “Говь хүрээ” хотхоныг иргэн Д.С-хамтран барих, улмаар “С Ш”ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлнэ гэж итгэл төрүүлэн тус хотхонд 1.097.679.866 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн боловч хувьцаагаа шилжүүлэлгүй, улмаар “Говь хүрээ” хотхоны дуусаагүй барилга болох 80 хувийн гүйцэтгэлтэй таун хаусын 1, 2 дугаар барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, мөн “С Ш”ХХК-ийн эзэмшлийн 20000 м2 газраас 14000 м2 газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлж, их хэмжээний хохирол учруулж залилсан” гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

 

Иймээс О.Т-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан, шүүгдэгч О.Т-ын  гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчимэг, Д.Бум-Аюуш нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөх”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин О.Т-, Ц.Д-нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, О.Т-, Д.С-ын нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, О.Т-, Д.С-, Д.Бат-Эрдэнэ нарын үйлдсэн итгэмжлэл зэрэг нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй байх тул зохих харьяалалын дагуу буюу иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5  дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

“шүүгдэгч  О.Т-дхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Аранзтан овогт Отгонсүрэнгийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “шүүгдэгч Аранзтан овогт Отгонсүрэнгийн Т-ыг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Т-дурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч О.Т- нь 84 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

    ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

                ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ