Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0770

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ”М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс  “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдэл өгөх ...” гэснийг биелүүлээгүй, мөн манай эзэмшдэг Дугаар ХҮ-******* тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг цуцалсан, энэ талаархи мэдэгдлийг өгөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “М” ХХК нь Дундговь аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт орших хайгуулын талбайд ашигт малтмал хайх Дугаар ХҮ-******* тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг эзэмшдэг. Гэтэл манай компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийг бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэр гарган цуцалсан болохыг олж мэдсэн.

            Мэдсэн даруйдаа бид Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, гэснийг зөрчиж манай компанид мэдэгдэл өгөөгүй ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, 56.5-д заасан эрхээ эдлэх боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлыг судлан хариу өгөхийг хүссэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19/26 тоот Хүсэлтийг тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д*******т гаргасан.

            Энэхүү хүсэлтэд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/2257 албан тоотоор Кадастрын хэлтсийн дарга Д.Д******* хариу өгөхдөө “...Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, БООВШ 601” гэсэн хаягаар хүргүүлсэн гэх боловч энэхүү мэдэгдэл нь ирээгүй, түүнийгээ баримтжуулсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй учир бид энэ талаар Төрийн захиргааны байгууллагын дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд гаргасан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3329 тоотоор мөн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цуцлах нөхцөл бүрдсэн тухай 2/172 тоот мэдэгдэл, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр цуцалсан тухай 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/921 тоот мэдэгдлийг Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй “Улаабаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, БООВШ 601” гэсэн хаягаар хүргүүлсэн” гэх хариуг ирүүлсэн ба үүнтэй хамт мөн ямар нэгэн баримтжуулсан нотлох баримт, материалыг өгөөгүй болно.

            Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар Тогтоолын 7. Хуулийн...56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно”. гэж заасан байдаг.

Гэтэл манай “М” ХХК-д “Мэдэгдэл” зохих журмаар ирээгүй, бид мэдэгдлийг аваагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр шууд цуцалсан, цуцлсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэсэн нь нотлогдохгүй байгаа ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн манай компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийг цуцалснаас болж бидний эрх ашиг зөрчигдөж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3329 тоотоор хариу өгсөн албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгөсөн боловч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2019/3734 тоот нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай Шүүгчийн захирамж гарсаны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин хүргүүлж байна.

            Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдэл өгөх...” гэснийг биелүүлээгүй, мөн манай эзэмшдэг ХҮ-******* тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг цуцалсан, энэ талаархи мэдэгдлийг өгөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс ...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХҮ-19698 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

            Дундговь аймгийн ******* сумын нутаг ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-19698 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2015 оны 1151 шийдвэрээр “Я” ХХК-д олгосон.

            Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр “М” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалахаар хуульчилсан байдаг.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх...” гэж тус тус заасан.

 “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрллээ.

Анх Дундговь аймгийн ******* сумын нутаг ******* нэртэй 18277.12 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ даргын 2015 оны 1151 тоот шийдвэрээр “Я” ХХК-д олгожээ.

Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр “М” ХХК-нд бүхэлд нь дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна.

“М” ХХК-ийн шилжүүлэн авсан хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр дуусах байсан бөгөөд тус компанийн захирал Ц.Батбаяр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад явж шилжилгээ өгч, эмчлүүлсэний улмаас хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ өгч чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчий шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Ц.Батбаяр нь Дундговь аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газар орших хайгуулын талбайд ашигт малтмал хайх ХҮ-******* тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөр”-ийн хугацааг сунгуулах хуулийн хугацааг хэтрүүлсэнээ  өвчтэй байсны улмаас гадаад улсад эмчлүүлж байсан хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тайлбарлан, нотлох баримтаар гаргаж, үүний хамтаар  тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Ашигт малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын Хэлтсийн даргад хандан гаргасан байна.

Дээрх хүсэлтийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан зэргийг хавсаргаж өгсөн байна.

 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хавсаргаж өгсөн материалын хамт хянаад тус компанийн захирал Ц.Б-ыг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үед өвчтэй байсан өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж Дундговь аймгийн ******* сумын ******* нэртэй 18277.10 га талбай бүхий  ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 18 дугаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Улмаар нэхэмжлэгч нь дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн  хамт хуулийн хугацаанд төлөөгүй байх бөгөөд мөнхүү шалтгаанаар хоцроосон болохоо тайлбарлаж, нөхөн төлөх хүсэлтээ гаргасныг  хариуцагч хүлээн аваагүй нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийг сунгасан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулаагүй нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар 22.1.2-д “...тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн ..” баримтыг төлсөн байхыг хуулиар шаардсан байхад хариуцагч энэ үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан атлаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр 10 хоногийн дараа өөрсдийн сунгасан тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаас дүгнэвэл, хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цуцлах нөхцөл бүрдсэн тухай 2/172 тоот мэдэгдэл, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр цуцалсан тухай 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/921 тоот мэдэгдлүүдийг “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, БООВШ 601” гэсэн хаягаар хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгчид хүргэгдээгүй болох нь “” ХК-ийн лавлагаа болон хариуцагч байгууллагын  2019 оны “Явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр” зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зааснаас үзвэл хэтэрсэн хоногийн алданги төлөх, 30-аас илүү хоног хэтрүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдахгүй байх, хэрэв хэтрүүлсэн хоногийн алдангийг төлөөгүй, төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй, эсвэл хэтэрсэн хоног 30-аас дээш бол тусгай зөвшөөрлийг цуцалхаар байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс “цуцлагдах” үндэслэл бүрдэж байгааг болон хуульд заасан боломжит хугацааны алдангийг төлж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдэгдэл”-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол төлбөрийн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж, “мэдэгдэл”-ийн үндэслэлийг хянуулах боломжтойг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл “мэдэгдэх үйл ажиллгаа”-ны зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс захиргааны байгууллагын шийдвэрийн эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах, захиргаа түүнийг хянаж үзснээр тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл хүчингүй болгох эсэхээ шийдвэрлэхэд чиглэгддэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох учиртай.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу “тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзхээр байна.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээс “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсний дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 32.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээс “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОЮУНГЭРЭЛ.