Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2017/00536

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2017/00536

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Төлек кадир овогт Х.Г, Ботахара нура овогт М.Е нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик, хариуцагч нарын өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, хуримтлагдсан хүү нийт 81966883 төгрөгийг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 16000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны гэрээгээр хангуулж өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Е.Ж, Х.Г, М.Е нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №7155 тоот зээлийн гэрээ байгуулан 90000000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. 1) Хариуцагч Е.Ж, Х.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000284 тоот бүртгэлтэй Өлгий сумын 5 дугаар баг, 1 дүгээр 60 айлын орон сууцны 112 тоотын 15,2 м. кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000315 тоот бүртгэлтэй Өлгий сумын 5 дугаар баг, 1 дүгээр 60 айлын орон сууцны 113 тоотын 15,2 м.кв талбайтай орон сууцыг нийлүүлж нэг гэрчилгээ авахаар, Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 20 м.кв Гаукар фото студийн байрыг орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаанд тавьсан. Үндсэн зээлдэгч Е.Ж нь 2014 оны 5 дугаар сарын 28-нд нас барсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 8196484 төгрөг, зээлийн хүүд 26442807 төгрөг, нийт 34639291 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Хариуцагч Х.Г, М.Е нар нь зээлийн гэрээний 7.1.4, 7.1.7 заалтуудад заасан зөрчлийг гарган банкнаас авсан зээлийг зориулалт бусаар буюу өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар уг гуравдагч этгээдээс худалдан авч буй мэтээр хуурамч баримт материал бүрдүүлэн зээлийг авч ашигласан болох нь тогтоогдсон байна.

Уг зээлийг зориулалт бусаар ашигласны улмаас зээлдэгчид 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 03 тоот буцаан дуудах мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 03 тоот зээл буцаан дуудах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар №7155 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах. 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 81803516 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1998, хуримтлагдсан хүү 161369 төгрөг, нийт 81966883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Хариуцагч Х.Г, М.Е, Жансерик нар ХААН банкнаас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7155 тоот зээлийн гэрээ байгуулан 90 сая төгрөгийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан.

Гэтэл Х.Г, М.Е нар нь зээлийн гэрээний 7.1.3, 7.1.4, 7.1.7 дахь заалтуудад заасан зөрчлийг гарган банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар буюу өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж улмаар уг гуравдагч этгээдээс худалдан авч мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авч ашигласан нь тогтоогдсон байна. Иймд уг зээлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тасалбар болгон 81996883 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Г, М.Е нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Төлек-Кадир овогт Х.Г, Ботахара нура овогт М.Е нар бид ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №5180\688 тоотоор гаргасан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 81966883 гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг гардан хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Х.Г, М.Е нар бид ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлж байна.

1.Е.Ж, Х.Г, М.Е нар бид ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр № 7155 тоот зээлийн гэрээ байгуулан 90000000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан юм. №7155 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Е.Ж, Х.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000284 тоот бүртгэлтэй Өлгий сумын 5 дугаар багийн 1 дүгээр 60 айлын орон сууцны 112 тоотын 29.1 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000315 тоот бүртгэлтэй Өлгий сумын 5 дугаар багийн 1 дүгээр 60 айлын орон сууцны 113 тоотын 15.2 м.кв талбайтай орон сууцыг нийлүүлж, нэг гэрчилгээ авахаар, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 20 м.кв талбайтай, Ү-0213000433 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Гаукар фото студийн байрыг орон сууцны урьдчилгаа төлбөрт барьцаанд тавьсан юм. Ингээд өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний хавсралтын дагуу үндсэн зээлд 8196484 төгрөг, зээлийн хүүд 26442807 төгрөг, бүгд 34639291 төгрөгийг төлж барагдуулсан юм. Нэр бүхий иргэд бид уг зээлийг авахдаа зээлийн гэрээ байгуулан, барьцаат гэрээг нотариатын байгууллагаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлэн хууль журмын дагуу авсан юм. Уг зээлийг авсан манай хүү Е.Ж нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нас барсан юм.

Хэдийгээр үндсэн зээлдэгч Е.Ж нь нас барсан боловч бид хамтран зээлдэгчийн хувьд 2013 оны 8 дугаар сараас хойш 4 дэх жилдээ зээлийн гэрээний хавсралт ёсоор үндсэн зээл, хүүг тогтоосон цаг хугацаанд тогтмол төлж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа юм.

2. Бид иргэн Базархул овогт М.Ааас Өлгий сумын 5 дугаар баг, 1-60 айлын орон сууцны 113 тоот 1 өрөө орон сууц, мөн багийн 1-60 айлын орон сууцны 112 тоот 2 өрөөг орон сууцны 90000000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр авч зээлийн мөнгийг зөвхөн орон сууц худалдан авах зориулалтын дагуу ашигласан болно. Зээл бүрдүүлж өгсөн бичиг баримтууд бүгд хуулийн дагуу нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын байгууллагад бүртгүүлсэн, хууль ёсоор олгогдсон гэрчилгээнүүд байгаа бөгөөд урьдчилгаа 30 хувьд барьцаалсан орон сууц нь хэдийгээр үйлчилгээний зориулалттай боловч тухайн /зээл авсан/ үед зээл олгогч болох ХААН банк өөрөө ипотекийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүлээн зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд хууль ёсоор тавьсан тул зээлдэгч талыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №5180\688 тоотоор гаргасан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 81966833 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7155 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, хуримтлагдсан хүү нийт 81966883 төгрөгийг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 16000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны гэрээгээр хангуулж өгөхийг хүссэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Х.Г, М.Е нар нь зээлийн гэрээний 7.1.4, 7.1.7-д заасан зөрчлийг гарган банкнаас зээлийг зориулалт бусаар буюу өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар уг гуравдагч этгээдээс худалдан авч буй мэтээр хуурамч баримт материал бүрдүүлэн зээлийг авч ашигласан болох нь тогтоогдсон тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж заажээ.

Хариуцагч талаас бид ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас зээл авахдаа зээлийн гэрээ байгуулан, барьцааны гэрээг нотариатын байгууллагаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлэн хууль журмын дагуу авсан ба уг зээлийг авсан манай хүү Е.Ж нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нас барсан хэдий боловч хамтран зээлдэгчийн хувьд 2013 оны 8 дугаар сараас хойш 4 дэх жилдээ зээлийн гэрээний хавсралт ёсоор үндсэн зээл, хүүг тогтоосон цаг хугацаанд тогтмол төлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бөгөөд бид Базархул овогт М.Ааас Өлгий сумын 5 дугаар баг, 1-60 айлын орон сууцны 113 тоот 1 өрөө орон сууц, мөн багийн 1-60 айлын орон сууцны 112 тоот 2 өрөөг орон сууцны худалдан авч зээлийн мөнгийг зөвхөн орон сууц худалдан авах зориулалтын дагуу ашигласан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт оршин суух Жантекей овгийн Е.Жтэй хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Г, М.Е нартай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны ипотекийн гэрээ байгуулж 90000000 төгрөгийг амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл олгожээ. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт 1-р 60 айлын орон сууцны 112 тоот 29.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай 24 айлын орон сууцны 20 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус барьцаалж 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7155 дугаартай гэрээнүүдийг байгуулсан байна.

ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт оршин суух Жантекей овгийн Е.Жтэй хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Г, М.Е нартай байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7155 дугаартай гэрээний долоодугаар зүйлд гэрээний үүргийг зөрчих тохиолдлуудыг харилцан тохиролцсон ба 7.1.4-т зээлийг зориулалт бусаар ашигласан, 7.1.7 зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авсан тохиолдлуудыг тусгасан байна. Мөн тухайн гэрээний наймдугаар зүйлийн 8.2.1-д гэрээний 7 дугаар зүйлд заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол гэрээг зөрчсөн гэж тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч талаас зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авсан тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай мэдэгдлүүдэд гэрээний үүргийг зөрчсөн талаар тусгасан боловч энэхүү баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх шууд нотлох баримт биш байх тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөнийг нотлохгүй болно.

Иймд нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7155 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, хуримтлагдсан хүү нийт 81966883 төгрөгийг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 16000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны гэрээгээр хангуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч М.Е, Х.Г нарт утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7155 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, хуримтлагдсан хүү нийт 81966883 төгрөгийг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 16000 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны гэрээгээр хангуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567884төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК