Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч Д.Г,

Шүүгдэгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эд холбогдох 0000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******************************** нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрлах М гэх хүний эзэмшлийн дэлгүүрийн гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Гтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт мотоциклын түлхүүр барьж байсан гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Эгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Гтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт мотоциклын түлхүүр барьсан гараараа цохисон, баруун гарын сарвууг мотоциклын түлхүүрээр зүссэн үйлдэл нь:

Хохирогч Д.Ггийн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д бид 2 хөдөө явж айлын өвс буулгаад сумын төвд орж ирээд Дийг гэрт нь хүргэж өгчихөөд Гын хашааны үүдэнд очиход Г хашааныхаа үүдэнд машины түлхүүр олдохгүй байна гээд зогсож байсан. Г бид хоёр Мын дэлгүүрт орж архи авах санаатай очоод дэлгүүрийнх нь гадаа зогсож байтал Э мотоциклтой ирсэн. Э ирэнгүүтээ Г-тай муудалцаж барьцалдаж аваад Гыг хавирч унаган хашаа мөргүүлсэн. Би Эд “ахын дүү согтуу хүн зодож болохгүй, боль гэж” хэлэхэд Г “пизда минь дуугүй байгаарай” гээд мотоциклын түлхүүр барьж байсан гараараа миний нүүр хэсэг рүү цохисон, ахин цохих гэхээр нь би гараараа хамгаалтал миний гарын салаа руу түлхүүрийн үзүүртэй хэсэг зүсэж орсон. Э намайг унаган дороо оруулж цээж хэсэг болон хүзүүн дээр өвдөглөөд байсан. Би Этай ноцолдож байж доороос нь босож зугтаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч П.Гын: “...Г бид хоёрыг яриад зогсож байтал Жавхаа ирсэн. Э бид 2 үл ялих зүйлээс болж маргалдсан. Гэтэл Э намайг барьж аваад хашаа руу шахтал Г митоциклоосоо бууж ирээд Эд хандан “боль” гэж хэлээд хувцаснаас нь таттал Э эргэж хараад Гг цохитол Г газар унасан. Тэр хоёр барьцалдаж аваад хоорондоо 2-3 удаа цохилцсон. Би очоод тэр хоёрыг салгасан. Ггийн хамраас цус гарсан, дээлийнх нь энгэр урагдсан байсан. Тухайн үед Э согтуу байсан...” гэсэн /хх 43-44/ мэдүүлэг,

“...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 30 минут, Д.Г нь 32 настай, эрэгтэй. Зовиур: Толгой нь их өвдөнө. Баруун завжнаас цус их гарсан. Өвчний түүх хүнд зодуулж, баруун завжнаас цус гарсан. Бодит үзлэг: Баруун талын завьж дотор талдаа шүдний ирмэг дагнан гүн зүсэгдсэн шархтай. Баруун завжны дээд уруулын дотор талаас цус гарсан. Баруун талын завж гадна талдаа зүсэгдсэн шархтай цусны хэмжээ ойролцоогоор 1,500 мл, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, хүний их эмч Т.Балжинням...” гэсэн /хх 46/ яаралтай тусламжийн хуудас дахь мэдээлэл зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Эгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Гд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 12162 дугаартай “...Д.Ггийн биед уруул завьжны нэвтэрсэн шарх, баруун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /хх 48/ дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Эгийн “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оын хамт гэрт нь 0,500 граммын 2 шил архи хувааж уусан. Оынхоос гараад мотоциклтой явж байтал М гэх айлын дэлгүүрийн үүдэнд Г, Г хоёр зогсож байсан. Би тэр хоёр дээр очиж Гтай хувийн шалтгааны улмаас муудалцсан. Гыг нэг удаа нүүр хэсэгт нь цохиход Г намайг “боль” гээд салгахаар нь би Ггийн нүүр хэсэгт нь мотоцикпийн түлхүүр барьж байсан гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Д.Ггийн нүүрэн тус газарт мотоциклын түлхүүр барьсан гараараа цохисон, баруун гарын сарвууг мотоциклын түлхүүрээр зүсэж түүнд хөнгөн /гэмтэл/ хохирол учруулсан болохыг давхар нотолж байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Эгийн хохирогч Д.Ггийн нүүрэн тус газарт мотоциклын түлхүүр барьсан гараараа цохисон, баруун гарын сарвууг мотоциклын түлхүүрээр зүссэн үйлдэл, хохирогч Д.Ггийн биед учирсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Г.Эгийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн хувинцар бариултай мотоциклын түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Эд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Завхан аймгийн Асгат сумын сум дундын эрүүл мэндийн байгууллагад эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн хувинцар бариултай мотоциклын түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Эд буцааж олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ