Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0591

 

АТЛ компанийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор АТЛ компанийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сольсон албан ёсны шийдвэр байхгүй байхад хууль бусаар, хуурамч баримт бүрдүүлэн гүйцэтгэх захирлыг өөрчилж бүртгүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн А овогтой Цыг гүйцэтгэх захирлыг өөрчилж бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн эрхийн бүртгэлийн газарт ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Л ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Цыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилох тухай материалыг ирүүлсэн болно.

Дээрх материалд АТЛ компани нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Доржпүрэв овогтой Э ийг томилж, ХМ ХХК-ийн захирлыг өөрчлөлтийг бүртгэсэн болно. Нэг үүсгэн байгуулагчтай үүсгэн байгуулагч нь Британийн виржини арлуудын хуулийн этгээд байдаг. Улсын бүртгэл үндэслэлтэй. Уг бүртгэлийг улсын бүртгэгч Д.Э бүртгэсэн гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд болох ХМ ХХК /Регистрийн дугаар:***, Улсын бүртгэлийн дугаар: ***/ нь 2012 оны 05 дугаар сард Британийн виржини арлуудад бүртгэлтэй АТЛ компанийн зуун /100/ хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. ХМ ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд болох ХГ ХХК /Регистрийн дугаар: ***/-Н зуун /100/ хувийн хувьцааг эзэмшдэг.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх захирлыг солих бүрэн эрхтэй ба энэхүү эрхийнхээ хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн АТЛ компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Монгол Улсын иргэн Д.Э /Регистрийн дугаар: ***/-Д ХМ ХХК болон ХГ ХХК-н гүйцэтгэх захирлыг солих шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгосон.

Ийнхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр эрх олгогдсоны дагуу Д.Э нь 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр ХМ ХХК болон ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В.Л ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж дээрх хоёр компанийн гүйцэтгэх захирлаар А.Цыг томилох шийдвэрийг гаргаж, нэмэлт өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон Сэлэнгэ аймгийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж хийлгэсэн.

Британийн виржини арлуудад бүртгэлтэй АТЛ компани болон тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай ХМ ХХК-ийг үүсгэн байгуулахад АТЛ компанийг төлөөлөн гарын үсэг зурж байснаар энэ нь нотлогдоно.

Монгол Улсын хуулийн этгээд болох ХМ ХХК болон ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сольсон үйлдэл нь Монгол Улсын компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудын дагуу хийгдсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна гэжээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20761 дүгээр захирамжаар Британийн виржини арлуудад бүртгэлтэй АТЛ компанийг Монгол Улсын иргэн В.Л  нь төлөөлөх эрхгүй гэж тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд улмаар В.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. АТЛ компанийг төлөөлж Монгол Улсын иргэн В.Л захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан төлөөлөх эрхтэй гэдгийг нотолсон гэх баримтыг иргэний хэргийн шүүхэд мөн адил гаргаж өгч, энэхүү баримтаар шүүх дээрх дүгнэлтийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.2.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АТЛ компанийн гүйцэтгэх захирал В.Л ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сольсон албан ёсны шийдвэр байхгүй байхад хууль бусаар, хуурамч баримт бүрдүүлэн гүйцэтгэх захирлыг өөрчилж бүртгүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн А овогтой Цыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж буй ХМ ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох АТЛ компанийн хувьцаа эзэмшигч болох ЧСК нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын иргэн Д.Эд итгэмжлэл олгож ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирал болох В.Л ийг ажлаас нь чөлөөлж, А.Цыг гүйцэтгэх захирлаар томилох эрхийг олгосон.

АТЛ компанийн хувьцаа эзэмшигч болох Чан Сео Кеонг нь тус компанийн хувьцаа эзэмшигч мөн бөгөөд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын иргэн Д.Эд бичгээр итгэмжлэл олгосон нь хуулийн дагуу гаргасан шийдвэр юм. АТЛ компани нь Британийн виржини арлуудад бүртгэлтэй компани бөгөөд компани нь Монгол Улсад үйл ажиллагаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй болно.

 

Компанийн тухай хуулийн 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Британийн виржини арлуудад бүртгэлтэй АТЛ компани нь Монгол Улсад шууд үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд өөрийн охин компанийн гүйцэтгэх захирал солихтой холбоотой шийдвэрийг гаргахдаа өөрийн үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй улсынхаа хууль тогтоомж болон компанийн дүрэмд үндэслэн гаргасан.

Гэтэл Монгол Улсын захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ АТЛ компанийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжид харьяалуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн компанийн гүйцэтгэх захирлыг солих шийдвэрийг ямар үндэслэлээр гаргах компанийн дүрэм болон компанийн үйл ажиллагаагаа явуулдаг бүртгэлтэй орны хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж байгаа болно.

Иймд, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч В.Л ийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4 болон 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.3-5.5 болон 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 07-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч В.Л ээс ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сольсон албан ёсны шийдвэр гараагүй, хууль бусаар бүрдүүлсэн хуурамч баримтад үндэслэсэн гэж үзэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн А овогтой Цыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад АТЛ компанийн хувьцаа эзэмшигч ЧСКоос бүрэн эрх олгосны дагуу холбогдох шийдвэрийг гаргасны үндсэн дээр бүртгэлийн байгууллагад хандсан гэх бөгөөд тухайн үед хувьцаа эзэмшигч ЧСКийн итгэмжлэл, гүйцэтгэх захирал Д.Эийн гарын үсэг бүхий АТЛ компанийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрүүдийг гаргаж өгсөн, тухайн баримтуудыг нь үндэслэн хариуцагч байгууллага улсын бүртгэлийг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин улсын бүртгэлийн байгууллага гүйцэтгэх захирлыг өөрчилсөн шийдвэрийг гаргах эрхийг олгосон АТЛ компанийн хувьцаа эзэмшигч гэх ЧСКоос Д.Эд гүйцэтгэх захиралтай холбоотой шийдвэр гаргах эрх олгосон итгэмжлэл 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу бүртгэл явуулах үндэслэл болсон гэх гүйцэтгэх захирал Д.Эийн гарын үсэг бүхий компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарснаас хойш үйлдэгдсэнийг, өөрөөр хэлбэл, Д.Эийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрх олгогдоогүй байхдаа гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг гүйцэтгэсэн нь хуульд нийцээгүй байна.

Зүй нь тухайн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 /Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө/, 23.2 /Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална/ дугаар зүйл болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн Газраас баталсан хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын дагуу өөрчлөлтийг бүртгэхдээ ирүүлсэн баримтын үнэ зөв эсэхийг нягтлан шалгаж, баримт дутуу, эргэлзээтэй бол бүртгэл хийхээс татгалзах байжээ.

 

Тиймээс хууль зөрчсөн дээрх бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 3.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/-д заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Харин шүүх хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, улсын бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн ХМ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Цыг томилсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР