Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 78

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Н.Алтантүлхүүр,

Шүүгдэгч Л.Сосорбарам, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл /ҮД:0252/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сосорбарамд холбогдох эрүүгийн 201625030948 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Гүндэ овогт Лувсандоржийн Сосорбарам: Монгол улсын иргэн, 1968 оны 12 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а дугаар гудамж, 55 а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2000 оны 05 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:УО68120855/

 

Шүүгдэгч Л.Сосорбарам /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 04 сарын 03-ны өглөөний 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а дугаар гудамж 55а тоот гэртээ хохирогч Б.Оюунбилэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Б.Оюунбилэгийг зодож бие махбодид бүсэлхийн 2, 3, 4-р нугаламуудын баруун зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Сосорбарамаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 02-ны өдөр 19 цагийн үед хоол ундааны юм аваад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ иртэл манай эхнэр Оюунбилэг надад хэрчсэн гурил 5 ширхэг авчир гэсэн биздээ яагаад 4 ширхэг авчирсан юм бэ гэж хэлээд хэрүүл хийх гээд байхаар нь би гэрээс гарч яваад шөнөжингөө халтуурт явж байгаад өглөө 10 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хувцсаа сольж өмсөхөд чи угаасан хувцас өмслөө гэж загнасан юм. Тэгээд хувцсаа өмсчихөөд гарах гэтэл авах юм байвал нэг мөсөн аваад зайлаарай гэж хэлээд гэрээс хөөсөн. Тэгээд тухайн үед өмд солихдоо тэлээгээ авчихсан байсан болохоор тэлээгээр 3-4 удаа хоёр мөр лүү нь ороолгосон юм. Дараа нь тонгойлгож байгаад атгасан гараараа 2-3 удаа нуруу руу нь цохисон. Тэгээд нуруу руу нь цохисны дараа орон дээр унаад өгөхөөр нь би гэрээс гараад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 43-44/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: өмнө мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгөөч. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Оюунбилэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 04 сарын 03-ны өглөө 10 цагийн үед гэртээ нилээд халамцуу ирсэн. Тэгээд над руу машины түлхүүр шидээд хувцсаа аваад явах гэтэл би чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэж хэлээд явуулахгүй гэтэл бүсэлж явж байсан суран тэлээгээ тайлж аваад намайг 3-4 удаа нуруу, гар, хөлөөр ороолгосон. Манай нөхөр надтай муудалцаад гараад явахаараа бичиг баримт барьцаанд тавьж, эсвэл ойр хавийн дэлгүүрүүдэд зээл тавиад архи авч уудаг юм. Тэгээд би тэр өрийг нь төлдөг болохоор гэрээс гаргахгүй гэж бодсон юм. Тухайн өдөр халамцуу ирээд буцаж гараад явна гэхээр нь чи гараад архи ууна, өр тавина гэж хэлээд гаргахгүй гэж хэлэхэд намайг бүсээрээ ороолгож болон гараараа цохиж зодсон. Манай нөхөр намайг архи уусан ч, уугаагүй ч хардаж зоддог юм. Тухайн үед би өөрөө бас уурлаад нөхрийгөө элдэв янзаар хэлээд хараасан юм. Тэрнээс болж бас уурлаад намайг зодсон.. гэсэн мэдүүлэг. /хх 9-12, 13-14/

 

Гэрч З.Баяржаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын эхээр байх Оюунбилэг над руу залгаж Баяраа ах миний толгой бариад өгөөч гэхээр нь гэр лүү нь ороход Б.Оюунбилэг орондоо байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад Л.Сосорбарам зодоод зугтаасан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 15-16/

 

Гэрч Б.Оюунчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 03-ны өдөр намайг очиход Оюунбилэг босож чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд нурууны сэртэн яс хугарсан хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй гэсэн. Тэгээд 2 сар гэртээ хэвтэж байгаад одоо бие нь гайгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх 17-19/

 

Гэрч Д.Саранчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 03-ны өдөр 9 настай том хүүхэд Ууганбаяр манай гэрт орж ирээд аав, ээж хоёр муудалцаад байна гэж хэлэхээр нь шууд яваад очиход Сосорбарам гэртээ байгаагүй, Оюунбилэг орон дээр хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 24-26/

 

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 555 тоот шинжээчийн дүгнэлт: Б.Оюунбилэгийн биед бүсэлхийн 2, 3, 4-р нугаламуудын баруун болон зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийг авсны дараа бие даан үйлдэл хийх боломжтой гэсэн дүгнэлт /хх 30-32/

 

Шүүгдэгч Л.Сосорбарамын иргэний үнэмлэхний хуулбар /хх 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, 2000 оны 5 сарын 4-ний өдрийн ¹236 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 57/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн ¹555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31-32/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт /хх 71/, хохирогч Б.Оюунбилэгээс гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн баримт /хх 84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Л.Сосорбарам нь 2016 оны 04 сарын 03-ны өглөөний 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а дугаар гудамж 55а тоот гэртээ хохирогч Б.Оюунбилэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Б.Оюунбилэгийг зодож бие махбодид бүсэлхийн 2, 3, 4-р нугаламуудын баруун зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Л.Сосорбарамыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Сосорбарам нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2000 оны 05 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба ялтай байдал нь дуусч ялгүйд тооцогдсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Л.Сосорбарам нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Сосорбарам нар нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүндэ овогт Лувсандоржийн Сосорбарамыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сосорбарамыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сосорбарамд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Сососрбарам нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сосорбарамд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Сосорбарамд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР